Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0568

 

  “Р*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй  захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Н*******, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Ч******* нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Р*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д******* болон “С*******” тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Р*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эр******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зарласан “С*******” ДУХАА/2016/07 дугаартай тендерт “Р*******” ХХК-ийг шалгарсанд тооцож тендерийн гэрээ байгуулахыг даалгуулах, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин зарласан “С*******” ДУХАА/2016/29 дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 30 дугаар зүйлийн 30.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Р*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д*******, “С*******” тендер шалгаруулалтын хороонд тус тус холбогдох, “2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зарласан “С*******” ДУХАА/2016/07 дугаартай тендерт “Р*******” ХХК-ийг шалгарсанд тооцож тендерийн гэрээ байгуулахыг даалгуулах, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дахин зарласан “С*******” ДУХАА/2016/29 дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Р*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эр******* давж заалдах гомдолдоо: “...“Рояал Өүшн” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл “Рояал Өүшн” ХХК-ийн тендер дээрх хуулийн 14-16 дугаар зүйлийг бүрэн хангасан болох нь тендерийн материалаар нотлогддог.

Мөн ямар заалтаар “Рояал Өүшн” ХХК-ийн тендер хууль зөрчсөн гэдгийг тодорхой дурдаагүй нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ үндэслэсэн боловч шүүх хуралдаанд үүнийг огт хэлэлцээгүй.

Техникийн тодорхойлолтын халаах талбай 40-90 м.кв гэснийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Сайжруулсан зуух” төслийн техникийн тодорхойлолт”-ын техникийн нөхцөл нь “халаах талбай гэрт 40-90 м.кв хооронд” гэснийг “Рояал Өүшн” ХХК нийлүүлэх зуухны халаах талбай 40-60 м.кв байхаар өгч шаардлагыг хангасан.

Тодруулбал, “хооронд” гэдэг үгийн ойлголт нь нийтлэг байдлаар сайжруулсан зуухны тендер зарласан захиалагч байгууллага болон оролцогчид 40 м.кв, 50 м.кв, 60 м.кв, 70 м.кв, 80 м.кв, бүгд 40-90 м.кв хамаарч байна гэж үздэг жишиг тогтсон байдаг. Мөн “хооронд” гэдэг үгийг хууль зүйн тайлбарын хэл зүйн (алтан дүрэм) аргаар тайлбарлавал дунд, завсар гэсэн утгаар ойлгоно хэмээн тайлбарласан боловч шүүх үл анхаарч нэхэмжлэгчийн тайлбарыг сөргүүлэн эсрэг утгаар хүлээж авсан.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1Б-д “40-90 м.кв “хооронд” гэдэгт 40, 50, 60, 70, 80, 90 м.кв бүгд хамаарч байгаа бөгөөд ...” буюу “Рояал Өүшн” ХХК нийлүүлэх зуухны халаах талбай 40-60 м.кв байхаар шаардлагыг хангасныг дэмжсэн боловч 1Б-д “...захиалагчийн хүсэл зорилго нь анхнаасаа 3.5 кВт дээш хүчин чадалтай, 40-90 м.кв талбай, гэрийг халаах /чадалтай гэдэг утга санаа илэрхийлэн/ чадвартай зуухыг худалдан авахаар хүсэл зорилгоо илэрхийлсэн байна” гэжээ.

Энэ нь шүүгч шийдвэр гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.1-д “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг” гэснийг зөрчиж ТОӨЗ-г тендерт оролцогчдод захиалагч анхнаасаа нөхцөл, шаардлагаа ойлгомжтой, тодорхой байхаар бэлдэх үүрэгтэй буюу ингэж чадаагүй эс үйлдлийг зөвтгөн захиалагчийн хүсэл зоригийг хэргийн материалд байхгүй, шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын хэлж, яриагүй зүйлийг үндэслэлгүйгээр өөрийнхөөр нэмж гуйвуулан тайлбарласан.

Мөн “хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэсэн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-ыг үндэслэсэн нь буруу байна. Учир нь утаагүй “Сайжруулсан зуух” нь 2010 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгтэй Улаанбаатар хот болон бусад газруудад явагдаж ирсэн. Энэ төслийн (практик) хүрээнд ТОӨЗ-нд “хооронд” гэдэг ойлголт дээр нэхэмжлэгчийн тайлбарласанаар ойлгож хэрэглэж ирсэн ба анх удаа ийм ойлгомжгүй үндэслэлгүй маргаан гарч байна. Хууль зүйн тайлбар буюу дээрх Иргэний хуулийн тайлбар хийх хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон заалт нь зөвхөн ойлгомжгүй үед хэрэглэгддэг зохицуулалт юм. Манай тохиолдлын хувьд ойлгомжгүй зүйл байхгүй захиалагч тендерийг хууль бус аргаар явуулах гэсэн шууд санаатай холбоотой.

Мөн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин зарласан “С*******” ДУХАА/2016/29 дугаартай тендерийн тодорхойлолтод анх зарласан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зарласан “С*******” ДУХАА/2016/07 дугаартай тендерийн тодорхойлолтын “хооронд” гэх үгийг хасч “40-90 м.кв” нь захиалагч анхнаасаа багадаа 40 м.кв, ихдээ 90 м.кв талбай гэрийг халаах чадвартай зуухыг худалдан авахыг хүсэж байсан нь хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээр тогтоогдож байна гэжээ. Энэ нь хэтэрхий нэг талыг барьсан нэхэмжлэгч талын тайлбарыг харгалзаж үзээгүй, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” зөрчсөн.

Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зарласан “С*******” ДУХАА/2016/07 дугаартай тендерт “Р*******” ХХК-ийг шалгарсанд тооцон тендерийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

           Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/263 дугаар тушаалаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “С*******” ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахаар Тендерийн Үнэлгээний хороо байгуулагдан тендер зарлаж, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тендер нээхэд “Р*******” ХХК, “Сэлэнгэ констракшн” ХХК-иуд оролцсон боловч “шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй” гэх үндэслэлээр дээрх 2 компанийн тендерээс татгалзаж, Тендерийн үнэлгээний хорооноос дахин нээлттэй тендер явуулахаар шийдвэрлэсэн байна.

            Улмаар тендерт оролцогч “Р*******” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 5/1469 дүгээр албан бичигт “Захиалагч тус компанийн ирүүлсэн тендерээс Санхүү, татварын хэлтсээр баталгаажуулаагүй тайлан ирүүлсэн гэж татгалзсан нь үндэслэлгүй, харин дээрх компанийн санал болгож буй зуухны халаах талбайн хэмжээ 40-90 м.кв байх гэсэн шаардлагыг хангахгүй байх тул тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж хариу өгсний дагуу Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тендер шалгаруулалтыг дахин зарласан байна.

            Харин нэхэмжлэгч “Р*******” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зарласан “С*******” ДУХАА/2016/07 дугаартай тендерт “Р*******” ХХК-ийг шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компанийн нийлүүлэх зуухны халаах талбайн хэмжээ 40-60 м.кв байгаа тул тендерийн техникийн тодорхойлолтоор зуухны халаах талбай гэрт 40-90 м.кв хооронд байх гэсэн тендерийн шаардлагыг хангасан” гэж маргажээ.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэж заасан байх бөгөөд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Сайжруулсан зуух” төслийн техникийн нөхцөлийн “Зууханд тавигдах шалгуур үзүүлэлт” нь халаах талбай гэрт 40-90 м.кв хооронд гэж тодорхойлсон байна.

           Гэтэл нэхэмжлэгчийн санал болгож буй зуухны халаах талбайн хэмжээ гэрт 40-60 м.кв байгаа нь захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод заасан халаах талбайн хэмжээ гэрт 40-90 м.кв хооронд байх шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

          Түүнчлэн анхан шатны шүүх захиалагчийн “халаах талбай гэрт 40-90 м.кв хооронд” гэсэн техникийн нөхцөлийг хэрхэн ойлгох, захиалагч 40-90 м.кв талбай гэрийг халаах чадвартай зуухыг худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн талаар зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэжээ.

          Иймд хариуцагч Тендерийн үнэлгээний хорооноос “Р*******” ХХК-ийг “С*******” тендерт шалгаруулаагүйг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Р*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70500 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 300 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, тус компанид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН