Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/430

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Ч.Батбаатар,

Шүүгдэгч: Б.Ө-, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Ө-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003000420079 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ө-, ...... тоот регистртэй, 

Шүүгдэгч Б.Ө- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Симминс” ХХК-ийн урд замд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 40 минутын орчимд “Хьюндай Соната 7” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:” а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Р.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ө- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Р.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цаг өнгөрч байх үед ажилаа тарж гэртээ харихаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Симминс” ХХК”-ний урд замд зорчих хэсгийн зүүн гар талын захаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй ганцаар алхаж явж байтал зорчих хэсгийн зүүн талын хашаан дотроос автомашин ухарч гарч ирж хойд талаараа намайг мөргөж унагасан. Тэр үед автомашин зогсож машин дотроос хүн бууж ирээд яасан ахаа гэж асуусан. Би тэр үед ахыгаа мөргөчихлөө гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Гэрч Г.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г-ын гэрийн гадаа харалдаа зогссон юм. Тэгсэн Ө- хүн шүргэчих шиг боллоо ухрахдаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар бүгд машинаасаа гараад харсан чинь машины ард зам дээр яг аль хөлөө барьсаныг нь анзаараагүй 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Шинжээчийн 1209 дугаартай дүгнэлтэд: “...Р.Х-ын биед зүүн шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 52-53/,

Техникийн шинжээчийн 109 дүгээр дүгнэлтэд: “...Х.Соната-7 маркийн ...улсын дугаартай тээрвийн хэргслийг жолоодож явсан жолооч Бямбаа овогтой Ө- нь МУ-ын ЗХД-ийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно:” а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Рэнцэн овогтой Хүрэлбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хх-н 79-80/,

Яллагдагчаар Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2.5 литрийн хэмжээтэй 1 ширхэг пиво аваад би Пүрэвбаяр, Ганзориг нарын хамт миний машинд пивоо уугаад дууссаны дараа зүс таних Бямбаням гэдэг залуу ирсэн. ...Пүрэвбаяр ах буугаад гэр рүүгээ орох гээд явж байхад тэдний гудамж нарийхан тул айлын хашаа руу машиныхаа хамрыг оруулж байгаад би такси баазын өмчлөлийн ...улсын дугаартай, Соната 7 маркийн автомашинаар хойшоо ухартал ард хүн явж байгааг мэдээгүй шүргэчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 86-88/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-5/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 6, 9-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 8/, хохирлын баримтууд /хх-н 18-30, 34/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44, 95-101, 107-111, 113, 151-158, 164-166/, хохирогчийн өвчний түүх /хх-н 55-65/, хохирогчийн хүсэлт /хх-н 118/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Ө- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Симминс” ХХК-ийн урд замд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 40 минутын орчимд “Хьюндай Соната 7” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:” а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Р.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Р.Х-ын: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цаг өнгөрч байх үед ажилаа тарж гэртээ харихаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Симминс” ХХК”-ны урд замд зорчих хэсгийн зүүн гар талын захаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй ганцаар алхаж явж байтал зорчих хэсгийн зүүн талын хашаан дотроос автомашин ухарч гарч ирж хойд талаараа намайг мөргөж унагасан” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/, гэрч Г.П-ын: “...Г-ын гэрийн гадаа харалдаа зогссон юм. Тэгсэн Ө- хүн шүргэчих шиг боллоо ухрахдаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар бүгд машинаасаа гараад харсан чинь машины ард зам дээр яг аль хөлөө барьсаныг нь анзаараагүй 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/, шинжээчийн 1209 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 109 дугаар дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ хохирогч Р.Х-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 118/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Ө-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар шийдвэрлэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ө-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр, 02 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР