Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/359

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч М.Мөнхзул

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дүгээр сарын *-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ** тоотод хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамж ** тоотод оршин суух,

ял шийтгэл:

1/ 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлсэн,

2/ 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

*** дугаарын регистртэй, Б овогт Б-ы Т

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын *-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; ах, эгчийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 3 дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй гэх, ** дугаарын регистртэй, Б овогт Б-ийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Т, Б.Б нар бүлэглэж 2019 оны 1 дүгээр сарын 20-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын арын автобусны буудал дээр хохирогч Б.Нын гар утас болон 42.000 төгрөгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй.

Хохирогчийн хоолойг Б боосон. Тэгээд ноцолдоод байсан. Энэ үед хохирогчийн халааснаас гар утас унасныг нь би авсан. Дараа нь гар утсаа нэхэхээр нь 5000 төгрөг өгөөд ав гэж хэлсэн.

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний гэр орны амьдрал, хүүхдүүдийг чинь бодож хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хохирол төлбөрийг төлсөн байгаа гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогчийн гар утсыг дээрэмдэх биш булаая л гэж бодсон. Тэгээд мөнгөөр нь архи уух гэж байсан. Би ажил төрөл хийдэггүй, группэд байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн хувьд маргахгүй. Хохирогчийн юмыг авах саналыг хоёулаа л гаргасан. Хохирол төлөгдсөн байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн Н  “… 2019 оны 1 дүгээр сарын 20-ны орой гэр рүүгээ харих гээд 21 цагийн орчим Өргөө кинотеатрын хойд талын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байсан. Би тухайн үед ТҮЦ-ний урд зогсож байсан. Гэтэл гэнэт миний араас нэг гар орж ирээд боогоод ТҮЦ-ний араар оруулаад шууд намайг газарт унагаагаад нуруу руу өшиглөсөн. Гэтэл нэг залуу гарч ирээд миний халаасанд байсан Скай мега маркийн гар утас болон бэлнээр 42.000 төгрөг байсныг аваад зугтаасан. Намайг боодог залуу араас нь дагаад зугтаасан. Би араас нь хайж гүйж байгаад миний гар утсан дээр чухал дугаарууд байгаа өгчих гэтэл арай хөгшин нь цагдаад хэлвэл ална шүү, дуугүй утсаа аваад зайл гэж хэлээд саравчтай малгайтай нь миний гар утсыг өгсөн. Би гар утсаа аваад 102 дугаарт дуудлага өгч цагдаад хандсан. Удалгүй цагдаа нар ирээд хайж байгаад нөгөө залуугийн нэгийг нь барьж авсан.

Тухайн үед миний уруул багахан хавдаж хамраас цус гарсан байсан. Харин би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэдгээ хэлсэн. Яагаад гэхээр миний биед зовиур байгаагүй” /хх-н 10-11/,

“... арай хөгшин нь буюу Б гээд байгаа энэ залуу намайг араас боож унагаасан. Харин саравчтай малгайтай байсан Т нь миний  халааснаас гар утас болон бэлнээр байсан 42.000 төгрөгийг авсан. Би хохирлын мөнгө болох 42.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Одоо надад учирсан ямар нэгэн хохирол байхгүй” /хх-н 12-13/ гэж,

гэрч Уртнасангийн Золзаяа “… 22 цаг 08 минутын үед Өргөө кинотеатрын арын автобусны буудал дээр эд зүйлээ дээрэмдүүлсэн гэх дуудлага ирсэн ба дуудлагын дагуу очиж дээрэмдүүлсэн гэх Н гэж хүнтэй уулзахад 2 эрэгтэй хүн байсан ба нэг нь саравчтай малгайтай байсан гэхээр нь машиндаа суулгаж явсан чиглэл болох хорооллын эцэс тал руу явж байхад БГД-ийн 9 дүгээр хороо, Алтай зочид буудлын үүдний орчимд зам дагаж явсан 2 сэжигтэй этгээдийг энэ хоёр мөн байна гэж заахаар нь би бууж очиж 2 хүний нэг болох саравчтай малгайтай, хар куртиктэй залууг барьж аваад харин нөгөөх нь харанхуй руу гүйгээд явчихсан. Би тэр залууг олигтой анзаарч амжаагүй. Тэгээд хохирогч миний барьж авсан залууг миний гар утсыг дээрэмдэж аваад үнэ хүрэхгүй юм байна гэж хэлээд буцаад өгсөн хүн мөн байна гэж хэлсэн. Ингээд хохирогч Ныг Бугат-111 буюу бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч харин холбогдогч Тийг цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгөхөд драгераар согтолтын хэмжээ 1,86 хувьтай гарч байсан.

Би тэр хүнийг сайн харж чадаагүй. Учир нь гэвэл харанхуй, гэрэлтүүлэггүй гудамж руу цагдаагийн машин хараад гүйгээд явчихсан юм. Тиймээс сайн анзаарч чадаагүй” /хх-н 17/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэр бүхий хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүд болон бичгийн бусад баримтууд нь “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч Б.Т, Б.Б нарын гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Т, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай анги дахь “дээрэмдэх” гэмт хэрэгт “бүлэглэж” гэсэн үндсэн шинж болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлав.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “... бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байхыг, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол ...” гэж тодорхойлсон буюу хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтолсоноор уг гэмт хэрэг төгссөн байхаар зохицуулжээ.

 

Ялын санкцыг “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тогтоосон нь гэмт хэргийн ангилалаараа хүнд гэмт хэрэгт хамаарах тул нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т, Б.Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.

 

Шүүгдэгч Б.Т 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна. /хх-н 101-109/

 

Гэвч тэрээр оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу тэнсэнгийн хугацаа дуусахаас 1 сар 2 хоногийн өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг баримтлан нийт эдлэх хорих ялын хугацааг тогтоов.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Б.Т, Б.Б нар хохирогч Б.Н-д учирсан гэх хохирлыг бүрэн төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Т, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

  1. Б овогт Б-ы Т, Б овогт Б-ийн Б нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

Б.Т-ийг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ялаар,

Б.Б-ийг 2 /хоёр/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Б.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хугацааг 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сараар тогтоосугай.

 

            4. Б.Т, Б.Б нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Б.Т, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ШШГЕГазрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсугай.

 

  1. Б.Т, Б.Б нар бусдад төлбөх төлбөргүй, хохирогч Б.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Т, Б.Б нарыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ