Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/390

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо

хохирогч А.Х, Х.П, П.М, Б,С, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын*-нд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Смарт прогресс” ХХК-ны захирал, мөн “Манбу” ХХК-д гаалийн менежерээр ажилладаг, ам бүл 3; нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хангамж гудамж ** тоотод хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ ** тоотод оршин суух, ялгүй, **дугаарын регистртэй, Ш овогт Б-ын Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-аас гахайн өөх нийлүүлнэ гэх нэрийдлээр хохирогч П.Маас 3.000.000 төгрөг, хохирогч А.Хаас 34.500.000 төгрөг, хохирогч Б.Сээс 21.800.000 төгрөг, хохирогч Х.Паас 11.500.000 төгрөг авч, нийт 70.800.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Х, П нартай “Жи тайм”-ын сүлжээгээр танилцсан найзууд, Стэй “Орифлейм”-ийн борлуулалт хийдэг найзууд. Харин М болохоор Хын найз юм билээ.

Миний хувьд эдгээр хүмүүсийг анхнаасаа залилан мэхлэе гэж бодоогүй. Авсан мөнгөөрөө хятадаас гахайн өөх оруулж ирье гэж байсан боловч мялзан өвчин гараад чадаагүй юм. Уучлаарай, уучлалт гуйж байна. Эдгээр найз нараасаа авсан мөнгийг буцаан өгч, хохирлоо бүрэн барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, миний буруу гэв.

 

Хохирогч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Б бид нар найзууд. Гэхдээ гахайн өөх оруулж ирнэ гэж мөнгө авчихаад өгөхгүй байхаар нь хаана хандахаа мэдэхгүй цагдаагийн байгууллагад хандсан. Миний хувьд Бд нийт 34.5 сая төгрөг өгсөнөөс мөрдөн байцаалтын явцад 11.6 сая төгрөгөө буцааж авсан. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 22.9 сая төгрөгөө авлаа. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Бд аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Х.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд Бтай мөн л “Жи тайм”-ын сүлжээгээр танилцсан найзууд. Хятадаас гахайн өөх оруулж ирээд зарахад ашигтай байна гэхлээр нь 2018 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд би Бд 11.5 сая төгрөг өгсөн. Мөрдөн байцаалтын явцад 3 сая төгрөгөө буцааж авсан. Одоо үлдэгдэл 8.5 сая төгрөгнөөс 5 сая төгрөгийг бэлнээр, 3.5 сая төгрөгт тооцож Орифлеймийн бараа аваад байна. Хохирол 100% барагдсан гэж хэлж болно. Гомдол санал байхгүй учир Бд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтээ бид нар шүүхэд бичгээр гаргасан байгаа гэв.

 

Хохирогч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Бг таньдаггүй байж байгаад найз Хаас сонсоод өөрийнхөө машиныг барьцаалж түүнд 3 сая төгрөг өгсөн. Өгсөн 3 сая төгрөгөө ХААН банкны дансаар дамжуулан буцааж авлаа, одоо ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Б бид нар Орифлеймийн бараа зарж борлуулдаг гэдгээрээ найзууд. Уг нь Б, түүний ээж Тунгалаг, дүү Б эд нар Орифлеймийн топ менежерүүд юм. Миний хувьд гахайн өөхний бизнесд гэж Бд 21.8 сая төгрөг өгсөн. 13.660.000 төгрөгийг бэлнээр, 8.234.000 төгрөгийг бараагаар аваад байна. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.   

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан түүнийг “Залилах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч А-ийн Х “… одоогоос 3 жилийн өмнө, 2015 онд G time пирамид сүлжээнд элсэж орчихоод тухайн үед Бгийн багийн хүн болох Саруул гэх эмэгтэйтэй танилцаад намайг дагуулаад өдөрлөгт очино гэж хэлээд дагуулж явсан. Тухайн үедээ яваад очиход Орифлейм брэндийн амжилтын баяр гэж хэлээд Б гэх хүний таньдаг хүний пабдаа хүмүүсийг Орифлэйм брендийг сурталчилж байснаар анх танилцаж байсан. Түүнээс хойш Бгийн Орифлэймийн багт нэгдэж ороод байнгын цуг яваад найзлаж эхэлсэн. 2018 оны 3 сард Б холбогдоод гахайн өөхний бизнес эрхлэх гэж байгаа талаараа цухуйлгаж хэлсэн. Тэр үед нь би огтоосоо тоохгүй байж байгаад 2018 оны 7 дугаар сард Б, Б нартай уулзахад илтэд мөнгөлөг байдал харуулаад гаалийн бүрдүүлэлт хийх эрхээ 3 жилийн хугацаатайгаар сунгаж 20.0 сая төгрөгөөр худалдаж авсан, одоо гахайн өөх оруулж ирээд нилээдгүй мөнгөтэй болж байгаа талаар надад хэлж яриад байхаар нь итгээд анх 2018 оны 7 сарын 4-ний өдөр 4.0 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгөөд тухайн хугацаанаас 1 сарын дараа надад дансаар 2.6 сая төгрөгийг шилжүүлсэн. Өөрийн үлдэгдэл мөнгө нь яасан талаар асуухад 5.0 сая болгож багцлаад цааш нь өөхөндөө явуулчихсан. Тухайн үедээ хамгийн эхний ашгаа авахаас 1 хоногийн өмнө би өөрийн үеэл дүү Шүрэнцэцэгтэй нийлээд 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 5.0 сая төгрөгийг Бгийн ээжийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 9 сарын 3-ны өдөр Шүрэнцэцэг бид хоёрын оруулсан 5.0 сая төгрөгний ашиг гэж 9.0 сая төгрөг явуулсан. Харин түүний 2018 оны 9 сарын 4-ний өдөр надад миний анхны өгсөн мөнгөний ашиг болох 4.0 сая төгрөг орж ирэх байсан боловч орж ирээгүй. Яагаад гэвэл би мөнгө нэмж өгөх талаар Бд хэлэхэд хэрвээ наанаасаа мөнгө олж байгаа юм бол чиний ашгийг чинь буцаагаад гахайн өөх захиалхаар явуулчихлаа тэгвэл надад 1.0 сая төгрөгийг шилжүүлчих харин 4.0 сая төгрөгийг нь Бгийн ээжийнх нь данс руу явуулсан. Тэгээд тухайн өдрөө буюу 2018 оны 9 сарын 4-ний өдөр би хүмүүстэй сурж явж байгаад өөрийн танил нэг залуутайгаа уулзаж ярилцаад гахайн өөхний бизнесийн талаар хэлэхэд тэр залуу өөрийн хамаатнаасаа хүүтэй мөнгө зээлээд тухайн мөнгөө миний дансаар оруулаад уг мөнгийг би Бгийн ээжийн данс руу шилжүүлчихсэн. Мөн түүнээс гадна надаас 300.0 мянган төгрөг болон 200.000 төгрөгийг тус тус өмнө нь авчихсан байсан үүнийг нь 6.5 сая төгрөгөөр тооцсон. Тэгээд тухайн өдрийн маргааш буюу 2018 оны 9 сарын 5-ны өдөр Шүрэнцэцэг бид 2 нийлээд орж ирсэн 9.0 сая төгрөгнөөөө 5.0 сая төгрөгийг нь буцаагаад Бгийн ээжийн данс руу шилжүүлээд түүнээс хойш хэд хоногийн дараа Б над руу залгаад 2.0 тонн өөх хотод оччихсон байгаа, захиалагчаа алдмааргүй байгаа учраас надад 13.0 сая төгрөг хэрэгтэй байна, чи энийг яаж хийж байгаад аваадхаач гэж хэлэхээр нь би өөрийн нөхөртөө ярилцаж байгаад найзаас нь мөнгө зээлээд Бгийн ээжийн данс руу хийсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн мөнгөө өгөх ёстой байсан боловч утас нь холбогдохгүй алга болчихсон учраас цагдаагийн байгууллагад хандсан.

Бгийн ээж насаараа гаалийн байцаагч хийж байсан, мөн өөрөө гаалийн бүрдүүлэлтийн компанитай, мөн Бгийн дүү Б их итгэл төрүүлж ярьдаг байсан. Аривжих гэх Gtime сүлжээнд цуг явж байсан залуу цуг хийж байгаа гэж хэлээд байсан. Тэр үед Аривжих гахайн махны бизнес хийдэг гэж хүмүүс ярьдаг байсан. Тэгэхээр нь ерөнхийдөө итгэчихсэн. Хамгийн их түлхэц болсон юм нь надад мөнгө ашиг гэж өгсөн явдал юм” /1 дүгээр хх-н 54-57/ гэж,

хохирогч Х-ын П “... би одоогоос 3 жилийн өмнө, 2015 онд Gtime болон Орифлэйм сүлжээнүүдэд элсэж байгаад анх Б гэх эмэгтэйтэй танилцсан. Түүнээс хойш ерөнхийдөө найз нөхдийн холбоотой хааяа надаас эд бараа бүтээгдэхүүн зээлээр авах гэх мэтээр хоорондын харилцаатай байсан. Хэсэг холбоогүй байж байгаад 2018 оны 8 сард Х, С, Б, Б бид 5 уулзалдаад ерөнхийдөө ярьж сууж байгаад явчихсан. Тухайн үед би Х Бтай хамтарч гахайн өөхний худалдаа хийж байгаа талаар утсаар ярьж байхад нь санаандгүй сонсчихсон юм. Тэгээд удалгүй 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б над руу утасдаад гахайн өөх БНХАУ-аас оруулж ирж байгаа, чи хөрөнгө оруулах юм уу гэж утсаар шууд мөнгө өгөхгүйгээр хэд хоног удааж байгаад ерөнхийдөө нарийвчлан судалхаар болсон тэр хугацаандаа би Орифлэйм эрхэлдэг оффисоор нь надтай ярьснаас нь хойш 3 хоногийн дараа очиход Б найзтайгаа эгч гахайн өөхөнд хөрөнгө оруулаад мөнгө үнэхээр сайн олж байгаа талаар яриад би бас Ариунаа эгчийг дагуулж орж ирээд маш их хэмжээний бэлнээр хүлээлгэж өгч байсан гэж яриад их л итгэл үнэмшил төрүүлэхээр зүйлс яриад байсан. Мөн тухайн үед Б цуг машинд явах үед Энхээ эгч хүн рүү залгаад гахайны өөхөө өнөөдөр багтааж оруул одоо мөнгө ороод ирнэ яаралтай гэх мэт байдлаар яриад итгэл үнэмшлийг маш ихээр төрүүлээд байсан. Тэгэхээр нь анх 3.0 сая төгрөгийг 2 таслаад өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Бгийн ээжийнх нь данс руу 2.0 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр над руу 3.0 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоо чиний ашгийг чинь 2 цагийн дараа шилжүүлнэ гэж хэлэхээр нь удалгүй араас нь залгахад 2 тонн өөхнийхөө мөнгийг олоогүй байна, чи надад ашгийнхаа 2.0 сая төгрөгийг өгөх юм уу гэж асуусан тэгэхээр нь нэг мөсөн надад 3.0 сая төгрөгөө нийлүүлээд 5.0 сая төгрөг болгож аваад үүнээсээ ашгаа гаргаж өгөөрэй гэж хэлээд өгчихсөн юм. 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр мөнгөө авах хугацаа болоход 10 сарын 5-ны өдөр надад мөнгө их хэмжээтэй орж ирнэ. Тэгэхээр нь би бүх ашигтай нь бодоод өгнө гэж хэлээд хойшлуулаад байж байхдаа 10 дугаар сарын 4-ний өдөр гаалийн Энхээ эгч ирчихлээ мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд би 3.5 сая төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь Бгийн утас холбогдохгүй байсан. Тэгээд өдөр 12 цагийн орчимд холбогдохоор нь залгахад үдээс хойш мөнгийг чинь хийчихнэ гэж хэлэхээр нь тайвшираад байж байгаад 16 цагийн орчимд залгахад мөнгө миний данс руу шилжээд орчихсон, удалгүй мөнгийг чинь хийчихнэ гэж хэлээд ор сураггүй алга болчихсон” /1 дүгээр хх-н 82-84/ гэж,

хохирогч П-ын М “... би 2018 оны 8 сард өөрийн найз болох Хтай уулзаж байхад нэг хүний гахайн өөхний бизнест 3.0 сая төгрөгөөр хөрөнгө оруулсан чинь буцаагаад 5.0 сая төгрөг болгож надад өглөө гэж ярьсан. Тухайн үедээ би нэг их тоогоогүй байж байгаад 2018 оны 9 сард Х нөгөө бизнесээсээ дахиад ашиг авчихлаа гэж хэлэхээр нь тодруулж асуухад 5.0 сая төгрөгийн хөрөнгө оруулаад 9.0 сая төгрөг болгоод авчихлаа гэж надад хэлээд “Гурил” гэх нэртэй фейсбүүкийн мессенжер чатын групп нээгээд намайг элсүүлчихсэн байсан. Тэгэхээр нь Б болон Х бид гурав тэр группэд чат бичихэд Б миний мөнгийг 4.5 сая төгрөг болгож өгье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Хд ашиг өгчихсөн юм чинь надад өгөх байх гэж бодоод өөрийнхөө Тоёота Аксио маркийн, цагаан өнгийн, 55-66 УНЯ улсын дугаартай машиныг “Марал Финанс” ХХК-ний зээлийн барьцаанд тавьж 4.0 сая төгрөг аваад түүнээс 3.0 сая төгрөгийг нь Бгийн ээж болох Тунгалагын ХААН банкны 5019048866 дугаарын данс руу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс Молл дэлгүүрт байхдаа гар утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр нэг мэдэхэд тэр хүн утсаа салгаад алга болчихсон.

... түүнээс хойш Б дахин 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5.0 сая төгрөгийг над руу утсаар яриад, мессеж бичээд 2 тонн гахайн өөхний захиалга ороод ирчихлээ гэж хэлээд байн байн нэхээд байсан тэгээд байхаар нь сэжиг аваад өгөөгүй” /1 дүгээр хх-н 24-25/ гэж,

хохирогч Б-ын С “... би Орифлэйм компанид ажилладаг бөгөөд Б гэх эмэгтэй манай эгч Б гахайн өөх БНХАУ-аас оруулж ирж байгаа, хамтраад бизнес хийж байгаа, тэрэнд хөрөнгө оруулчих юм бол их ашигтай гэж хэлэхээр нь тухайн үедээ сонирхоод 2018 оны 8 сарын 10-ны өдөр анх уулзалдаад Бтай уулзахад гахайн өөх БНХАУ-аас оруулж ирж байгаа, оруулж ирсэн гахайн өөхөө Хүн-Од, Махмаркет хиамны  үйлдвэрүүдэд нийлүүлдэг бөгөөд ашигтай наймаа байна гэж хэлсэн. Анхны өөрийн нөхөртэйгөө ярилцаад 2 тонн гахайн өөх худалдаж авахаар тохиролцоод 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Бгийн Худалдаа Хөгжлийн банк дахь 405070255 дугаарын данс руу 5.0 сая төгрөг, үүний дараа 8 дугаар сарын 28-ны өдөр Бгийн ээж болох Тунгалагын ХААН банк дахь 5019048866 дугаарын дансанд 1.0 сая төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр Бгийн ээж болох Тунгалагын ХААН банк дахь 5019048866 дугаарын дансанд 3.3 сая төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Бгийн ээж болох Тунгалагын ХААН банк дахь 5019078866 дугаарын дансанд 6.6 сая төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Смарт клубээс бэлнээр 12.600.000 төгрөгийг миний дансаар Бгийн хэлсэн хүмүүс рүү шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бгийн ээж болох Тунгалагын ХААН банк дахь 5019048866 дугаарын дансанд 4.0 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Ингээд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би 32.500.000 төгрөгийг тэр чигт авах байтал Б 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр алга болчихсон юм. Тухайн үедээ эргэлтийн мөнгө бага учраас компаниудаа алдах гээд байгаа, тийм учраас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 5 тонн гахайн өөх худалдаж аваад дээрээс нь ашиг болох 22.500.000 төгрөгийг нэг мөсөн авчих гэж хэлж байсан” /1 дүгээр хх69-71/ гэж,

гэрч Ж-ны Р  “... би Б гэх хүнийг таньж мэднэ, анх 2017 оны 1 дүгээр сард Смарт прогресс гаалийн бүрдүүлэлтийн компани захирал гэдгээр нь танилцсан. Би өөрөө БНХАУ-аас гахайн мах оруулж ирж борлуулдаг тухайн үедээ бичиг баримт асуух байдлаар хамтран ажиллаж байсан. Би Бг гахайн өөхний бизнес эхлэж байгаа талаар отгоосоо мэдэхгүй. Харин намайг гахайн мах хятадаас импортлож оруулж ирдэг гэдгийг мэднэ. Би өөрийн гахайн махны бизнесийн ашгийг талаар Бд хэлж байсан. БНХАУ-д очоод гахайн махыг ямар үнээр тохирч авч чадсанаас ашиг нь шалтгаалдаг. Анх импортоор гахайн мах оруулж ирэх үедээ гаалийн бүрдүүлэлт хэрхэн хийх талаар нилээн асууж байгаад Б гэх хүнийг мэдэх болсон” /1 дүгээр хх-н 47/ гэж  тус тус мэдүүлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Бг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох “Залилах” гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шунайхан сэдэлтээр дээр дурдсан аргуудаар авдагаас гадна хохирогчийн зүгээс гэм буруутай этгээдэд өөрийн эд зүйлс, хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа өмчийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагддаг онцлогтой.

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн хувьд “залилах” энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан буюу нэр бүхий хохирогч нар богино хугацаанд тодорхой хэмжээний ашиг олох гэсэн тэдгээрийн ахар бодол нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Гэвч энэ байдал нь “залилах” гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй, зөвхөн шүүгдэгчид оногдуулах Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Б.Б бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх ба нэр бүхий хохирогч нар түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, ... аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ялын санкцыг “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа “хүнд” гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

Харин бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарын зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал зэргийг харгалзаад түүнд хорих ял оногдуулахгүй, торгох ял оногдуулах нь зохимжтой бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтад нийцнэ.

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Б.Бгийн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байдлыг харгалзан түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээнүүдээс “хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

              1. Ш овогт Б-ын Бг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Бг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

              3. Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд буюу нэг сард 555,555.6 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоосугай.

 

              4. Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

              5. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

              энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

              6. Ш овогт Б-ын Б /ЦД82080702/-д авсан “Монгол Улсын хилээр гарахыг  хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

             

              7. Б.Бд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй. 

 

              8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

              9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Бд урьд авсан “хязгаарлалт тогтоох”, болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ