Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2521

 

 

 

 

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Х.Энхзаяа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн  тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УС, Хүчтэн овогт Долгорсүрэнгийн Дийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар НЮ, Гүжирийн Үер овогт Лувсандамбын Э,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн дүгээр байрны 16 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧК, Хаан Боржигон овогт Бямбаринчингийн Б,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧИ, Бэсүд овогт Цэрэнбаатарын Ц,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ШД, Тавхай овогт Оюунбилэгийн П,

 

Хариуцагч:Орхон аймгийн тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УД, Боржигон овогт Дашзэвэгийн А нарт холбогдох

 

Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, мэдээлэл тархсан хэлбэрээр уучлалт хүсэхийг, мэдээллийг няцааж, залруулга хийхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, иргэдийн төлөөлөгч С.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Р.Болдбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо ТББ-ын гишүүн гэж өөрсдийгөө нэрлэсэн Ц.Ц, О.П, Л.Э, Б.Б, Д.А нар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийсэн бөгөөд энэ хурлаар эдгээр хүмүүс “Д.Д хууль бусаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон, Д.Доос ямар ч менежмент гарахгүй гэдэг нь ойлгомжтой, түүнд байгууллага удирдах боловсрол, арга барил, ур чадвар, сэтгэл зүрх, харилцааны соёл байхгүй, ах Д.Сумъяабазар нь өөрийгөө олон жил тэтгэж байсан дүүгээ сумогоос хөөгдөхөд нь зөөлөн буулт хийлгэж, чөлөөт бөхтэй хамаагүй хүнийг Монголын чөлөөт бөхийн холбоонд оруулж ирсний гай өнөөдөр тодорч байна.2014 оны азийн аврага шалгаруулах тэмцээн Казахстан улсад болоход Монгол улсын гавьяат тамирчин О.П шагналын тавцанд гарах гэтэл Д.Д дуудан болиулж, дарамтлан цамцыг тайлуулан авч хэн нь мэдэгдэхгүй, огт танихгүй Казахстан хүнд өмсүүлэн шагналын тавцанд гаргаж Монголын нэр хүндийг гутаан доромжилсон.Монголын баг тамирчдын үр шимээр олж авсан баяр бахдалыг дээрэмдэж дарамталсан, өөрт нь үнэн үг хэлж, шударга хандсан дасгалжуулагч, тамирчин, шүүгчдийг хараан загнаж, заримыг нь үүрэгт ажлаа хийх боломжгүй болгож, хүний эрхийг хохироон дарангуйлагч, сайд, дарга нар эсвэл гадныхантай эелдэг, нялуун харьцаж, өөрийгөө маш сайн хүн, монголын чөлөөт бөхийг аврагч мэтээр ойлгуулж ичихгүйгээр хоёр нүүр гаргаж чаддаг бялдууч, буруугаа хүлээдэггүй, өөртөө дүгнэлт хийдэггүй, засаршгүй этгээд, дэлхийн медалийг хахууль өгч авч өгсөн” гэж шүжир гүтгэлэгийн чанартай мэдээллийг хийсэн.

Д.Д холбогдох дүрэм журмын дагуу Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа Монгол улсад чөлөөт, сонгомол, барилдааныг хөгжүүлэх, энэ спортоор монгол хүний авъяас чадварыг илрүүлж хөгжүүлэх, ирээдүй хойч үеийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх, олимпийн наадам, олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц тамирчдыг тасралтгүй бэлтгэх, энэ үндсэн дээр эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах их үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, бүх нөөц боломжоо дайчлан зүтгэж байна.Энэ үйл ажиллагаанд хувиасаа болон өөрийн холбогдох компаниудаас спортын хувцас, хэрэглэлийн хангалтад 584 059 950 төгрөг, олимпид оролцох үндэсний шигшээ багийн хувцас хэрэглэлийн хангалтад 484 011 780 төгрөг, тамирчдын витамин, эм бэлдмэлийн хангалтад 150 370 120 төгрөг, Олон улсын Найрамдал зусланд чөлөөт бөхийн бэлтгэлийн бааз барихад 900 000 000 төгрөг, Хасу Мегаватт клубын спорт эко цогцолбор барихад 950 000 000 төгрөг, чөлөөт бөхийн олон улсын шаардлага хангасан дэвжээ өндөрлөгөөнд 65 000 000 төгрөг, материаллаг бааз, хөрөнгө оруулалт /олимп сургууль/ 58 000 000 төгрөг нийт 3 191 411 850 төгрөгийн санхүүжилт хийж, зардал гаргаж ажиллаж байна.Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол улсын нэр хүндийг гутаан доромжилсон, дасгалжуулагч, тамирчин, шүүгчдийг хараан загнасан, дарамталсан, дарангуйлсан, дэлхийн медалийг мөнгөөр авсан зэрэг бусармаг үйлдэл гаргаж байгаагүй.Гэтэл хариуцагч нар нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд илтэд бүдүүлэгээр халдаж, ор үндэслэлгүй мэдээ, мэдээллийг Монгол орон даяар тарааж, олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн.Үүний улмаас өдөр тутмын сонин, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний тухай гүжир гүтгэлэгийн чанартай нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүндийг гутаасан мэдээ тарсан.Хариуцагч нар хэвлэлийн бага хурал хийж гүжир гүтгэлэгийн чанартай мэдээлэл тарааснаас болж миний Монгол улсад чөлөөт, сонгомол, барилдааныг хөгжүүлэх, энэ спортоор монгол хүний авъяас чадварыг илрүүлж хөгжүүлэх, ирээдүй хойч үеийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх, олимпийн наадам, олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц тамирчдыг тасралтгүй бэлтгэх, энэ үндсэн дээр эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах их үйлсийн төлөө хөдөлмөрлөж байсан он жилүүдийн хувийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нотойгоор халдаж, гутаан доромжилсон. Хариуцагч нар мэдээлэл тараахдаа түүтэй уулзаагүй, түүнээс зөвшөөрөл аваагүй түүний тухай бичсэн “Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хорооноос Монголын чөлөөт бөхийн холбоонд шаардлага хүршүүлэх тухай” гэсэн хууль бус албан бичгийг олон нийтэд тарааж, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөөнд бүдүүлэгээр халдсан.Д.Д 16 настай байхдаа Япон улсыг зорьж сумо бөхөөр хичээллэж, олон жил уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга цолыг хүртсэн анхны Монгол хүн болж улс орныхоо нэрийг дэлхийд сурталчилж явсан.Монголын төр засаг миний авъяас, хөдөлмөр, гавъяаг үнэлж Монгол улсын гавъяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнасан нь Монголын ард түмэн, олон нийт, төр засгаас миний хөдөлмөрийн үнэлсэн үнэлэмж юм.Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, мэдээлэл тархсан хэлбэрээр Д.Доос уучлал хүсэхийг Ц.Ц, О.П, Л.Э, Б.Б, Д.А нарт даалгах, миний тухай өдөр тутмын сонин, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан гүжир гүтгэлэгийн чанартай нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тархсан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт, залруулга хийхийг Ц.Ц, О.П, Л.Э, Б.Б, Д.А нарт даалгуулахыг хүсэж байна.Хэвлэлийн хурлаар чөлөөт бөхийн холбооны тамирчид, дасгалжуулагч нарын гарын үсэгтэй албан шаардлагыг тараасан байдаг, энэ нь Д.Дийн нэр төрд халдаж, гутаан доромжилсон зүйлүүд яригдсан байгаа. Серенбек нь Монгол хүн биш Казахстан улсын иргэн гэх нотлох баримт байхгүй, Казахстан улсын иргэн шагналын тавцанд гараад шагнал авсан гэдэг талаар яригдаж байгаа нь Д.Дийн нэр хүндэд нөлөөлж байгаа.Визийг хуурамчаар мэдүүлсэн гэх асуудал нь Баянмөнхтэй холбоотой хэрэг шийдвэрлэгдсэн баримт байгаа, хэвлэлийн бага хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчид болон дасгалжуулагч багш нарын гарын үсэгтэй албан шаардлагыг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар тараасан.Энэ нь шаардлага гэхээсээ Д.Д гэдэг хүний нэр төрд халдаж , гутаан доромжилсон зүйлүүд яригдсан байгаа.Д.Дийг чөлөөт бөхийн мэдлэггүй гэх нотлох баримт байхгүй, Серенбек гэдэг хүн монгол хүн биш Казахстан улсын иргэн гэх нотлох баримт байхгүй, казахстан хүн шагналын тавцанд гараад шагнал авсан гэдэг талаар яригдаж байгаа нь Д.Дийн нэр хүндэд нөлөөлж байгаа, визийг хуурамчаар мэдүүлсэн асуудал нь Баянмөнх гэдэг хүнтэй холбоотой хэрэг нь шийдвэрлэгдсэн баримт байгаа, Д.Д хууль бусаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон гэх үндэслэлийг энд ярихгүй байгаа гэв.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэлд дурдсанчлан Д.Дийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэх хүндэд халдсан, гутаан доромжилсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Захиалгаар худал мэдээ тарааж түүний нэр хүндэд халдсан зүйл байхгүй гэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч нарын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон нэг ч үг, үйлдэл хийгээгүй.Хариуцагч нар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийх болсон бэ гэхээр Д.Д 2013 онд Монголын чөлөөт бөхийн холбоонд нэр хүндээ ашиглан, хууль бусаар орж ирээд ерөнхийлөгч болсон, бөхчүүдийг ялгаж алагчлан үздэг, багш, дасгалжуулагч нарыг загнаж, айлгаж дарамталдаг байсан.Д.Дид чөлөөт бөхийн талаар мэдлэг байхгүй, спорт болгон тус тусдаа дүрэм жужрамтай байдаг.2014 онд Казахстан улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын эрэгтэй шигшээ баг мөнгөн медаль авсан бөгөөд медалийг хэн гарч гардаж авах талаар чөлөөт бөхийн холбооны заасны дагуу шагналын тавцанд шигшээ багийн дасгалжуулагч О.П гардаж авах гэж байхад Д.Д ирээд хувцасаа тайл энэ хүн гарна гээд хэн ч мэдэхгүй Казахтан улсын иргэнийг гаргаж шагналыг авхуулсан байдаг.Мөн чөлөөт бөхийн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явахад 3 тамирчны визийг хуурамчаар мэдүүлээд явуулсан байсан.Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Д чөлөөт бөхийн холбооноос хуурамч виз гаргаагүй гэж хэвлэлийн бага хурал хийж хуурамч мэдээлэл тараасан.Гэтэл хуурамч виз үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон байдаг.Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дуусаад 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн нь хууль бусаар орж ирсэн ерөнхийлөгч, мөн чөлөөт бөхийн холбоонд орж ирээд ир төсөв мөнгө гаргадаг асуудлыг шийдсэнгүй гээд ччөлөөт бөхийн холбоог шинэчлэх түр хороог байгуулж хэвлэлийн бага хурал дээр ярьсан зүйлүүд болон санхүүгийн баримттай танилцаарай гээд тарааж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа асуудал яригдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороонд олон гишүүн байгаа, энэхүү шаардлагад хариуцагч 5 хүн гарын үсэг зураагүй, 30 гаран хүн гарын үсэг зурсан байдаг.Хэвлэлийн бага хурал хийснээр Д.Дийн нэр хүнд хэрхэн унасан нотлох баримтгүй байна.Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Д цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо ярихдаа Серенбекийг дэд ерөнхийлөгч гэж хэлсэн ба дэд ерөнхийлөгч гэсэн нотлох баримт байхгүй гэв.

Хэрэгт байгаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон дүрс бичлэгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч  Д.Д хариуцагч Ц.Ц, О.П, Л.Э, Б.Б, Д.А нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, мэдээлэл тархсан хэлбэрээр уучлал хүсэхийг хариуцагч нарт даалгах, миний тухай өдөр тутмын сонин, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан гүжир гүтгэлэгийн чанартай нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тархсан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт, залруулга хийхийг хариуцагч даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь “Д.Доос ямар ч менежмент гарахгүй гэдэг нь ойлгомжтой, түүнд байгууллага удирдах боловсрол, арга барил, ур чадвар, сэтгэл зүрх, харилцааны соёл байхгүй, ах Д.Сумъяабазар нь өөрийгөө олон жил тэтгэж байсан дүүгээ сумогоос хөөгдөхөд нь зөөлөн буулт хийлгэж, чөлөөт бөхтэй хамаагүй хүнийг Монголын чөлөөт бөхийн холбоонд оруулж ирсний гай өнөөдөр тодорч байна, 2014 оны азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсад болоход Монгол улсын гавьяат тамирчин О.П шагналын тавцанд гарах гэтэл Д.Д дуудан болиулж, дарамтлан цамцыг тайлуулан авч хэн нь мэдэгдэхгүй, огт танихгүй Казахстан хүнд өмсүүлэн шагналын тавцанд гаргаж Монголын нэр хүндийг гутаан доромжилсон.Монголын баг тамирчдын үр шимээр олж авсан баяр бахдалыг дээрэмдэж дарамталсан, өөрт нь үнэн үг хэлж, шударга хандсан дасгалжуулагч, тамирчин, шүүгчдийг хараан загнаж, заримыг нь үүрэгт ажлаа хийх боломжгүй болгож, хүний эрхийг хохироон дарагуйлагч, сайд, дарга нар эсвэл гадныхантай эелдэг, нялуун харьцаж, өөрийгөө маш сайн хүн, монголын чөлөөт бөхийг аврагч мэтээр ойлгуулж ичихгүйгээр хор нүүр гаргаж чаддаг бялдууч, буруугаа хүлээдэггүй, өөртөө дүгнэлт хийдэггүй, засаршгүй этгээд, дэлхийн медалийг хахууль өгч авч өгсөн” гэж гүжир гүтгэлэгийн чанартай мэдээллийг хийсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.

 

Хариуцагч Ц.Ц, О.П, Л.Э, Б.Б, Д.А нар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн байх бөгөөд энэхүү хурлаар хийсэн мэдээлэлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зүйлүүдийг яриагүй болох нь тухайн хэвлэлийн бага хурлын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Хариуцагч нар хэвлэлийн бага хурал дээр “МЧБХ-ны одоогийн хууль бус удирдлагууд 2012 оны олимпийн наадмын дараагаас эхлэн дүрэм, журмаа зөрчиж, баг тамирчид, дасгалжуулагчдын бэлтгэл хийх нөхцлөөр хангахгүй, сэтгэл санааны дарамтад оруулсаар байна, МЧБХ-г шинэлэх түр хороог 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан, МЧБХ-ны их хурал 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж дүрмээ баталсан байдаг ба энэ дүрэмд МЧБХ олимпын наадам дууссанаас хойш 90 хоногийн дотор хуралдаж, ерөнхийлөгч болон бусад удирдлагуудыг сонгоно гэж заасан байдаг, гэтэл 2012 оны Лондонгийн олимпоос хойш МЧБХ хуралдаагүй атлаа дүрмийн бус аргаар ерөнхийлөгчийг томилж, дүрмийг дур мэдэн өөрчилж хууль бусаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, МЧБХ-г шинэлэх түр хорооны зорилго их хурлыг хуралдуулж, шинэ ерөнхийлөгчийг сонгох байр суурьтай байна, зан суртахууны, санхүүгийн болон бусад олон үйл ажиллагааны хувьд удаа дараа алдаа, дутагдал гаргасан, МЧБХ-ны хууль бус, дүрмийн бус удирдлагуудыг 5 хоногийн дотор огцорч, тамга, тэмдэг, бичиг баримтуудыг хүлээлгэж өг гэсэн шаардлага тавьж байгаа, энэ шаардлагыг МЧБХ-д хүргүүлнэ, ээлжит хурлаа зарлан хуралдуулж, ЧБХ-ны үйл ажиллагааг хэвийн болгоно, бид хэд маш их дарамт шахалтанд ажиллаж амьдарч байна, утсаар, мессежээр, яриагаар, хэл амаар доромжилсон, хүүхдүүдийг сүрдүүлсэн, клубын дарга, дасгалжуулагч нар айдастай байна, бид албан тушаалд очих гээд байгаа юм биш, чөлөөт бөхөөр барилдаж байгаа тамирчдынхаа ирээдүйн төлөө хийж байна, аливаа мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө чөлөөт бөхийн холбооны удирдлагаас зөвшөөрөл авна гэсэн заалт байсныг больсон байсан, бидний саналыг хүлээж авдаггүй, бичгээр гарахад хариу өгдөггүй, тэмцээнд 20 000 000 төгрөг зарцуулсан гэж худлаа ярьсан, эрэгтэй багийн чөлөөт бөхийн амжилт Д.Д ерөнхийлөгч болсноос хойш гарсан, мөнгө зарцуулсан гэж худлаа ярьдаг, тамирчдын гаргасан амжилтыг үгүйсгэсэн, тайлангийн хурал дээр дэлхийн бөхийн холбоо медалийг хувиарласан байдаг, би та нарт медаль мөнгөөр авч өгдөг шүү гэж Д.Д өөрөө хэлсэн, тайланд мөнгө төгрөгийн дүн зөрүүтэй гардаг, улсын төсвийн санхүүжилт МЧБХ-нд харъяалагдаж байгаа тамирчид, өсвөр үеийнхэн, залуучууд, хүүхдүүдэд наалдахгүй байна, хаашаа алга болсон бэ, тэмцээнд орохын тул насанд хүрэгчид 20 000 төгрөг, залуучууд 18 000 төгрөг, өсвөр үеийнхэн 15 000 төгрөг төлж байна, бидэнд битгий саад болоочээ, зардар мөнгө өгөхгүй ч гэсэн биднийг тайван байлгаачээ, санхүүжилтийг улсаас гаргаад байна, тайлангийн хурал дээр том тоо хэлээд байгааг тооцоод үзэхээр дүйцэхгүй байна, Д.Д ирээд аварга болохгүй бол ална шүү пизда минь гэж хэлсэн, энэ бол дарамт, Д.Дийг ерөнхийлөгч болоход сонгууль болоогүй, 2013 онд Чинбат ерөнхийлөгч хурлаа зарлан хуралдуулаагүй, тайлангаа тавиагүй, 2014 онд Чөлөөт бөхийн холбоонд 1 тэр бум шахам төгрөгийн хандив, тусламж орсон байгаа, гэтэл баримтаар нотлогдохгүй байгаа, татварт тайлан өгөх ёстой, тайлан байхгүй, Д.Д аварга өөрөөсөө 352 сая төгрөгийг чөлөөт бөхийн холбоонд оруулсан гэж байгаа, эдгээр мөнгийг хаанаас шилжүүлсэн, яаж зарцуулсан гэдэг нь тодорхойгүй, санхүүгийн дүрэм журмыг мөрдөхгүй байна, албан ёсны тайлан байхгүй, 3 тамирчин хуурамч визний асуудлаар хоригдсон, тэргүүлэгч гишүүнийг үг хэлэх гэхээр дуугүй бай гэж ерөнхийлөгч Д.Д загнадаг, дүрмийнхээ дагуу хурлаа хийе, ерөнхийлөгчөө сонгоё, удирдлагуудаа сонгоё гэсэн санаа шүү дээ, санхүүгийн дүрэм байхгүй, хэдэн төгрөг аль данснаас ороод, юунд зарцуулагдсан болох нь баримтгүй байна, шинэ оны эхний улиралд аудитын шалгалт оруулаад аудитын дүгнэлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олон нийтэд танилцуулах ёстой, 2014 оны тайлан тамга, тэмдэггүй, гарын үсэггүй, задаргаа байхгүй,1 дүгээрт хууль бус, 2 дугаарт зохицуулсан дүрэм, журам байхгүй, удаа дараа алдаа гаргаад эцэстээ тамирчдаа хэрэгт орууллаа, ажиллаж чадахгүй юм байна гэдгээ энэ 2 жилийн хугацаанд харуулсан байна” гэх мэдээллийг хийсэн байна.

 

Хэвлэлийн бага хурал дээр хийгдсэн мэдээллийн агуулгаас үзэхэд хариуцагч Ц.Ц, О.П, Л.Э, Б.Б, Д.А нар нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.Дийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд шууд халдаж түүнийг гутаасан, доромжилсон мэдээлэл тараасан болох нь нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд Казахстан хүн шагналын тавцанд гараад шагнал авсан гэдэг талаар яригдаж байгаа нь нэхэмжлэгчийн нэр хүндэд нөлөөлж байгаа гэж тайлбарлаж байх боловч ямар байдлаар нөлөөлсөн тухайгаа тайлбарлахгүй байна.

 

Шагналын тавцанд гарч шагнал гардаж авсан гэх Сырымбек гэдэг нь аль улсын иргэн болох нь баримтаар нотлогдоогүй байх бөгөөд хэргийн 206 дугаар хуудсанд авагдсан баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна.

 

Мөн хэвлэлийн бага хурал дээр тараасан гэх шаардлагыг монгол орон даяар тараасан гэж тайлбарлаж байх боловч энэ шаардлагыг тухайн хэвлэлийн бага хурал дээр уншиж танилцуулсан, эсхүл өөр мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн гэх баримтгүй байна.

 

Энэхүү хэвлэлийн бага хурал дээр тараагдсан гэх шаардлага бичигт Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд дүрэм, журмаа зөрчиж, хоёр гаруй жилийн хугацаанд олон алдаатай, буруу үйл ажиллагаа явуулж хариуцлага алдаж байгааг гэж дурдаад Д.Доос ямар ч менежмент гарахгүй гэдэг нь ойлгомжтой, түүнд байгууллага удирдах боловсрол, арга барил, ур чадвар, сэтгэл зүрх, харилцааны соёл байхгүй..., МЧБХолбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар өөрийг нь олон жил тэтгэж байсан дүүгээ сумогоос хөөгдөхөд нь зөөлөн буулт хийлгэж, чөлөөт бөхтэй хамаагүй хүнийг Монголын чөлөөт бөхийн холбоонд оруулж ирсний гай өнөөдөр тодорч байна..., 2014 оны азийн аврага шалгаруулах тэмцээн Казахстан улсад зохион байгуулагдсан..., Монгол улсын гавьяат тамирчин О.П шагналын тавцанд гарах гэтэл Д.Д дуудан болиулж, дарамтлан цамцыг тайлуулан авч хэн нь мэдэгдэхгүй, огт танихгүй Казахстан хүнд өмсүүлэн шагналын тавцанд гаргаж Монголын нэр хүндийг гутаан доромжилсон, Монголын баг тамирчдын үр шимээр олж авсан баяр бахдалыг дээрэмдэж дарамталсан..., өөрт нь үнэн үг хэлж, шударга хандсан дасгалжуулагч, тамирчин, шүүгчдийг хараан загнаж, заримыг нь үүрэгт ажлаа хийх боломжгүй болгож, хүний эрхийг хохироон дарагуйлагч..., сайд, дарга нар эсвэл гадныхантай эелдэг, нялуун харьцаж, өөрийгөө маш сайн хүн, Монголын чөлөөт бөхийг аврагч мэтээр ойлгуулж ичихгүйгээр хоёр нүүр гаргаж чаддаг бялдууч..., буруугаа хүлээдэггүй, өөртөө дүгнэлт хийдэггүй, засаршгүй этгээд...гэх мэтчилэн 16 төрлийн асуудлыг хөндөж бичээд 32 хүн гарын үсгээ зурсан байна.

 

Мөн шаардлага хүргүүлэх тухай бичигт МЧБХолбооны дүрэмд зааснаар их хурлыг хуралдуулахгүй байна, МЧБХолбооны 2013 оны санхүүгийн тайланд өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн холбоонд орсон орлогыг тусгаж тайлагнаагүй..., МЧБХолбооны 2014 оны санхүүгийн тайланд залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн холбоонд орсон орлогыг тусгаагүй..., МЧБХолбооны 2014 оны санхүүгийн тайланд 929 сая төгрөгийн орлогоос Д.Д хувиасаа 352 сая төгрөг оруулсан гэж худлаа тусгасан, гадаад тэмцээний зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэж худал тайлагнасан, тамирчдаас авах хураамжийг өсгөөд зарцуулалтын тайланг тавиагүй, хариуцлагагүй ажиллаж байна, 3 тамирчинд хуурамч виз гаргаж явуулаад хоригдсон болон бусад  асуудлуудыг тоочин дурдсан байна.

 

Энэхүү шаардлагад Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хорооны гишүүд гэх 32 хүн гарын үсгээ зурсан байхад хэвлэлийн бага хурал хийсэн  Ц.Ц, О.П, Л.Э, Б.Б, Д.А нарт холбогдуулан тухайн шаардлагад дурдсан асуудлын талаар ярих боломжгүй байна.

 

Нөгөө талаар Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хорооны 32 гишүүний оролцоотой бичигдсэн шаардлагад МЧБХолбооны санхүүгийн болон холбооны үйл ажиллагааг дүрэм, журамд заасны дагуу явуулах, холбооны ажил, үйл ажиллагааг сайжруулах улмаар тамирчид, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалах, холбооны удирдлагыг хариуцлагатай байлгах зэрэг асуудлыг шүүмжлэлтэйгээр хөндөж бичсэн байгаад зөвхөн Ц.Ц, О.П, Л.Э, Б.Б, Д.А нарыг буруутгах үндэслэлгүй байх тул Д.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар Д.Дийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, мэдээлэл тархсан хэлбэрээр уучлалт хүсэхийг, мэдээллийг няцааж, залруулга хийхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэсэхгүй болгосугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Д.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн   120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН

 

                                       ШҮҮГЧИД                                     Х.ЭНХЗАЯА

 

                                                                                             Ч.МӨНХЦЭЦЭГ