| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01664/и |
| Дугаар | 2565 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2565
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 14 дүгээр байрны харуулын байранд байрлах, Гранд Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 18 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УШ 97012716, Харчу овогт Самбалхүндэвийн Даваацэрэнд холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2 705 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий, А.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Гранд Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Гранд Сууц Өмчлөгчдийн Холбооны сууц өмчлөгч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн 14 дүгээр байрны 17 тоотын С.Даваацэрэн 2011 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх СӨХ-ны төлбөр болох 2 705 500 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжилж байна.Гранд СӨХолбоо нь 2011 онд байгуулагдсан бөгөөд нэр бүхий сууц өмчлөгч төлбөрөө төлөөгүйн улмаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн хэвийн аюулгүй байдлыг хангах, ашиглалт, засвар үйлчилгээ болон холбогдох зайлшгүй санхүүжүүлж чадахгүй байдалд хүрээд байна.Гранд СӨХолбоо нь сууц өмчлөгчдийн дангаар өмчлөх суцны 1 метр квадратад 300 төгрөгөөр, засвар үйлчилгээнд 7200 төгрөг, хог 2000 төгрөг, лифт 5000 төгрөг, цэвэрлэгээ 500 төгрөг, гражид 15 000 төгрөг, үйлчлэгчид 3000 төгрөг, харуулд 3000 төгрөг, баримт 100 төгрөгөөр тооцож сар бүр айл өрхүүдээс 35 800 төгрөг авдаг.Иймд сууц өмчлөгчөөс 2 705 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн 14 дүгээр байрны 17 тоотын төлбөр 2705500 төгрөгийг С.Даваацэрэнгээс нэхэмжилж байгаа, 2011 оны 10 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 58 сарын төлбөр байгаа.СӨХолбоо нэг айлаас 35 000 төгрөг авдаг байснаа сүүлдээ 61 000 төгрөг болсон.С.Даваацэрэнгийнх одоо СӨХ-ны төлбөрийг хугацаанд нь төлж байгаа гэв.
Хариуцагч С.Даваацэрэн шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн 14 дүгээр байрны 17 тоотын 2 өрөө байрыг О.Анхбаяраас худалдаж авсан.Гранд СӨХолбооны нэхэмжилж байгаа 2011 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын төлбөр болох 2 705 500 төгрөгийг төлөхгүй.Би 2011 оны 10 сараас 2016 оны 7 сарын хооронд энэ байрыг эзэмшиж байгаагүй, СӨХолбоо нь олон жилийн төлбөрийг яагаад төлүүлэхгүй, хуримтлуулсан мөнгийг надаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.Даваацэрэн тухайн орон сууцыг 2016 оны 7 дугаар сард худалдаж авсан бөгөөд өмнөх айлын төлөөгүй 2011 оноос 2016 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны 2 700 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.2011 оноос 2014 оны 5 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл СӨХ үйл ажиллагаа явуулж байсныг нотлоогүй байна, хэдэн төгрөгийн хураамж авах ёстой гэдэг талаар баримтгүй байна. С.Даваацэрэн орон сууц худалдаж авсан, машины зогсоол аваагүй бөгөөд орон сууц болон машины зогсоол тусдаа хөрөнгүүд учраас зогсоолын төлбөрийг төлөхгүй.Машины зогсоолын 1 100 000 төгрөгийг төлөхгүй, харин 939 300 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гранд Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч С.Даваацэрэнд холбогдуулан 2011 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 2 705 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрийн 939 900 төгрөгийг төлнө, энэ хугацааны машины зогсоолын төлбөр болон бусад хугацааны төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж заасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байна.
Энэхүү дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэж үзнэ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан байхад Гранд Сууц өмчлөгчдийн Холбоо хариуцагчаас 2011 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан байх бөгөөд мөн хуульд зааснаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс шаардах эрх үүснэ гэж заасан байна.
Тиймээс Гранд Сууц өмчлөгчдийн Холбоо нь сууц өмчлөгчийг 2011 оны 10 дугаар сараас хойш дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаа төлөөгүй болохыг 2017 оны 5 дугаар сард мэдсэн байх боломжгүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзнэ.
С.Даваацэрэн нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн 14 дүгээр байрны 17 тоотын 2 өрөө орон сууцыг бусдаас 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр худалдаж авсан байх боловч энэхүү хөрөнгөтэй холбоотой үүрэг байгаа эсэхийг өөрөө тодруулан шалгах үүрэгтэй байдаг.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар 13.3-т “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасан байх зохих хугацааны зардлыг С.Даваацэрэн төлөх нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд авто машины зогсоолын мөнгө орохгүй гэж тайларлаж байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т “Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана” гэж заасан байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж хамаарна гэж заасан байна.
Гранд Сууц Өмчлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар сууц өмчлөгчдөөс авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, ашиглалт, арчлалт, хамгаалалтанд зарцуулах хуримтлалын хэмжээг тогтоож баталсан байна.
Иймд С.Даваацэрэнгээс 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 1 564 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдсэн 1 144 950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан С.Даваацэрэнгээс 1 564 550 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан Гранд Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 144 950 /нэг сая нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 238 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Даваацэрэнгээс 39 982 /гучин есөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гранд Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН