Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч С.Номин-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч Э.Чунаггарав, түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэдалайн Чунаггаравт холбогдох 2015 2503 0999 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 14 дүгээр гудамжны 445 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялын зарим болох 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн Э.Чунаггаравын биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан, хэрэг хариуцах чадвартай, Таван хар овогт Эрдэнэдалайн Чунаггарав (РД:ОК85080619),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2015 оны 7 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44-445 тоотод П.Гунгааноровыг хутгалж биед нь хүнд гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах талын болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-2015 оны 7 дугаар сарын 26-нд Гунгааноров, Отгонбаатар, түүний эхнэр Бямбабаяр нар манайд ирсэн байсан. Тэд нар манай ээжээр 2 удаа хоол хийлгэж идсэн байсан. Би тэр үед ажил хөөцөлдөдд гадуур явж байсан. Бид нар манайд архи уусан. Дараа нь Отгонбаатар бид хоёр 1 шил архи аваад жалганд ууж байхдаа бид хоёр Эрдэнэтэд болсон явдлын талаар маргалдсан. Эхлээд Отгонбаатар намайг цохьж аваад, би зөрүүлж цохиход, түүний хамраас цус гарсан, тэгээд бид хоёр эвлэрээд гэртээ ороод ирэхэд Гунгаа намайг найзыгаа ингэлээ гээд намайг цохьж аваад бид маргалдсан. Би яаж ч магадгүй гээд ил байсан хутгыг далд хийе гэж бодоод авахад Гунгаа намайг шаачих гээд байсан. Бид хоёр хутга булаалдсан. Эмчилгээний зардлыг би төлнө гэв.

            Хохирогч П.Гунгааноровоос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед Отгонбаатар, түүний эхнэр Бямбабаяр бид 3 Чунаггаравын гэрт очсон. Тэднийд очиход ээж нь байсан. Чунаггарав байгаагүй. Дүү нь урд талынхаа гэрт байсан. Тэгээд жаахан байж байтал Чунаггарав хажуу айлынхаа эгчтэй нэг шил архи барьчихсан хүрч ирсэн. Тэгээд ээж нь хоол хийж өгсөн. Тэгээд тэр архийг бүгдээрээ тойруулж уугаад байж байтал Чунаггарав Отгнбаатар 2 алга болчихсон. Тэгэхээр нь Бямбабаяр бид хоёр тэр хоёрыг хайгаад ололгүй буцаж ирээд хашаанд нь байж байтал тэдний гэрийн арын жалганд тэр 2 сууж байсан. Бямбабаяр бид хоёрыг яваад очиход Отгонбаатарын баруун хацрыг яраад хаясан юм шиг цус болсон байхаар нь би Чунаггаравт хандан “чи найзыгаа ийм болгоод байхдаа яахав дээ” гэж хэлээд 2 удаа шанаа руу нь цохиж авсан. Тэгээд Отгонбаатарын цусыг угаагаад гэрт оруулж бүгд унтахаар болсон. Отгонбаатар, Бямбабаяр 2 өргөн орон дээр, би газраар, Чунаггаравын ээж нөгөө орон дээр хэвтсэн. Тэгж байтал гаднаас Чунаггарав орж ирээд миний мөрөн дээрээс татаж “Гунгаа хөгшөөн” гэж босгоод шууд цээж рүү пэр гээд юм хатгасан. Тэгээд үзэхэд хутга байсан ба тэр өөрөө хутгыг сугалж хаячихаад гараад зугтаасан. Тэгээд би тэр үед газар дээрээ цус алдаад цус тогтохгүй байж байгаад ухаан алдчихсан. Нэг харахад эмч цагдаа ирчихсэн байж байх шиг байсан. Тэгээд цэргийн госпиталь руу очиж хэвтсэн ба надаас эмчилгээний мөнгө нэхээд байхаар нь мөнгөгүй учир Эрдэнэт рүү явсан юм. Би Чунаггаравыг Отгонбаатараар дамжуулж таньдаг болсон. Ер нь нэг хоёр удаа л харж байсан. Зүс мэдэхээс сайн танихгүй найзын найз гэдэг утгаар нь мэднэ. Ямар нэг дотно харьцаа байхгүй, өс хонзон өр авлага байхгүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Замын зардал ч бас нэлээн гарсан. Нэхэмжлэх зүйлийн баримтаа дараа гаргаж өгнө. Эмчилгээний зардал төлбөрийг өгчих юм бол нэг их гомдол санал байхгүй гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.М.Бямбабаяраас:-…Гунгааноров, Отгонбаатар бид 3 нутгийн залуу Чунаггаравынд очоод байж байтал Чунаггарав согтуу ирсэн. Тэгээд хажуу айлынхаа хүнээр архи авч ирүүлж бид нар уусан. Тэгж байтал манай нөхөр Отгонбаатар, Чунаггарав 2 гэнэт алга болчихсон байсан. Би Гунгааноровтой тэр хоёрыг 2-3 цаг хайгаад олоогүй орой харуй бүрий болсон. Тэгээд буцаж явтал жалганд манай нөхрийн дуу гарахаар нь очиход тэр 2 юм нэмж уусан бололтой жалганд сууж байсан. Би нөхрийнхөө нүүр рүү харахад нүүр нь нэл цус болсон, жавьжийг нь ярсан юм шиг харагдахаар нь уйлаад “яаж байгаа юм бэ” гээд уурлатал Гунгааноров Чунаггаравт “чи найзыгаа яаж байгаа юм бэ” гээд толгой хавьд нь 2, 3 удаа цохьсон. Тэгээд орж ирээд нөхрийнхөө нүүрийг угаатал зүгээр цус болсон байсан. Тэгээд бид нар унтахаар хэвтэж байтал гаднаас Чунаггарав орж ирээд Гунгааноров дээр очоод “Гунгаа хөгшөөн” гээд гараа сарвайсан. Гунгаа босоод гараа сарвайгаад тэврэлдэх шиг болсон тэгтэл Чунаггаравын ээж нь “хөөе хүн алчихлаа ш дээ” гээд муухай орилоод Чунаггаравын гарыг хойш нь таттал Чунаггаравын гарт хутга байсан. Тэгээд ээж нь хутгыг нь аваад орилоод гараад явсан. Гунгааноров арагшаа саваад уначихсан. Тэгээд манай нөхөр очоод Гунгааноровыг тэвэрч авахад түүний цээжнээс цус олгойдож байсан. Тэгээд түргэн, цагдаа дуудаад байж байхад Чунаггарав алга болчихсон. Чунаггарав Гунгааноровыг тэвэрч аваад 1 л удаа хутгалсан. Яг зүрхнийх нь хажууд хутгалсан байна лээ. Үгийн зөрүүгүй хутгалсан гэжээ.

            2.Д.Отгонбаатараас:-…Чунаггарав бид 2 архи аваад буцаж явахдаа уулын энгэр дээр уугаад тэр архийг ууж байхдаа урьдын Эрдэнэтэд болсон явдлаас болж Чунаггарав над руу уурлаад, тэгээд бид 2 барилцаж аваад Чунаггарав миний хамар руу цохиод цус гарсан байж байхад эхнэр Гунгааноров хоёр хүрч ирсэн. Тэгээд Гунгааноров манай найзыг дуудаж авч ирээд нутгийнхаа залууг зодлоо гэж уурлаад Гунгааноров Чунаггаравыг 2 цохиод манай эхнэр болиулсан. Тэгээд Чунаггаравынх руу унтахаар очоод хэвтэж байтал Чунаггаравын ээж нь орилоод “хүн алчихлаа ш дээ” гээд явчихсан. Би ухасхийгээд бостол Гунгааноровын цээжнээс цус гарч байсан. Би шууд дараад авсан. Тэгтэл Чунаггаравын дүү орж ирээд цагдаа, түргэн 2 дуудсан. Тэр үед би сандраад байж байхад Чунаггарав алга болчихсон гэжээ.

            3.Э.Жанрайжаваас:-…Тэр залуугийн зүүн суганы доор хавирга завсраас нь цус гарсан байсан. Тэгээд би наадахаар дарчих гээд цамц өгөөд түргэн дуудсан гэжээ.

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.6.22-ны өдрийн ¹833 тоот дүгнэлтэд:

            1.Гунгааноровын биед тухайн үед цээжний зүүн талын нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт бүхий гэмтэл учирчээ.

            2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь 2015.7.27-ны өдөр буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Э.Чунаггарав нь 2015 оны 7 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44-445 тоот өөрийн гэртээ бусадтай архи ууж согтуурсан үедээ Отгонбаатарыг өмөөрч өөрийг нь цохьсон гэх шалтгаанаар П.Гунгааноровыг хутгалснаас түүний биед цээжний зүүн талын нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Гунгааноровын “…Бямбабаяр бид 2-ыг яваад очиход Отгонбаатарын баруун хацрыг яраад хаясан юм шиг цус болсон байхаар нь би Чунаггаравт хандан “чи найзыгаа ийм болгоод байхдаа яахав дээ” гэж хэлээд 2 удаа шанаа руу нь цохиж авсан. ... гаднаас Чунаггарав орж ирээд миний мөрөн дээрээс татаж “Гунгаа хөгшөөн” гэж босгоод шууд цээж рүү пэр гээд юм хатгасан. Тэгээд үзэхэд хутга байсан ба тэр өөрөө хутгыг сугалж хаячихаад гараад зугтаасан” гэх мэдүүлэг, гэрч М.Бямбабаярын “…Би нөхрийнхөө нүүр рүү харахад нүүр нь нэл цус болсон, жавьжийг нь ярсан юм шиг харагдахаар нь уйлаад “яаж байгаа юм бэ” гээд уурлатал Гунгааноров Чунаггаравт “чи найзыгаа яаж байгаа юм бэ” гээд толгой хавьд нь 2, 3 удаа цохисон. ... гаднаас Чунаггарав орж ирээд Гунгааноров дээр очоод “Гунгаа хөгшөөн” гээд гараа сарвайсан. Гунгаа босоод гараа сарвайгаад тэврэлдэх шиг болсон тэгтэл Чунаггаравын ээж нь “хөөе хүн алчихлаа ш дээ” гээд муухай орилоод Чунаггаравын гарыг хойш нь таттал гарт нь хутга байсан. Тэгээд ээж нь хутгыг нь аваад орилоод гараад явсан. Гунгааноров арагшаа саваад уначихсан. Тэгээд манай нөхөр очоод Гунгааноровыг тэвэрч авахад түүний цээжнээс цус олгойдож байсан…” гэх мэдүүлэг, гэрч Д.Отгонбаатарын “…Гунгааноров манай найзыг дуудаж авч ирээд нутгийнхаа залууг зодлоо гэж уурлаад Гунгааноров Чунаггаравыг 2 цохиход манай эхнэр болиулсан. Тэгээд Чунаггаравынх руу унтахаар очоод хэвтэж байтал Чунаггаравын ээж нь орилоод “хүн алчихлаа шдээ” гээд явчихсан. Би ухасхийгээд бостол Гунгааноровын цээжнээс цус гарч байсан. Би шууд дараад авсан…” гэх мэдүүлэг, гэрч Э.Жанрайжавын “Тэр залуугийн зүүн суганы доор хавирга завсраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-9-10), гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-10-11), хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.6.22-ны ¹833 тоот акт (хх-46-47), хохирогчийн өвчний түүх (хх-.21, 49, 52-58), бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Харин прокуророос шүүгдэгч Э.Чунаггаравыг танхайн сэдэлтээр хохирогч  П.Гунгааноровыг хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулахдаа нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, үл ялих зүйлээр шалтагласан зэрэг танхайн сэдэлт буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд шүүгдэгч Таван хар овогт Эрдэнэдалайн Чунаггаравыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан ба шүүгдэгч нь дээрх хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар түүнийг ялгүйд тооцож, шүүгдэгч Э.Чунаггаравыг 2015 оны 7 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө анх удаа Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.

Хохирогч П.Гунгааноров нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 350.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эртхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэв. 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Чунаггаравт холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Таван хар овогт Эрдэнэдалайгийн Чунаггаравыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Э.Чунаггаравыг 5 (тав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Чунаггаравт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.Чунаггаравын цагдан хоригдсон 79 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Чунаггаравт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.БУЯННЭМЭХ

              ШҮҮГЧИД                                           С.БАТГЭРЭЛ

               Ё.ЦОГТЗАНДАН