| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/00611/И |
| Дугаар | 181/ШШ2017/02164 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2017/02164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Ганчимэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ё.М,
Хариуцагч: С.А,
Хариуцагч: ЗЦ газарт тус тус холбогдох,
Гэм хорын хохиролд 23.950.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч ЗЦ гийн газрын төлөөлөгч Б.Г, гэрч Ц.О, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний нөхөр Ч.Ө нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 8 цагийн орчим Өвөргүнтийн зусланд байрлах гэрээсээ Т.А маркийн 64-38 УБН улсын дугаар бүхий автомашиныг жолоодон гарч явсан. Гэтэл 8 цаг 20 минутын орчим Чингэлтэй дүүргийн 19-р хороо Зунжин дэлгүүрийн баруун замд Субару маркийн 61-60 УБН дугаарын автомашиныг жолоодон явсан Б.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мөн дүрмийн 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчин Т.Алион маркийн 64-38 УНЕ дугаарын автомашиныг мөргөснөөс миний нөхөр Ч.Өнөрбаяр нас барсан.
Уг хэрэгт 201624000730 тоот эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн бөгөөд сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд болох Б.Тулга нас барсан тул Тээврийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 762 тоот тогтоолоор ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Миний нөхөр талийгаач Ч.Өнөрбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн «заалт зөрчөөгүй нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 576 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. 3амын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах үүргийг гүйцэтгэнэ: 8.1.2. “замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах” гэжээ. Б.Тулга нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 07 цагийн орчим Баянбүрд орчимд байрлах гэрээсээ гарч явсан тухай А мэдүүлдэг ба осол гарахдаа цусанд 2.7, ходоодны шингэнд 3.2 промилли спиртийн агууламжтай, хүнд зэргийн согтолттой байсныг шинжээчийн дүгнэлтэд дурьдсан төдийгүй асар хурдтай явсныг олон нийтийн цахим хуудсаар мэдээлсэн байдаг.
Үүнээс харахад согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэн, хурд хэтрүүлэн явсан Субаро маркийн 61-60 УБН дугаарын автомашины жолоочийг Баянбүрдээс Зунжин дэлгүүр хүртэлх замд цагдаагийн 2 ч постыг өнгөрч явахад тухайн үеийн цагдаагийн албан хаагч саатуулах, зогсоох, осол аваараас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Хэрэв тухайн үед ЗЦ гийн албан хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлж, согтуу жолоочийг саатуулж, зогсоосон бол өнөөдөр эрдэнэт хүний амь нас хохирч, эхнэр хүүхэд нь өнчирч үлдэхгүй л байсан. Мөн ослын улмаас Субаро маркийн 61-60 УБН дугаартай автомашин нь хоёр хэсэг болон хуваагдсан байдгаас харахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. “Импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэг, оношилгооны дүгнэлт буюу гэрчилгээгээр баталгаажсан байна” гэсэн заалтыг зөрчиж үзлэг, оношлогоонд хамрагдаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлийг замын хөдөлгөөнд оролцуулсан байх үндэстэй байна.
Миний нөхөр ид хийж бүтээх залуу сайхан насандаа бусдын хууль бус халдлагад өртөн харамсалтайгаар амь насаа алдсанд туйлын харамсаж байгаа бөгөөд дөнгөж хөлд орсон бяцхан хүү өнчирч, нэг гэр бүлийн жаргалтай сайхан амьдрал хормын төдийд уй гашуу уйтгар гунигт автлаа. Миний хувьд хариуцагч М тэй нэг удаа уулзаж хохирол хэрхэн барагдуулах талаар ярилцахад үхсэн хүний хохь гэсэн хандлага гаргаж, миний өмгөөлөгчтэй уулз гэж үл тоомсорлож байгаад туйлын гомдолтой байна. Эрүүгийн хэрэгт М нь Б.Т хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд Б.Т төрсөн эх, хууль ёсны өв залгамжлагчдын хувьд А тай хамтран хохиролыг хариуцан арилгах үндэстэй хэмээн үзэж байна.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1/ “Амьд явах эрхтэй”, 2/ “Эрүүл, аюулгүй йорчинд амьдрах... эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 1/ “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалт байдаг. Гэтэл Монгол Улсын иргэн бид чинь аюулгүй орчинд тайван амьдрах, амьд явах баталгаа алдагдаад байна.
Иймд Т.Алион маркийн 64-38 УНЕ дугаарын автомашинд учирсан 8.045.000 төгрөгийн шууд зардал, 935.000 төгрөгийн шууд бус зардал нийт 8.980.000 төгрөг, оршуулгын зардал, буяны ажилд 11.970.450 төгрөг, өмгөөллийн зардалд 3.000.000 төгрөг, нийт 23.950.450 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
ЗЦ гийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн О нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох тухай албан мэдэгдэлтэй холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1 “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийн хүрээнд О гийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. 3амын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагын дараах үүргийг гүйцэтгэнэ, 8.1.1-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих, 8.1.2-т “ Замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах” гэсэн 2 төрлийн үндсэн үүргийг зааж өгсөн.
Хуульд зааснаар холбогдох эрх үүргийг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2015 оны А/190 тушаалаар “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-аар зохицуулахаар баталж, журмыг мөрдөн ажиллаж байна.
“Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 3.1-т “3амын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа нь тэмдэг тэмдэглэл, хаалт хашилт, гэрлэн дохио, телекамерын удирдлага бүхий нэгдсэн систем, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин, чанга яригч хэрэгсэл зэрэг техник төхөөрөмж ашигласан /цаашид “хөдөлгөөн зохицуулалт” гэх/, эсвэл замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу цагдаагийн ажилтан гарын хөдөлгөөн, биеийн байрлал, дохиурын заалтаар замын хөдөлгөөнийг зохицуулах /цаашид “биечилсэн зохицуулалт” гэх/ гэсэн 2 төрөлтэй байна гэж зааж, хөдөлгөөнийг биечлэн зохицуулах тохиолдлыг тодорхойлж өгсөн.
Мөн журмын 4.2.Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ дараах үндэслэлээр тээврийн хэрэгслийг зогсоож шалгана: 4.2.1-т “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн”, 4.2.2-т “ Эрэн сурвалжлахаар зарлан мэдээлэгдсэн”, 4.2.3-т “Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн тухай мэдээлэл ирсэн, 4.2.4-т “Техникийн хувьд илт бүрэн бус”, 4.2.5-д “Тодорхой төрлийн зөрчлийг /мансууруулах эм, бодис болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хулгайн мод, мал мах тээвэрлэх/ илрүүлэх зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулах үед хөдөлгөөнд оролцож байгаа” гэж заасан.
Иймд нэхэмжлэлд дурдсан байдлаар тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үндэслэл байхгүй байна.
2. ЗЦ гийн албанаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасны дагуу дээр дурдсан үндэслэлээр тээврийн хэрэгслийг зогсоож холбогдох зөрчилд хяналт тавьж, хариуцлага ногдуулан ажилладаг.
Гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нэхэмжлэлд дурдсан хуулийн заалтад заагдсан шаардлагыг хангасан, зохих техникийн хяналтын үзлэг оношилгооны дүгнэлтээр баталгаажиж гэрчилгээ авсан эсэхийг алба хаагч нүдээр хараад тодорхойлох боломжгүй бөгөөд хуульд зааснаар эрх бүхий байгууллага техник, тоног төхөөрөмжийн тусламжтай шалгаж зохих дүгнэлт, гэрчилгээгээр баталгаажуулах ёстой.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдсанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг нь урьд өмнө дан ганц ЗЦ гийн ажил мэтээр ойлгож ирсэн өрөөсгөл ойлголтыг нэг мөр болгож иргэн, хуулийн этгээдийн эрх үүрэг, оролцоог тодорхой болгож өгсөн байдаг. Тухайлбал:
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийг ашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлагыг зааж, 22.3-т Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн хяналтыг авто тээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ, 22.4-т Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй, 22.6-д 3амын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ гэж тус тус заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлд Тээврийн хэрэгсэл, түүний хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйпдвэрлэх, угсрах, импортлоход тавих шаардлага, 23 дугаар зүйлд Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага зэргийг заасан.
3. Өнөөдрийн байдлаар Нийслэлд өдөрт 285-320 мянга, цаг үеийн нөхцөлөөс шалтгаалж дээд талдаа 350.000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд өдөрт дунджаар 300 орчим алба хаагч ээлжээр хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалтад ажиллаж байна. Нөхцөл байдалтай уялдуулж үзэхэд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нэг бүрийн нөхцөл байдал, үйлдлийг тодорхойлж хяналт тавих боломжгүй тул дээр дурдсан журам, иргэд олон нийтийн тусламж, оролцоотойгоор тэдгээрээс ируүлж байгаа мэдээллийн дагуу зөрчил гаргагчийн үйлдлийг таслан зогсоох зэргээр хяналт шалгалтыг явуулж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зам тээврийн ослоос учирсан гэм хорын дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцна гэсэн байдаг. ЗЦ гийн үүргээ гүйцэтгээгүйгээс болж хариуцлага хүлээнэ гэсэн зүйл заалт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч М , А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О гийн М , А нарт холбогдуулан гаргасан 23.950.450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. М г талийгаач хүү Б.Тулгын төрсөн эх, А г талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч гэж үзэж, нэхэмжлэл гарган мөнгө нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч бид нар авто ослын улмаас амь насаа алдаж хорвоогоос одсон хүү, нөхрийнхөө ослын өмнөөс бусдад хохирол төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан Монгол улсын үндсэн хуулийн заалтууд ч бидэнд үйлчлэх байхаа. Осол гарахад төрсөн эхийн хувьд, эхнэрийн хувьд ямар гэм буруутай юм бэ, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч О нь хариуцагч М , А , ЗЦ гийн газарт тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 23.950.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.М, А нар нь авто ослын улмаас нас барсан хүү, нөхрийнхөө ослын өмнөөс бусдад хохирол төлөх хууль зүйн үндэслэл байхгүй, уг осолд гэм буруугүй гэж, хариуцагч ЗЦ гийн газар нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зам тээврийн ослоос учирсан гэм хорын дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцна гэж заасан ба ЗЦ гийн газар гэм буруугүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зунжин дэлгүүрийн орчимд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08 цагийн үед Subaru impreza /Субару импереза/ маркийн
.......улсын дугаартай авто машиныг Б.Тулга нь жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн “а”, 8.4-д заасныг зөрчиж, Toyota allion /Тоёота аллион/ маркийн 64-38 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас жолооч Ч.Өнөрбаяр, Б. Тулга нарын амь нас хохирч, зорчигч Б.Оюунжаргалын биед хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Тээврийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 762 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан 201624000730 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж Б.Тулгад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч А , М нар нь хууль ёсны өв залгамжлагч тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, хариуцагч ЗЦ гийн газрын албан хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлж, согтуу жолоочийг саатуулж, зогсоож, үүргээ гүйцэтгэсэн бол уг осол гарахгүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тайлбарласан ба уг ослын улмаас Ч.Өнөрбаярын Toyota allion /Тоёота аллион/ маркийн 64-38 УНЕ улсын дугаартай автомашинд 8.980.000 төгрөгийн хохирол, оршуулгын зардал 11.970.450 төгрөг, өмгөөллийн зардалд 3.000.000 төгрөг, нийт 23.950.450 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заажээ.
Subaru impreza /Субару импереза/ маркийн 61-60 УБН улсын дугаартай авто машины өмчлөгч нь Б.Т болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна.
Зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн гэм хорыг гэм буруутай этгээд эсхүл тээврийн хэрэгсэлийн өмчлөгч хариуцан арилгах хуулийн зохицуулалттай.
Subaru impreza /Субару импереза/ маркийн 61-60 УБН улсын дугаартай авто машины ашиглалтын явцад бусдад учруулсан гэм хорыг Б.Тулга хариуцан арилгах үүрэгтэй атал Б.Тулга уг ослын улмаас нас барсан байна.
Хариуцагч М , А нар нь уг осол гарахад нөлөөлсөн оролцоо байхгүй, гэм буруугүй байх тул нас барсан Б.Тулгын бусдад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэг үүсэхгүй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж заажээ.
Гэрч Ц.О шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “...Тухайн үед сэжиг бүхий зүйл илрээгүй. Хот талаасаа зуслан чиглэлд явж байсан. Бид нар зуслан талаасаа хотруу орж байсан талд шалгалт хийж байсан, спорт яндантай байсан санагдаж байна.”, гэрч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Машин тухайн үед урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Номер дугаарыг нь осол болсны дараа мэдсэн. Ямарч байсан хар хөх өнгийн импреза явж байсныг анзаарсан, Анхаарал татахуйц юм байгаагүй, урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Би хойноосоо урагшаа явж байгаа чиглэлд шалгалт хийж байсан” гэх мэдүүлгээс үзэхэд цагдаагийн шалгалтын хажуугаар өнгөрөхдөө Subaru impreza /Субару импереза/ маркийн 61-60 УБН улсын дугаартай авто машин дүрэм зөрчсөн байдал, хэвийн бус байдалтай явж байсан байдал тогтоогдохгүй, ЗЦ гийн албан хаагч нар үүргээ хуульд заасны дагуу гүйцэтгэж байсан гэж дүгнэв.
Түүнчлэн ЗЦ гийн төлөөгчийн Subaru impreza /Субару импереза/ маркийн 61-60 УБН улсын дугаартай авто машины жолооч Б.Т согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг авто машин замын хөдөлгөөнд оролцож байхад мэдэх боломжгүй, зөвхөн тандагч багажны тусламжтайгаар зогсоож шалгаж байж илрүүлэх боломжтой гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зунжин дэлгүүрийн орчимд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол гарахад ЗЦ гийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруу баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч М , А , ЗЦ гийн газарт тус тус холбогдох гэм хорын хохиролд 23.950.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч М , А , ЗЦ гийн газарт тус тус холбогдох гэм хорын хохиролд 23.950.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д зааснаар нэхэмжлэгч О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР