Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/649

 

 

 

 

 

 

 

2020              10           05                                         2020/ШЦТ/649

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт О-гийн Б-д холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр - тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт О-гийн Б-, /РД:ФА94041037/.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.Б- нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрэл” ХХК-ний урд талын замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Тоёота-Приус” маркийн - ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 11.5-д заасан “ Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.“  гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Альпарт” маркийн - УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота Альпарт” маркийн - УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч О.Б- шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би тухайн өдөр гаргасан осолд маш их гэмшиж байгаа. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байна. Хохирогч А.С-ийн нэхэмжилсэн 6.510.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Миний холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч /хх6-11х/,

3. Хохирогч А.С- мөрдөн байцаалтын шатанд: “...Би 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн үед өөрийн эзэмшлийн цагаан ангийн - маркийн - УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 19-ийн үйлчилгээний төв орчихоод эргэж гэр рүүгээ харих зорилгоор Эрэл ХХК-ийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим км цагын хурдтай явж байтал эсрэг урсгалаас цагаан өнгийн Тоёота Приүс-20 маркийн улсын дугаарыг нь анзаараагүй Орхон аймшийн серитэй тээврийн хэрэгсэл нь яах ийхийн зуургүй гэнэт өөдөөс ороод ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч мөргөсөн. Тухайн жолоочтой очиж уулзтал түүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгтэл хавиар явж байсан хүмүүсээс 102,103 –т дуудлага өгөх шиг болсон. Ингээд л хэсэг хугацааны дараагаар түргэн тусламжийн машин нь ирж эмч нь бууж ирээд намайг үзчихээд яваад өгсөн. Тэгээд байж байтал 2 цагдаа ирж хэргийн газарт хэмжилт, үзлэгийг хйиж дуусаад нөгөө машины жолоочийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.А-ийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний - дугаартай дүгнэлт: “...С-ийн биед зүүн талын 6,7,8,9,10 дугаар хавиргануудын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид еранхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

5. Тэнцвэр Эстимейт ХХК автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт -- дугаартай “ Үйлдвэр, загвар, Тоёота Альпард улсын дугаар --- УНЗ “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 4.710.000” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ” /хх-29-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч О.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 заалтад тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх,” мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах, ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан тэнсэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч А.С- гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт О-гийн Б-г согтуурсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. О.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. О.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх,” мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах, ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Б-д оногдуулсан тэнсэх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР