Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/396

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

             

 

 

  

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл

шүүгдэгч О.Ч, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

хохирогч Ц.Ц, Н.А

хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Ш.Бадмаараг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** тоот, 4 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамж ** тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ** дугаарын регистртэй, Х овогт Н-ийн Б

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дүгээр сарын *-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мандах бүртгэл” дээд сургуулийн программ хангамжийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн ** тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ** дугаарын регистртэй, Ч овогт Б-ийн Х

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Байгалийн ухааны сургуульд оюутан, ам бүл 5; эцэг, эх, ах, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27 дугаар гудамж ** тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн ** тоотод түр оршин суух, ял эдэлж байгаагүй, ** дугаарын регистртэй, Б овогт О-ийн Ч

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.Б Б.Х нар бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Өргөө” гар утас худалдааны төвийн дээврийн салхивчаар дамжин хууль бусаар нэвтэрч, хохирогч Ц.Цгийн 21 дүгээр лангуунаас 8 нэр төрлийн 10 ширхэг гар утас, хохирогч Н.Агийн 17 дугаар лангуунаас 12 нэр төрлийн 18 ширхэг нийт 3.930.000 төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг гар утас хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Б Б.Х нар давтан үйлдлээр, шүүгдэгч О.Чтай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 4 тоотод байрлах хохирогч Б.Бгийн “Мелоди күй холдинг” ХХК-ний ломбардны цонхийг хагалж хууль бусаар нэвтэрч, нийт 13.520.000 төгрөгийн үнэ бүхий 44 нэр төрлийн 78 ширхэг гар утас, 1 ширхэг зөөврийн компьютер хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс дахин мэдүүлэх шаардлагагүй. Хулгай хийх санааг хоорондоо ярилцаж байгаад шийдсэн. Мөнгөтэй болох хүсэл нь гадагшаа явж сургуульд суръя гэж бодсон юм. Гэхдээ тэгж чадаагүй, хулгай хийж олсон мөнгөө тухайн үед PC тоглоод үрээд дуусгасан. Миний хувьд хохирол төлөөгүй. Хохирлыг шоронд ялаа эдэлж байгаад төлөх болно. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хулгай хийе гэж Бтай ярилцсан. Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Олсон мөнгөө үрээд дууссан. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.

 

Шүүгдэгч О.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед мэдүүлгээ өгсөн, юу гэж ярьсанаа одоо санахгүй байна. Дахин мэдүүлэхгүй, гэм буруугаа зөвшөөрч байна. Миний хувьд хулгайн нэг удаагийн үйлдэлд оролцсон. Намайг хулгай хий гэж хэн нэгэн хүн уруу татаагүй. Хулгай хийхэд би гадаа нь хүн харж байсан. Хулгайн мөнгөнөөс би өөртөө 250.000 төгрөг авсан. Хохирлоо төлж барагдуулсан гэв.

 

Хохирогч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хулгай орсон тухай үүрээр нөхөр рүү ярьж мэдэгдсэн байсан. Надад нийт 1.860.000 төгрөгийн хохирол учирснаас 930.000 төгрөгийг Хаас авсан. Одоо 930.000 төгрөгийг Бгаас авах ёстой гэв.

 

Хохирогч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Надад нийт 1.532.000 төгрөгийн хохирол учирснаас 766.000 төгрөгийг Хаас авсан. Үлдэгдэл мөнгийг нь Бгаас гаргуулна гэв.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

 

Нэг: шүүгдэгч Н.Б Б.Х нарын бүлэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар

хохирогч Ц-ийн Ц “… би Баянгол дүүргийн 13 хороо, “Өргөө” гар утасны төвд 21 дүгээр лангууг ажиллуулдаг юм. 2016 оны 7 дугаар сарын 30-ны орой 20 цаг 20 минутын үед ажлаасаа гарсан. Тэгээд маргааш өглөө нь ирэхэд 2 давхрын нарийн цонх хагарсан, А бид хоёрын лангуунаас гар утас алдагдсан, цагдаа нар ирчихсэн байсан. Манай лангуунаас хуучин Нөүт-2 нэг ширхэг, 160.000 төгрөг, хуучин Гранд-1 нэг ширхэг 110.000 төгрөг, шинэ Эс-5 евро 2 ширхэг, нийтдээ 560.000 төгрөг, шинэ Эс-3 евро 2 ширхэг, нийтдээ 320.000 төгрөг, шинэ А880-1 ширхэг, 145.000 төгрөг, шинэ Рор-1 ширхэг, 120.000 төгрөг, шинэ Тренд-1 ширхэг, 55.000 төгрөг, шинэ G3 евро-1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэтэй гар утаснууд алдагдсан байсан. Нийтдээ 1.670.000 төгрөгийн хохирол учирсан. Манай гар утасны төв нийтдээ 30 гаруй лангуутай. Гэтэл А бид хоёрын лангуунаас гар утас алдагдсан /1 дүгээр хх40/,

“... хулгайд алдсан гар утсыг бүртгэж авсан бүртгэлийн дэвтэр байхгүй боловч гар утсаа хүнээс худалдаж авсан гар утсын марк, тоо ширхэг, үнэ нь бичээстэй өөрийн гараар бичсэн гар бичмэл тэмдэглэлийн дэвтэр байгаа. Самсунг нөүт 2 маркийн бор саарал өнгийн, серийн дугаарыг мэдэхгүй, ямар лац дугаартай мэдэхгүй, Хятад улсаас авчирсан, бараг шинэ 1 ширхэг, 160.000 төгрөгийн үнэтэй, алтлаг шаргал өнгийн самсунг гранд 1 ширхэг гар утас, серийн 355883056902182 дугаартай, ямар лацны дугаартайг мэдэхгүй, Хятад улсаас авчирсан, шинээрээ 110.000 төгрөг, хар болон алтлаг шаргал өнгийн самсунг евро шинэ эс 5 маркийн 2 ширхэг гар утас, серийн дугааруудыг мэдэхгүй, 91111413 дугаарын лацтай, нэг бүрийн үнэ 280.000 төгрөг, нийт 560.000 төгрөг, улаан хүрэн болон цагаан өнгийн Самсунг галакси эс 3 маркийн 2 ширхэг гар утас, серийн дугааруудыг мэдэхгүй. 91111413 дугаарын лацтай, нэг бүрийн үнэ 160.000 төгрөг, нийт 320.000 төгрөг, алтлаг шаргал өнгийн Sky vega А880 маркийн 1 ширхэг гap утас, серийн дугаарыг мэдэхгүй, 91111413 дугаарын лацтай, 145.000 төгрөг, улбар шар өнгийн Самсунг поп маркийн солонгос улсаас авчирсан, шинэ, серийн дугаарыг мэдэхгүй, 91111413 дугаарын лацтай, 120.000 төгрөг, цагаан өнгийн шинэ Самсунг тренд загварын 1 ширхэг rap утас серийн дугаарыг мэдэхгүй, 31111413 дугаарын лацтай, 55.000 төрөг, цагаан өнгийн шинэ евро LG G3 маркийн 1 ширхэг  гар утас, серийн дугаарыг мэдэхгүй, YC гэсэн үсгэн бүхий лацтай, 200.000 төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн, 10 ширхэг гар утас, үнэлгээгээр гарч ирсэн 1.670.000 төгрөгийн гар утас алга болсон. Би толио 12.000 төгрөгөөр аваад солиулсан. 1.670.000 төгрөг болон шилний мөнгийг нэхэмжилнэ” /1 дүгээр хх-н 41/ гэж,

хохирогч Н-ын А “... 2016 оны 7 дугаар сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байхад лангуугаа түгжчихээд ажлаасаа гарсан. Тэгээд 7 дугаар сарын 31-нд шилжих шөнө 05 цаг болж байхад манай худалдааны төвийн менежер Онон над руу залгаж лангуунаас эд зүйл алдагдсан гэдгийг хэлсэн. Гар утас худалдааны төв дээр ирэхэд 2 давхрын цонхоор хулгайч орж Цгийн 21 дүгээр лангуу, манай 17 дугаар лангуунуудаас rap утаснууд алдагдсан байсан. Манай лангууны дээд талын шилийг хойш нь татаж сугалж аваад СКУ А-860 гар утас 3 ширхэг /нийт 360,000 төгрөг/, гранд 1 гар утас 3 ширхэг /нийт 330,000 төгрөг/, Нөт-2 гар утас 1 ширхэг /160,000 төгрөг/, Самсунг ЭС-4 евро гap утас 2 ширхэг /нийт 370,000 төгрөг/, Самсунг Эс-5 евро гар утас 2 ширхэг /нийт 540,000 төгрөг/, Ж-3 бит гap утас 1 ширхэг /140,000 төгрөг/, СКУ 850 гар утас 1 ширхэг /90,000 төгрөг/, Тренд гар утас 1 ширхэг /55,000 төгрөг/, СКУ 880 гар утас 1 ширхэг /140,000 төгрөг/, СКУ А-800 гар утас 1 ширхэг /55,000 төгрөг/, А-870 гар утас 1 ширхэг /120,000 төгрөг/, Р стайл гap утас 1 ширхэг /90,000 төгрөг/ зэрэг шинэ гар утаснууд алдагдсан. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна” /1 дүгээр хх43/,

“... Sky 860 маркийн цагаан, хар, ягаан өнгийн 3 ширхэг гар утас, нэг бүрийн үнэ 120.000 төгрөгөөр, нийт 360.000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг гранд 1 маркийн ягаан, бор /соронзон/, хар өнгийн 3 ширхэг гар утас, нэг бүрийн 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийн үнэтэй, самсунг нөүт 1 маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, 160.000 төгрөгийн үнэтэй, самсунг эс 4 маркийн ямар өнгөтэй байсныг одоо санахгүй байна, өөрөө харвал танина, шинээр худалдаж авсан евро 2 ширхэг гар утас, нэг бүрийн үнэ 185.000 төгрөг, нийт 370.000 төгрөг, самсунг галакси эс 5 маркийн голд /алтлаг шаргал/ өнгөтэй 2 ширхэг гар утас нэг бүрийн үнэ 270.000 төгрөг, нийт 540.000 төгрөг, LG жи 3 бит маркийн цагаан өнгийн 1 ширхэг гар утас, 140.000 төгрөгний үнэтэй, Sky 850 маркийн хар өнгийн 1 ширхэг гар утас, 90.000 төгрөг, Sky 880 маркийн 1 ширхэг гар утас, 140.000 төгрөг, Sky 870 маркийн 1 ширхэг гар утас, 120.000 төгрөг, Sky А800 маркийн 1 ширхэг гар утас 50.000 төгрөг, самсунг R steyal маркийн 1 ширхэг гар утас 90.000 төгрөгийн үнэтэй, Самсунг 2 сэйм карт ордог Трэнд маркийн 1 ширхэг гар утас 55.000 төгрөгийн үнэтэй, дээрх гар утаснуудын имэй код, зарим нэг гар утасны өнгийг нь мэдэхгүй боловч, бөөний үнээр худалдаж авах үед хардаг лацаар гар утаснуудыг бүгдийг нь танина. Ингэхээр миний гаргасан тооцоогоор надад нийт 2.445.000 төгрөгийн хохирол учраад байна. Бөөний үнээр нь хувь хүмээсээс хямд үнээр худалдаж авдаг тул баримт гэх зүйл байхгүй боловч өөрийн хувиараа тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж авсан баримт байгаа. Би өөрийн гар утсаа ямар содон шинж тэмдэгээр нь танина гэж байгаа гэвэл миний зарж байсан гар утаснууд бүгд Монгол улсад бариагүй, анх худалдаанд гарсан газраа барьж байсан утаснууд байгаа. Би хэрэглэж байсан утаснууд зардаг боловч ямар нэгэн сэв зураас, эвдрэл гэмтэл багатай утаснууд зардаг. Би хулгай хийсэн хүмүүст гомдолтой байна. Мөн миний ажиллуулж байсан байгууллагын хамгаалалтын албанд гомдолтой байна. Хулгай хийсэн хүмүүсээс гарч ирсэн 2.445.000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон лангууны шилээ төлүүлж авмаар байна. Миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. 12 нэр төрлийн 18 ширхэг гар утас хулгайд алдсан юм. Үүнээс шаргал өнгийн галакси эс-5 гар утас /270.000 төгрөг/, Галакси эс-4 гар утас /185.000 төгрөг/, LG жи 3 бит гар утас /140.000 төгрөг/ үнэлэгдсэн гар утаснуудаа бүрэн хүлээн авсан. Одоо надад 15 ширхэг гар утас буюу үнэлгээгээр нийт гарсан хохирол болох 2.445.000 төгрөгөөс 595.000 төгрөгийг хасахаар одоо учирсан хохирол 1.850.000 төгрөг болж байна. Үүн дээр нэмээд гар утас тавьдаг тавиурны шилийг хагалсан тул үүнийгээ 50.000 төгрөгөөр үнэлж байна. Ингэхээр хулгай хийсэн хүмүүсээс 1.900.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би хулгайд алдсан гар утаснуудыг бүртгэж, серийн дугаар, марк өнгийг нь бичдэггүй. Харин өөрийн цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтэр дээр өөрөө гардаж гар утсаа хүлээж авдаг тул ямар нэгэн бичиг баримт хөтлөгдөггүй 2016 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хулгай орохоос өмнө хулгайд алдсан гар утас байсанг хөтөлсөн бичиг байхгүй. Би Өргөө кино театрын зүүн урд талд байрлах Гар утасны худалдааны төв дотор 10, 17 тоот лангууг түрээслэн ажиллуулдаг ба 10 тоот лангуун дээр би хүүхэд суулгадаг юм. Харин би өөрөө 17 тоот лангуу дээр суудаг тул лангуу дотор байсан гар утаснуудыг бүгдийг мэдэж байгаа. Яагаад хулгайд алдсан гар утаснуудыг бүгдийг нь сайн мэдээд байна гэхээр 10 тоот лангуун дээр суудаг хүүхэд өвчтэй болоод 10 тоот лангуун дээр байсан гар утаснуудыг өөрийн суудаг 17 тоот лангуун дээр авчирсан байсан. Би лангуун дотор 4 эгнээ болгож 2 зах хэсэгт нь үнэ багтай утаснуудаа тавьж, гол хэсгээрээ үнэтэй гар утаснуудаа давхарлаж тавьсан байсан юм. Хулгай орохдоо гол хэсэгт байдаг үнэтэй гар утаснуудыг авсан, зах хэсэгт байсан зарим үнэтэй гар утаснуудыг авч чадаагүй байсан. Би хулгай хийсэн хүмүүсээс 1.900.000 төгрөгийг нэхэмжилж байна” /1 дүгээр хх-н 44-45/ гэж,

иргэний нэхэмжлэгч Э-гийн Ч  “... 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Б-ийн Х гэдэг хүн манай Лего ломбарданд Самсунг Эс-6 маркийн гар утас 280.000 төгрөгөөр тавьсан байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цагдаа ирж уг утсыг хурааж авсан. Би хүүний мөнгөтэй нийлээд 296.800 төгрөг нэхэмжилнэ” /1 дүгээр хх-н 47/ гэж,

иргэний нэхэмжлэгч С-ын Д “... 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Б-ийн Х гэдэг хүн манай Кинг ломбарданд Самсунг Эс-5 маркийн гар утас 150.000 төгрөгөөр тавьсан байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цагдаа ирж утсыг хурааж авсан. Би хүүний мөнгөтэй нийлээд 162.000 төгрөг нэхэмжилнэ” /1 дүгээр 49/ гэж,

гэрч Б-ийн П “... би 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Тэнгис кино театрын орчимд Б Х нартай уулзаад сууж байтал Өргөө кино театрын зүүн урд талд байдаг гар утасны худалдааны төв рүү орж гap утас хулгай хийнэ гэж ярьж байхаар нь тухайн үедээ та хоёр чадлаа юу гэж хошигносон маягтай хэлээд явсан. 2016 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гэртээ хоносон. Гэрийнхэн бүгд мэдэж байгаа. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байтал Х манай гэрт хүрээд ирээч, мөнгөний ажил байна гэж ярихаар нь 17 цагийн үед хороололд гэрт нь явж очсон. Яваад очтол Х манай ах Өргөөгийн урд талын гар утасны худалдааны төвд ажилладаг юм, гap утас зарахаа больж байгаа, яаралтай хэдэн утас байгаа юм зараад, эсвэл ломбарданд тавиад мөнгийг нь гаргаад өгөөч, гаргаж өгөх юм бол мөнгө өгнө гэж байна гэхээр нь за за гэж хэлээд Хын гэрээс Б бид гурав гарч явсан ба тухайн уед Х цэнхэр өнгийн хоёр үүргэвчтэй цүнх үүрч явсан. Ингээд Урт цагааны урд талд байрлах ундаа мухлаг дээр иртэл Х үүрч явсан цүнхэнд гар утас байгаа гээд харуулахад хэдэн гар утас байгааг хараагүй ба миний бодсоноор 6-7 ширхэг гар утас байгаа гэж бодсон. Тэгээд Б Х хоёр цахим үнэмлэх байхгүй, чиний үнэмлэхээр гар утаснуудаа ломбарданд тавьчихъя гэхээр нь бичиг баримтаа өгч явуулаад би өөрөө Хын ажил дээр ундаа зараад үлдсэн. Б Х нар бичиг баримт авч яваад 2-3 цаг болсон ба орой 19 цагийн үед ирэхдээ гар утаснуудаа зараад мөнгийг нь олчихлоо, ажил болсон явъя гэж хэлсэн. Тухайн үед гар утсаа зарсан, ломбарданд тавьсан талаар асуугаагүй. Ингээд бид гурав тэндээсээ явж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж Б Х нарт хэдэн төгрөг байсныг мэдэхгүй, миний бодож байгаагаар ойролцоогоор 50.000 төгрөгөөр унадаг дугуй унаж, хоол авч идээд дуусгасан. Ингээд оройхон нь Х, Б нартай Туул гол дээр очоод юм ярьж сууж байгаад муудалцаад тэндээс салаад явсан. Тэр өдрөөс хойш 3-4 өдөр уулзалгүй байж байгаад Бгийн найз охин над руу утсаар яриад тэр үед уулзаад хоорондоо эвлэрсэн. Тэгээд бид гурав хааяа нэг уулздаг байсан ба Б Х нар надад юу ч хэлээгүй ба хүнээс хулгай хэрэгт холбогдоод цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн.

Эхэндээ хулгай гар утас гэдгийг мэдээгүй байсан ба муудалцаж салсан өдрөөс хойш эргэж эвлэрээд уулзах үед Б Х нар их хэмжээний бэлэн мөнгөтэй яваад байхаар нь хулгайн гар утас байсан юм байна гэж мэдсэн. Цүнхэнд байсан болохоор сайн анзаарч хараагүй ба миний бодож байснаар 6-7 гар утас байна гэж бодсон. Тэгтэл сүүлд сонсоход 20 гаруй гар утас байсан гэж сонссон. Тэр үедээ хулгайн гap утас гэдгийг мэдээгүй, ахынхаа гар утсыг тавьж байгаа гэж итгээд цахим үнэмлэхээ өгсөн юм. Тэрнээс биш мэдсэн бол барьцаалан зээлдүүлэх газар тавиулахгүй байх байсан.

Би 2016 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө гэртээ байсан байх, орой үдшийн цагаар гэрээсээ нээх гараад байдаггүй болохоор гэртээ байсан. Би Ч гэж хүнийг танина. Ч нь 10 жилд манай ангид байсан юм. Ч нь МУИС-д сурч байгаа гэж сонссон. Хамгийн сүүлд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш уулзаагүй. Гэрийн хаяг, овог, утасны дугаарыг нь мэдэхгүй. Б Х нар сүүлд ахин ломбарданд хулгай хийсэн талаар мэдсэн. Би хулгайн rap утас зарж мөнгө олсон гэдгийг мэдээгүй ба мэдэж байсан бол мөнгөнөөс зарж үрэлцэхгүй байх байсан” /1 дүгээр хх52-53/ гэж,

 

Хоёр: шүүгдэгч Н.Б Б.Х нар давтан үйлдлээр, шүүгдэгч О.Чтай бүлэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар

хохирогч Б-н Б “... манай Мелоди Күй Холдинг ХХК нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 31 дүгээр байрны зүүн талд 31-4 тоот гэсэн хаяганд 2015 оны 9 сараас барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2016 оны 8 дугаар сарын 6-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай ажилтан Энхсайхан манай ажил дээр хулгай орчихсон байна цагдаа нар ирсэн гээд дуудсан. Тэгээд би яваад очсон чинь ажлын газрын цонх нь хагарсан хяналтын камерын тэжээлийг нь салгасан байдалтай байсан. Би алдагдсан эд зүйлийнхээ бүртгэлийг гаргасан чинь манайхаас 78 ширхэг rap утас 1 ширхэг Нөте бүк нийт 13,650,000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйл алдагдсан байсан. Манай алдагдсан эд зүйлс бол Солонгос улсаас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бараа татаж авсан Солонгос улсад хэрэглэж байсан хуучин гар утас нийт 46 төрлийн 79 ширхэг гар утас байсан тэдгээрийг Монгол улсад бол шууд сим карт хийгээд ашиглах бүрэн боломжтой. Манайхаас алдагдсан гар утаснууд Теди болон Монтел дээр зардаг, тэнд манай үнэлгээтэй адилхан байдаг. Тухайн өдөр манайхаас:

  1.  Iphone 6 plus хар өнгөтэй -1ш үнэ 1,200,000 төгрөг
  2. lphone5 /64GB багаамжтай/ -1 ш үнэ 320,000 төгрөг, Iphone 5/32GB багтаамжтай/ 1 ширхэг 310.000 төгрөг, lphone5/16GB багтаамж/  хар өнгөтэй -Зш нэг бүрийн үнэ 300.000 төгрөг нийт -1,530,000 төгрөг.
  3.  Iphone 4s -1 ш хар өнгөтэй үнэ 140.000төгрөг
  4.  Iphone 4-1 ш үнэ 130,000төгрөг
  5.  Samsung galaxy S6 хөх өнгөтэй - 1ш үнэ 670,000төгрөг /дэлгэцний дээд хэсэгт толботой/
  6.  Samsung galaxy S5-3ш /хөх өнгөтэй -2ш, цагааан өнгөтэй -1ш/ нэг бүрийн 300.000 төгрөг нийт 900,000төгрөг,
  7.  Samsung galaxy А5 -2ш нэг бүрийн үнэ 360,000 төгрөг нийт 720,000төгрөг

8. Samsung galaxy S4- 2ш /ягаан өнгөтэй -1ш, цагаан өнгөтэй-1ш /нэг бүрийн 210.000 төгрөг, нийт 420,000төгрөг

  1.  LG G4- 1ш цагаан өнгөтэй үнэ 320,000төгрөг
  2.  Samsung galaxy Alpha- 1ш цагаан өнгөтэй үнэ- 260,000төгрөг
  3.  Samsung galaxy НотеЗ Нео -1 ш хар өнгөтэй үнэ -260,000төгрөг
  4.  LG G3-1ш хавтасан гэртэй шаргал өнгөтэй үнэ-240,000төгрөг
  5. Samsung galaxy S3-5ш, /ягаан -1,хөх-1, хар-1, цагаан-2 /нэг бүрийн үнэ 160.000 төгрөг, 800.000 төгрөг,
  6.  San-sung galaxy Golden-1 ш шар хүрээтэй хар өнгөтэй үнэ 450,000төгрөг
  7.  Samsung galaxy Grand2- 1ш цагаан өнгөтэй үнэ 210,000 төгрөг/урд шил хагархай/
  8.  Samsung galaxy S4 mini-1 ш цагаан өнгөтэй үнэ 150,000 төгрөг
  9.  LG aka- 1ш ягаан тагтай хар дэлгэцтэй үнэ 190,000 төгрөг
  10.  LG G Pro Зш нэг бүрийн үнэ 170,000, нийт 510,000 төгрөг
  11.  LG G Рго2- 1ш үнэ З00.000 төгрөг
  12.  Samsung galaxy S4 active -1ш хөх өнгөтэй үнэ 160,000 төгрөг
  13.  Samsung galaxy Ноте2 - 1ш хар саарал өнгөтэй үнэ 200,000 төгрөг
  14.  Samsung galaxy Ноте 1- 4ш нэг бүрийн үнэ 140,000 төгрөг, нийт 560,000 төгрөг
  15.  Sky Iron 1 -1 ш үнэ 140.000 төгрөг
  16.  LG F100- 1ш үнэ 110.000 төгрөг
  17.  LG F160 1 ш үнэ 110.000 төгрөг
  18.  Samsung galaxy S2 HD-Зш нэг бүрийн үнэ 110.000 төгрөг, нийт 330,000 төгрөг
  19.  Samsung galaxy S2-1ш үнэ 100,000 төгрөг
  20.  LG su640 -4ш нэг бүрийн үнэ 65,000 төгрөг, нийт 260,000 төгрөг

29 LG LU6200 -9ш нэг бүрийн үнэ 65,000 төгрөг, нийт 585,000 төгрөг

30. А730-1ш үнэ 50,000 төгрөг

31. К3700-1ш үнэ 50,000 төгрөг,

32. А810- 1ш үнэ 80.000 төгрөг,

33. G360 – 1 ш үнэ 120.000 төгрөг,

34. А240 – 1 ш үнэ 50.000 төгрөг,

35. Kh5800 – 1 ш үнэ 50.000 төгрөг,

36. Take S120-2ш нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 100.000 төгрөг,

37. А710-2 ш нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 100.000 төгрөг,

38. F260 – 1 ш үнэ 150.000 төгрөг,

39. 6800 – 1 ш үнэ 40.000 төгрөг,

40. А750 – 2ш нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 100.000 төгрөг,

41. Hoppin – 1 ш үнэ 90.000 төгрөг,

42. Take S220-2ш нэг бүрийн үнэ 75.000, нийт 150.000 төгрөг,

43. Take S330 – 1 ш үнэ 85.000 төгрөг,

44. Н110/huja tab/ - 1 ш үнэ 130.000 төгрөг,

45. Samsung Dual Core2 саарал өнгөтэй зөөврийн компьютер – 1ш үнэ 350.0000 төгрөг /хуучин хэрэглэж байсан/ Нийт дүн: 13.650.000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйл алдагдсан байсан” /1 дүгээр хх-н 55-56/,

“... өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл гэвэл манайхаас 44 нэр төрлийн, нийт 78 ширхэг гар утас болон 1 ширхэг Нөүт бүүк алга болсон. Ингэхээр өмнө өгсөн мэдүүлэг дээр байгаа 45 нэр төрлийн гэдэгт Нөүтбүүк орж байгаа юм. Тэгэхээр нийт 79 ширхэг эд зүйлс алга болсон. Хулгайд алдсан гар утаснуудаа бүгдийг нь Солонгос улсаас барьж утсыг оруулж ирээд Монтел, Тэди дээр гар утасны худалдаа эрхэлдэг хүмүүст өөрсдийн дугуй хэлбэрийн улбар шар өнгө дээр IT Best Smart гэсэн бичигтэй лацнууд тавьж гар утаснуудаа зардаг юм. Хулгай ордог өдрөөс 1-2 хоногийн өмнө Солонгос улсаас бараа ирчихсэн байсан тул захаас эхлээд өөрсдийн хувийн лацаа зарим нэг утсан дээр лацдаж тавьсан байгаа.

Гэхдээ лац байхгүй утаснуудыг өөрсдөө барааны бүртгэлийн дэвтэр дээрээс харахад утаснуудын марк болон тоо ширхэг, мөнгөн дүнгээрээ бичээстэй байгаа. Уг бүртгэлийн дэвтрийг хуулбарлаж хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. Уг бүртгэл дээр өмнөх гар утас авч байсан бүртгэл байгаа тул 2016 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө хулгай орсон тул тус бүртгэл дээр зарим нэг нь сериал дугаартай, дугааргүй утаснууд бичигдсэн байгаа. Тэгэхээр нь уг утаснуудын бүртгэл нь хулгай орохоос 1-2 хоногийн өмнө шинээр ирсэн болон өмнө зарагдаж амжаагүй хадгалагдаж байсан утаснууд байсан. Хулгайд алдсан гар утаснуудаас хар саарал өнгийн I phone 6 plus /1.200.000 төгрөг/, хар хөх өнгийн I phone 5 маркийн 16 GB багтаамжтай гар утас 1 ширхэг /300.000 төгрөг/, хөх өнгийн Самсунг галакси эс 6 маркийн rap утас 1 ширхэг /670.000 төгрөг/, хөх өнгийн Самсунг галакси эс-5 маркийн гар утас 1 ширхэг /300.000 төгрөг/ хар саарал өнгийн Самсунг галакси нөүт 2 маркийн гар утас 1 ширхэг /200.000 төгрөг/ хар өнгийн LG F160 маркийн гар утас 1 ширхэг /110.000 төгрөг/, бор саарал өнгийн Хятад улсын “хужа” таб 1 ширхэг /130.000 төгрөг/ зэрэг нэр бүхий 7 төрлийн, нийт 2.910.000 төгрөгийн эд зүйлсээ сериал дугаар болон содон шинж тэмдэг, өнгө, хувийн лацаараа таньж эд зүйлсээ бүрэн хүлээн авлаа. Надад учирсан нийт хохирлын тооцоогоор гарсан 13.650.000 төгрөгнөөс 2.910.000 төгрөгийг хасахаар нь надад одоо 10.740.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна” /1 дүгээр хх-н 57/ гэж,

гэрч Б-ын Б  “... би Мелоди күйн Холдинг ХХК-ний ломбарданд борлуулагчийн ажил хийдэг юм. 2016 оны 8 дугаар сарын 05-ны орой 17 цагийн орчимд би ажлаа тараад явсан. Тэгээд манай ажилтан Энхсайхан /88913467/ ломбарданд үлдээд орой 20 цагийн орчимд ажлаа тараад явсан гэсэн. Маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 05 цаг өнгөрч байхад Энхсайхан над руу залгаад манай ломбарданд хулгай орсон байна юу алдагдсан талаар би мэдэхгүй байна, та хүрээд ирээч гэсэн. Яваад очсон чинь цагдаагийн ажилтан нар ирчихсэн миний ажилладаг ломбарданд хулгай орж дотроос Солонгос улсаас оруулж ирж зарж байсан хуучин утаснууд 1 ширхэг Самсунг маркийн саарал өнгийн нөтебүк алдагдсан байсан. Өөр юу алдагдсан талаар би сайн мэдэхгүй байна” /1 дүгээр хх-н 58/ гэж,

иргэний нэхэмжлэгч Ц-ийн Б “... 2016 оны 8 сарын эхээр би фэйсбүүкт “ВМХ дугуйг 1.100.000 төгрөгөөс яриад зарна, үнэ дүйцэх гар утсаар тулна” гэсэн утгатай зар тавьсан юм. Тэгтэл “hemnel tansag” гэсэн хаягтай хүн I phone 6 гар утас байна, тулах уу гэхээр нь Хүүхдийн 100-гийн Наранмолл урд талын 45 дугаар байрны сааданд дуудаж уулзсан. Тэгээд I phone 6 plus гар утас байхаар нь дугуйгаа сольсон. Тухайн үед тэр хүүхэд өөрийгөө ломбард ажиллуулдаг, цаашид ломбардаа болих гэж байгаа, тэгээд чөлөөлөгдсөн утсаа зарж байгаа гэсээр дугуйг минь унаад явсан. Тэр хүүхэд ганцаараа явж байсан. Дахин харвал танина, урт үстэй, бор, шөвгөр царайтай, 17 орчим насны хүүхэд байсан. Дугуйгаа буцааж авмаар байна” /1 дүгээр хх-н 236-237/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэр бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-н 13-15, 23-25/, барьцаат зээлийн үйлчилгээний баримт /1 дүгээр хх-н 160-163/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-н 168-169/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хх-н 238-240/ болон бичгийн бусад баримтууд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч Н.Б Б.Х, О.Ч нарын гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.Б Б.Х, Д.Ч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хууль дахь “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид нийцэхээс гадна тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хууль дахь “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн бүлэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч гэсэн бүрэлдэхүүний шинжээс хамаарч оногдуулах хорих ялын хугацааг “хоёроос таван жил хүртэл” гэж хуульчилсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль дахь “Хулгайлах” гэмт хэргийн орон байранд нэвтэрсэн үйлдэлд оногдуулах хорих ялын хугацааг “хоёр жилээс найман жил хүртэл” гэж хуульсан байдаг.

 

Нэр бүхий шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь 3 дугаар хавтаст хэргийн 12-15 дугаар хуудсанд авагдсан “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” лавлагаанд авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Б.Х, О.Ч нар бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, тухайлбал;

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Ц.Цд 766.000 төгрөгийг ХААН банкны дансаар дамжуулан, хохирогч Н.Ад 930.000 төгрөгийг ХААН банкны дансаар дамжуулан, хохирогч Б.Бд 5.205.000 төгрөгийг ХААН банкны дансаар дамжуулан,

 

Шүүгдэгч О.Ч нь хохирогч Б.Бд 250.000 төгрөгийг ХААН банкны дансаар дамжуулан тус тус өгчээ.

 

Харин шүүгдэгч Б.Х иргэний нэхэмжлэгч Э.Чингэст 296.800 төгрөгийн төлбөртэй байсан боловч иргэний нэхэмжлэгч Э.Чингэс оршин суух хаягтаа байхгүй, түүнтэй гар утсаар холбогдох гээд чадахгүй байна гэсэн шалтгаанаар өмгөөлөгч Б.Оюунгэрэл дээрх мөнгийг шүүхийн дансанд байршуулах тухай хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн гаргасан уг хүсэлтийн дагуу иргэний нэхэмжлэгч Э.Чингэст /РД: УП91061518/ олгогдох 296.800 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан 0000100900005407 тоот дансад “Чингист хохирол барагдуулах Х” гэсэн гүйлгээний утгатайгаар байршуулсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Бгийн хувьд тэрээр бусдад нийт 8.001.000 төгрөгийн төлбөртэй, үүнд;

хохирогч Ц.Цд 766.000 төгрөг,

хохирогч Н.Ад 930.000 төгрөг,

хохирогч Б.Бд 5.205.000 төгрөг,

иргэний нэхэмжлэгч Ц.Балдан-Очирт 1.100.000 төгрөг төлөхөөр байна.

 

Харин Б.Б хохирогчтой шүүгдэгч Н.Б Б.Х нарын бүлэглэж үйлдсэн хулгайн гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Samsung NP-R 540 маркийн зөөврийн компьютер /1 дүгээр хх-н 8/ нь 350.000 төгрөгөөр үнэлэгдсэн байх ба дээрх компьютерийг буцааж авах тухай хүсэлтээ хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Ш.Бадмаараг шүүх хуралдааны явцад гаргав.

 

Улмаар 350.000 төгрөгөөр үнэлэгдсэн дээрх компьютерийг шүүгдэгч Н.Бд ногдох төлбөрөөс хасуулж тооцуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар /өмгөөлөгч, шүүгдэгч/ гаргасныг хүлээн авах боломжтой гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Бгийн хохирогч Б.Бд төлбөл зохих 5.205.000 төгрөгнөөс 350.000 төгрөгийг хасаж тооцвол 4.855.000 төгрөг болж багасахаас гадна түүний бусдад төлөх нийт хохирлын хэмжээ 7.651.000 төгрөг болж өөрчлөгдөв.

 

Шүүгдэгч Б.Х, О.Ч нар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу хүндэвтэр ангилалын гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, энэ байдал нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 61 дүгээр зүйлийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Н.Бгийн хувьд мөн адил хүндэвтэр ангилалын гэмт хэрэг анх удаа үйлдсэн боловч тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал нь хуулийн дээрх зохицуулалтанд хамааралгүй.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг судлавал;

 

Шүүгдэгч О.Ч цагдан хоригдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Х 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр баривчлагдаж[1], 8 дугаар сарын 24-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан[2] буюу нийт 3 хоног цагдан хоригджээ.

 

Шүүгдэгч Н.Б 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр баривчлагдаж[3], 8 дугаар сарын 24-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан[4] буюу нийт 3 хоног цагдан хоригдсон байна.

 

Мөн шүүгдэгч Н.Бг 2019 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж[5], түүнд 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж[6], тэрээр өнөөдрийг хүртэл нийт 108 /нэг зуун найм/ хоног хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн болохыг,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан Samsung NP-R 540 маркийн зөөврийн компьютерийг хохирогч Б.Бд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

  

          1. Х овогт Н-ийн Б Ч овогт Б-ийн Х нарыг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг давтан бүлэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

 

          Б овогт О-ийн Чыг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар

          Н.Бг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар,

          Б.Хыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих ялаар,

          О.Чыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Н.Б Б.Х, О.Ч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Цагдан хоригдсон Н.Бгийн 108 /нэг зуун найм/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

          5. Б.Х 3 хоног сэжигтнээр баривчлагдсан болохыг, О.Ч баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар

          Б.Хт оногдуулсан 2 жил 10 хоног хорих ялыг,

          О.Чад оногдуулсан 2 жил хорих ялыг

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Б.Х, О.Ч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Бгаас нийт 7.651.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Цд 766.000 төгрөг, хохирогч Н.Ад 930.000 төгрөг, хохирогч Б.Бд 4.855.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Балдан-Очирт 1.100.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан Samsung NP-R 540 маркийн зөөврийн компьютерийг 350.000 төгрөгийн хохиролд тооцон хохирогч Б.Бд олгосугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Бг “цагдан хорьсонг”, Б.Х, О.Ч нарын “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

[1] 1 дүгээр хх-н 80

[2] 1 дүгээр хх-н 91

[3] 1 дүгээр хх-н 81

[4] 1 дүгээр хх-н 86

[5] 2 дугаар хх-н 244

[6] 2 дугаар хх-н 248