Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0181/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Улсын яллагч                                                Ж.Ы

Шүүгдэгч                                                       Э.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.А нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овгийн Эийн Нт холбогдох 2139001470165 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  Э.Н нь 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг “Нартын зүүн ам” гэх газраас иргэн С.Бийн эзэмшлийн адуун сүргээс 11 настай зөв талын гуян дээрээ “Сартай нэмэх” үсэн тамгатай хул алаг морийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Нын өгсөн: “бусдын адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.Бийн өгсөн:... Би Жаргалтхаан сумын 4 дүгээр багт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. 2021 оны 4 дүгээр сарын 27-ны орой 20 цаг 40 минутын үед адуугаа бөөгнүүлчихээд хургатай хонио туугаад 21 цагийн үед манай нутгийн ах Цогтбаатар 98205351 гэсэн дугаарын утсаар над руу залгаад танай зээрд азаргатай адуу Шанднаас доош уруудаад явж байна танай адууг хойш нь хөөчихлөө харин хул алаг морийг чинь Өмнөдэлгэр сумын иргэн Цогоогийн пүнзэнд нядалчихсан байна гэж хэлсэн юм, гэдэс толгойг ширэнд нь боогоод орхисон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өвөлжөө рүү очиж үзэхэд манай хул алаг морь мөн байсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Би хохирлоо барагдуулж авсан учраас надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/

Иргэний нэхэмжлэгч З.Оийн өгсөн:...Би Өмнөдэлгэр суманд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энх-бум” хоршооны дарга ажилтай.  2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай малчин Эрдэнээ гэх залуу над дээр ирээд: Та шулсан адууны мах авах юм уу гэж асуухаар нь авна гэж хэлсэн чинь Эрдэнээ: Өмнөдэлгэр сумын баруун эгнээнд шулсан адууны мах байна гэнэ ээ унаа байхгүй гээд ирж чадахгүй байгаа юм байна би яваад аваад ирэх үү гэж хэлсэн. Тэгээд Эрдэнээ машинаа унаад явсан. Удалгүй Эрдэнээ нь машиндаа адууны мах авчирч ирээд Цолмонгийн адуу гэж надад хэлсэн. Манай суманд гурван Цолмон нэртэй хүн байдаг болохоор хэнийхний Цолмон гэдгийг нь тэр үедээ сайн мэдээгүй. Тэгээд уг адууны махыг махны хилэн дээр Эрдэнээ тавиад 140 гаран хил болоод би Эрдэнээд 1.162.000 төгрөг тэр хүндээ өг гэж хэлсэн. Тухайн үед нь би Эрдэнээгээс махны бичиг нь хаана байгаа бэ гэж асуухад одоо аваад ирье гээд л яваад өгсөн. Тэгээд ирэхгүй удаад байсан юм... Би дээрх худалдаж авсан адууны махыг Өмнөдэлгэр сумын цагдаагийн хэсэг дээр өөрөө ачиж авчирсан...Дээрх адууны махыг хураан авахад надад санал хүсэлт байхгүй, үнэхээр хулгайн адууны мах юм бол хураахаас өөр яах вэ дээ... Миний хувьд гомдолтой байна, би буруутай этгээдээс 1.162.000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 хуу/

Гэрч Б.Бын өгсөн:...Би 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ хөдөө мал руугаа явсан. Тэгээд өдөр 12 цаг болж байхад гэртээ ирээд хашаандаа гагнуур хийж байгаад хурга, ишиг тавихын багцаанд эргээд хүргэнийдээ ирсэн. Тэгээд орой харуй бүрий болж байхад буюу 20 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр маань надад хандан: өглөө чамайг хөдөө явсан хойгуур Э.Н над руу залгаад хүн бэлгэнд адуу өгөөд тамга нь байдаггүй махны бичиг аваад өгөөч гэж байн байн шаналгаад байхаар нь чиний малын “А” данснаас гарал үүслийн бичиг аваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд л юуг нь ч мэдэхгүй сууж байна...Манай эхнэр надад хэлэхдээ Э.Н гуйгаад байхаар нь авч өгсөн л гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/

Гэрч Д.Мийн өгсөн:... 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай нөхөр Б.Бын ээж Алтанцэцэгийн эгч болох Эийн хүү Э.Н нь миний утас руу залгаад: Э.Н байнаа эгчээ танайх руу адууны мах очиж байгаа та сумын бойнд Эрдэнээ гэх хүн рүү машинаараа хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь Э.Нт хандан: Би чадахгүй ээ машиндаа мах ачуулахгүй гэж хэлсэн чинь Э.Н: за тэгвэл би Эрдэнээд хэлье би өөрөө удахгүй хөдөөнөөс очлоо гэж хэлсэн. Тухайн үед Э.Н надад хаана хөдөө байгаа талаараа хэлээгүй. Тэгээд Э.Н: Та махны бичиг аваад өгөөч надад одоогоор малчны тамга тэмдэг байхгүй гэж хэлсэн. Ингээд би анхандаа Э.Нт махны бичиг авч өгөхгүй гэж гүрийж байгаад Э.Н хулгайн адуу бишээ би найзаасаа худалдаж авсан юм малчны л тэмдэг нь байхгүй гээд байсан. Тэгээд 11 цагийн үед санаж манай гэрийн гадаа цагаан өнгийн мах ачсан ачааны машин ирсэн. Тухайн үед жолооч нь нэг бор царайтай нөхөр байсан би тэр хүнийг харж байгаагүй манай сумын хүн биш шиг санагдсан. Тэгээд удалгүй О эгчийн бойнд ажилладаг Эрдэнээ гэх хүн өөрийнхөө машинтай ирээд махыг нь ачаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

Гэрч С.Эрдэнээгийн өгсөн:... Би 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө ажил дээрээ очоод байж байтал Цолмон байна нэг адуу хүнээр өгөөд явуулсан чи айлаас очоод авчихаач гэж 88735680 гэсэн дугаарын утсаар над руу ярьсан юм. Тэгээд би Б гэх айлаас очиж авахаа очиход Бын эхнэр М хашаан дотроо ганцаараа зогсож байсан юм. Тэгээд Мтэй уулзаад Бын хашаан дотор байсан баруун талын гэрт байсан нэг адуу махыг өөрийн эзэмшлийн 5905 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ ачаад ажил дээрээ очиж хиллэхэд 144 килограмм татсан юм. Тэгээд мөнгийг нь өгөхөөр болоод Цолмон гэх хүн рүү нь залгасан чинь Н очиж мөнгийг нь авна гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал Н ирж надаас 1.152.000 төгрөг болсноос Н надаас 1.052.000 төгрөгийг бэлнээр аваад үлдсэн 100.000 төгрөгийг өвөл надаас А8 маркийн гар утас 250.000 төгрөгөөр аваад 100.000 төгрөг дутуу байсныг нь өгсөн юм. Тэгээд би сумынхаа хоёр цагдаа руу залгаад болсон явдлыг хэлсэн юм... маргааш нь цагдаагийн гадаа очиход хээр зүсмийн адууны арьс байж байсан юм... Өмнөдэлгэр суманд манай арын эгнээнд байдаг Болормаа гэдэг хүний дугаар байсан байна лээ. Энэ дугаараас Н өөрөө Цолмон гэж хүний нэрийг бариад над руу залгаад байсан юм байна лээ... Би адууны арьс толгойгоо авчирч өгөхгүй байхаар нь хулгайн мах гэдгийг нь мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/

Гэрч Б.Батсүхийн өгсөн:... Эхнэр бид хоёр 1980 онд айл гэр болсон бөгөөд 4 хүүхэд төрүүлж өсгөсний хамгийн бага нь Э.Н байгаа юм л даа... Хүү маань ээж Эээрээ овоглодог юм. Миний хүү Э.Н нь 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Хүү маань бага насандаа цэцэрлэгээс хүмүүжээгүй хөдөө эхнэр бид хоёртой байдаг байж байгаад 2001 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 2010 онд 9 дүгээр анги төгсөөд сургуулиасаа хөдөө мал дээрээ гарсан. Хүү маань зан байдлын хувьд төлөв даруухан ажилсаг хичээнгүй, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайн мал сайн малладаг хүүхэд байгаа юм... Хүү маань хэдэн онд гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Дорнод аймагт цэргийн алба хаагаад ирсэн... Хүү маань эхнэр хүүхэд байхгүй хөдөө л мал малладаг. Эхнэр бид 2 хааяа ирэн очин байдаг хүү маань л ер нь мал дээрээ байдаг... Миний мэдэхийн гэртээ архи үнэртүүлсэн орж ирж байгаагүй. Эхнэр бид хоёрын хувьд хүүгээ байнга дагаж явахгүй болохоор сайн мэдэхгүй юм даа... Тиймээ хүү маань урьд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан... Хүү маань малын хулгайн хэргээр шалгагдаж байгаа гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/

Э.Нын яллагдагчаар өгсөн:.. Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран 1 дүгээр баг Хөдөө хэсэгт аав ээжийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм. Би 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн үед шиг санаж байна өөрийн эзэмшлийн мотоциклтой манай Наран 1 дүгээр багийн залгаа нутаг болох Жаргалтхаан сумын Чулуут 4 дүгээр багийн нутаг “Нартын зүүн ам” гэх газар руу өөрийн адуугаа харахаар явсан. Тэр үед “Нартын зүүн ам” гэх газрын замын хажууд 20 гаран тооны адуу байхаар нь дараагийн ам өгсөж адуугаа харчихаад эргэж гэртээ ирсэн. Тухайн үед ах бэр эгч маань Өмнөдэлгэр сум руу хувцас хунараа угаана ойр зуурын ажил амжуулна гээд би ганцаараа хөдөө гэртээ байсан юм. Тэгээд би гэртээ ирээд хониндоо явдаг “сартай хүрэн” зүсмийн 7 настай бүдүүн морио унаад эргээд “Нартын зүүн ам” гэх газарт байсан 20 тооны адуу руу очсон. Тэгээд уг 20 гаран тооны адууг “Нартын зүүн ам” гэх газраас доош нь буюу урагшаа туугаад эзэнгүй айлын саравчин дээр хашаад адуун дундаас хул алаг морийг барьж уяад уг 20 гаран тооны адуу байсан газар руу нь хөөгөөд гэртээ харьж мотоциклоо унаж эзэнгүй айлын саравчин дээр ирээд уяатай байсан хул алаг зүсмийн адууг ганцаараа ажиллаж махлаад саравчнаас доош зам руу очоод машин хүлээгээд байж байхад гадны танихгүй настайвтар ах ачааны машинтай Өмнөдэлгэр сумын Хэнтий 3 дугаар баг руу явж байгаа гэхээр нь тэр хүнд хандан: тус болооч ах манайх нүүж яваа юм машин тэрэг эвдэрчихээд Өмнөдэлгэр сум руу 1 тооны адууны мах ачиж явах гэсэн юм гэж хэлсэн чинь тэр ах зөвшөөрөөд Б гэх хүний гэрийн гадаа буулгасан... Тухайн үед банкны зээлтэй байсан юм. Тэгээд би зээлээ дарах гээд өөрийн адуунаас нэг тооны адуу ажиллах санаатай адуугаа харахаар явсан юм. Тэр үед гадаа тэнгэр хангай хүйтэн цас орж байсан учраас адуугаа олоогүй замд 20 гаран тооны адуу таарахаар саравчинд хашиж 1 тооны адууг нь махалсан юм... Би дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн юм... Би бусдын нэг тооны адуу хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 8-9 тал/

З.Оээс адууны гуя  2 ширхэг, хаа 2 ширхэг, нуруу 1 ширхэг, өвчүү 1 ширхэгийг хураан авч, хохирогч С.Бэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-12 хуу/

Хохирогч С.Бийн алдсан нэг тооны адууны үнэлгээг 1.200.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ШД-179 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-81 хуу/

Улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоцикл, 7 настай сартай хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай тогтоол  /хх-ийн 14-15 хуу/

Улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоциклийн үнэлгээг 250.000 төгрөгөөр, 7 настай сартай хүрэн зүсмийн морины үнэлгээг 1.100.000 төгрөгөөр тус тус тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ШД-223 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-25 хуу/

Э.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 хуу/

Э.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-106 хуу/

Э.Н нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 16 цагийн ял эдэлж, 624 цагийн ялын үлдэгдэлтэй байгаа тухай Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/826 дугаартай албан бичиг /хх-ийн 115 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 136, 137, 138 хуу/

Шүүгдэгч Э.Нын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “иргэний нэхэмжлэгч З.Оийн Хаан банкны 5951043876 дугаартай дансанд 1.162.000 төгрөг төлсөн баримтууд /хх-ийн 174-175 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Н нь 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг “Нартын зүүн ам” гэх газраас хохирогч С.Бийн 1 тооны морийг уналгын морь ашиглан хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  Шүүгдэгч Э.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь хохирогч С.Б, иргэний нэхэмжлэгч З.О, гэрч Б.Б, Д.М, С.Эрдэнээ нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Бэд1.200.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч З.От 1.162.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогч С.Б нь “ хохирлоо барагдуулж авсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 тал/ өгсөн, мөн иргэний нэхэмжлэгчид 1.162.000 төгрөг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Иймд  шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу  мал  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Э.Нт 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины мөнгийг гаргуулж, улсын орлого болгох, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй гэсэн  дүгнэлт тус тус гаргасан.

           

Шүүгдэгч Э.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Нт 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ уналгын морь ашигласан болох нь тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу уг морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүгдэгч Э.Нт оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч нь 2021 оны 04 дугаар  сард үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Э.Нт 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй гэж заасан байх тул шүүгдэгчид хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналгын морийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх  хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ өршөөлд хамаарахгүй болохыг дурдсугай.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоцикл, 7 настай сартай хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай тогтоолыг хүчингүй болгож  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баатад овгийн Эийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.100.000 төгрөгийн үнэ бүхий 7 настай сартай хүрэн зүсмийн морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Нт оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

6. Шүүгдэгч Э.Нт 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

 

7. Шүүгдэгч Э.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоцикл, 7 настай сартай хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай тогтоолыг хүчингүйболгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.  Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Э.ОДХҮҮ