Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/547

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Д.Энх-Оргил,

Хохирогч Д.Бямба-Очир,

Өсвөр насны шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Х.Т, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Т, П.Д нарт холбогдох эрүүгийн 1711008730189 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 24ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Т, 1999 оны 2 сарын 12ы өдөр Улаанбаатар төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны, Булгийн 20-1083В тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Д, 2000 оны 5 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 2-123 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Яллагдагч П.Д, Х.Т нар бүлэглэн 2017 оны 10 сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 10-123 тоотод байх нийтийн байранд хохирогч Д.Бямба-Очирын эрүүл мэндэд зөөлөн эдийн няцрал, баруун талын 9 дүгээр хавирганы цууралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Таас мөрдөн шалшах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Дөлгөөн утсаар ярихаар нь гадаа гарсан ба Дөлгөөнөө больё оо гээд орилох шиг болохоор нь би гутлаа өмсөж гарахад Бямбаа гэх залуу доор нь, Дөлгөөнөө дээр нь гарсан хэвтэж байсан. Би шууд очоод 2 удаа нүүр лүү нь өшиглөсөн. Тэгээд тэр 2 босоод хоорондоо хэрэлдээд Бямбаа намайг “чамайг болон найзуудыг чинь цагдаа дуудаж өгнө” гээд байхаар нь би гараад явчихсан..” гэсэн мэдүүлэг /хх 28-29/

 

Өсвөр насны шүүгдэгч П.Дий мөрдөн шалшах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..намайг заамдаж аваад ноцолдож, зууралдаж, байгаад бид 2 газар унасан. Тэгсэн чинь Бямбаа намайг миний малгайтай цамцны уяагаар боогоод би ухаан алдах гээд байхаар нь би больё гэхэд цаад өрөөнөөс Тамираа гарч ирээд шууд өшиглөсөн ба би босож түүнийг болиулсан болно. Тэгж байтал Бямбаагийн ах гарч ирээд цагдаа дуудсан чинь Тамираа зугтаагаад алга болсон.. гэсэн мэдүүлэг /хх 27/

 

Хохирогч Д. мөрдөн шалшах ажиллагааны явцад мэдүүлсэн: ..тэгээд намайг цохих гэхэд нь хойшоо болоход намайг онож чадаагүй, намайг цохиж чадаагүй болохоор хаалганы босгонд тээглээд арагшаа унасан. Энэ үед би Дөлгөөний хүзүүгээр бариад хойшоо унасан. Энэ үедээ бид 2 баруун талаараа хаалганы босгон дээр унасан ..миний баруун талын хавирга руу Тамир өшиглөөгүй, миний санаж байгаагаар нүү рүү 2 удаа өшиглөсөн. Ингэхдээ миний толгойны баруун тал руу өшиглөөд би толгойн зүүн хэсгээрээ бетонон шал мөргөсөн.. гэсэн мэдүүлэг /хх 21-23/

 

Хохирогч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 10 дугаар сарын 3-ны шөнө би гэрээсээ дэлгүүр орох гээд гарсан. Гэр рүүгээ явж байхад хойшоо харсан нэг залуу утсаар ярьж зогсож байсан. Намайг харахад зүс таних хүн байсан. Гэтэл тэр залуу намайг муухай хараад байна уу гээд над руу дайраад хөл рүү хамж орж ирсэн. Би унахдаа хүзүүг нь уургалаж унаад хавчсан байсан. Тэгэхэд Дөлгөөнөө болъёо гээд байсан. Гэтэл Тамир гарч ирээд миний толгой руу өшиглөсөн. Тэгээд манай ах гарч ирж цагдаа дуудсан. Одоогоор эмчилгээ хийлгээд 300.000 төгрөгийн зардал гарсан. 20 гаран хоног ажилгүй байсан тул цалингаа 1 сая төгрөг гэж үзэж нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 сарын 4-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12577 тоот дүгнэлтэнд: Д.Бямба-Очирын биед баруун хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун 9 дүгээр хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэсэн дүгнэлт /хх 33/

Шүүгдэгч Х.Тын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй гэх тодорхойлолт  /хх 51/,оршин суугаа газрын лавлагаа /хх-53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, шүүгдэгч П.Дий иргэний үнэмлэхний лавлагаа /хх 52/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар П.Д, Х.Т нар бүлэглэн 2017 оны 10 сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 10-123 тоотод байх нийтийн байранд хохирогч Д.Бямба-Очирын эрүүл мэндэд зөөлөн эдийн няцрал, баруун талын 9 дүгээр хавирганы цууралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагджээ.

 

Шүүгдэгч Х.Т, өсвөр насны шүүгдэгч П.Д нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч тус бүрийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхийг танилцуулж, гарын үсэг зуруулан хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хохирогч Д.Бямба-Очир нь шүүгдэгч нараас эмчилгээний зардалд зарцуулсан 293.400 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд дээрхи мөнгийг шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нараас төлж барагдуулсан бөгөөд хохирогч 20 хоног ажилгүй байсан үеийн цалин, орлого 1 сая төгрөгийг шүүгдэгч нараас нэмж нэхэмжилсэн боловч хохирогч Д.Бямба-Очир эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ажилтай байсан түүнтэй холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүхийн шатанд төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Т, өсвөр насны шүүгдэгч П.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанбүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Т, өсвөр насны шүүгдэгч П.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Хишиг-Эрдэнийн Тамир, Боржигон овогт Пүрэвдоржийн Дөлгөөн нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Х.Тыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч П.Дийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Дд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Т, өсвөр насны шүүгдэгч П.Д нарыг өдөр 3-аас дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх бөгөөд, тэдгээрийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Б ажилгүй байсан хугацааны цалин орлого 1.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Х.Т, өсвөр насны шүүгдэгч П.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шүүгдэгч Х.Т, П.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАЯР