Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 0155

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 03 өдөр

               Дугаар                                      .   128/ШШ2020/0155

            Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн Г-ийн Ч

Хариуцагч: НЗда,

Нэхэмжлэлийн шаардлага:” Г.Чид газар өмчлүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд Салхитын 13 гудамж, 307 тоот хаягт байрлах 590 мкв газрыг Г.Чид өмчлүүлэх тухай шийдвэр гаргахыг НЗдад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г. Ч миний бие 2004 оны 08-р сарын 20-ны өдөр хуучнаар Чинэгэлтэй дүүргийн 18-р хороо Дээд Салхитын 14-р гудамж 194 тоотод байрлах 2 тал хашааг 590 м2 газрын хамт Ц.Ш гэдэг хүнээс 1,400,000 төгрөгөөр худалдан авсан.Газрыг худалдан авахдаа Ц.Штэй худалдах худалдан авах нөхцөл, гэрээний үнийг тохиролцон 2 талаасаа газрын нэрийг шилжүүлэх өргөдөл хүсэлтийг чингэлтэй дүүргийн газрын албанд 18-р хороогоор уламжлан баталгаажуулж гарын үсэг зурж холбогдох баримтуудын хамт өгснөөр газрын албаны хариуцсан мэргэжилтэн бүртгэж аваад одоо болсон Г.Ч та үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд очиж бүртгүүлж баталгаажуул харин газрын эзэмшигч Ц.Штэй хамт явах шаардлагагүй гэж зөвлөсний дагуу Ц.Шд хашаа газрын үнэ 1,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд би үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт очиход худалдсан хүнтэйгээ хамт ирэх ёстой гэсний дагуу Ц.Штэй уулзаж холбоо барих гээд олоогүй. Үүнээс хойш 1 сар орчмын дараа дахин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар очиж хөөцөлдөхөд Ц.Шг заавал авч ир гээд Ц.Шг хайж энд тэнд очиж явсаар олон жилийг өнгөрөөсөн. Эцэст нь арга ядаад шүүхэд хандаж Ц.Шг эрэн сурвалжлуулах хусэлт гаргаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5102 дугаар шийдвэрээр Тахарын албанаас эрэн сурвалжилж 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаартай албан бичгээр Ц.Ш нь 2008 оны 09-р сарын 09-ны өдөр нас барсан ба 2008-9 дүгээр сарын 10-ны өдөр нас баралтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд бүртгэж авсан байна гэж мэдэгдсэн. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 182/Ш32016/01906 дугаартай захирамжаар Ц.Ш нь хүсэлт гаргагчийн төрсөн эх болох нь түүний 2004 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргаар уламжпан газрын албанд хандаж гаргаж байсан хүсэлтээ тогтоогдлоо гээд нотариатад хандан өвлөх эрхийн гэрчилгээ ав гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Г.Ч би хууль эрх зүйн мэдлэг дутуу, байхгүйгээсээ шүүгчийн захирамжийг барин олон нотариатч, нотариатын байгууллагаар орж өвлөх эрхийн гэрчилгээ авах гэж загнуулах нэгэнд загнуулж, зандруулах нэгэнд зандруулж явсаар өдийг хүрч надад өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй гэдгийг ойлгосон. Учир нь Г.Ч миний эх С-ийн Ц гэх хүн байсан бөгөөд би Ц.Штэй эх охины болон төрөл садангийн холбоо байхгүй. Мөн Ц.Ш нь 1943 онд төрсөн би 1951 онд төрсөн бидний хооронд эх охин байх ямар ч боломжгүй байна. Би 2004 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Дээд Салхит 13-307 тоот хаягт ямар нэгэн зөрчилгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Миний бие дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад мөн л адил ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/Ш32019/03268 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүнээс үндэслэн дээрх газрын талаар ямар нэгэн маргаан байхгүй, нийтэд ил тодорхойгоор 15 жилийн хугацаанд эзэмшиж, өмчилж байгааг засаг захиргаа, ойр орчмын айл амьтан бүгд гэрчилнэ. Г.Ч миний бие дээрх газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаагийн хувьд эрх бүхий байгууллагад буюу НЗдад 2019 оны 08 сарын 23-ны өдөр өөрийн нэр дээр газрыг гаргуулахаар урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу хандахад Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03-08/4546 дугаартай албан бичгээр НЗдад иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх хэмжээ олгогдоогүй, иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно гэж заасан тул шүүхийн байгууллагад хандана уу гэсэн хариуг өгсөн. Эхний ээлжинд газар өмчлүүлэх шийдвэр гэр бүлийн бүх гишүүд дээр гарч байсныг хүн бүр газар өмчлөх эрхийн дагуу салгаж бусад өмчлөгчдийг хасах замаар газар өмчлөх эрхийг дуусгавар болгох, шинээр газар өмчлөх эрхийг үүсгэх шийдвэрийг гаргаж байсан атлаа миний асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хангалттай баримт байхад шийдвэрлэж өгөөгүйг нь ойлгохгүй байна. Миний хувьд 2004 онд энэ газрыг шилжүүлж авахдаа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга дээр Ц.Шгийн хамт очиж эх охин, бэлэглэл гэвэл хурдан шилжинэ гэсэн буруу ойлголтын дагуу 2004 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр өргөдөл бичсэн нь буруу болохоос биш бодитойгоор 1.400.000 төгрөгөөр худалдан авч төрийн байгууллагын ажилтны буруу мэдээллээс болж Ц.Шгээс нэрээ шилжүүлж авалгүй өдийг хүрсэн бөгөөд энэ газар ямар нэгэн өмчлөл, эзэмшлийн маргаангүйгээр 15 жил амьдарч байна.

Энэ талаар НЗдад холбогдох баримтын хамт өмчлөх эрхээ сэргээлгэхээр хүсэлт гаргахад 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 03-08/4546 дугаартай хууль бус татгалзал буюу захиргааны акт гаргаж нэхэмжлэгч миний эрхийг зөрчсөн. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г.Ч миний амьдарч буй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд Салхит 13-307 тоотод байрлах газар эд хөрөнгөнд шүүхээс үзлэг хийснээр бүх зүйл илүү тодорхой болсон гэж үзэж байна. Иймд НЗдын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03-08/4546 дугаартай хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, иргэн Г.Чид Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд Салхит 13-307 тоотод байрлах газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахыг НЗдад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийг өмгөөлөгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “... хэлцэл хийгээд нэрээ шилжүүлэхдээ гэр бүлийн гишүүд төрсөн охин гэхээр энэ асуудал амархан шийдвэрлэгддэг гэсэн гэж хоёулаа ярьж тохироод өргөдлөө бичээд хороогоор цохуулаад дүүргийн Газрын албанд хандсан байсан. Энэ өргөдлийг нь үндэслээд төрсөн эх, охин учраас өвлөх асуудал байхад шийдвэрлэх боломжгүй гэж буцаасан. Дараагаар нь миний үйлчлүүлэгч нотариатын байгууллагаар яваад тухайн газрыг өвлөж авах гэсэн юм шүүхэд хандахад өвлөж авах боломжтой гэсэн хариу өгсөн гэж явдаг. Гэтэл нотариатын байгууллага энэ асуудал дээр ямар нэг үйлдэл хийдэггүй. Яагаад гэхээр Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1-д зааснаар “ нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасан байдаг учраас өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Тэгээд миний үйлчлүүлэгч би энэ хүний төрсөн хүүхэд, ямар нэг төрөл садны хамаарал байхгүй гэж иргэний бүртгэл мэдээллийн төвөөс төрөл садны лавлагаа аваад дахиад Иргэний шүүхэд газрын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүхээс дахиад нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэдэг яагаад нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалздаг вэ гэхээр, өмчлөгчөөр тогтооно гэдэг нь ердийн журмаар шийдвэрлэгдэх хэрэг гэтэл энэ хэрэгт хариуцагч байхгүй байна. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргийн жагсаалтад өмчлөгчөөр тогтоолгох гэсэн энэ нэхэмжлэл хамаарахгүй, заавал хариуцагч тал байж байж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэг үндсэн агуулгаар нэхэмжлэлийг буцаасан байдаг. Би энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод НЗдад 2018 оны 8-р сард хүсэлт гаргасан энэ баримтуудыг судлаад үзэхээр Ц.Ш, Г.Ч гэдэг хоёр хүний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэн байна уу, үүсэн. Миний үйлчлүүлэгч 2004 оноос хойш энэ газар дээр ямар нэг эрхийн зөрчилгүй амьдарч байсан. Тэгэхээр Г.Ч гэдэг хүн дээр газар өмчлүүлэх шийдвэр гаргах боломжтой гэж үзээд НЗдад хүсэлт өргөдөл гаргасан гэвч НЗда Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар НЗдад, Газар өмчлүүлсэн эрхийг дуусгавар болгох ийм эрх хэмжээ байхгүй гэдэг үндэслэлээр Захиргааны акт гаргахаас татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэл гаргасан байгаа. Үүний дараа миний зүгээс Захиргааны хэргийн шүүхэд 2019 оны 10-р сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эс үйлдэхүйн хууль бус болгохыг тогтоож Чингэлтэй дүүргийн 19-р хороо Дээд салхит 13-307 тоот 590м.кв газрыг Г.Чын нэр дээр өмчлүүлэх Захиргааны акт гаргахыг НЗдад даалгаж өгнө үү.

... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өв залгамжлагчийн асуудлыг ярьж байгаа. Өв залгамжлагч гэдэг нь Иргэний хуулийн 520-р зүйлээр зохицуулж өгсөн байдаг. Энэ хүмүүс хэзээ яаж өвлөж авсан гэдэг асуудал Иргэний хуулийн онцгой 28-р зүйлээр зохицуулж өгсөн байдаг. Гэтэл Иргэний хуулийн 528-р зүйлд зааснаар тодорхой хугацаа заасан байгаа. Тэр хугацаа нь өнгөрсөн тэгэхээр тухайн хүмүүс энэ хугацаандаа хүсэлттэй гаргаад өвлөж авах асуудал нь хуульд зааснаар өвлөх асуудлыг хэн шийдвэрлэх вэ гэхээр маргаангүй тохиолдолд нотариатын байгууллага шийдвэрлэнэ. Нотариатад хүсэлттэй гаргаад өвчлөх эрх бүртгэгдээд явсан бол шүүх нотариатын танхимаас лавлагаа авсан байсан энэ өөрийн нэгдсэн мэдээллийн сан гэрээслэлийн сангийн бааз нь 2007 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Тухайн хүн өөрөө 2008 онд нас барсан тэгэхээр энд бүртгэгдсэн байх ёстой тэгэхээр энд өвлөгч байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр энэ өвлөгчийн асуудлыг яриад сууж байхаар энэ хүний эзэмших өмчлөх эрх маань хөндөгдөж байна. Иргэний хуулийн 90-р зүйлд шударга эзэмшигчийн ойлголт байгаа. Миний үйлчлүүлэгч 2004 оноос хойш ямар нэгэн маргаангүй тухайн газарт 16 жил эзэмшсэн байхад энэ талаар ямар нэг хүн маргаагүй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мгөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар бол шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэн Ц.Шд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо дээд салхит 14-194 тоот хаягт байрлах Газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 тоот захирамжаар 300 м.кв газар эзэмших эрх олгосон байна. 2004 онд өөрийн өргөдөл дээрээ хорооны засаг даргын тодорхойлолт хийлгэж эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгүүлж хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион байгуулагч судлан үзэж нийслэл дүүргийн Засаг даргын 2004 оны 122 тоот захирамжаар Ц.Шд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу газар өмчлүүлсэн байна. Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөөгүй гэж үзэж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03-08/4546 дугаар захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Г.Чийн газар эзэмшиж, өмчлөх тухай хүсэлтэд өгсөн хуульд нийцсэн хариу өгсөн албан бичиг байна. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд Салхит 10-307 тоот хаягт байрлах газар нь одоог хүртэл бусдын өмчлөлд байх тул иргэн Г.Чийн нэр дээр өмчлүүлэх боломж байхгүй байна.

... Өнөөдрийн байдлаар хууль бус эс үйлдэхүй байна уу гэхээр Захиргааны акт буюу тухайн албан тоотод хууль бус зүйл харагдахгүй байна. Нэхэмжлэгч тал тухайн актыг хууль бус гэхээсээ илүү тухайн үйл баримтыг шийдвэрлэх бололцоотой гэж ярьж байгаа. Уг шийдвэрийг НЗда хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэдгийг албан тоотоор өгсөн мөн дээрээ нь нэмж хэлэхэд өнөөдөр магадгүй НЗда Ц.Шгийн шийдвэр хүчин төгөлдөр байхад Г.Чид нотариатаар хийсэн гэрээ байхгүй, мөн хүсэл зориг илэрхийлсэн өргөдөл гэж байгаа энэ өргөдөл дээр 1.400.000 мянган төгрөгөөр худалдаж авсан гэдэг нь нотариатаар ороогүй зүгээр гараар бичсэн өргөдөл энэ баримтыг НЗда үндэслэж Г.Чид өмчлөх эрхийн шийдвэрийг гаргах хууль зүйн хүрээнд боломж байхгүй гэдгийг НЗда илэрхийлж байгаа юм.  Мөн 1.400.000 мянган төгрөг өгөлцөж авалцсан баримт байхгүй зөвхөн аман хэлбэрээр хэлж байгаа зүгээр өргөдөл дээр бичсэн тоо дээр нь нотариатаар баталгаажаагүй зүгээр хорооны засаг даргын тэмдэг байгаа. Өнөөдрийн нөхцөл  байдлаар харахад дээрх өгсөн хүсэлтэд хавсаргасан нотлох баримт бусад зүйлсээс НЗда шийдвэрлэх боломжгүй байгаа. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, захиргааны акт нь хууль бус захиргааны акт биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч нь анх НЗдад холбогдуулж “НЗдын 2004 оны 122 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд Цэрэндоржийн Шд 590.4 м.кв газрыг өмчлүүлэх тухай захирамж, шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Г.Чид Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд Салхит 13-307 тоотод байрлах газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахыг НЗдад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “НЗдын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03-08/4546 дугаартай хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, иргэн Г. Чид Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд Салхит 13-307 тоотод байрлах газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахыг НЗдад даалгах”[1]  гэж өөрчилжээ.

Улмаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Г.Чид газар өмчлүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд Салхитын 13 гудамж, 307 тоот хаягт байрлах 590 мкв газрыг Г.Чид өмчлүүлэх тухай шийдвэр гаргахыг НЗдад даалгах” гэж тодруулсан тул шүүх энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

НЗдын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар шийдвэрээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Салхитын 14-194 тоот хаягт байрлах 590 мкв газрыг иргэн Ц.Шд өмчлүүлж шийдвэрлэжээ[2].

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Ц.Шгээс 18 дугаар хорооны Засаг даргаар уламжлан тус дүүргийн газрын албанд хүсэлт гаргаж байсныг үндэслэн НЗдад хандаж 2019 оны 08 дугаар сарын 27-ний өдөр гаргасан “... 122 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Чийн нэр дээр газар өмчлүүлэх шийдвэр гаргаж өгөх хүсье”[3] гэсэн хүсэлтэд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03-08/4546 тоот албан бичгээр “... газар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх олгогдоогүй тул ...шүүхийн байгууллагад хандана уу”[4] гэсэн хариу өгсөн байна.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “Г.Ч нь маргаан бүхий газарт 2004 оноос өнөөг хүртэл ямар нэгэн маргаангүйгээр 15 жил амьдарч байгаа. Энэ талаар НЗдад холбогдох баримтын хамт өмчлөх эрхээ сэргээлгэхээр хүсэлт гаргахад 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 03-08/4546 дугаартай хууль бус татгалзал буюу захиргааны акт гаргаж нэхэмжлэгч миний эрхийг зөрчсөн” гэж тайлбарлан маргасан ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч Г.Чийн газар эзэмшиж, өмчлөх тухай хүсэлтэд өгсөн хуульд нийцсэн хариу өгсөн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 13-307 тоот хаягт байрлах газар нь одоог хүртэл бусдын өмчлөлд байх тул иргэн Г.Чийн нэр дээр өмчлүүлэх хууль зүйн боломж байхгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хөтөлнө”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу газар өмчлөгч иргэн нь өөрийн өмчлөлийн газрыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 7/806 тоот албан бичигт “Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Салхитын 14-194 тоот, эсхүл Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд Салхитын 13-307 тоот хаягаар газрын өмчлөх эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй”[5] гэснээс үзвэл, Г.Чийн хувьд өмчлүүлэх шийдвэр бүхий газрыг шилжүүлэн авах хууль зүйн боломжгүй, харин Ц.Шгийн хувьд НЗдын 2004 оны 122 дугаар шийдвэр бүхий газрын өмчлөх эрх хуульд заасны дагуу үүсээгүй, НЗдын захирамжийн дагуу өмчилж буй газрын эрх дуусгавар болсон гэж үзэхээр байсан байхад хариуцагч НЗда нь “...иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх олгогдоогүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий газрыг Г.Чид өмчлүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан нь хууль бус болжээ. Учир нь:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

- Ц.Ш нь 2004 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хуучнаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Салхитын 14-194 тоот хаягт байрлах хашаа, байшингаа Г.Чид бэлэглэсэн тул хашаа байшингийн бичгийг Г.Чийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтээ тус хорооны Засаг даргаа уламжлан нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газрын албанд  газрын албанд гаргахаар тус хорооны Засаг даргаар уламжлуулахаар тодорхойлуулсан[6],

- Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, дээд салхитын 14 дүгээр гудамж, 194 тоот хаягт байрлах газрын байршлын кадастрын зургийг нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангаас 2004 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г.Чийн өмчлөлд бүртгэлтэйгээр баталгаажуулсан өгсөн[7] зэрэг үйл баримт тогтоогдов.

Мөн Ц.Ш болон Г.Ч нараас маргаан бүхий газрыг  шилжүүлэх болон шилжүүлэн авахаар гаргасан хүсэлтүүд нь хэдийгээр нотариатаар баталгаажуулагдаагүй боловч уг газар байрлах Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо/хуучин хаягаар/-ны Засаг даргаас уг газрыг шилжүүлж байгааг тодорхойлж тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.

Дээрхээс үзвэл, Ц.Ш нь газрын эрхийг Г.Чид шилжүүлэх хүсэл зоригоо бодитойгоор илэрхийлсэн гэж үзэхээр байх тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно”, 31.1.1-т “ ... өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлсэн” гэж заасны дагуу НЗдын 2004 оны 122 дугаар захирамжаар Ц.Шд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзнэ.

Энэ тохиолдолд хариуцагч нь хуулийн дээрх зохицуулалтуудыг үндэслэн Ц.Шгийн газар өмчлөх эрхийг дуусгавар болсон гэж үзэх, улмаар тухайн газрыг Г.Чид өмчлүүлэх шийдвэрийг гаргах хууль зүйн боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Шгийн хувьд түүнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн НЗдын 2004 оны 122 дугаар шийдвэр хүчин төгөлдөр боловч “газар өмчлөх эрх” нь хуульд заасны дагуу үүсээгүй/эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй/ байх тул Ц.Шгийн өв хүлээн авагчдын өвлөх эрх хөндөгдөхгүй, Ц.Шгийн газар өмчлөх эрхийг дуусгавар болсон тооцож, Г.Ч-д уг газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаснаар хууль зүйн хувьд зөрчил үүсэхгүй.

 Иймд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... газар өмчлөгчийн өв залгамжлагчдыг тодруулсны үндсэн дээр Г.Чид тухайн газрыг өмчлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой” хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 101/000886 тоот лавлагаанд Цэрэндорж овогтой Ш нь 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан[8] гэсэн байх ба Ц.Шгийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчидаас 2007 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь Монголын Нотариатчдын танхимын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 896 тоот албан бичгээр тус тус тогтоогдов.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх” ба мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.5-т “Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгох”-оор заасан байхад хариуцагч НЗда нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлж авах аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, холбогдох шийдвэрийг гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “газар өмчлөх эрх” зөрчигдсөн гэж үзэх үндэстэй.

Мөн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Тахилтаас хойших хэсэг нь 2007 оноос 19 дүгээр хороо болон хуваагдсан[9] байх ба тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор маргаж буй газар нь “...Дээд салхитын 13-307 тоот хаягтайгаар, Г.Ч оршин суудагаар бүртгэгдсэн”[10], өнөөдрийг тус газарт оршин сууж байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байх тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасныг үндэслэн иргэн Г.Чийн газар өмчлөх эрхийг сэргээж нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Г.Чид газар өмчлүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 13 гудамж, 307 тоот хаягт байрлах 590 мкв газрыг Г.Чид өмчлүүлэх тухай шийдвэр гаргахыг НЗдад даалгасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.МӨНХЗУЛ

 

 


[1] Хавтаст хэргийн 69 дэх талд

 

[2] Хавтаст хэргийн 14 дэх талд

[3] Хавтаст хэргийн 103 дахь талд

[4] Хавтаст хэргийн 21 дэх талд

[5] Хавтаст хэргийн 66 адхь талд

[6] Хавтаст хэргийн 7 дахь талд

[7] Хавтаст хэргийн 15 дахь талд

[8] Хавтаст хэргийн 46 дахь талд

[9] Хавтаст хэргийн 91 дэх талд

[10] Хавтаст хэргийн 49 дэх талд