| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00815/и |
| Дугаар | 2386 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2386
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 44 дүгээр гудамжны 69 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ИО 75091507, Дархчууд Цэрэндоржийн Хишигбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 16-А байрны 18 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар НБ 72041810, Урианхай овогт Цагааны Эрдэнэбатад холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Хишигбаяр, хариуцагч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хишигбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2007 онд Ц.Эрдэнэбаттай танилцан хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр охин Цэлмүүн төрсөн.Энэ үед би Ц.Эрдэнэбатаас салаад өмнөх нөхөр П.Пагжийбуутай хамт амьдрах болоод охин Цэлмүүнийг П.Пагжийбуугаар овоглосон боловч бид хамт амьдрах боломжгүй болоод гэрлэлтээ цуцлуулсан юм.Одоо охин Цэлмүүний эцэг нь Ц.Эрдэнэбат мөн болохыг тогтоолгохыг хүсэж байна гэв.
Хариуцагч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.Хишгбаяртай хамт амьдарч байхад бидний дундаас2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр охин Цэлмүүн төрсөн.Охин Цэлмүүн нь миний хүүхэд мөн тул түүний эцгээр намайг тогтооход татгалзахгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хишигбаяр нь 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Цэлмүүний эцгээр Ц.Эрдэнэбатыг тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Шүүх Ц.Хишигбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ц.Хишигбаяр, Ц.Эрдэнэбат нар нь 2007 онд танилцан улмаар гэр бүлийн харьцаатай байсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Хишигбаяр нь 2008 оны 9 дүгээр сарын 20-ны охин Цэлмүүнийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний 0217168 Г-3043 дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдож байх бөгөөд уг гэрчилгээнд түүний эцгийг П.Пагжийбуу гэж бүртгэгдсэн байна.
Гэхдээ Цэлмүүний төрсөн эцэг нь Ц.Эрдэнэбат болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Ц.Эрдэнэбат нь Цэлмүүний биологийн эцэг байх боломжтой гэсэн байна.
Мөн Дархан-Уул аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 476 дугаар шийдвэрээр Ц.Хишигбаяр П.Пагжийбуу нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрт хариуцагч П.Пагжийбуу нь би Цэлмүүний төрсөн эцэг биш бид ярилцаж тохиролцоод надаар овоглосон гэж тайлбарласан байх бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар болон хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Урианхай овогт Цагааны Эрдэнэбатыг 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Цэлмүүний эцэг мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ц.Хишигбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ З.ДОРЖНАМЖИН
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ундраа хариуцагч Т.Очирбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ундраа, Т.Очирбат нар 2012 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр охин Мишээл төрсөн болох нь хүүхдийн төрсний 0000738114 Г-216 дугаартай гэрчилгээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Зохигчид гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч Мишээлийг эцэг Очирбатаар нь овоглож төрсний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байх бөгөөд охин Мишээл эх Б.Ундраагийнхаа асрамжид амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.Ундраа цаашид Т.Очирбаттай хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх бөгөөд Мишээл 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 4 настай байх бөгөөд хүүхдийн насны байдал, түүний дассан орчин нөхцөл, эрүүл мэнд, амьдрах орчин, хүмүүжилд тавих анхаарал, халамж, эхийн хүсэлт зэргийг харгалзан түүнийг ээжийнх нь асрамжид байлгаж, эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул Мишээлийг ээжийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч Т.Очирбат дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул Т.Очирбатын хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Мишээлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Очирбатаас нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-т зааснаар Т.Очирбат охин Мишээлтэйгээ баяр ёслолын өдрүүдээр уулзаж байхаар тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар Т.Очирбатаас 50 546 /тавин мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ундраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Очирбатаас 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Б.Ундраад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН