Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 06

 

Ж.Цт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Н.Энхнаран   

            Прокурор                                           Б.Догмиддорж

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                    М.Энхтуяа нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Цын давж заалдах гомдлоор Ж.Цт холбогдох эрүүгийн 1821000280125 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ж Ц, Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжилтэй, Дорнод аймаг дахь   ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн  тоотод оршин суух, ял шийтгэл: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан.

Ж.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бумбат” хотхоны  байрны  дугаар орцны нэг давхарын шатан дээрээс иргэн Ц.Цын хувцаснаас татсаны улмаас ойчуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бумбат” хотхоны  байрны  тоотод оршин суух иргэн Ц.Ц, Д.А нарын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 12 дугаар 10-ны өдрийн 2018/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

5/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цс бусдад учруулсан гэм хорын хохиролд 1176.950 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Бумбатын тоотод оршин суух Ц.Ц-т олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Ц 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд хохирлын мөнгийг гаргуулахаар заасан шийдвэрт гомдолтой байна. Би хохирогчийг түлхээгүй бөгөөд настай хүний уурыг хүргэсэн, тэр уурандаа харанхуй шатаар буухдаа хөл алдаж гэмтэл авсан. Гарны гэмтэлд учирсан хохирлыг би настай хүнийг нь бодоод төлж барагдуулсан. 577 тоот шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн хууч архаг өөрчлөлт, бүсэлхийн нугаламын ясны ургалт, сээр, бүсэлхийн нугаламуудын жийргэвчийн цүлхийлт бүхий өвчинтэй шалтгаант холбоогүй гэсэн. Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримт нь эдгээр өвчнөө эмчлүүлэхэд гаргасан өөрийн өндөр насжилтын эмчилгээнд зарцуулсан зардал нэхэмжилсэн. Үүнийг би төлөх үндэслэлгүй юм. Хохирлын мөнгө гэж үндэслэлгүй мөнгө төлүүлэхээр заасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж хохирлыг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

            Хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “...Гомдлыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, тайлбар:

... Ж.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бумбат” хотхоны байрны  дугаар орцны нэг давхарын шатаар доош бууж явсан Ц.Цын хувцаснаас татсаны улмаас тэрээр хий гишгиж ойчин биедээ хөнгөн гэмтэл авсан бөгөөд нуруугаар нь хүчтэй өвдөлт зовиур өгсөн байдаг. Хохирогч нь БОЭТөвийн эмч нарт тухайн үед биеэ үзүүлэхэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай гэснээр Улаанбаатар хот явж шинжилгээ өгч зарим эмчилгээг хийлгэсэн байдаг.

Үүний тооцоо нь 2017.12.14-нд Дорнодоос Улаанбаатар онгоцны зардал 238000 төгрөг, 2017.12.16-нд Улаанбаатараас Дорнод онгоцны зардал 154500 төгрөг, мөн 185000 төгрөг нийт 577500 төгрөг, бариа хийлгэсэн 110000 төгрөг, Люкс мэд эмнэлэгт 180000 төгрөг, бүсэлхий нурууны рентгэн зураг авахуулахад 20000 төгрөг, БНХАУ-ын Хөлөнбуйрын Монгол эмнэлэгт хөнгөлөлтөөр 1321 юань 488950 төгрөг, бүгд 1376950 төгрөг гарчээ. Ж.Цс гэм хорын хохиролд хохирогчид өгсөн 200000 төгрөгийг хасаад 1176950 төгрөгийн зардал гарсан байдаг. Хохирогч Ц.Цын биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд унасны улмаас түүний хуучин эмгэг өвчин нь өвдөж зовиур шаналал үүсгэж байсан тул шинэ гэмтэл үүссэн эсэхийг тогтоолгохоор Улаанбаатар хот болон БНХАУ-ын Хайлаарын Монгол эмнэлгүүдээр үзүүлж шинжлүүлж эмчлүүлсэн байдаг. Шүүгдэгч Ж.Цын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч биеэ үзүүлж шинжилгээ өгсөн, шинэ гэмтэл үүссэн эсэхээ тогтоолгохоор шинжлүүлж эмчлүүлсэн байдаг бөгөөд үүнд гарсан зардал, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүхээс үзэн түүнийг торгох ялаар шийтгэн гэм хорын хохиролд 1376950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн болон бусад нотлох баримтуудад тулгуурлажээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Ц хохирогч Ц.Цын биед хөнгөн хохирол учруулсандаа уучлалт гуйж, гараа эмчлүүлэхэд 200000 төгрөг өгсөн. Харин анхан шатны шүүхээс хохирогчийн гаргасан эмчилгээний бүх зардлыг Ж.Цаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Цаас шалтгаалж нурууны гэмтэл авсан, яс ургасан асуудал байхгүй. Энэ нь хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг Ж.Цс нэхэмжлэх үр дагавартай. Хохирогч шинэ гэмтэл байж магадгүй гэдэг байдлаар эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн байж болох боловч эдгээр нь Ж.Цын үйлдэлтэй хамааралгүй гэсэн шинжээчийн дүгнэлт байхад төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл Ж.Цын үйлдэл учруулсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоо байхгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнийг дэмжиж байна. Мөн хохирогч нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гаргаж өгсөн. Жишээ нь, бариа хийлгэсэн гээд 2 хүний тодорхойлолт авчирсан энэ нь нотариатын баталгаагүй, үүнийг гэрчээр асуугаагүй, мөн юаний ханш гэх зүйл ч байхгүй. Мөн Ж.Цын холбогдсон хэрэг хөнгөн хэрэг тул хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа юм.” гэв.  

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ж.Цт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ж.Цын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Ж.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг “Бумбат” хотхоны  байрны  дугаар орцны нэг давхрын шатан дээрээс хохирогч Ц.Цын хувцаснаас татсаны улмаас ойчуулан эрүүл мэндэд нь “баруун гарын эрхий хурууны 2-р үений суналт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ц.Цын мэдүүлэг болон түүний биед учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлын талаарх шинжээч Ж.Жаргалангийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Ж.Ц нь хувцаснаас татаж биеийн тэнцвэрийг нь алдагдуулснаас хохирогч Ц.Ц унахдаа хурууны гэмтэл авсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалтыг зөрчөөгүй байна. Иймд шүүгдэгч Ж.Цын давж заалдах гомдолд дурдагдсан “би хохирогчийг түлхээгүй бөгөөд настай хүний уурыг хүргэсэн, тэр уурандаа харанхуй шатаар буухдаа хөл алдаж гэмтэл авсан” гэх тайлбараар анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг өөрчлөх үндэслэлгүй байна.

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо “...орон байранд нэвтэрч” гэх үндсэн шинжийг орхигдуулсан байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн шийтгэх тогтоолд зохих нэмэлт оруулахаар шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар  тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж, мөн зүйлийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус заасан бөгөөд энэ хэрэг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ж.Цын гаргасан “хохирогч нь бүсэлхийн нугаламуудад ясны ургалт, сээр, бүсэлхийн нугаламуудын жийргэвчийн цүлхийлт бүхий архаг өөрчлөлттэй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд нь дээрх өвчнөө эмчлүүлсэн зардлуудын баримт байсан. Үүнийг би төлөх ёсгүй. Хохирлын мөнгө гэж үндэслэлгүй мөнгө төлүүлэхээр заасанд гомдолтой байна” гэх давж заалдах гомдлын дагуу судлан үзвэл шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Цр 1,176,950 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тухайлбал анхан шатны шүүх хохирогч талын нэхэмжилж буй зардал нэг бүрийг шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй холбоотой эсэх, нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг үнэлж үзэхгүйгээр “шүүгдэгч Ж.Цын үйлдлийн улмаас хохирогч Ц.Цын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1,376,950 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн төлсөн 200,000 төгрөгийг хасч шүүгдэгчээс 1,176,950 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цт олгох үндэслэлтэй байна гэж үзлээ” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтад нийцээгүй байна. Иймд иргэний нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон эсэхийг давж заалдах шатны шүүх дүгнэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

            Хохирогч Ц.Цын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, түүний өмгөөлөгч Т.Энхболдын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үзвэл хохирогч тал дараах зардлыг шүүгдэгчээр төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Үүнд:

1. Онош тодруулахаар Улаанбаатар хот руу 2 талдаа онгоцоор зорчсон тийзний үнэ /хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд 371,000 төгрөгөөр, түүний өмгөөлөгч Т.Энхболд шүүх хуралдаан дээр 570,000 төгрөг гэж тодорхойлсон/,

2. Зүү тавиулж бариа хийлгэсний хөлс 110,000 төгрөг,

3. Дорнод аймагт Маршал Мед эмнэлэгт рентгэн зураг авхуулсны 20,000 төгрөг,

4. Улаанбаатар хотод Люкс Мед эмнэлэгт MRI-д харуулсны 180,000 төгрөг,

5. Эрхий хуруугаа эмчлэхэд гарсан зардал ойролцоогоор 100,000 төгрөг,

6. 2018 оны 4 сарын 20-дын үеэр Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт мэдрэлийн Д эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсэн зардал 554,000 төгрөг,

7. БНХАУ-ын Хөлөнбуйр хотод эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 1300 орчим юань гэх зардлуудыг шүүгдэгчээр төлүүлэхээр нэхэмжилсэн байна.

            Үүнээс онгоцны тийз, рентгэн зураг авхуулах, MRI-д харуулахад гарсан зардлууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой, нотлох баримтууд нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээр төлүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал хохирогч Ц.Ц нь нурууны архаг өөрчлөлттэй бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас шатны уруу тэнцвэр алдаж унахдаа нуруундаа ямар нэг гэмтэл авсан эсэх, архаг өвчин нь сэдрэх хүндрэх өөрчлөлт өгсөн эсэх оношийг тодруулах шинжилгээнд орсон явдал нь тухайн хүний хувьд зайлшгүй хийх арга хэмжээ мөн гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой юм. Харин онгоцны тийзний хувьд хохирогчийн өмгөөлөгч нь Дорнодоос Улаанбаатар орох тийзний нэг талын үнэд төлсөн зардлыг хоёр удаа давхар тооцож нэхэмжилж байгааг залруулан зөвтгөж хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан е-баримтад үндэслэн хоёр талын тийзний үнийг 451,800 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

Харин зүү тавиулж бариа хийлгэсний 110,000 төгрөг, БНХАУ-ын Хөлөнбуйр хотод эмчилгээ хийлгэсэн гэх 1300 орчим юаний зардал нь шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй холбоогүй бөгөөд хохирогчийн нурууны архаг өөрчлөлттэй холбоотой, мөн  2018 оны 4 сарын 20-дын үеэр Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт мэдрэлийн Д эмчид үзүүлж  шинжилгээ хийлгэсэн зардал 554,000 төгрөг,  эрхий хуруугаа эмчлэхэд гарсан ойролцоогоор 100,000 төгрөгийн зардал гэх нэхэмжлэлүүд нь огт нотлох баримтгүй тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

            Ийнхүү онгоцны хоёр талын тийзний үнэ 451,800 төгрөг, рентгэн зураг авхуулсан 20,000 төгрөг, MRI шинжилгээ хийлгэсэн 180,000 төгрөг буюу нийт 651,800 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээс түүний төлсөн 200,000 төгрөгийг хасч тооцон 451,800 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Цт олгон, хохирогчийн нэхэмжлэлээс онгоцны тийзний үнэд илүү нэхэмжилсэн  118,200 төгрөг, 2018.04.20-дын үед Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт оношлогоо хийлгэсэн 554,000 төгрөг, эрхий хуруугаа эмчлэхэд гарсан зардал 100,000 төгрөг, зүү тавиулж бариа хийлгэсний 110,000 төгрөг болон БНХАУ-ын Хөлөнбуйр хотод эмчилгээ хийлгэсэн 1300 орчим юаний зардал гэх нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэх заалтад нийцнэ хэмээн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Цын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолын:

а/ тогтоох хэсгийн 1 дэх заалтад “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр” гэсний дараа “орон байранд нэвтэрч” гэсэн нэмэлт оруулсугай;

б/ тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож; шүүгдэгч Ж.Цын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай;

в/ тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 451,800 /дөрвөн зуун тавин нэгэн мянга найман зуун/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Цт олгон, 882,000 төгрөг болон 1300 орчим юаний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй;

г/ тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                 З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                    Л.НАРАНБАЯР