Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2658

 

                                                            

 

                                                     

 

 

 

                                         

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн, М Хадгаламж Зээлийн Хоршооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн, Рэнцэн овогт Цэвээндоржийн Жд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн 127 261 120 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М Хадгаламж Зээлийн Хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус хоршооны гишүүн Ц.Ж нь хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 89 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалан 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай шуурхай зээлийг 3,69 хувийн хүүтэй авсан.Энэ хугацаанд хүүнд 5 264 400 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгдээгүй, зээл, хүү төлж дуусгахыг шаардахад хугацаа өгөөч, төлж дуусгана гэсэн хүсэлт, тайлбар гаргадаг байсан.Иймд одоо зээл 40 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 72 717 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 543 520 төгрөг нийт 127 261 120 төгрөгийг Ц.Жгаас гаргуулж өгнө үү, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч Ц.Ж нь тус хоршоонд хандаж Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооло, 19 дүгээр байрын 89 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг барьцаалан 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.69 хувийн хүүтэй зээл авах хүсэлт гаргасаны дагуу судалж үзээд зээлийг олгосон байдаг.Уг зээлийг өнөөдөр хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа.Тиймээс манайх 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийн хариуцагчаас нэхэмжилж байгаа, үндсэн зээл 40,000,000 төгрөг огт төлөөгүй, зээлийн хүүнд 5,264,400 төгрөг графикаар төлсөн байдаг.Одоо хариуцагчаас 40 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 72 717 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 543 520 төгрөг нийт 127 261 120 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, зээлийн гэрээний хугацаа 9 дүгээр сарын 21-ний өдөр дууссан, хариуцагчаас 2012 оны 9 дүгээр сар, 12 дугаар сар, 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 3 дугаар саруудад эргэн төлөлт хийж байсан, мөн Ц.Ж манайд 2016 оны 5 дугаар сард бичгээр хүсэлт гаргаж байсан, зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнөх хугацаанд бодогдсон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцоход татгалзахгүй гэв.

 

Хариуцагч Ц.Ж шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлд дурдснаар 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 3,69 хувийн хүүтэй гэрээ хийсэн нь үнэн боловч би өөрөө аваагүй, манай бэр эгч Я.Соёлмаа бүх мөнгийг авч бизнест зарцуулсныг нэхэмжлэгч тал сайн мэдэж байгаа.Гэрээг би зөвхөн 2012 онд 1 жилийн хугацаатай хийсэн ба энэ хооронд нэхэмжлэгч тал надтай биш манай бэр эгчтэй ярьж тохиролцсоны үндсэн дээр хугацаа сунгаж өдий хүрсэн, манай эгч цементийн бизнес эрхэлж байсан ба Квон ХХК, Могул ХХКомпаниас борлуулалтын мөнгөө авч чадаагүйн улмаас ийм байдал үүссэн ба нэхэмжлэгч талд эгч удаа дараа төлж дуусгана гэсэн тайлбар, хүсэлт тавьж байсан.Би өөрийн настай ээж, охины хамт амьдардаг ба бусдын буруугаас болж байраа алдахыг хүсэхгүй байгаа тул хариуцагч талыг Я.Соёлмаагаар сольж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М Хадгаламж Зээлийн Хоршоо хариуцагч Ц.Жд холбогдуулан үндсэн зээлийн 40 000 000 төгрөг, зээлийн хүү 72 717 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 543 520 төгрөг нийт 127 261 120 гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Ц.Ж би зээлийн гэрээ хийсэн, мөнгийг нь би аваагүй, бэр эгч Я.Соёлмаа авсан, хариуцагчийг сольж өгнө үү гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч Ц.Ж 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг, сарын 3,69 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 084 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Хариуцагч Ц.Ж нь зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 89 тоотод байрлах, улсын бүртгэлийн Y-2205014367 дугаарт бүртгэлтэй, 40 метр квадрат талбайтай, сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг тавьсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 084 дугаартай барьцааны гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Ц.Ж зээлийн гэрээний үүргээс 5 264 400 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад эргүүлэн төлсөн бөгөөд дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Ц.Ж нь нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ хийсэн, зээлийн мөнгийг би аваагүй, Я.Соёлмаа авсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

М Хадгаламж Зээлийн Хоршоонд Санхүүгийн зохицуулах хорооноос 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдөр олгосон Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байна.

 

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацаа 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дуусаж байх тул 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү болох 2 076 240 төгрөгийг хасч, Ц.Жгаас үндсэн зээлийн 40 000 000 төгрөг, зээлийн хүү 72 717 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний 12 467 280 төгрөг нийт 125 184 880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нөгөө талаар Ц.Ж зээлийн төлбөрийг 2012 оны 9 дүгээр сараас эхлэн мөн оны 12 дугаар сар, 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 3 дугаар саруудад эргэн төлөлт хийж байсан болох нь нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн кассын орлогын ордерууд болон кассын орлогын баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн Ц.Ж 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид байгууллагад гаргасан хүсэлтэндээ:2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Я.Соёлмаа миний байрыг хоршоонд 40 000 000 төгрөгийн зээлд тавьсан, би зээлийн гэрээг хийж, мөнгийг Соёлмаад өгсөн, Соёлмаагийн бизнес  дампуурч зээл, зээлийн хүүг төлөөгүй, Соёлмаагийн бизнес сонгуулийн дараа бүтнэ гэж амлалт өгсөн тул шүүхэд өгөхийг түр хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар Ц.Ж зээлийн хүүг хэсэгчлэн төлж байсан нөхцөл байдал нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч этгээд нь хариуцагчийг сонгох эрхтэй ба хариуцагч талд хариуцагчийг сонгох эрх хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                            ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Цэвээндоржийн Жгаас 125 184 880 /нэг зуун хорин таван сая нэг зуун наян дөрвөн мянга найман зуун наян/ төгрөгийг гаргуулан М  Хадгаламж Зээлийн Хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 076 240 /хоёр сая далан зургаан мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ж шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 89 тоотод байрлах, улсын бүртгэлийн Y-2205014367 дугаарт бүртгэлтэй, 40 метр квадрат талбайтай, сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 794 255 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Жгаас 783 874 /долоон зуун наян гурван мянга наяман зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                               З.ДОРЖНАМЖИН