Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/692

 

 2020        10            20                                         2020/ШЦТ/692

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,  

   Улсын яллагч Б.Алтанцэцэг,  

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч Г.Жанчив,

Гэрч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

Н.Б,

Э.Ц,

С.Л нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810019180385 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг “Хүннү-2222” барилгын хашаанд “_” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Хөдөлмөр аюулгүй байдлыг хангах, Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-3-4-ийн 5-14-д заасныг тус тус зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон;

Яллагдагч Э.Ц нь “_” ХХК-ийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын инженерээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах барилгын үйлдвэрлэлд оролцогч туслан гүйцэтгэгч компанийн ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл ажилтнуудын аюулгүй байдалтай холбогдох бичиг баримтыг шалгаж хяналт тавих гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.8-д заасан үүргээ биеүүлээгүй, Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.3.2-д заасан... дараах тохиолдолд краныг ажилд гаргахыг хориглоно үүнд /аттестатчлах шалгалт өгөөгүй машинч, оосорлогчоор үйлчлүүлж байгаа, түүнчлэн бүрэн бүтэн байдал ба кранаар үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллах үүргийг хариуцагч нарыг тушаалаар томилох үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон ;

Яллагдагч С.Л нь “_” ХХК-ийн авто кранистаар ажиллаж байхдаа “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.2, 8.5.18, 8.4.4-д заасныг тус тус зөрчсөний улмаас ачааны автомашин дээрээс чингэлэг /контейнер/ буулгах явцад “Түмэндэлгэр далай” ХХК-д түр ажиллаж байсан М.У нь краны тросонд цохиулж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Н.Б-с: Мэдүүлэг гаргахгүй гэв.  

 

Шүүгдэгч С.Л-с: “...Талийгаачийн ээж нь танай байгууллагад хийлгэчих ажил байна уу, ажилд оруулмаар байна гээд,  Батхишиг ажилчин авна гэхээр нь тус байгууллагад талийгаачийг ажилд оруулсан юм. ...” гэсэн; 

 

            Шүүгдэгч Э.Ц-с: “..._” ХХК-нд 2017 онд ажилд орсон. Би удирдлагын академийн орон сууцны ажлыг хариуцан ажиллаж байсан. “Хүннү-2222” дээр барилгын ажил явагдаагүй байсан учраас шаардлагатай дуудсан цагт нь очиж ажилладаг байсан. Хэрэг гарсанд харамсаж байна. Хүний амийг нөхөн төлөх боломжгүй ч гэсэн хохирлыг барагдуулсан байгаа...” гэсэн;

 

            Гэрч Н.Д-с: “_” ХХК-нд Хөдөлмөрийн аюулгүй байдлын /цаашид ХАБ гэх/ албаны даргаар ажилладаг. Тухайн үед Удирдлагын академийн барилга дээр ажиллаж байсан. Хэрэг гардаг өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан хүн байгаагүй. Харин тухайн дотор засал хийж байгаа хоёр барилгын хооронд шаардлагатай үед Э.Ц очдог байсан. ”Түмэндэлгэр далай” ХХК нь барилгын ажлын туслан гүйцэтгэгч биш бөгөөд зөвхөн аж ахуйн ажлыг хийдэг байсан. Хариуцсан бүс гэдгийг тухайн үед амаар хэлдэг. Э.Ц барилгын ажлыг хариуцдаг ХАБ инженер юм. Аж ахуйн хашаанд ХАБ инженер байх шаардлагагүй. ХАБ инженер бол барилгын ажил дээр ажилладаг. Чингэлэгтэй плитаг кранаар өргөж байгаа ажлыг барилгын ажил гэж ойлгож болно. “_” ХХК нь ХАБ ажилтныг хариуцах ёстой. “_” барилгын ажил явагдаж байхад ХАБ инженерээр Ганзориг гэж хүн ажиллаж байсан. Тухайн хэрэг гарсан өдөр “_” дээр барилгын ажил дууссан, дотор заслын ажил явагдаж байсан. Дулаанаа авсан, хаалгыг нь хийсэн, зөвхөн орон сууцны дотор засал явагдаж байсан бөгөөд дотор засал барилгын ажил гэдэг утгаараа Э.Ц-г шаардлагатай үед нааш цааш очоорой гэсэн шаардлага тавьсан гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн 1810019180385 дугаартай хэргээс:

 

1. 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 19.00-20.00 цагт хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 35-40 дүгээр хуудас/,

 

2. 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тухайн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 41-44 дүгээр хуудас/,

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай хүү У /17 настай/ энэ зун төрсөн өдрийнхөө дараа надад ээж би ажилд ормоор байна, үеийн найзууд бүгд ажил хөдөлмөр эрхэлж байна, би ажил хиймээр байна гэсэн. Тэгээд надад найз Х гэж дууддаг /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ түүнтэй хамт ахынх нь нэг компанид ажиллахаар боллоо гэсэн. Тэгэхээр нь би ямар ажил юм бэ, хүнд хэцүү ажил хийж болохгүй, би чамайг ажил хийлгүүлмээргүй байна гэж хэлэхэд барилгын газарт цэвэрлэгээ хийх юм байна. Биед их амар ажил байна, би ажиллаад үзье гэхээр нь нэг хоног ажиллаад үз, хүнд хэцүү бол битгий ажил хий гэсэн. Тэгээд хүү У нэг өдөр барилгын компани дээр ажил хийчихээд ирэхдээ цэвэрлэгээ хийгээд ирлээ гэж хэлсэн.

Манай хүү 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажилд орсон. Ажилдаа дуртай явж байсан. Орой ирэхдээ цэвэрлэгээгээ хийсэн, бараа буулгасан гэж ярьж байсан. Нэг өдөр кран гэлүү юу билээ нэг юм барьсан, хэцүү юм байна лээ гэхээр нь би болон ах нь чи тийм юм хийж болохгүй, барилгын ажил их хүнд, тэглээ ч чи насанд хүрээгүй байж хүнд хүчир авто кранаас хол бай, түүнийг чинь зориулалтын хүмүүс нь хийдэг юм гэж хэлсэн. Ажилд орсоных нь дараа манай дүү хамгаалтын гутал манай хүүхдэд авчирч өгсөн. Хөл гар дээрээ юм унагаачихвий гэхэд манай хүүхэд том гутал байна, өмсөж болохгүй нь гээд өмсөөгүй. Тэгээд өчигдөр гэртээ унтаж амраад, тэрний урд өдөр их орой ажилтай байна гэж ирсэн юм. Өнөөдөр өглөө гэрээсээ 07 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан. Өөрөө утасгүй болохоор надтай яриагүй. Орой 18 цагийн орчим санагдаж байна, гэртээ хоолоо хийгээд байж байхад манай гудамжны хүүхдийг ажилд оруулсан найзынх нь ах, би сайн танихгүй эхнэр нь Ш гэх эмэгтэй орж ирээд “манай нөхөр таньтай ярьмаар байна гэнээ, та биеэ бариарай” гэсэн. Тэгээд би ярьсан чинь хүү У чинь гэмтчихлээ, яаралтай ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу нь гэмтсэн юм бэ, түргэн тусламж дуудсан уу, гэмтэл рүү явсан уу гэсэн чинь үгүй толгой нь жоохон гэмтсэн гээд надаас нуугаад нас барсныг нь хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...”_” ХХК-иас оршуулгын зардал, мөн 36 сартай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болох 19,800,000 төгрөгийг өгсөн. Оршуулгын зардлыг нь тодорхойлж мэдэхгүй байна. Миний хүү нь насанд хүрээгүй цэл залуухан насандаа нас барьсан. Айлын бага, гал голомтоо сахих хүүхэд байсан. Амьд байсан бол эх орондоо ихийг хийж, өөрийн мөрөөдөл болох машин зохион бүтээх, машины засвар үйлдвэртэй болох мөрөөдөлтэй, би ажилтнаа бэлдсэн байгаа, газраа авмаар байна гэж аавтайгаа ярьж байсан. Сургуулиа 2020 оны 01 дүгээр сард автомеханикч мэргэжлээр төгсөх байсан. Тэгээд мэргэжлээрээ цааш нь Японд сурна гэдэг байсан. Иймд би хохирлын мөнгө болох 1 тэрбум төгрөг нэхэмжилж байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/,  Амь хохирогч М.У төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 215 дугаар хуудас/, хууль ёсны төлөөлөгч Н.М иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 216 дугаар хуудас/, 

 

4. Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би “_” ХХК-д туслах ажилтан юм. Энэ ажлыг хийгээд 2 жил болж байна. Энэ компани нь “_”-ын гүйцэтгэгч компани юм. Одоо “_” хороолол дээр СӨХ болон аж ахуйн ажлыг хариуцан хийж байна. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр буюу өнөөдөр “_”-ын аж ахуйн хашаанд буулгасан байсан барилгын материалыг хурааж цэгцлэх ажлыг хийж байсан юм. Ер нь орсноосоо хойш энэ ажлыг хийж байсан. 17 цагийн үед кранаар шланц машинтай ирсэн 40 тонны контейнерийг аж ахуйн хашаанд буулгаж байсан. Эхний контейнерийг буулгахад би ганцаараа хийсэн. Эхлээд кранаар ачихад нь бэхэлгээг хийж өргүүлээд буулгасан. Дараа нь талийгаач У 20 тонны плитатай контейнер дээр гарсан байсан. Энэ контейнерийг У бид хоёр буулгах гээд би кранаа аваад У дээр очсон. Тухайн үед 25 тонны Zoomlion нэртэй Кран байсан. Краны жолооч нь Л гэх хүн байсан. Л бид хоёр У дээр очиход У контейнер дээр гарсан байсан. Л кранаа бэлдээд байж байсан. Л краны сумаа өргөж, над дээр ирүүлэхэд би 4 дэгээтэй троссыг дэгээнээс өлгөж өгсөн. Ингээд краны сумаа дахин өргөж, контейнер дээр зогсож байсан. У дээр аваачихад У контейнерийн дөрвөн буланд уг дөрвөн дэгээгээ бэхлэж өгсөн. Краны бэхэлгээг хийсний дараа Л дээш өргөж дөнгөж чангалж байтал, краны дэгээнээс доош унжсан дөрвөн дэгээтэй тросс тасарч, У-ын толгойнд цохиж У газар дээрээ нас барсан. Ингээд түргэн цагдаа дуудсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өдөр бүр ажилд гарахын өмнө танилцуулж, аюулгүй ажиллагааны заавар дээр гарын үсэг зуруулдаг. Өнөөдөр өглөө ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны заавартай танилцаж гарын үсэг зурж ажилдаа гарсан. Ажлын хувцас байдаг бөгөөд тэрийгээ өмсдөг. Мөн ажлын бээлийтэй байдаг. Малгай дуулга өмсдөггүй. Өнөөдөр мөн өмсөөгүй байсан. Барилга барьж байгаа ажилчид малгай каск өмсдөг. Бид нар өмсдөггүй. Хөдөлмөр аюулгүй байдлын инженер Э гэж хүн байдаг. Энэ хүн нь бид нарт байнга зааварчилгаа танилцуулж, гарын үсэг зуруулдаг. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Гэрчээр Б.А-н дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би “_” ХХК-нд 2015 онд туслах ажилтнаар ажилд орж байсан. Үүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Намайг ажилд орсноос хойш хөдөлмөр хамгаалалтын инженер байдаггүй байсан. Зааварчилгааг ахлах ажилтан нар өгч гарын үсэг зуруулдаг байсан. Харин хэрэг гарснаас хойш хөдөлмөр хамгааллын инженертэй болсон. Би хэрэг гарахад краны хажууд байсан. Хэрэг гарахаас өмнө би өөр краны хамт 40 тонн контейнер буулгачихаад ирэхэд талийгаач М.У контейнер дээр гарчихсан байсан. Тэгээд би краны дэгээг доороос хийж өгсөн. Кран нь дээшээ сумаа татсан. Талийгаач М.У оосорлосон. Хэн нэгэн талийгаач М.У-ыг дээшээ гарч оосорол гэж хэлээгүй. Өөрөө гарчихсан байсан. Бид нарын ажил үүрэгт кран оосорлох ажил байхгүй. “_”-ээс тусдаа оосорлогч байдаг байх. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зааварчилгааг “_” ХХК-ний ахлах ажилтан Энхболор зааварчилгаа өгч дэвтэр дээр гарын үсэг зуруулсан. Тухайн өдрийн өглөө бид нарыг хэн нэгэн хариуцаж гаргаагүй. Бид нар өдөр тутам мэддэг учир өөрийн хариуцсан ажилдаа явсан. Би аж ахуйн хашааг хариуцан ажилласан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

5. Гэрч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...”_” ХХК нь “_” ХХК-ний туслан гүйцэтгэгч байгаа юм. Манай байгууллагын ачиж буулгах, цэвэрлэгээ, үйлчилгээний ажил эрхэлдэг. Би “_” ХХК-нд 2014 оны 2 дугаар сараас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны даргаар одоог хүртэл ажиллаж байна. Тухайн ахуйн хашаанд цэвэрлэгээний ажлыг “_” ХХК нь хариуцан ажиллаж байсан. Мөн бараа материал цэгцлэх, хог цэвэрлэх захиалгат ажил гарахад хийдэг. “_” ХХК нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай байсан. Тухайн ажлыг хийж байгаа туслан гүйцэтгэгч “_” ХХК нь өөрсдөө хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцан ажиллана. Тухайн “_” барилгыг манай инженер Ц хариуцан ажиллаж байсан. Манай кранныг захиалж авч байгаа гүйцэтгэгч компани өөрсдөө оосорлогч дохиочин хариуцан ажиллах гэрээтэй. Кранн хэрэгтэй, туслах гүйцэтгэгч компани утсаар яриад хэрэгтэй байна гэхэд авто хэсгийг хариуцсан хэсгийн дарга Д хувиарлаж явуулдаг. Тухайн аж ахуйд краннаар ачаа буулгахыг няравууд захиалсан байх. ...” /1хх-ийн 73, 77-78 дугаар хуудас/,

 

6. Гэрч Я.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2014 оноос “_” ХХК-д жолоочийн ажлыг одоог хүртэл хийж байгаа. Миний ажил бол барилгын материалыг зөөж хүргэж өгдөг. Жолооч нарыг хариуцсан менежер Далай гэж хүний хэлснээр ачаа зөөвөрлөх ажил хийдэг. Далай нь 2018 оны 08 дугаар сард 10 хоногийн ээлжийн амралттай байсан, ажлыг нь би орлож байсан. Намайг ажлыг нь орлож хийлгэхээр тушаал шийдвэр байхгүй. Далай өөрөө намайг орлоод хийж байгаарай гэж хэлсэн. Хэрэг гарах өглөө ажилд гарахад машин техникийг шалгахгүй, өөрсдөө машин тэргээ үзээд гардаг байсан. Мөн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй байсан. Хэрэг гарснаас хойш бид нарт зааварчилгаа өгч байгаа. ...” гэх мэдүүэлг /1хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхцэцэг нь  “...Н.Б, С.Л, Э.Ц нараас 150.000.000 төгрөгийг хүлээн авсан гомдол саналгүй...” гэж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр огноолсон нотариараар гэрчлүүлсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул шүүгдэгч нарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хор уршгийн талаар төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 1 жилийн хорих ял, шүүгдэгч С.Лд 1 жилийн хорих ял тус тус оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн,

Өмгөөлөгч Б.Дашдоржоос “шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгаж, нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн,

Өмгөөлөгч Г.Ж-с “..шүүгдэгч С.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хор уршигийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч Н.Б, С.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байна.

            Шүүхээс шүүгдэгч Н.Б, С.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хор уршгийн зардлыг нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.

Мөн шүүгдэгч Н.Б, С.Л нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн төлбөрийг төлж арилгасан, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан, нөгөө талаар эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэн, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг” хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шүүгдэгч Н.Б, С.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, шүүгдэгч С.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 350 см урттай нэг ширхэг тросс төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус дүүргийн эд мөрийн баримт устгах комист даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б, С.Л, Э.Ц нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Н.Б, С.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, С.Л нарыг тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б,  С.Л нарт тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, С.Л нар нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг”-ийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Н.Б, С.Л нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 350 см урттай нэг ширхэг тросс төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус дүүргийн эд мөрийн баримт устгах комист даалгасугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч Н.Б, Э.Ц, С.Л нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М  төлөх гэм хорын төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Ц авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б, С.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээдүүд нь давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Ц-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч,  Н.Б, С.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ДОРЖСҮРЭН