Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 52 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2207000000039 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, 39 настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух,

Урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

******* овогтой *******ийн ******* /РД:*******/

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ******* ******* амралтын газарт Р.*******тай “олж өгсөн ажлыг хийсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ч.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Р.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Р.*******ын мэдүүлэг /хх 9/, гэрч Г.ийн мэдүүлэг /хх 14/, шинжээч эмч С.ы 86, 87 дугаартай дүгнэлт /хх 23, 28/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Яллагдагч *******ээс хохирогч Р.******* нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Иймд шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ч.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ******* ******* амралтын газарт хохирогч Р.*******тай “олж өгсөн ажил хийсэнгүй гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх зүүн шанаанд цус хуралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, нүүр, эрүү, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ч.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* “******* зуслан” нэртэй хүүхдийн зусланд нэг өрөөг дүүш болгохоор засварлах зорилгоор тухайн амралтын газар 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тай очиж тухайн засварын ажил хийж байх үед 2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед ******* сантехникийн ажил хийхээр ганцаараа ирсэн. Тэгээд бид 3 хоол унд идээд 0.75 литрийн, 0.5 литрийн хараа архи тус тус 1 шилийг уусан. Бид нар ууж дуусаад тэгтэл ******* нэлээн согтолттой уйлаад бөөлжөөд байсан. Тэгээд ******* хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг ажил олж өгсөн тэр ажлыг хийж өгсөнгүй гээд намайг хараагаад доромжлоод байсан тэгээд бид 2 муудалцаж зууралдаж байгаад бид 2 хоёулаа хамт газар уначихсан. Тэгээд би *******ын нүүр хэсэг рүү нь цохисон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Р.*******ын өгсөн: ...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байх үед хуучин ажиллаж байсан ******* зуслангийн захирал утсаар яриад ******* ******* амралтын газар сантехникийн ажил хийлгэх гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд орой 20 цагийн үед ******* ******* амралтын газар очсон. Тэр үед захирал , ******* хоёр байсан. Тэгээд ойрд уулзаагүй юм чинь гээд дэлгүүр ороод 0.75, 0.5 литрийн Хараа аваад бид гурав 2 шил архиа хувааж уусан. Би *******ийг өмнө ажил өгөөд ажиллуулдаг байсан тэгэх үедээ ******* ажлаа дутуу хийгээд мөнгө төгрөгөө авчхаад болиод байсан.Тэгэхээр нь би тухайн өдөр тэр талаар яриад бид хоёр муудалцсан. Тэгээд бид хоёр маргалдаад барьцалдаж аваад зууралдаж байгаад ******* намайг газар унагаагаад миний нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан. Би яг хэдэн удаа цохисон талаар бол мэдэхгүй байна. Тэгсэн орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн ******* явлаа гээд явган алхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9 дүгээр тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.ийн өгсөн: “...Би сангийн ажил хийлгэхээр гэх ахыг хотоос дуудаж авчирсан. Тэгээд бид 3 ойрд уулзаагүй юм чинь гээд хоёр шил архи хувааж уусан. Тэгсэн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 05 цагийн үед *******, хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Би салгаж дийлэхгүй нэлээд ноцолдсон. Тэгээд ******* явлаа гээд 08 цагийн үед явган яваад өгсөн...Яг юунаас болж маргалдсаныг би сайн мэдэхгүй байна. Ажлаа ярьж байгаад гэнэт маргалдаад эхэлсэн. *******, г гараараа цохиод байсан өөр янз бүрийн зүйлээр цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/86 дугаар: “Р.*******ын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн шанаанд цус хуралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, нүүр, эрүү, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 23 дугаар тал/

5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/87 дугаар: “Ч.*******ийн биед баруун сарвуу, цээж, баруун өвдгөнд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

6. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 21 дүгээр тал/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 40 дүгээр тал/

8. шүүгдэгч Ч.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 52-68 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ч.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Р.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.******* нь хохирогч Р.*******ын нүүрэн тус газар нь цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/86 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ч.*******ийн гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.*******ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Ч.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”,  мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Энхбат нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэн зөрчлийг арилгаж дахин гаргахгүй байх нь зүйтэй.

Бусад асуудлаар

     Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ