Зх- ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, хариуцагч Г.Б-, гуравдагч этгээд Д.М-, гуравдагч этгээд Х.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П-, гуравдагч этгээд Л.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Зх- ХХК-ийн нэхэмжлэлтэй, С- аймгийн О- сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Зх- ХХК-ийн захирал Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С- аймгийн О- сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрх сэргээлгэх мөн С- аймгийн О- сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/30 дугаартай захирамж болон хавсралтыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ. Хариуцагч С- аймгийн О- сумын Засаг дарга Г.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэж заасныг зөрчиж газрын төлбөрөө төлөөгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байсан учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/12 тоот захирамжаар тус компанийн О- суманд эзэмшиж буй Худгийн хоолойд байршилтай үр тарианы зориулалт бүхий 194,15 га газрын газар эзэмших эрхийг цуцалж дуусгавар болгон сумын Засаг даргын 2007 оны 122 тоот захирамжид буй Зх- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож газар эзэмших эрхийн гэрчилгээг хураахаар шийдвэрлэсэн. Сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А/30 тоот захирамжаар 194,15 га газар нь Б.Ж-, Х.Э-, С.Э-, Д.М-, Л.Э- нарын давуу эрхтэй тариаланч иргэдэд хуваарилагдан олгогдсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Гуравдагч этгээд С.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 10-ны А/30 тоот захирамжаар надад 40 га тариалангийн газрыг олгож шийдвэрлэсэн. Би давуу эрхтэй тариаланч өрхөөр тодорхойлогдсон газар тариалан эрхлэн ажиллаж байгаа тул Газрын тухай хуулийн дагуу 100 га газар авна гэхэд Засаг дарга боломжоороо байгаа газраа өгсөн. Иргэн С.Э- би давуу эрхийн дагуу газар авах эрхтэй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Гуравдагч этгээд Л.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л- шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 3 дугаар сард газар хүссэн өргөдөл гаргасны дагуу сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны А/30 тоот захирамжаар газар тариалангийн салбарт ажилласан тариаланч өрхөөр тодорхойлсон тул 34.1 га газрыг олгосон. Миний хүү Л.Э- нь давуу эрхтэй тариаланч өрх тул тус газрыг эзэмших бүрэн эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Гуравдагч этгээд Х.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П- шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргад тариалангийн газар хүссэн өргөдөл удаа дараа өгсөн боловч хуваарилах газар байхгүй гэсэн тайлбарыг өгсөөр ирсэн. 2015 оны 03 дугаар сард дахин газар хүссэн өргөдөл гаргасны дагуу сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны А/30 тоот захирамжаар газар тариалангийн салбарт ажилласан тариаланч өрхөөр тодорхойлсон тул 40 га газрыг олгосон. Иймд тус газрыг эзэмших бүрэн эрхтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Гуравдагч этгээд Д.М- шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 10-нд сумын Засаг дарга 100 га өгөх боломж байхгүй гээд А/30 тоот захирамжаар 40 га газар эзэмших эрх олгосон. 4 жил өргөдөл хүсэлт гаргасны эцэст сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны А/30 тоот захирамжаар олгогдсон үр тарианы эзэмших 40 га газрын захирамжийг хэвээр үлдээж, Зх- ХХК-ийн сумын Засаг даргын 2015 оны А/12 тоот, А/30 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. Гуравдагч этгээд Б.Ж- шүүхэд гаргасан тайлбартаа: С- аймгийн О- сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/30 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж болон захирамжийн хавсралтыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 54 дүгээр зүйлийн 54.4 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан С- аймгийн О- сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/30 дугаар захирамж болон хавсралтыг хүчингүй болгож, С- аймгийн О- сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх цуцлах тухай А/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Зх- ХХК-ийн захирал Б.Б- давж заалдах гомдолдоо:Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнэж үзээгүй бөгөөд түүний гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Нийтийн эрх зүйд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр гаргахдаа тухайн актын биелэлтэд өртөх магадлал бүхий этгээдүүдэд шийдвэрийн агуулга, үр дагаврын тайлбарлан сонсгох зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа шийдвэрийн талаар урьдчилан сонсгож, харилцан ярилцсанаар түүнээс гарах сөрөг үр дагавар, нөлөөллийн хэмжээг бууруулах боломжийг олгодог. Гэтэл хариуцагч С- аймгийн О- сумын Засаг дарга Б.Б- нь Зх- ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах тухай шийдвэр гаргахдаа огт уулзаагүй, тухайн үед эзэмшиж буй газар дээр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн эсэх тухай огт сонсгож, гаргах шийдвэрийн төслөө танилцуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа гэдэгт хариуцагч тал огт ач холбогдол өгөөгүй. Мөн Зх- ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр С- аймгийн О- сумын газрын албатай газар эзэмших гэрээ шинэчлэн байгуулсан боловч тус сумын газрын алба нь өнөөг хүртэл тус компанийн газар эзэмших гэрчилгээг шинэчлээгүй байдал нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тус сумын холбогдох төрийн албан тушаалтны эс үйлдэхүйтэй шууд хамааралтай илт тодорхой байхад Зх- ХХК-ийг хуулийг зөрчсөн, биелүүлээгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Зх- ХХК-ийг хуучин гэрчилгээтэйгээр одоог хүрсэн нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дэх хэсэгт газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх... гэж заасныг зөрчсөн буюу тус компанийг газар эзэмших гэрчилгээтэй байсаар байтал огт газар эзэмших гэрчилгээгүй зөвхөн газар эзэмших гэрээний үндсэн дээр газар эзэмшсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны хэргийн шүүх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаагын нэг ач холбогдол нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус захиргааны актаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах ёстой. Шүүхийн шийдвэрээр дамжиж энэ нөхцөл байдлыг бий болгох, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг гаргах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шат дамжлагыг бий болгож, түүнийг бэхжүүлэн тогтоох явдал юм. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 24 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зх- ХХК-д С- аймгийн О- сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаар захирамжаар С- аймгийн О- сумын Худгийн хоолойд байршилтай 206 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлж, гэрчилгээ олгон гэрээ байгуулжээ. Харин Өндөр нарийвчлал бүхий GPS-ээр хэмжсэн кадастрын зургийг мөрдөх зорилгоор гэх үндэслэлээр 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 тоот Сумын Засаг даргын захирамжаар 2007 оны 122 тоот захирамжид нэмэлт өөрчлөлт оруулж, тус хуулийн этгээдийн 170800019 дугаар бүхий 206 га тариалангийн газрыг 194.15 га болгож өөрчилж эзэмшүүлэн, 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэгч, газар эзэмшигч нарын хооронд Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ. Харин С- аймгийн О- сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаар захирамжаар нэхэмжлэгч Зх- ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалж дуусгавар болгосон нь үндэсгүй байна. Учир нь, Хэдийгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигчээс газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох хэдий ч газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, төлбөр төлөлттэй холбоотой гэрээний талуудын эрх, үүрэг хариуцлага, түүнээс үүсэх үр дагавар нь мөн хуулийн 34.6-д заасны дагуу байгуулсан гэрээнд зааснаар тодорхойлогдохоор байна. Газар эзэмшүүлэгчийг төлөөлж О- сумын газрын даамал У.Октябрь болон газар эзэмшигчийг төлөөлж Зх- ХХК-ийн захирал Б.Б- нарын харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[1]-ний 3.5-д Газрын төлбөрийг газрын ашиглалт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөх гэж газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн хэдий ч гэрээний 4.3-т Газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах гэж газар эзэмшүүлэгчийн үүргийг ч мөн заажээ. О- сумын нутаг дэвсгэрт газар эзэмшил, ашиглалтын төлбөрийн хэмжээ нийт 3 удаа өөрчлөгдөн тогтоогдож байсан нь хавтаст хэрэгт авагдсан С- аймгийн О- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 26, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолууд,С- аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/3 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмших гэрээний 2.5-д эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна гэж заасны дагуу гэрээнд төлбөрийн хэмжээний талаар дээрх өөрчлөлтүүд тусгагдаагүйн дээр гэрээний 4.4 дэх хэсэгт газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх үүргийг газар эзэмшүүлэгч хүлээхээр, мөн Газрын тухай хуулийн 34.8 дахь хэсэгт гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх үүрэгтэй байтал хариуцагч гэрээний биелэлтийг дүгнэлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу газрын төлбөрт жилд 74942 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд 2008 оны 12 дугаар сарын 29-нд 75100 төгрөг, 2010 оны 03 дугаар сарын 09-нд 75100 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 28-нд 116400 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 19-нд 120000 төгрөг төлсөн нь С- аймгийн О- сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/98 тоот албан бичиг, түүний хавсралт, Хаан банк болон Голомт банкны төлбөр төлсөн мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дээрх байдлаар газрын төлбөр төлсөн, зарим онд төлсөн боловч баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа ч гэрээний 4.3-т хариуцагч нь нэхэмжлэгчид газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмших талаар урьдчилж тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүй болгох-оор заасны дагуу урьдчилж шаардлага тавиагүй, гэрээг жил бүр дүгнээгүй төдийгүй гэрээний 3.6-д төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх гэж газрын төлөөгүй төлбөрт алданги тооцон төлүүлэх боломжтойгоор зохицуулсан заалтыг хэрэглээгүй, газрын төлбөр төлөлтийн талаар нэхэмжлэгчтэй урьдчилж тооцоо нийлэлгүй, урьдчилж мэдэгдэлгүйгээр шууд газар эзэмших эрхийг цуцалж дуусгавар болгож шийдвэрлэсэн буруу байна. Хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмших эрх цуцлагдсан талаар утсаар мэдэгдсэн гэх боловч Зх- ХХК-ийн 194.15 га газар эзэмших эрхийг цуцалж дуусгавар болгосон талаар хуулийн этгээдийн албан ёсны хаягаар бичгээр мэдэгдээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан С- аймгийн О- сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Захирамжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай 38 дугаар захирамжаар ...дугаар бүхий 206 га газрыг, ... 194.15 га болгон өөрчилж эзэмшүүлэх,... захирамжид заасан эзэмшлийн шийдвэрт кадастрын зураг хэмжилтийн акт шинэчлэн хавсаргаж өгөхийг сумын газрын даамалд даалгасугай гэж, түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг үндэслэсэн маргаан бүхий 2015 оны Газар эзэмших эрх цуцлах тухай А/12 дугаар захирамжаар ... тус захирамжийг гарсантай холбогдуулан 2007 оны 122 тоот захирамжийн Зх- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 0121938 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хураасугай гэж шийдвэрлэжээ. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийгүндэслэн сумын газрын даамал, ... тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ гэж газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээг олгох сумын газрын даамлын үүргийг заажээ. Хариуцагч 2008 онд нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг багасгаж шийдвэрлэхдээ газар эзэмшлийн шийдвэрт хэмжилтийн акт шинэчилж хавсаргаж өгөхийг газрын даамалд даалгаж шийдвэрлэсэн байхад газрын даамал нь газрын гэрчилгээг шинэчилж олгох дээрх хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй нь буруу байна. Түүнчлэн хариуцагч маргаан бүхий 2015 оны А/12 дугаар захирамжаар газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн байхад шүүх маргаан бүхий актын үндэслэл болгоогүй асуудлаар буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж аваагүй байсан нь буруутай гэж дан ганц нэхэмжлэгчийг буруутган түүний эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай байна. Хавтаст хэрэгт авагдсан С- аймгийн О- сумын үйлдвэрлэл, ХАА-н мэргэжилтэн, агрономч нарын гаргаж, Сумын Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулсан Үр тариа тариалалт, ургац хураалтын мэдээнүүд[2], С- аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 147 тоот албан бичиг[3], Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нэхэмжлэгчийн байгуулсан 3569600 төгрөгийн үнийн дүн бүхий, зээлийн баталгаанд эзэмшлийн 0121938 дугаартай 206 га газар эзэмших эрхийг барьцаа болгосон гэх 2014 оны уринш боловсруулалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзвэл 2007 онд үүсгэн байгуулагдсан Зх- ХХК нь 2009-2014 онуудад өөрийн эзэмшлийн 194.15 га газрын нийт талбайд болон тодорхой хэсэгт уринш бэлтгэх, тариалалт хийх зэргээр үүсгэн байгуулах баримт бичигт заасан газар тариалан эрхлэх үндсэн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн гэж үзэхээр байна. Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, тариалангийн газрын зүй зохистой ашиглах, үржил шимийг нь хамгаалахтай холбогдсон иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг журамлан зохицуулсан Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6-д тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, услалтын байгууламж барих зэрэг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэж тариалангийн салбарт хэрэгжүүлэх сумын Засаг даргын бүрэн эрхийг заажээ. Гэтэл хариуцагчаас гэрээг жил бүр дүгнэх, газрын гэрчилгээг шинэчилж олгох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа урьдчилан тооцоо нийлж газрын төлбөр төлөлттэй холбоотой гэрээнд заасан журмыг хэрэглэлгүйгээр, газар эзэмших эрхийг нь шууд хүчингүй болгож шийдвэрлэснээр газар тариалангийн үйл ажиллагааг тасралтгүй тууштай эрхлэхийг зорин ажиллаж байгаа нэхэмжлэгч Зх- ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул С- аймгийн О- сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Харин шүүх 2015 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн батлаагүй байхад нэхэмжлэгчийн эзэмшилд байсан 194,15 га газрыг нэр бүхий иргэдэд эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 33.1.1-т заасныг зөрчсөн гэж дүгнэн С- аймгийн О- сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн маргаан бүхий А/30 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон: ТОГТООХ нь: 1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С- аймгийн О- сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх цуцлах тухай А/12 дугаар захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/30 дугаар захирамж болон хавсралтыг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ШҮҮГЧ Д.БАТБААТАР ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ [1] Хавтаст хэргийн 67 дахь хуудас [2] Хавтаст хэргийн 146-162 дугаар хуудас [3] Хавтаст хэргийн 167 дугаар хуудас |