Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 60

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 09 сарын 15 өдөр                Дугаар 60                                         Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны                                            шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Д.Энх-Амар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Ө.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  Б  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга овгийн Өргөнчимэгийн Мөнхжаргалд холбогдох 201617000220 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн харьяат, 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэл, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар бүрэн дунд сургуульд нарийн бичиг ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баруун-Урт сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 6-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, регистрийн дугаар ЛЮ84080775, Авга овгийн Өргөнчимэгийн Мөнхжаргал

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ө.Мөнхжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ супер венни маркийн 26-13 СҮА улсын дугаартай мотоциклыг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.а-д заасан  тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний болон олон улсын үнэмлэхтэй байна , мөн бүлгийн 2.3.в-д заасан   мотоцикл жолоодохдоо хамгаалалтын малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх  мөн бүлгийн 2.7.а-д заасан   согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг  хориглоно  мөн бүлгийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан   жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна  гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас М.Ариунбаяр нь суурь ясны шугаман хугарал, хуйхны дор духны хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний дээр болон баруун хөмсөгний дээр зулгаралт баруун хөлний шилбэний дотор доод хэсэгт бүхий гэмтэл авч нас барсан, 

мөн 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дээрх зам тээврийн осол гаргаж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 бүлгийн 2.5.в-д заасан   зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын тухай цагдаагийн  байгууллагад мэдэгдэж, осолд холбогдолд бүхий эд мөрийн баримтыг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээнэ  гэсэн заалтуудыг зөрчиж, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ө.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016.07.23-ны өдөр наадмын хоёр дахь өдөр байсан. Тухайн үед би морь уяад хөдөөнөөс ирээд байсан. Тэгээд үдийн хойно 13 цагийн үед найз Насанжаргалтай таарч, талийгаач руу яриад Хатанбаатарыг очиж аваад, морь үзэх зуураа нэг нэг пиво уусан. Тэгээд Насанжаргалын гэрт байж байгаад, мал дээр хүн байхгүй гээд хөдөө мотоциклтой явахаар болсон. Тэгтэл нөгөө хэд маань салхинд хамт гаръя гээд хамт явахаар  болсон. Тэгээд би дүүгийнхээс мотоциклоо аваад явж байтал машин урд зогссон. Тэнд нэг пиво уухад, би очиж байгаад болъё гээд уугаагүй. Тэгтэл миний ард талийгаач ирж суусан. Тэгээд явж байх зам хэсэг шавар таарч тойрч гарах гээд тормоз гишгээд, битгий хөдлөөрэй гэж хэлсэн. Нэг мэдэхэд ийм зүйл болсон байсан. Тэгээд нөгөө хэд Ариунбаярыг машиндаа суулгаад хөдөлсөн. Үүний  дараа би яасан юм бол гэж санаа зовоод, араас нь мотоциклтойгоо хөдөлсөн. Тэгээд л эмнэлэг дээр шууд ирсэн. Би тээврийн хэрэгсэл  жолоодох B  ангилалын үнэмлэхтэй, 2011 онд жолооны курст суусан. А ангиллын жолооны үнэмлэх байхгүй. Тухайн үед утасны сүлжээ байгаагүй. Намайг ухаан ороод харахад машиндаа суулгаад хөдөлж байсан. Би яасан бол гэж санаа зовоод, араас нь хөдөлсөн. Ийм зүйл болно гэдгийг мэдээгүй. Цагдаагийн байгууллагад осол болсон талаар эмнэлэг рүү ирээд байдлыг мэдээд хэлнэ гэж бодож байсан.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8,300,000 төгрөг оршуулгын зардалд, ажил явдлын үеэр нэг үхэр, сүү, тараг, түлээ зэргийг боломжоороо туслан дэм болсон.  Цагдаа дээр байхад гомдолгүй гэсэн бичиг аваад ир гэсэн. Найз нөхөд байсан гэдэг үүднээс тусламж үзүүлсэн. Найзынхаа Таван–Эрдэнэд түрээсэлж байсан байрны төлбөрт 2,000,000, охиных нь нэр дээр данс нээж өгсөн... гэв.

 

2. Шүүгдэгч Ө.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:  ...бид 2 пиво уухаар болж Болор нэртэй дэлгүүрээс Нийслэл нэртэй пиво хоёрыг аваад Насанжаргалын хашаанд очиж, машин дотор нь задалж хувааж ууж талд нь хүргэсэн. Энэ үед Насанжаргалын найз охин Бадамцэцэг гарч ирээд морь үзэхээр болж Насанжаргал нь хүргэн Эрдэнэ гэх залуугаар машинаа жолоодуулж морь барианы газар руу явахдаа Ариунбаяр руу утсаар ярьж байгаад 13 дугаар дэлгүүрийн орчмоос Ариунбаярыг авч машиндаа суулгаад Дэнжийн байранд байх найз Хатанбаатарыг авч машиндаа суулгаад морь барианы газарт очсон. Энэ үед Ариунбаяр, Хатанбаатар, Насанжаргал, Бадамцэцэг бид 5 үлдэгдэл пивийг ууж дуусгасан. Морь үзчихээд аймгийн төв орж дэлгүүрээс 3 пиво аваад Насанжаргалын гэрт ирж 1 пиво задалж уусан. Бид нар хөдөө салхинд гарахаар ярьж байгаад манай хөдөө гэр рүү явахаар болсон. ...гарахаасаа өмнө Хайлааст 19-21 тоотод очиж би мотоциклоо жолоодож, араас Насанжаргал машинаа жолоодож хамт Бадамцэцэг, Ариунбаяр, Хатанбаатар нар явсан. Баруун-Урт сумын төвөөс хойд зүгт 3-4 орчим километр яваад пивоноос хүн бүр нэг нэг удаа ууна гэхээр нь хөдөө очиж байгаад ууна гээд явья гээд би мотоциклоо асаагаад хөдлөх гээд байж байтал Ариунбаяр миний жолоодож явсан мотоциклын ард суучхаар нь тэр чигээрээ хөдөлсөн. ...Хөдөлснөөс хойш 2 орчим километр явж байтал замд шалбааг таарахаар нь тойрч гарах гээд зүүн гар тал руугаа бага зэрэг дарсан чинь мотоцикл дайвалзаж байгаад баруун гар тал руугаа унасан. Энэ үед ард сууж явсан найз Ариунбаяр нь миний гэдсээр тэвэрчихсэн явж байхдаа баруун гар тал руу бага зэрэг дайвалзаад тэнцвэр алдсан. Замаас гарч зогсоно гэж бодсон. Нэг мэдсэн Насанжаргал, Хатанбаатар нар нь зүгээр үү гээд намайг сэрээсэн. Би зүгээрээ гээд босоод ирсэн. Ариунбаяр нь мотоциклын зүүн талд ухаангүй хэвтэж байсан. Босооч ээ гээд байсан чинь сэрэхгүй байхаар нь Ариунбаярыг Хатанбаатар, Насанжаргал, Бадамцэцэг нар өргөөд машиндаа оруулаад Баруун-Урт сумын чиглэлд явсан. Би мотоциклоо босгоод араас нь явж эмнэлэг дээр шууд ирэхэд Ариунбаярыг нас барчихсан байна гэсэн. Миний хувьд тормоз дараагүй, хурд хэтрүүлээгүй, 40 орчим километр цагийн хурдтай явж байсан. Саадыг бага зэрэг тойрч гарах гээд гарч байсан. Гэнэт л баруун гар тал руугаа ойчсон. Ямар учраас унасныг мэдэхгүй байна. Насанжаргал, Хатанбаатар, Бадамцэцэг нар нь Ариунбаярыг өргөөд машиндаа оруулаад эмнэлэг рүү явна гээд шууд яваад өгсөн. Миний хувьд мотоциклоо босгоод эмнэлэг рүү явъя гэж бодоод явсан. Ариунбаяр нь ухаангүй байсан болохоор санаа зовоод ямар байдалтай байгаа бол, яасан бол гээд жолоодоод эмнэлэг дээр ирсэн. Цагдаа, эмнэлэгт хэлнэ гэдэг бодол санаа төрөөгүй. Надад мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, харин В ангилалын үнэмлэхтэй. Мотоциклийг 10 дугаар ангиасаа жолооддог болсон. Осол болох үед Ариунбаяр бид хоёрт хамгаалах малгай байгаагүй, мотоциклд учирсан эвдрэл гэмтэл байхгүй...  гэх мэдүүлэг, 

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гандиймаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:  2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр талийгаачтай уулзалдаагүй. 2016 оны 07 дугаар сарын 23-ны орой нас барсныг мэдсэн. Хэргийн талаар мэдэх зүйл байхгүй учраас ярих зүйл байхгүй байна. Ө.Мөнхжаргалтай багаасаа буюу ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа л найз нөхөд гэж явдаг. Мөнхжаргал нь Ариунбаярын гэрээр орж гардаг байсан. Миний хувьд гаргах гомдол санал байхгүй, мөн манай гэр бүлийнхэн хоорондоо ярилцаад ямар нэгэн гомдол санал байхгүй. Учир нь санаатайгаар амь насыг нь хохироогоогүй, талийгаач Мөнхжаргал хоёр нь хоорондоо багаасаа найз нөхөд байсан учир гомдолгүй гэж байгаа. Талийгаачийн оршуулгын зардлыг ах дүү, найз нөхөд, хамт олны дэмжлэгээр гаргасан учир нэхэмжлээд байх зүйл байхгүй  гэсэн мэдүүлэг,  гэх мэдүүлэг /хх-н 17-18 х/

 

4.Гэрч У.Насанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Мөнхжаргалыг аваад миний машинд сууж байгаад Нийслэл нэртэй 2.5 литрийн Пиво дэлгүүрээс 2-ыг аваад манай гэрийн гадна буюу Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 5-7 тоот хашаанд зогсож байгаад нэг пивийг Мөнхжаргал бид хоёр хувааж ууж байхдаа Ариунбаяр руу ярьж байгаа байдлаа хэлсэн чинь ирээд авчих гэхээр нь 13 дугаар дэлгүүр дээр Мөнхжаргалын хамт очиж Ариунбаярыг аваад найз Хатанбаатар руу ярьж очиж аваад морь барианы газарт очиж морь үзэж байгаад манай гэрт ирж үлдсэн нэг пивийг Мөнхжаргал, Хатанбаатар, Ариунбаяр бид дөрөв хувааж ууж дуусгасан. Энэ үедээ Мөнхжаргал нь манай хөдөө гэр рүү явъя гэдэг яриа гаргаж, Мөнхжаргалын хөдөө гэр рүү нь явахаар болсон. Мөнхжаргал нь хөдөө явахдаа мотоциклтэй явна. Мотоцикл дүүгийн гэрт байгаа гээд очиж мотоциклоо авч Мөнхжаргал нь мотоциклоо жолоодож, Баруун-Урт сумын төвөөс хойд зүгт явсан. Би өөрийн эзэмшлийн 49-68 УБР улсын дугаартай марк 2 маркын цагаан өнгөтэй автомашиныг жолоодож манай эхнэр Бадамцэцэг, Хатанбаатар нар суусан. Очих айлын газрыг мэдэхгүй учраас Мөнхжаргал мотоциклоо жолоодоод миний урд явж байсан. Хоорондоо 100-200 орчим метр зайтай явж байсан. Гэтэл гэнэт шарваж байгаад ойчсон. Би араас нь очиход Мөнхжаргал, Ариунбаяр нар нь газар хэвтчихсэн босохгүй, мотоцикл нь баруун гар талаараа уначихсан байсан. Би машинаас буугаад шууд Ариунбаяр дээр очиход нүдээ нээгээд инээж байхаар нь гайгүй юу гэж асуугаад шууд Мөнхжаргал руу очсон чинь Мөнхжаргал босоод ирсэн. Буцаад Ариунбаяр дээр ирэхэд ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байхаар нь эмнэлэг явья гээд Хатанбаатар, Бадамцэцэг бид гурав өргөөд машины арын суудалд хэвтүүлээд эмнэлэг дээр ирсэн чинь нас барсан байна гэсэн. Замдаа ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Эмнэлэг дээр ирчихээд удаагүй байж байхад Мөнхжаргал мотоциклтойгоо ирчихсэн байсан. Миний хувьд 40-50 орчим километр цагийн хурдтай явж байхад л 100-200 орчим метр зайтай яваад байсан. Миний бодлоор Мөнхжаргал мотоциклтой 40-50 орчим километр цагийн хурдтай явж байсан байх. Мөнхжаргал, Ариунбаяр, Хатанбаатар бид 4 пиво уучихсан байсан. Согтолт гайгүй байсан. Мөнхжаргалын мотоциклд ил харагдах эвдрэл гэмтэл байгаагүй, миний бодлоор шарваад л мотоцикл нь унасан. Мөнхжаргал Ариунбаяр нар нь хамгаалах малгай өмсөөгүй байсан. Миний хувьд дуудлага өгч байснаас шууд эмнэлэгт авч очсон нь дээр гэж бодсон. Хоорондоо маргаж муудсан зүйл байхгүй  гэх мэдүүлэг,  / хх-н 19-20 х /

 

5.Гэрч Х.Хатанбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Мөнхжаргалын хөдөө гэр рүү явахаар болж Бага дөрвөлжийн байрнаас мотоциклоо авч Мөнхжаргал мотоцикл жолоодож Баруун-Урт сумаас хойд зүгт явсан. Насанжаргал машинаа жолоодож, урд талын суудалд Бадамцэцэг, арын суудалд Ариунбаяр бид хоёр сууж явсан. Баруун-Урт сумаас хойд зүгт 4 орчим километр явсны дараа зогсож, Насанжаргал, Ариунбаяр нар пивоноос нэг нэг уучхаад буцаад хөдлөх гэсэн чинь Мөнхжаргалын жолоодож явсан мотоциклын арын суудалд Ариунбаяр суучихсан. Мөнхжаргал мотоциклоо жолоодож түрүүлж явж араас нь машинтай явж байтал гэнэт баруун гар тал руугаа мотоцикл унасан. Бид нар очоод Мөнхжаргал Ариунбаяр хоёрыг босгох гэхэд Ариунбаяр босохгүй байхаар нь өргөөд машинд оруулж эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр ирсэн чинь Мөнхжаргал мотоциклоо жолоодоод араас ирчихсэн байсан. Талийгаач машинд ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Духны хэсэгт зулгарчихсан байсан. Мөнхжаргал, Ариунбаяр 2 мотоциклтой явж байхдаа хамгаалах малгай өмсөөгүй байсан. Мотоцикл хэдэн километр цагийн хурдтай явсанг мэдэхгүй барагцаагаар 40 орчим км цагийн хурдтай явж байсан байх. Мотоциклын арын суудалд сууж явж байсан Ариунбаяр нь мотоциклын ар дээр ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй зүгээр л явж байсан жолоочид ямар нэгэн саад учруулаагүй  гэх мэдүүлэг, / хх-н 21 х /

 

6.Гэрч Б.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнхжаргалын хөдөө мал байдаг газар руу явсан юм. Бид явахдаа дэлгүүрээс пиво авцгааж, Мөнхжаргал мотоциклоо унаад манай нөхрийн 49-68 УБН улсын дугаартай марк 2 маркын автомашинд манай нөхөр Насанжаргал машинаа жолоодоод урд талын суудал дээр би өөрөө суугаад ар талын суудал дээр Хатанбаатар, Ариунбаяр нар суугаад хөдлөөд аймгаас хойш гараад 5-6 километр яваад хөдөө зогсоод 2.5 литрийн Боргио пиво задлаад нэг нэг авцгаагаад хөдлөх гэтэл талийгаач Ариунбаяр нь Мөнхжаргалын мотоциклын ард нь сундлаад цааш явсан. Мотоциклтой хоёр бидний урд талд явж байсан бөгөөд 1-2 километр газар яваад Мөнхжаргал, Ариунбаяр нар нь ойчсон. Бид нар хажуугаар нь орж зогсоход Мөнхжаргал нь гайгүй гэсээр босож ирсэн. Талийгаач Ариунбаяр нь доошоо хараад ойчсон байдалтай ухаангүй, ямар нэгэн хариу өгөхгүй байхаар нь бид шууд машиндаа суулгаад эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед бороо ороогүй, бүүдгэр, зам гайгүй, шавар ус гэх зүйл мэдэгдэхгүй байсан. Хамгаалалтын малгай хэн хэн нь өмсөөгүй, хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдэхгүй, тийм хурдтай бол яваагүй, ямар нэгэн саад учруулж байсан зүйл ажиглагдаагүй  гэх мэдүүлэг, / хх-н- 22 /

 

7. Гэрч Ө.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Мөнхжаргал нь хөдөө гэрээсээ цагаан өнгийн 26-13 СҮЗ улсын дугаартай мотоцикль жолоодож ирээд манай хашаанд оруулчихсан. Гэрт Мөнхжаргал нь зурагт үзээд сууж байсан. Энэ өдөр баяр наадмын өдөр байсан бөгөөд би эхнэр хүүхдээ аваад машинтай бөх үзэхээр гарчихсан байсан. Наадам дуусаад гэртээ ирсэн. Мөнхжаргал ахын мотоцикл байхгүй байхаар нь хөдөө гэр рүүгээ явчихсан байх гэж бодсон. Осол болсон талаар наадам дууссаны дараа мэдсэн. Манай аав Өргөнчимэг нь 2013 онд   Талын тээвэр   ХХК-наас мотоцикл худалдаж авсан. Харин гэрчилгээгээ одоог хүртэл шилжүүлж чадаагүй, манай аав Өргөнчимэг нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан   гэх мэдүүлэг, / хх-н 23 х /

 

8. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай дүгнэлтэнд: 1. Жолооч Ө.Мөнхжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 бүлгийн 2.1-а-д заасан  Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний болон олон улсын үнэмлэхтэй байна , мөн бүлгийн 2.3-в-д заасан  Мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх , мөн бүлгийн 2.5-в-д заасан  Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, осолд холбогдол бүхий эд мөрийн баримтыг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээнэ , мөн бүлгийн 2.7-а-д заасан  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно , мөн дүрмийн 9 бүлгийн 9.2-т заасан  жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна  гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. 2 дахь асуултаар хариулагдсан болно гэх, / хх-н 32-34 /

 

9. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 44  дугаартай дүгнэлтэнд: 1. Талийгаач М.Ариунбаярын цогцост нь суурь ясны шугман хугарал, хуйхны дор духны хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний дээр болон баруун хөмсөгний дээр зулгаралт, баруун хөлний шилбэний дотор доод хэсэгт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоодлоо.2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.5. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх, / хх-н 36 х / 

 

10. Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / хх-н 15 х /

11. Нас барсны бүртгэлийн гэрчилгээ / хх-н 45 х /зэрэг болно.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Мөнхжаргалыг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зам тээврийн осол гаргаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 бүлгийн 2.5.в-д   зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын тухай цагдаагийн  байгууллагад мэдэгдэж, осолд холбогдолд бүхий эд мөрийн баримтыг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээнэ  гэж заасныг зөрчиж, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буюу Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Учир нь Ө.Мөнхжаргал нь зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх боломжгүй нөхцөл байдалд буюу Баруун- Урт сумаас 5 км зайтай гар утасны сүлжээгүй газар байсан, мөн ослын газарт хамт байсан У.Насанжаргал, Х.Хатанбаатар, Б.Бадамцэцэг нар нь хохирогч М.Ариунбаярыг машинаар эмнэлэг авч явсан, найз М.Ариунбаяр осолд ороод сэрэхгүй байснаас араас нь эмнэлэгт очсон, эмнэлгээс гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдох бөгөөд Ө.Мөнхжаргалыг ослын талаар санаатайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох субъектив талын гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна. 

Иймд түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгч Ө.Мөнхжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үедээ өөрийн эзэмшлийн Супер венни маркийн 26-13 СҮА улсын дугаартай мотоциклыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д   тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын үнэмлэхтэй байна , 2.3-ийн в-д   Мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх , 2.7-ийн а-д   согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг  хориглоно , мөн 9.2-т   жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна  гэсэн заалтуудыг зөрчиж унаж зам тээврийн осол гаргасны улмаас М.Ариунбаяр нь суурь ясны шугаман хугарал, хуйхны дор духны хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний дээр болон баруун хөмсөгний дээр зулгаралт.Баруун хөлний шилбэний дотор доод зулгаралт бүхий гэмтэл авч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.Мөнхжаргалын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гандиймаа, гэрч У.Насанжаргал, Х.Хатанбаатар, Б.Бадамцэцэг, Ө.Түвшинжаргал нарын мэдүүлгүүд, Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 41, 44 тоот дүгнэлтүүд, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, Осол, хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Ө.Мөнхжаргал нь хөдөлгөөнд саад болох буюу зам дээр ус тогтсон нөхцөл байдлыг мэдсэн атлаа тээврийн хэрэгслийн хурдыг хасалгүй огцом тормоз гишигснээс онхолдсон, мөн ард суусан зорчигчид хамгаалалтын малгай өмсүүлээгүйгээс талийгаач М.Ариунбаяр тархины гэмтэл авч амь нас хохирсон, мөн согтуурсан үедээ, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа мотоцикл жолоодсон зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Ө.Мөнхжаргалын   Нийслэл пиво хоёрыг аваад Насанжаргалын хашаанд очиж хувааж ууж талд нь хүргэсэн. Ариунбаяр, Хатанбаатар, Насанжаргал, Бадамцэцэг бид 5 үлдэгдэл пивийг ууж дуусгасан. Морь үзчхээд аймгийн төв орж дэлгүүрээс 3 пиво аваад Насанжаргалын гэрт ирж 1 пиво задалж уусан. Ариунбаяр миний жолоодож явсан мотоциклын ард суучхаар нь тэр чигээрээ хөдөлсөн. 2 километр орчим явж байтал замд шалбааг таарахаар нь тойрч гарах гээд зүүн гар тал руугаа бага зэрэг дарсан чинь мотоцикль дайвалзаж байгаад баруун гар тал руугаа унасан. Ариунбаяр нь мотоциклын зүүн талд ухаангүй хэвтэж байсан. Сэрэхгүй байхаар нь Хатанбаатар, Насанжаргал, Бадамцэцэг нар Ариунбаярыг өргөөд машиндаа оруулаад Баруун-Урт сумын чиглэлд явсан. Би мотоциклоо босгоод араас нь явж эмнэлэг дээр шууд ирэхэд Ариунбаярыг нас барчихсан байна гэсэн. Надад мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, харин В ангилалын үнэмлэхтэй   гэх, гэрч У.Насанжаргалын  Ө.Мөнхжаргал бид  хоёр 2.5 литрийн пиво 2-ыг аваад 1-ийг хувааж уугаад, үлдсэн 1 пивийг Хатанбаатар, Ариунбаяр, Мөнхжаргал бид 4 уусан. Мөнхжаргал, Ариунбаяр хоёр гэнэт шарваж байгаад ойчсон  гэх болон гэрч Х.Хатанбаатар, Б.Бадамцэцэг нарын мэдүүлгүүд, Жолоочийн согтуурал шалгаан магадлагаа/хх- 15/ мэдүүлэг зэргээр хэрэгт нотлогдоно. 

Иймд уг ослын талаар гарсан Техникийн шинжээчийн 41 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. 

 

Ө.Мөнхжаргалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Ө.Мөнхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

             Шүүгдэгч Ө.Мөнхжаргал энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн хохирол буюу талийгаачийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гандиймаагийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тус тус нотлогдоно.

 

Ө.Мөнхжаргалыг хохирогчийн оршуулгын зардлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д тус тус заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болох ба харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Тэрээр тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 0.45 хувийн согтолттой байсан нь Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-15/ болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. 

        

Шүүгдэгч Ө.Мөнхжаргал нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн хохирол буюу оршуулгын зардлыг сайн дураар нөхөн төлсөн, тухайн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, хохирогч М.Ариунбаяртай багаас найз нөхдийн холбоотой байсан, түүний үйл ажиллагаа явуулж байсан байрны түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гандиймаагийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

  

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 293, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Мөнхжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Авга овгийн Өргөнчимэгийн Мөнхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин иргэн М.Ариунбаярын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ө.Мөнхжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 03 / гурван/ жил 06 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Мөнхжаргалд оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан  ялтан Ө.Мөнхжаргалд  оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг тэнсэж,  02  / хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

 6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ө.Мөнхжаргалд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Ялтан Ө.Мөнхжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ө.Мөнхжаргалд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ө.Мөнхжаргал авсан батлан даалтад  өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН