| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/05027/И |
| Дугаар | 181/ШШ2017/02217 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2017/02217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Н,
Нэхэмжлэгч: Д.Д нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.С т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.396.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Б.С , хариуцагчийн өмгөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.С нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 19 удаа нийт 162.500.000 төгрөгийг зээлж авсан юм. Б.С нь дээрх мөнгөнүүдийг зээлж авахдаа тухайлбал өөрийнхөө Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 23 дугаар байр, 49 тоот хаягт байрлах байрныхаа үлдэгдэл төлбөрийг өгөх, өөрийн хариуцан ажиллуулдаг сууц өмчлөгчдийн холбооны харъяа байрнуудын орцны хаалганд нууц код бүхий домофон суурилуулах төхөөрөмж авах, хөөрөг хийх чулуу гадаадаас захиалж авчруулах, газар эзэмших эрх авах, кадастрын зураг хийлгүүлэх зэрэг зүйлд зарцуулах гэсэн юм гэж цувуулан авдаг байсан. Б.С ын надаас зээлж авсан мөнгөнүүд нь миний аав Д.Д бид хоёрын мөнгө байсныг хариуцагч Б.С нь сайн мэдэж байгаа бөгөөд аав, бид хоёрт буцааж өгнө гэж худал, үнэн ярьж явсаар өнөөдрийг хүрсэн болно. Харин 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 600 доллар өгсөн. Үүнийг хоорондоо ярилцаад 1.104.000 төгрөг гэж тооцоод хассан. Иймд хариуцагч Б.С аас 161.396.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 4 дүгээр сард хүүхдээ сургуулиас нь аваад явж байхад Д.Н эхнэрийн хамт ирж уулзсан. Тэгээд байрнаасаа хөөгдөөд байна. Энэ бичиг дээр гарын үсэг зураад, үүнийг хуулаад өгөөч гэж цаас үзүүлсэн. Тэгээд хуулж өгсөн байгаа. Түүнээс мөнгө төгрөг авч байгаагүй. Нэг удаа хуулуулчихаад маргааш нь дахиж хуулуулсан. Эгчдээ үзүүлэх гэсэн юм тоо нь зөрөөд байна гээд 2-3 удаа хуулуулсан. Яг бичиж байх үед өөрт нь хэлж байсан. Янз бүр болоод, шүүх, цагдаа гээд мөнгө төгрөг нэхэх юм болох вий гэсэн. Тийм зүйл байхгүй. Байрнаасаа хөөгдөх гээд байна. Үүнийг эгч рүүгээ явуулах гэсэн юм. Манай эгч АНУ-д байдаг. Тэнд хүний нэрээр хараар гараад явчихсан учир ийшээ ирэхгүй. Зүгээр энэ бичгийг өгчихөд болох юм байгаа юм, надад туслаач гэсэн. Тэрнийх нь дагуу энэ бичгийг хуулж өгсөн. Энэ хүнээс ямарч мөнгө төгрөг аваагүй. 2010 онд хэдэн сарыг нь санахгүй байна, Д.Н ын аав ирсэн ээж нь ч ирсэн. Хоёулаа гэртээ дуудаж ирүүлээд, бид хоёроос аав нь нотариатын энд явж байна. Ирээд гарын үсэг зураад өгөөч хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн нотариат дээр ороход энийг хуулаад өг гэсний дагуу хуулж өгсөн. Энэ гэрээг хийхэд Д.Н охин дүүтэйгээ, аавтайгаа хамт явж байсан. Бид нар маргааш АНУ явах гэж байна. Үүнийг бичиж эгчид нь аваачиж өгөхгүй бол Д.Н маань хэцүү байдалд ороод байна. Чи тусалж гарын үсэг зураад өг гэсний дагуу гарын үсэг зурж өгсөн. Тэрнээс би Д.Д гэдэг хүнтэй уулзаж байгаагүй” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал зээлийн гэрээ хийгдсэн, өгсөн авснаа нотлох шаардлага байхгүй гэсэн агуулгаар ярьж байна гэж ойлголоо. Тийм зүйл байхгүй. Иргэний хуулинд зээлийн гэрээг маш тодорхой заасан. Д.Д оос 102.000.000 төгрөгийг зээлж авсан зээлдэгч нар нь Д.Н , Б.С хоёр гэж гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан боловч мөнгө өгсөн, авсан гарын үсэг байхгүй. Мөн уг мөнгөний эх үүсвэр байхгүй. Амьдрал дээр Д.Д гуай өөрийн данснаас эсвэл хамаатан садан, охин, хүүгийнхээ данснаас 102.000.000 төгрөгийг тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр, тийм дэвсгэртээр хүлээлгэж өглөө, хүлээж авлаа гээд зээлийн гэрээ хийсэн бол юм ярихгүй. Сая удаа дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн энэ гэрээ өмнөхөө тооцож үзээд хийсэн гэрээ гэж байна. Гэхдээ энэ бол мөнгө төгрөгөө өгч аваагүй гэдгийг давж заалдах шатны шүүх хурал дээр энэ хүний хариулсан хариулт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Сая ч гэсэн 2-3 удаа хэлсэн. Тэгээд тэр өдөр мөнгө, төгрөг авааүй юм бол өөр ямар өдөр мөнгө, төгрөг авсан юм. Тэгвэл тэрийгээ нэхэмжлэгч тал өнөөдөр нотлох ёстой. Тэрийг нотолсон баримт өнөөдөр байхгүй. Эх үүсвэр нь байхгүй, мөнгө өгсөн баримт нь байхгүй. Ийм учраас энэ 102.000.000 төгрөгийн зээлийн гэрээ тухайн үед ийм бичгийн баримт үйлдсэн боловч энэ бодитой хэрэгжээгүй. Гэрээ хийснээс хойш 1-2 хоногт дансаар эсвэл бэлнээр өгөх тохиодол байдаг. Өмнө өгсөн мөнгөнүүдээ нийлүүлж байгаа гэрээ хийсэн гэж байгаа бол эх үүсвэр, хуулийн үндэслэл нь байхгүй байна. Домофон хийлгэхэд 50.000.000 төгрөг өгөөд 70.000.000 гаруй төгрөг болчих байсан гэсэн өгүүлбэр хаана байгаа юм бэ. Өнөөдөр бид нар цугларсан хавтаст хэргийн хүрээнд ярихаас өөрөө санаагаар зохион боломжгүй. Домофон хаалга хийлгэхийн тулд СӨХ-ны даргатай ярьдаггүй юм. Би өөрөө тийм домофон хаалгатай байранд амьдардаг. Эхлээд домофон суулгах гэж байгаа компанитай гэрээ хийгээд, мөнгөө төлдөг. Шинэчлэл 220 СӨХ-ны 2,3 байр чинь оршин суугчдын өмч. Оршин суугчдын амгалан тайван байдал, аюулгүй байдал, эд хөрөнгө, амь насыг нь хамгаалж тийм юм тавиад байгаа болохоор тэр зүйлийнхээ төлөө өөрсдөө зардалаа төлнө. Ажил гүйцэтгүүлэхийн тулд СӨХ гэрээ хийж болно. Гэхдээ гэрээнийхээ төлбөрийг төлсөн баримтыг манайх гаргаж өгсөн. Баримтан дээр үндэслэнэ. Харин эдний тал баримт гаргаж өгдөггүй. 30.000.000 төгрөгөөр байраа зараад, тэр мөнгөөрөө хөөрөгний чулуу захиж авчруулаад, хөөрөг хийлгээд авсан баримт нь хэрэгт байж байна. Гэрч хэлсэн энэ 2 хүн ирээд, хөөрөгийг үзэж байгаад аваад явсан гэсэн. Яагаад илүү сайн үзэж байгаа юм. 1-рт энэ хүн мөнгөө төлсөн, 2-рт энэ хүн өөрөө авч байгаа. Тэгэхээр энэ хүн өөрөө хамт очоод, өөрөө захиалаад, аваад явсан байна. Орон сууцны асуудал дээр 11.500 долларыг энэ орон сууцны жинхэнэ өмчлөгчид нь дансаар шилжүүлж өгсөн. н.Батсайханыг ирээч гэсэн үнэхээр боломж байхгүй байна гэсэн. Гэрч А.Байгалмаа н.Батсайхан байраа зараад хүүдээ орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлээд мөнгө өгсөн гэж хэлсэн.
Д.Н өнөөдөр нас биед хүрсэн хүн ийм их мөнгө өгөхдөө, эгчээсээ мөнгө авч байгаа юм бол үүнийг гарын үсэг зуруулаад өгөхгүй яасан юм. Тэр баримт нь хаана байна. Бичгийг бичиж өгсөн гэдгээ шударгаар хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлтээр энэ нотлогдсон. Энэ бичгийг итгэсэн, эгчдээ үзүүлэх гэж байгаа юм гэж хэлсэн учраас бичиж өгсөн. Бичиж өгснийхөө төлөө хариуцлага хүлээдэг бол хүлээх байх, гэхдээ мөнгийг нь авсан гэх баримт байхгүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл байхгүй. Тэмдэгтийн хураамжийг 161.396.000 төгрөгт төлсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байсан. Бид 2 шүүх дээр тэмдэгтийн хураамж хэдэн төгрөг төлөхийг асуусан. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр төл гэж хэлсэн. Энэ хүнд тэр мөнгийг төлөх боломж байхгүй байсан учраас би өөрөө тэмдэгтийн хураамжид 970.000 төгрөгийг өгч тэгээд би давж заалдах шатны шүүхийн хурлаар оруулсан.
Өнөөдөр Б.С ах, дүүсээсээ дэмжлэг авч 3 хүүхдээ тэжээдэг. 380.000 төгрөг хаанаа ч хүрдэггүй. Тийм цалинтай хүн өнөөдөр хүнээс 102.000.000 төгрөг аваад, тэгээд яаж төлнө гэж суух юм. Тэмдэгтийн хураамжаа төлж чадахгүй. 108.000 төгрөгийг хүнээс мөнгө авч төлсөн байдаг. Өдөр бүхэн тийм мөнгийг авч байсан бол өнөөдөр юмтай болох байсан. Бараг унтах ор дэргүй шахам айл байсан. Хүүхдүүдэд нь хоол хүнс нь хүрэлцэхгүй, ээж нь ОХУ-аас хоол тэжээлийн зүйл авчирч ахуй амьдралд нь тус болдог юм байна лээ. Энэ хэргийг бодит байдлаар нь аваад үзэх юм бол бичиж өгсөн хүн буруутай боловч авсан, өгсөн гэдгийн нотлох баримт хэрэгт байхгүй. 30.000.000 төгрөгийн баримтыг манайх гаргаж өгсөн, нөгөө тал нэг ч баримт гаргаж өгөөгүй. Зүй нь бол 1 баримт нь энэ байна гээд гаргаад ирэх ёстой. Тэгэхээр энэ хүн шүүхэд хэр шударга хандаж байна вэ, энэ хүн хэр үнэнч шударга иргэн юм. Үндсэн хуулинд зааснаар иргэн хүн адил тэгш эрхтэй бөгөөд шүүхийн өмнө үнэн зөв тайлбар өгөх ёстой.
Өөрөө ганц үг хэлэхгүй, тэр үед бүхнийг дагаад, үзээд, хараад явж байсан юм шиг ярьж байгаа үгнээс авах, гээхийн ухаанаар хандах биз ээ гэж бодож байна.
Иймээс нэхэмжлэлээс Б.С ын өгсөн 1.104.000 төгрөгийг хасаад, үлдэх хэсгийг нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Н , Д.Д нар нь хариуцагч Б.С т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.396.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.С нь Д.Д , Д.Н нараас мөнгө зээлээгүй, Д.Н ын гуйлгаар мөнгөний баримтыг бичиж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Б.С нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Мөнгө зээлсэн баримт”-аар “...Догсол овогтой Нанзад, Довжид овогтой Догсол нараас доорхи мөнгийг зээлж авсан нь үнэн болно. 1) Хаш чулуун хөөрөг авна гэж 41.900.000 төгрөг, 2) Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат 23 дугаар байрны 6 дугаар орцны баруун талд булангийн газрын эзэмших эрх авах болон кадастрын зураг хийлгэхэд 50.000.000 төгрөг, 3) “Шинэчлэл 220” СӨХ-д домофон систем суулгах ажилд зориулж 50.600.000 төгрөг, 4) Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны байрны урьдчилгаанд зориулж 20.000.000 төгрөг, нийт 162.500.000 төгрөг. Уг мөнгийг төлөх нь үнэн болно. Харин 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Д.Н ад буцаан төлсөн 600 ам доллар буюу 1.104.000 (нэг сая нэг зуун дөрвөн мянган төгрөг) 1.840 төгрөг байв” гэж бичиж өгчээ.
Түүнчлэн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2090 тоот зээлийн гэрээгээр “Д.Д оос Д.Н , Б.С нар нь 102.000.000 төгрөгийг зээлийг гэрээ байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлсэн, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ”-ээр “Зээлдүүлэгч Довжид овогтой Догсолоос ЦЕ 49053014 регистрийн дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол, 14а-73 /засвартай/ оршин суух өөрийн мөнгө болох 102.000.000 /нэг зуун хоёр сая/ зээлдэгч СБД-ийн 1 дүгээр хороо 220 мянгат 23 дугаар байр 49 тоотод оршин суух ХП 75032277 Сансар би 2014 оны 10 дугаар сарын 10-нд зээлэн авсан болно” гэж тус тус бичсэн болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.Д оос Д.Н , хариуцагч Б.С нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2090 тоот зээлийн гэрээний дагуу гэрээний үүрэг шаардаагүй, уг гэрээний дагуу үүрэг үүсэхгүй, нөхөн байгуулсан гэх үйл баримтад талууд маргаагүй болно.
2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Мөнгө зээлсэн баримт”-ыг хариуцагч Б.С өөрийн гараар бичсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4779 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Н нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 18-5 тоот орон сууцыг Б.Б-д 30.000.000 төгрөгөөр худалдан, түүний мөнгийг Б.С ын Голомт банкны 2709158208 тоот дансруу шилжүүлсэн ба уг мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид эгүүлэн өгсөн гэх боловч нэхэмжлэгч аваагүй гэж тайлбарладаг, хариуцагч нь өөрийн данснаас авсан мөнгийг нэхэмжлэгчид эгүүлэн өгсөн тухай баримт үйлдээгүй байна.
Шүүх хуралдаанд гэрч Д.Баатарсүрэн мэдүүлэхдээ “...Хоёулаа ирж авсан. Хоёулаа ирж авахдаа Сансарын найз нь хөөргөө сайн харж авсан. Найз нь сахалтай хүн л байсан” гэх мэдүүлэг өгөх боловч хариуцагч Б.С хөөрөг хүлээн авсан баримтад Б.С гарын үсэг зурж баталгаажуулсан ба уг баримтад дурдсан гарын үсэг Д.Н ын гарын үсэг болох нь баримтаар тогтоогдоогүй тул Д.Н ыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн гэрч А.У, А.Б нар нь хариуцагч Б.С тай хамаарал бүхий этгээд ба гэрч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Б.С дээрхи баримтыг өөрийн гараар бичсэн үйл баримт дээр маргаагүй, харин нэхэмжлэгч Д.Н ын гуйлтаар бичсэн гэж нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг тайлбарласан.
Хариуцагч нь хууль зүйн үр дагавар үүсгэх Мөнгө зээлсэн баримтыг бусдын гуйлтаар бичсэн гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй тул 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Мөнгө зээлсэн баримт”, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ”-г зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн няцаах боломжгүй ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
Талуудын хооронд зээлийн гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нар нь хариуцагчид 161.396.000 төгрөгийг өгсөн болох нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Мөнгө зээлсэн баримт”-аар нотлогдож байна.
Иймд хариуцагч Б.С аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.396.000 төгрөгийг гаргуулж, Д.Д д 102.000.000 төгрөг, Д.Н ад 59.396.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.С аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.396.000 төгрөгийг гаргуулж, Д.Д д 102.000.000 төгрөг, Д.Н ад 59.396.000 төгрөгийг тус тус олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 964.930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.С аас 964.930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д д 609.739 төгрөг, Д.Н ад 335.191 төгрөгийг тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР