Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/151

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0194/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                    Ж.Б

Шүүгдэгч                                           Т.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Эд холбогдох 2039003680077 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар  сарын 04-ний  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Т.Э  нь  З.Цийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 40 тооны  малнаас 2 тооны бярууг 2019 оны намар Б.Гад, 2020 оны хавар Д.Б нарт тус тус Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн зарж борлуулан хувьдаа завшиж, иргэн З.Цэд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч З.Цийн  өгсөн:..Би 2017 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн малчин Э гэх хүнд өөрийн 40 тооны үхрээ анх Ганбаатар гэх хүнээс аваад Э гэх хүнд маллуулахаар хүлээлгэж өгсөн юм...миний малнаас зөвшөөрөлгүй авч үрэн таран хийж 2 бяруу зарсан асуудал дээр хуулийн дагуу арга хэмжээ авахуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 10, 13 хуу/

Гэрч Б.Гын өгсөн:...Эаас 2019 оны хавар би мөнгийг нь өгөөд 2019 оны намар 9 дүгээр сарын сүүлээр надад бяруу өгсөн. Би 300.000 төгрөг авсан. Надад ногоон охин бяруу өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/

Гэрч Д.Б өгсөн:... Эаас 2020 оны хавар саарал охи бяруу авсан. Би өөрөө очиж гэрээс нь авсан. Би хоёр зуун тавин мянган төгрөгөөр авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 33 хуу/

Яллагдагч Т.Эы өгсөн: ...би З.Ц гэх хүний малыг 3 жил гаруй хугацаанд харсан, тэгэхдээ 2 бяруу зөвшөөрөлгүй зарж борлуулсан нь үнэн, би Цийн саарал охин бярууг 2019 онд сугалаанд өгсөн, 2020 онд ногоон халзан бярууг нь зарсан...би анх Цийн малыг 2017 онд харж эхэлсэн. Тэгэхдээ 2017 оноос 2019 оны 01 сар хүртэл миний цалин 250.000 төгрөг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалин минь нэмэгдээд 300.000 болсон...би Цийн хохирлыг барагдуулаагүй байгаа ч сүүлийн 2 сар үнэгүй ажилласан...би бяруу зарсан мөнгөө оюутан охидуудынхаа хичээл номыг нь бэлдэхэд ашигласан...гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу/

Хохирогч З.Цийн алдсан 2 тооны үхрийн үнэлгээг 1.100.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаартай дүгнэлт / хх-ийн 45-47 хуу/

Т.Эы иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 59 хуу/

Т.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 102 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 132, 133, 129, 130 хуу/

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирогч З.Цийн 5058154572 дугаарын дансанд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1.100.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 146 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Т.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Э нь хохирогч З.Цийн малыг Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт хөлсөөр маллаж байхдаа 2019 оны 9 сард Б.Гад 1 тооны бярууг,  2020 оны 05 сард Д.Б 1 тооны бярууг  тус тус зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч З.Ц, гэрч Б.Г, Д.Б нарын мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч З.Ц нь...Би 2017 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн малчин Э гэх хүнд өөрийн 40 тооны үхрээ анх Ганбаатар гэх хүнээс аваад Э гэх хүнд маллуулахаар хүлээлгэж өгсөн юм...гэж, яллагдагч Т.Э нь...би З.Ц гэх хүний малыг 3 жил гаруй хугацаанд харсан, тэгэхдээ 2 бяруу зөвшөөрөлгүй зарж борлуулсан нь үнэн... гэж  мэдүүлэг өгсөн байх бөгөөд эдгээр нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Э нь хохирогч З.Цийн малыг итгэмжлэн хариуцаж  байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Т.Эд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэсэн  дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй  гэж үзлээ. 

Шүүгдэгч нь 2019 оны 09 сар, 2020 оны 05 сард сард үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Т.Эд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Т.Эд  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Дадал сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч З.Цэнд 1.100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хохирогч З.Цийн 5058154572 дугаарын дансанд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1.100.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт гаргаж өгсөн  тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн Тийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд оногдуулсан  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

 

4. Шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шүүгдэгч Т.Эд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Дадал сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

 

7. Шүүгдэгч Т.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Э.ОДХҮҮ