| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/02504/И |
| Дугаар | 181/ШШ2017/02345 |
| Огноо | 2017-09-22 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2017/02345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Э-д холбогдох
14.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие цахилгаан холбооны гадна шилэн дулааны кабель тавих зөвшөөрөлтэй учир тендерт орох болсон. Тэгээд тендерт орох гэтэл таньдаг эмэгтэй энд нэг тендер авч өгдөг хүн байдаг. Миний таньдаг хүн байгаа гэсэн. Тэгээд уулзтал миний таньдаг, нөхрийг нь ч таньдаг хүн байсан. Тэгээд миний итгэл төрсөн.
Ингээд урьдчилгаа 9.000.000 төгрөг авна гэсэн. Надаа одоо 9.000.000 төгрөг байхгүй гэтэл мөнгө зээлүүлдэг хүн олж өгье, үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих гэсэн. Тэгээд энэ Б.Эрдэнэбилэг гэдэг хүн дээр очиж, 15.000.000 төгрөг аваад, би 6.000.000 төгрөг аваад, бэлтгэл ажлаа хангасан. Хариуцагч 9.000.000 төгрөг аваад тэр хүнд өгсөн. Тэгээд 3 хувийн хүүтэй өгсөн. Тэгээд тендерээ авч өгч чадаагүй. Би Сангийн яамаар хөөцөлдсөн. Энэ бүтэхгүй болохоор гэрээгээр авч өгье гэсэн. Гэтэл бас бүтээгүй. Ингээд бүтэхгүй юм байна. Би мөнгө, төгрөгийн хүү төлөөд байна гэхэд, би хүүг чинь зогсооё, байж бай. Надад газар шорооны мөнгөний ажил байна.
Ингэж баахан яваад, сүүлдээ утсаа авахаа больсон. Нэг удаа утсаа авсан, миний өөдөөс эвгүй авир гаргасан.
Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаад хандсан. Цагдаа дээр очиход нүүрэлдүүлсэн, хүлээн зөвшөөрөөд 9.000.000 төгрөг өгнө гэсэн. Хүүний асуудлыг мөнгө өгсөн хүнээсээ зогсоож өгье, 9.000.000 төгрөгийг цагаан сар өнгөрөөгөөд өгнө гэсэн. Ингээд цагаан сарын дараа өгөөгүй, чимээгүй болчихсон. Мөрдөн байцаагч дээр очиход хэргийг аль хэдийн хэрэгсэхгүй болгочихсон, Чингэлтэй дүүргийн прокурорт өгсөн байсан.
Ингээд хуулийн зөвлөгөө авахад Иргэний хэргийн шүүхэд ханд гэсэн. Тэгээд нэхэмжлэл гаргасан. Би 15.000.000 төгрөгийг төлөхдөө А зэрэглэлийн байраа 81.000.000 төгрөгөөр зараад, бэлэн 15.000.000 төгрөг бэлэн өгсөн. Ингээд хүүтэйгээ нийлээд 18.000.000 төгрөг төлсөн. Хүүний үлдэгдэл 7.300.000 төгрөг үлдсэн. Үүн дээрээ дахиад газрын гэрчилгээ барьцаалаад, дахиж шинээр гэрээ байгуулсан. Н.Э э энэ 7.300.000 төгрөгийг чинь хүүгүй болгож өгнө, танд 9.000.000 төгрөгийг чинь өгнө гээд өдийг хүргэсэн” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Бийн ярьж байгаад гайхаж байсан. Энэ хүн өөрөө Н.Э дээр ирээд тендер авах гэсэн юм таньдаг хүн байна уу гэж өөрөө хүрч ирсэн байдаг. Н.Э тухайн үед надад таних хүн байхгүй гэсэн. Н.Эрдэнийн нөхөр цэргийн хурандаа хүн байдаг. Ц.Бийг зүс харсан, танихгүй гэдэг. 2-3 удаа ярьсан байдаг. Надад Б.Эрдэнэбилэг гэдэг таньдаг хүн байдаг. Тэр хүн мөнгө зээлэх эсэхийг асууж үзье гэсэн.
Тэгээд тэр хүнтэй чинь уулзаж, мөнгө зээлж авъя гэсэн байдаг. Ц.Б намайг дагуулж очооч гээд Н.Э эг дагуулж очсон. 15.000.000 төгрөгийг Б.Эрдэнэбилэгээс зээлийн гэрээ байгуулж авсан. 9.000.000 төгрөг авсан гэдэг нь ор үндэсгүй. Тэр зээлийн гэрээнээс нэг ч төгрөг аваагүй. Үүнийг Б.Эрдэнэбилэг үүнийг гэрчлэх байх. Энэ хүн хашаа, байшингаа борлуулаад 15.000.000 төгрөгөө хүүтэй нь өгсөн. Үлдэгдэл нь яаж үлдснийг мэдэхгүй байна. Н.Э , Ц.Б нарын хооронд ямар ч зээлийн харилцаа үүсээгүй.
Нэхэмжлэлийн шаардлага дээрээ хүү тооцсон байдаг. Мөн ямар нэгэн мөнгө авснаа нотлохгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ц.Бнь хариуцагч Н.Э д холбогдуулан 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Э нь Ц.Бтой зээлийн гэрээний харилцаанд ороогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Б нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Э-тэй зээлийн гэрээний дагуу 6.000.000 төгрөгийг бэлнээр авч, үлдэх 9.000.000 төгрөгөөр Б.Э-ээс Н.Э эгийн зээлсэн 9.000.000 төгрөгийг өрийг дарсан тул 9.000.000 төгрөг болон зээлийн хүүнд 5.000.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарласан.
Хариуцагчийн Н.Э эгийн бусдад төлөх 9.000.000 төгрөгийн өрийг нэхэмжлэгч Ц.Б төлсөн болох нь гэрч Б.Э-ийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар өр шилжүүлэх хэлцэл байгуулаагүй болох нь талуудын тайбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Мэдээлэл технологийн харилцаа холбооны газраас зарласан шилэн кабелийн тендерийн ажил авч өгнө хэмээн үл таних Б.Эрдэнэбилэгийг дагуулан ирж, 15.000.000 төгрөг зээлүүлж, 9.000.000 төгрөгийг Н.Э өөрөө авсан”, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Энэ хүн өөрөө Н.Э дээр ирээд тендер авах гэсэн юм таньдаг хүн байна уу гэж өөрөө хүрч ирсэн байдаг, тадуулын”, гэрч Б.Эрдэнбилэг шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “...Ц.Б ах 15.000.000 төгрөг бэлнээр төлсөн, Эрдэнэ 12.000.000 төгрөгийн өртэй байсан, Ц.Бийн зээлсэн мөнгөөр 9.000.000 төгрөг нь хаагдчихсан. Эрдэнэ эгч мэдэж байсан” гэж мэдүүлгээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа үүсээгүй, хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч Ц.Боор Б.Эрдэнэбилэгт зээлийн гэрээний дагуу төлөх 9.000.000 төгрөгийг төлүүлсэн ба Ц.Б нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны зээлийн гэрээний үүрэг 15.000.000 төгрөгийг Б.Эрдэнэбилэгт төлсөн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн төлбөрөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 5.000.000 төгрөгийн хүү тохиролцсон гэж шаардаж байгаа боловч талуудын хооронд хүү тоолсон бичгээр гэрээ байгуулагдаагүй, мөн 5.000.000 төгрөгийн хохирол учирсан байдал баримтаар тогтоогдохгүй байх тул 5.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Н.Э эс 9.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Н.Э эс 9.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э эс улсын тэмдэгтийн хураамжид 158.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР