Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 127/2016/0013/з |
Дугаар | 58 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 58
Г.Лхагвахатаны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч Б.Сүнгээ нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0693 дугаар магадлалтай, Г.Лхагвахатаны нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Г.Лхагвахатаны хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Лхагвахатаны гаргасан “Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Г.Лхагвахатанг ажлаас чөлөөлөх тухай” Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0693 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2...” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Г.Лхагвахатаны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Лхагвахатан хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... Г.Лхагвахатан намайг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр тэнцэж байна гэж үзэж томилсон.
Би ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаагүй. 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ “маш сайн” дүгнүүлсэн.
Гэтэл Хэнтий аймгимн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар, үндэслэлээ Авилгатай тэмцэх газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05/3576 тоот албан бичигт ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил эзэмшээгүй байна гэж үзэж ажлаас чөлөөлөх тушаал гаргасныг хуулийн үндэслэлтэй, Г.Лхагвахатанг ажлаас чөлөөлсөн зөв гэж анхан болон давж заалдах шатны шүүх үзсэн.
Үндэслэл болгож буй Авилгатай тэмцэх газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/3576 тоот албан бичгийг үндэслэл болгон тухайн албан тушаалд томилсон. Авилгатай тэмцэх газар нь намайг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхэд дүгнэлт гаргах үүргийнхээ дагуу ашиг сонирхлын зөрчил үүсээгүй байгааг тогтоосон.
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасан шалгуурыг хангаж байна гэж үзэж томилж 1 жил ажлуулсны дараа Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Миний бие 2010 онд төрийн албаны шалгалт өгч үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээ үнэлүүлж шалгалтанд тэнцэж “бизнесийн удирдлагын бакалавр”, мөн энэ чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. 2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг удирдлагын академид “төрийн удирдлага”-ын чиглэлээр мэргэшсэн.
Миний ажиллаж байсан Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаал нь тушаал гаргах, санхүүгийн гүйлгээн дээр гарын үсэг зурах, хяналт шалгалт хийхээс бусад байгууллагын дотоод зохион байгуулалтыг хариуцан ажилладаг. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй болно. Аймгийн Засаг даргын тамгын газарт тасралгүй зургаан жил ажиллаж байгаад аймгийн мэргэжлийн хяналтын газарт шилжин орж ажилласан нь эзэмшсэн мэргэжил боловсрол, ажлын туршлагаар тавигдах шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна.
Ажиллаж байх хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс ажлын байрны шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гараагүй.
Г.Лхагвахатан намайг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байх хугацаанд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр тэнцэхгүй гэсэн холбогдох байгууллагын дүгнзлт гараагүй байхад ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэж үзэж, шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0693 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлж олгуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Г.Лхагвахатанг тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилсон, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг үндэслэн, тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Лхагвахатанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, хариуцагч уг тушаалын үндэслэлээ “... ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлага болох мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй” гэж тайлбарласан, нэхэмжлэгч “...эзэмшсэн мэргэжил боловсрол, ажлын туршлагаар тавигдах шаардлагыг хангаж байгаа” гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаал нь төрийн албаны ахлах түшмэлийн ангилал, төрийн захиргааны албаны ТЗ-7 зэрэглэлтэй, уг албан тушаалд томилогдох этгээд нь “дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй, мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй, төрийн албанд болон мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх” шаардлагатайг уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан, нэхэмжлэгч Г.Лхагвахатан нь “бизнесийн менежер” мэргэжилтэй, “бизнесийн ухааны магистр” зэрэгтэй, Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтын “төрийн удирдлагын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн”, талуу уг үйл баримттай маргаагүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь ... тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал /байх/”-аар, 33 дугаар зүйлийн 33.5-д “... төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтоох”-оор заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шаардлагыг тухайн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заахаар зохицуулсан байх тул Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохын тулд нэхэмжлэгч Г.Лхагвахатан нь уг ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх ёстой гэж үзнэ.
Гэтэл нэхэмжлэгч Г.Лхагвахатан нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх” шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, “бизнесийн менежер” мэргэжил нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төрийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч Г.Лхагвахатанг тухайн албан тушаалыг эрхлэх болзол шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “... /хуульд/ заасан ерөнхий болон … тусгай шаардлага, … болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, нэхэмжлэгч Г.Лхагвахатан нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан болзол шаардлагыг хангасны үндсэн дээр түүний уг албан тушаалыг эрхлэх эрх хамгаалагдах бөгөөд нэгэнт хуульд заасан шаардлага, нөхцөл болзлыг хангаагүй этгээдийг шүүхээс тухайн албан тушаалд томилохыг даалгах, энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг “хууль бус” гэж дүгнэх боломжгүй болно.
Тиймээс, хариуцагчийн “... хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаагүй хүнийг албан тушаалд томилж хууль зөрчсөн үйлдлээ хуульд нийцүүлсэн” гэх тайлбар үндэслэлтэй, анхан болон давж заалдах шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийсэн байна.
Иймд, нэхэмжлэгчийн “... үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр тэнцэхгүй гэсэн холбогдох байгууллагын дүгнэлт гараагүй байхад ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэж үзсэн, шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0693 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Лхагвахатаны гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА