Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/381

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн

улсын яллагч Б.Мөнгөншагай

шүүгдэгч Д.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ** дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-нд Төв аймаг Баянхангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “Арвай үндэс” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ** тоотод оршин суух, ялгүй, ** дугаарын регистртэй, С овогт Д-ийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Б 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Соронз” караокений гадна зогсоол дээр Тоёота приус-30 маркийн, **УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөхдөө ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 80 настай, Г.Дыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хэргийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул өмгөөлөгч авахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, тиймээс дахин мэдүүлэхгүй. Хохирогч Долгорт 1 сая төгрөг өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 10 гэхэд нэмж 1.5 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Нийт 2.5 сая төгрөг өгөх юм гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г-ийн Д  “… 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр түрдэг жижиг тэрэгнийхээ дугуйг засуулах гээд 11 цаг 50 минутын үед гэрээсээ гараад 10 дугаар хороололд байдаг дэлгүүрийн хажууд явган хүний зам дээр явж байтал дэлгүүрийн хажууд нэг машин зогсож байсан. Хажуугаар нь өнгөрөх үед нөгөө машин гэнэт хөдлөөд намайг мөргөөд газарт унагаад миний хөлийг дугуйгаараа дайраад зогссон. Би газарт унах үед миний зүүн гар хугарсан. Тэгээд босож чадахгүй орилсон. Нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явна гэхээр нь би Гэмтлийн эмнэлэг дээр очихоор миний гарыг тайрчих юм болов уу гэж бодоод явахгүй гэж хэлсэн. Тэгтэл намайг жолооч залуу заавал гэмтлийн эмнэлэг явж үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан, тухайн үед миний гар маш их өвдөж байсан, яс нь шаржигнаад дуугараад байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод эмчид үзүүлэхэд эмч намайг аймар хүнд хүн байна, хагалгаанд орох шаардлагатай гээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд шууд хагалгаанд орж болохгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Буцаад Гэмтлийн эмнэлэг дээр очиж хагалгаанд орж гарны ясаа хадуулсан” /хх-н 31-32/ гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д-ын У  “... 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байтал 11 цаг өнгөрч байхад манай хамаатны Нааяа гэдэг нэртэй хүн /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ над руу залгаад ээж рүүгээ яаралтай залгаарай ээж чинь машинд шүргүүлчихсэн гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж рүүгээ залгатал нэг эрэгтэй хүн утсыг нь авсан тэгэхээр нь чи хэн бэ гэж асуутал би танай ээжийг мөргөсөн жолооч нь байна танай ээж утсаар ярих боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд хаана байгаа юм гэж асуутал Гэмтлийн эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Манай ээжийн бие нь яаж байна гэж асуутал гар нь хугарсан юм шиг байна, үзүүлээд байж байна гэсэн. Тэгэхээр нь би шууд Гэмтлийн эмнэлэг рүү яваад очсон. Манай ээж Долгор рентген зураг авахуулах гээд хэвтэж байсан, тухайн үед гарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд эмч үзүүд зүүн гар нь 2 газраар хугаралттай, бяцралттай байна эмнэлэгт шууд хэвтүүлэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. Өөр ослын талаар тухайн үед нь хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна.

Би маш их гомдолтой байна, би ээжийг сахиад ажил төрлөө хийж чадахгүй байгаа, миний ээж Долгорт одоогийн байдлаар учирсан эмчилгээний зардал болох 1.600.000-2.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Миний ээжийн эмчилгээний зардалд өөрийнх нь даатгал бүгд орчихсон байгаа, энэ жилийг дуустал дахиж даатгалд хамрагдах эрхгүй болсон. Уг даатгалын нөхөн төлбөрийг оруулаад нийт буруутай жолоочоос 2.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.

Буруутай жолооч талаас миний ээжийн эмчилгээний хохиролд 1.000.000 төгрөгийг хохиролд барагдуулсан. Ийм учраас үлдсэн хохирол болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээнд гарах зардлыг хэлж мэдэхгүй байна” /хх-н 35-37/ гэж,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ү-ын Т  “... 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байхад манай нөхөр ажил дээр ирээд надад юм авчирч өгчихөөд гараад явсан. Тэгээд би дэлгүүрийнхээ цонхоор хараад зогсож байтал манай нөхөр машиндаа суугаад жаахан урагшаа хөдлөөд буцаад жаахан ухраад зогссон. Машинаасаа манай нөхөр буугаад машиныхаа цаана нь очоод зогсчихсон. Тэгэхээр нь яачихав гэж бодоод ажлаасаа гартал манай нөхрийн машины хажууд газарт нэг эмээ сууж байсан, тэгэхээр нь би нөгөө газарт сууж байсан эмээгээс бие нь гайгүй юу, яаж байна гэж асуусан. Тэгтэл нөгөө эмээ миний гар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр нөгөө эмээг машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан, би ажил дээрээ үлдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй.

Энэ машин миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллагаар авсан” /хх-н 48-50/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Г.Дын гэмтэлтэй холбоотойгоор “Долгорын биед зүүн бугалга, зүүн шуу богтос ясны зөрөөтэй, бяцарсан хугарлууд, зүүн шуунд шарх, зүүн мөр, дал, бугалга, шуу, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна/хх-н 68/ гэсэн 3134 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна.

 

Түүнчлэн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-7/, ослын газарт хэмжилт хийсэн бүдүүвч /хх-н 8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-12/, хохирогч Г.Д-ын Өвчний түүх зэрэг бичгийн бусад баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д.Б-ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Шүүгдэгч Д.Б хохирогч Г.Дт 1 сая төгрөг өгсөн байх ба үлдэгдэл хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж “... эмчилгээний зардал болох 2.500.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийг төлсөн үлдсэн 1.500.000 төгрөгийг 2019.06.10-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 149/ гэсэн байна.

 

Мөн хохирогч Г.Дын хууль ёсны төлөөлөгч Д.Ундрах хохирлыг төлж барагдуулах тухай шүүгдэгч Д.Бийн саналыг хүлээн зөвшөөрч нотариатаар баталгаажуулсан хүсэлтээ өгчээ. /хх-н 147, 148/

 

Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа “хөнгөн” гэмт хэрэгт хамаарахаас гадна шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа дээрх байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтуудад нийцнэ.

 

Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

хэрэгт хавсарган ирүүлсэн Д.Бөөс гаргаж өгсөн гэх хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцэхийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. С овогт Д-ийн Бийгавтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Д.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Д.Б хохирогч Г.Дт буюу түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ундрахад хохирлын үлдэгдэл мөнгө болох 1.500.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсоныг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ