Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2113

 

Г.Чимгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01463 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Ч нэхэмжлэлтэй

Хариуцагч: НЗД холбогдох

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, 105 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь Ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн захирлын албан тушаалд 2013 оны 3 сарын 25-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон, зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн Засаг даргын Б/51 дүгээр захирамж 2017 оны 3 сарын 07-нд гарсан ба 2017 оны 3 сарын 28-нд хүнээр дамжуулан уг захирамжийг надад өгүүлсэн. Захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, мөн сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн Засаг даргын Б/90 дүгээр захирамж 2017 оны 4 сарын 14-нд гарсан талаар надад 2017 оны 4 сарын 19-нд мэдэгдэж, мөн өдрөө ажил хүлээлцүүлсэн. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг иш татах ёстой байсан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НЗд-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн боловсролын газрын даргын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар Г.Ч үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлд Г.Ч гомдол гаргаагүй. Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сургалтын төлбөр 8 200 000 төгрөгийг бэлнээр хураан авч зарцуулсан нь Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам"-ын 2.6, 3.1 дэх заалтуудыг зөрчсөн, орлогыг санхүүгийн тайлан балансад тусгаагүй, бэлнээр зарцуулсан, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж байгаа зэрэг нь захирал өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэжээ. БСШУС, НХХС, Сангийн сайдын 2010 оны 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт"-ийн дагуу сургалтын менежер, багш нарыг хагас жил тутам дүгнэж ур чадварын нэмэгдэл олгох боловч захирлын тушаалаар багш нарт ур чадварын нэмэгдлийг амжилт гаргасан тухай бүр олгож байгаа нь дээрх журамтай нийцэхгүй байна" гэж дүгнэсэн байна. Энэ нь Г.Ч-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д "ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос эрх мэдлийг хэртрүүлсэн нь тогтоогдсон" гэж заасныг зөрчсөн тул  "ажлаас халах"  сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Ч-г Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монголбанкнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2 447 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Чимгээд олгож, үлдэх 322 095 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ч болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 124 313.2 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг буруу тайлбарласан. Сахилгын зөрчил илрүүлсэнээс хойш гэдэг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан мэдсэн үеэс хойш 1 cap гэж үзэх боломжтой. Сургуулийн захирлын хувьд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Боловсролын газраас байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гарсныг Нийслэлийн Засаг дарга мэдсэн гэж ойлгож болохгүй юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ажлын хэсгийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг гарган өгсөн. Гэтэл шүүх хэт нэг талыг барин хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн алдаа гаргасныг залруулан өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч НЗд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр сахилгын шийтгэл ногдуулсан захирамж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр “ ажлаас халах” тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах, 105 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргаагүй, өөрийн эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Г.Ч нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжаар, гүнзгийрүүлсэн сургалт бүхий ангийн сургалтын төлбөрийг төрийн санд байршуулаагүй, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 4-5, 65-67/

 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль үндэслэлээр чөлөөлж байгаагаа заах ёстой юм. Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол тухайн зөрчлийн тохиолдол болгоныг талууд гэрээндээ урьдчилан тохиролцсон байх ёстой. Ажлаас халах тушаалын үндэслэл болсон талуудын хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д “байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байвал ноцтой зөрчилд тооцно” гэжээ.

 

Гүнзгийрүүлсэн сургалт бүхий ангийн сургалтын төлбөр 8 200 000 төгрөгийг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан нь мөнгөн кассын дүрэм журмыг зөрсөн зөрчил байх бөгөөд харин байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн зөрчилд хамаарахгүй юм. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль заалтаар ажилтныг ажлаас чөлөөлж байгаагаа заагаагүйгээс гадна ажлаас халах шийтгэл нь ажилтны зөрчлийн мөн чанарт тохироогүй байна.

 

Мөн ажилтан Г.Ч үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг Нийслэлийн боловсролын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн удирдамжаар батлагдсан ажлын хэсгийн шалгалтын илтгэх хуудсыг үндэслэн ногдуулсан гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Нийслэлийн боловсролын газар нь Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага бөгөөд нэг хоногоор хугацаа хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэх боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Сахилгын зөрчлийг хэн илрүүлснээс үл хамааран шийтгэл ногдуулах 1 сарын хугацааг тоолох тул илтгэх хуудас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гарсныг Нийслэлийн Засаг дарга Ш.Чимгээгийн зөрчил гаргасныг мэдсэн өдөр гэж үзэх боломжгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Нийслэлийн Засаг даргын тодорхойлсон хэдий ч Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна гэж заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт даалгасан нь зөв боловч ажилгүй байсан хугацааны дундаж цалин олговрыг хэргийн оролцогч бус “Монгол банкнаас“ гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. Мөн улсын төсөвт оруулах улсын тэмдэгтийн хураамжийг хэнээс гаргуулж байгаа нь тодорхойгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дах заалтад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01463 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “Монгол банкнаас” гэснийг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас” гэж, 5 дах заалтын “хариуцагчаас” гэснийг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл буюу хариуцагч НЗд-ын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

      ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       Ш.ОЮУНХАНД