Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2436

 

   

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 153 тоотод байрлах, регистрийн дугаар 5392543, Жиашидэ ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг, Мандалхаанд оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоотод оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Гэндэнгийн Сүхбаатарт холбогдох

 

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй,

 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 62 дугаар байрны 6 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Мажаасүрэнгийн Ганчимэгийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Жиашидэ ХХКомпанид олгосон дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгох, хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны цалин болох 2012 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэлх 42 000 ам доллар буюу 102 256 140 төгрөгөөс 41 912 500 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 41 тоот хаягт байрлах, 67,06 метр квадрат талбайтай байрны төлбөрт тооцуулж, үлдэгдэл 60 343 640 төгрөгийг Жиашидэ ХХКомпаниас гаргуулах тухай бие даасан шаардлагатай  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намуунбайгаль, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Ганчимэг, түүний өмгөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэхэмжлэгч Жиашидэ ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:БНХАУ-ын иргэн Шү Шианхуа, Шү Жиаянь нар Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлийн 9019053075 тоот гэрчилгээтэй, 5392543 тоот регистрийн дугаартай, Жиашидэ ХХКомпанийг үүсгэн байгуулсан, компанийн хувьцааг С.Эрдэнэ 100 хувь худалдан авч, гүйцэтгэх захирлаар томилогдсон.Жиашидэ ХХКомпани 2012 онд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамжид байрлах 37 дугаар байрыг өөрийн хөрөнгөөр барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн, уг байрны 41 тоотод байршилтай 67,06 метр квадрат талбайтай, хоёр өрөө, орон сууцны өмчлөгч нь Жиашидэ ХХКомпани юм. Одоо уг орон сууцыг Г.Сүхбаатар гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа, компани 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч чөлөөлж өгөхгүй байна.Иймд Г.Сүхбаатарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 41 тоотод байрлах орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамжид байрлах 37 дугаар байрны 41 тоотод байршилтай 67,06 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Жиашидэ ХХКомпани мөн бөгөөд энэ үл хөдлөх хөрөнгийг Г.Сүхбаатар хууль бусаар эзэмшин ашиглаж байгаа учраас чөлөөлж өгөх шаардлага тавьсан боловч чөлөөлөхгүй байна.Иймд Г.Сүхбаатарын хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлүүлэхийг хүсэж байна гэв.  

 

Хариуцагч Г.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2010 оны 3 дугаар сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр Марал Инж ХХКомпанийн маркетингийн албаны дарга М.Ганчимэгээс 10 давхар байрны 8 давхарын 806 тоот 53,39 метр квадрат нэг өрөө байрыг 63 200 000 төгрөгөөр худалдан авсан, 2010 оны намар байр ашиглалтад орж байрандаа орсон, 2011 онд байрны төлбөрийг 100 хувь төлсөн боловч надад байрны ордер бичиг баримтыг өгөөгүй байсан.Гэтэл 2011 оны хавар байраа томруул гэж Д.Адъяасүрэн түүний эхнэр Жиашидэ ХХКомпанийн инженер М.Ганчимэг нарын зөвлөснөөр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах Жиашидэ ХХКомпанийн барьж байгаа байрны 7 давхарын 41 тоот 67,06 метр квадрат талбайтай 2 өрөө байрны төлбөрт өмнө нь худалдаж авсан байран дээрээ 25 000 000 төгрөг нэмж М.Ганчимэгт төлөх нөхцөлтэйгөөр М.Ганчимэгийн нөхөр Д.Адъяасүрэн, өөрийн охин С.Намуунбайгаль нарын нэр дээр гэрээ хийсэн.Байр 2011 онд ашиглалтад орж охин Намуунбайгаль нүүж орсон.Уг байрны гэрээ, ордерыг миний нэр дээр М.Ганчимэг бичилт хийж өгөх байсан.Би 2012 онд М.Ганчимэгт байрны төлбөрийг бэлэнээр болон дансаар шилжүүлж дуусгасан, үүнийг М.Ганчимэг хүлээн зөвшөөрнө.Би 2015 оноос Жиашидэ ХХКомпанийн хуулийн зөвлөх дарамтлах болсон.Үүнийг би тухайн үед нь М.Ганчимэгт хэлж миний байрны ордер бичиг баримтыг түргэн өг гэж хэлдэг байсан боловч өнөөг хүртэл өгөхгүй байна.Байрнаас хөөж байгаа С.Эрдэнэтэй уулзаж байгаагүй ба би М.Ганчимэгээс худалдан авсан болон төлбөр барагдуулсан баримтууд байгаа.Би төлбөрөө 100 хувь төлчихөөд байраа суллаж өгөхийг зөвшөөрөхгүй, С.Эрдэнийн шахалтаас салгаж, М.Ганчимэгээс миний худалдан авсан байрны гэрээ, ордерыг гаргуулан авч өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намуунбайгаль шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх 2014 оны 12 дугаар сараас эхлэн энэ байранд амьдарч байгаа, М.Ганчимэгт мөнгийг 100 хувь төлөөд энэ байранд амьдарч байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Гуравдагч этгээд М.Ганчимэг шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:Фужиан Лян Хө ХХКомпани нь хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчин Жиашидэ ХХКомпанийн бүх эх материалыг барьцаалж Голомт банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авах гэж байхад нь би нэн шаардлагатай эх материалуудыг өгөөгүй учир зээл авч чадаагүй юм.Миний энэхүү үнэнч шударга ажилласан байдлыг компанийн захирал үнэлж Жиашидэ ХХКомпанийн удирдах зөвлөлийн хурлаар ерөнхий инженерийн ажлыг гүйцэтгэж байсан надад өөрсдийн барьж буй Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 41 тоот, 67,06 метр квадрат талбайтай байрыг 50 хувийг компани дааж, үлдсэн 50 хувийг нэг метр квадратыг 1 250 000 төгрөгөөр тооцож өөрөө төлөх нөхцөлтэй шийдвэр гарсан.Тус орон сууцны нийт үнэ 83 825 000 төгрөг бөгөөд үүний 50 хувь болох 41 912 500 төгрөгийг цалингаасаа тооцуулан бүрэн төлж барагдуулсан байгаа тул тус орон сууцны өмчлөгч нь М.Ганчимэг болохыг тогтоож, Жиашидэ ХХКомпанид 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 000470943 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байна.Иймд миний хөдөлмөрийн гэрээ ёсоор ажилласан хугацааны цалин болох 2012 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэлх 42 000 ам доллар буюу 102 256 140 төгрөгөөс 41 912 500 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 41 тоот, 67,06 метр квадрат талбайтай байрны төлбөрт тооцуулан үлдэгдэл 60 343 640 төгрөгийг Жиашидэ ХХКомпаниас гаргуулах, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 41 тоот, 67,06 метр квадрат талбайтай орон сууцыг миний өмч болохыг тогтоолгох, Жиашидэ ХХКомпанид 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 000470943 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Ганчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Энэ байрыг анх Фужиан Лян Хө компанитай гэрээ байгуулан барьж байсан, би уг компанид ерөнхий инженерээр ажиллаж байсан, 7 дугаар сараас хойш дутуу гүйцэтгэлтэй барилгад намайг ерөнхий инженерээр ажиллуулсан.Хамтран ажилладаг байсан Жиашидэ ХХКомпани, Фу Жиан Лян Хө ХХКомпанийн удирдлагууд үл ойлголцож Фужиан Лян Хө ХХКомпани нууцаар зээл авах гэж байсан.Энэ үед би Жиашидэ ХХКомпанийн бичиг баримтуудыг Фужиан Лян Хө ХХКомпанид өгөөгүй тул Жиашидэ ХХКомпанийн удирдлагууд удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж миний үнэнч байдлыг үнэлж 37 дугаар байрны 41 тоот орон сууцны үнийн 50 хувийг нь компани төлнө, үлдсэн 50 хувийг намайг төлөөд ав гэж гэрээ байгуулсан.Би энэ байранд анх өөрөө амьдарч байгаад ах дүү нараа оруулсан, 2011 оны 11 сарын 10-ны өдөр энэ байрыг асуудлыг шийдэж надад өгсөн.Тухайн үед Жиашидэ ХХКомпанийн барилгын асуудлыг би хариуцаж байсан.Би энэ байрыг улсын комисст хүлээлгэж өгсөн.Би урьдчилгаа төлбөрийг өгч захиалсан хүмүүсийн ордерыг гаргуулах гэж эх материалыг улсын бүртгэлийн газарт өгөөд 2 хоногийн дараа авах гэтэл байхгүй болсон байсан.Миний цалин 2012 оны 6 сараас 2014 оны 9 дүгээр сар хүртэл 102 256 140 төгрөг байгаа бөгөөд 41 тоот орон сууцны үнэ 41 912 500 төгрөгийг хасаад үлдсэн 60 343 640 төгрөгийг гаргуулна, 37 дугаар байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно, Жиашидэ ХХКомпанид олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа:Жиашидэ ХХКомпани нь анх Фужиан Лян Хө ХХКомпанитай 01/07 тоот гэрээ байгуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 9 тоотод байрлах үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай дуусаагүй барилгад хамтран ажиллах гэрээ байгуулсан.Энэ үед М.Ганчимэг уг барилга дээр ерөнхий инженерээр ажиллаж, түүний ажил үүргийн хуваарьт уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсний дагуу 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр үүргээ биелүүлжээ.Жиашидэ ХХКомпани 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг С.Эрдэнэтэй хуулийн дагуу хийсэн бөгөөд гэрээний 5 дугаар зүйлд баталгааг тодорхой заасан бөгөөд 37 дугаар байрны 2, 8, 11, 41, 64, 100 тоот орон сууцнууд компанийн эд хөрөнгө гэжээ.Мөн 37 дугаар байрны барилгыг барьж байгуулахад барилгын инженерээр ажилласан М.Ганчимэгтэй өглөг, авлаг байхгүй, хоорондын тооцоогүй гэсэн баталгаа гаргасан учраас М.Ганчимэгийн шаардлага үндэсгүй байна.Жиашидэ ХХКомпани нь Шү Шиэн Хуа ХХКомпанитай 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сар хүртэл М.Ганчимэгт олгосон итгэмжлэл, 2013 оны 5 дугаар сарын 24-ны өдөр М.Ганчимэгт олгосон итгэмжлэл, мөн Жиашидэ ХХКомпаниас М.Ганчимэгт 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай өгсөн итгэмжлэлээс өөр гэрээ, хэлцэл болон 37 дугаар байрны 41 тоотыг 50 хувийн хөнгөлттэй олгох тухай баримт хэрэгт авагдаагүй байна.М.Ганчимэг 2012 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны цалинг нэхсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.Иймд М.Ганчимэгийн шаардлагыг хэрэгсэхүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Ганчимэг 83 825 000 төгрөгийн 50 хувь 41 915 012 төгрөгийг цалингаасаа суутгуулан бүрэн төлж барагдуулсан гэх боловч хэнд төлсөн болох нь тодорхойгүй байна.Өмчлөгч болохын тулд нэхэмжлэгч байгууллагатай гэрээтэй байх ёстой, хуульд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж заасан байдаг.Орон сууцыг урамшуулалд өгсөн баримт байхгүй, байрны түлхүүрийг удирдлагаас аваагүй болох нь гэрчийн мэдүүлэгээр нотлогдоно.Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй, Эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэргийг үндэслээд улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээг байдаг.М.Ганчимэгийн Фүжиан Лян Хө ХХКомпанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байдаг.М.Ганчимэгийн үүрэг бол барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх л байсан, энэ үүргээ биелүүлээд 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр өгч, үүрэг дуусгавар болсон.Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үйлчилгээ явуулсан бол өөрийнхөө эрхийг мэдэх ёстой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд цалин өгөх хугацааг заасан байдаг.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааг заасан байна.М.Ганчимэг 2012 оноос хойш хөлсөө аваагүй гэж байгаа бол шүүхэд хандах ёстой байсан, 28 сарын цалинг олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жиашидэ ХХКомпани хариуцагч Б.Сүхбаатарт холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцыг Б.Сүхбаатарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Г.Сүхбаатар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцны үнийг бүрэн төлж М.Ганчимэгээс худалдан авсан гэж маргаж байна.

 

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр Жиашидэ ХХКомпанийг бүртгэж 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 00040943 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Хариуцагч Г.Сүхбаатар хэдийгээр дээрх үл хөдлөх хөрөнгийг М.Ганчимэгээс 2011 онд худалдаж авсан гэж тайлбарлаж байх боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг М.Ганчимэг бусдад шилжүүлэх эрхтэй байсан эсэх нь тодорхой бус байна.

 

Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцыг М.Ганчимэг өмчлөх эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байхад түүнээс уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах боломжгүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Г.Сүхбаатар М.Ганчимэг нар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасны дагуу Г.Сүхбаатар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна. 

 

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байхад Г.Сүхбаатар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу аваагүй олж байх тул түүний эзэмшил хууль ёсны байх боломжгүй байна.

 

Эрхийн улсын бүртгэл үнэн, зөв байх зарчимд тулгаарлан хийгддэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэж хуульд заасан байна. 

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байх бөгөөд Жиашидэ ХХКомпанид олгосон өмчлөх эрхийн бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

Иймд хариуцагч Г.Сүхбаатар нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцны өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй байна гэж үзэхээр байна.

 

Хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хувьцааг худалдах, эрх шилжүүлэх хэлцэл, үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл, захирал өөрчлөгдсөн тухай баримтууд авагдсан ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Гуравдагч этгээд М.Ганчимэг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Жиашидэ ХХКомпанид олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгох, хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны цалин болох 2012 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэлх 42 000 ам доллар буюу 102 256 140 төгрөгөөс 41 912 500 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 41 тоот хаягт байрлах, 67,06 метр квадрат талбайтай байрны төлбөрт суутган тооцуулж, үлдэгдэл 60 343 640 төгрөгийг Жиашидэ ХХКомпаниас гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

М.Ганчимэг нь Жиашидэ ХХКомпанид 2012 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл ажилласан хугацааны цалин 42 000 ам доллар буюу 102 256 140 төгрөгөөс 41 912 500 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 41 тоот хаягт байрлах, 67,06 метр квадрат талбайтай байрны төлбөрт суутган тооцуулж, үлдэгдэл 60 343 640 төгрөгийг гаргуулахыг хүсэж байх тул түүний Жиашидэ ХХКомпанид ажиллаж байсан хугацааг тодруулах нь зүйтэй байна.

 

М.Ганчимэгээс хэрэгт ирүүлсэн 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх 01/07 тоот гэрээ, Жиашидэ ХХКомпанид М.Ганчимэгт 2013 оны 2 дугаар сар, 5 дугаар сар, 6 дугаар сард олгосон итгэмжлэлүүд, Жиашидэ ХХКомпанийн 2013 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн мэдэгдэл, 2012 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, М.Ганчимэгийн Фүжиан Лян Хө ХХКомпанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн зураг төсөл, техникийн баримт хүлээн авсан баримт, ЗТБТөвийн сан хөмрөгт хүлээн авсан зураг төсөл, техникийн баримтын жагсаалт, 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт зэрэг баримтуудаар түүнийг Жиашидэ ХХКомпанид 2012 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан байна гэж үзэх боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Жиашидэ ХХКомпанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг М.Ганчимэг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 210, 241 дугаарт авагдсан М.Ганчимэгийн үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэл бүртгэх дэвтэрийн ажил эрхэлсэн болон дууссан тухай тэмдэглэлийн төгсгөлд дарагдсан компанийн тамга бүдэг, уншигдахгүй байхад үүнийг Жиашидэ ХХКомпанийн регистрийн 5392543 дугаар  бүхий тамга дарагдсан байна гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд М.Ганчимэгийн Жиашидэ ХХКомпанид 2012 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байхад түүнд дээрх хугацааны цалин олгогдох үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар М.Ганчимэг 28 сарын цалин 102 256 140 гэж тайлбарлаж байхад М.Ганчимэгийн үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэл бүртгэх дэвтэрт хийсэн ажлын сарын орлогыг 200 000-260 000 төгрөг гэж бичигдсэн байгаа нь тодорхой бус байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасны дагуу энэ талаарх баримтыг М.Ганчимэг хэрэгт ирүүлээгүй байна.

 

Жиашидэ ХХКомпанийн 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар  Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцыг хөнгөлттэй нөхцлөөр надад худалдах тухай шийдвэрийг гаргасан гэж М.Ганчимэг тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

М.Ганчимэг нь дээрх үл хөдлөх хөрөнгийг хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авах тухай Жиашидэ ХХКомпанийн 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэр болон тэмдэглэлийг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд Жиашидэ ХХКомпани М.Ганчимэг нарын хооронд үл хөдлөх хөрөнгийг хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах тохиролцоо байгаа эсэх, М.Ганчимэг уг хөрөнгийн үнийг төлсөн эсэх нь тодорхой бус байхад түүнийг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй байна.

 

М.Ганчимэг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан гэдгээ баримтаар нотлоогүй байх тул түүнийг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар Жиашидэ ХХКомпанид олгосон Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хууль зөрчиж олгогдсон, үүнтэй холбоотойгоор улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчиж явагдсан байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                    

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Г.Сүхбаатарын эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцыг чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Жиашидэ ХХКомпанид олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгох, хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны цалин болох 102 256 140 төгрөгөөс 41 912 500 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 41 тоот хаягт байрлах, 67,06 метр квадрат талбайтай байрны төлбөрт суутган тооцуулж, үлдэгдэл 60 343 640 төгрөгийг Жиашидэ ХХКомпаниас гаргуулах тухай М.Ганчимэгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 70 200 төгрөг, М.Ганчимэгээс төлсөн 1 160 023 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Сүхбаатараас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Жиашидэ ХХКомпанид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН