Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.Эрхэмбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 20-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.******* нь 2021 оны 12 дугаар сарын эхээр Завхан аймгийн ******* сум ******* баг “ ” гэх газраас иргэн Н. өмчлөлийн нэг тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч С.*******ын холбогдсон уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.******* нь 2021 оны 12 дугаар сарын эхээр Завхан аймгийн ******* сум ******* баг “ ” гэх газраас иргэн Н. өмчлөлийн нэг тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч Н. өгсөн: “...Би аймагт эмнэлэгт хэвтэж байгаад 11 сарын сүүлээр хөдөө гэртээ ирээд тэгээд би идэш уушаа идэж байгаад манай нэг хязаалан байдас гэдэг хүний адуунд байсан. Тэгээд ахтай тааралдаад “танай адуунд манай нөгөө алаг байдас байна уу” гэсэн чинь “мэдэхгүй манай адуу энэ хавиар байгаа” гэж хэлсэн. Тэгээд намайг сурсаны дараа адуугаа үзсэн гэсэн. Тэгсэн “танай алаг байдас алаг болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би энэ хавьд байдаг адуугаар эрж хайгаад сураг байхгүй байна. Миний хулгайд алдсан адуу хязаалан насны дөрвөн хөл алаг зөв талын гуян дээрээ жинстэй дормон тамгатай адуу байсан. Би өөрийн хулгайд алдсан адууны хохирол 1,200,000 төгрөг, адуугаа эрж хайж явсны 100,000 төгрөг нэхэмжилж байна. Би адуугаа болон хохирлоо барагдуулаад авбал гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09-р хуудас/, - Гэрч Ж. өгсөн. “...Манай адуунд Н. 1 тооны халтар бор дөрвөн хөл цагаан шүдлэн байдас байсан. Тамгыг нь сайн санахгүй байна. жинстэй дормон тамга дардаг. Би хамгийн сүүлд 11 дүгээр сарын сүүлээр харахад байсан. 12 дугаар сарын 03-нд харахад алга болсон байсан. Манай адуунд жил болж байгаа манай адуунаас тасарч явахгүй ижилссэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, - Гэрч Л. өгсөн: “...2021 оны 12 дугаар сард яг хэдний өдрийг нь санахгүй байна. Би ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Ханан ”-ийн ойролцоо А. хамт өөрийн 78-02 улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад С.*******тай тааралдсан. Тэгээд би *******аас адууны авцаатай байсан “нөгөө адуугаа авъя” гээд нэхсэн чинь “адуу ойрхон байгаа одоо би таньд бариад өгье” гэсэн. Тэгвэл би аваад явъя гээд дагаж яваад 3 азарга адуу бөөгнүүлж байгаад дөрвөн хөл алаг бор халтар зүсмийн хязаалан байдас барьж ачиж өгөөд тэгээд бид хоёр цаашаа гэх айлд очиж гадаа нь аргамжиж хоноод маргааш өглөө нь гаргаж аваад ирсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Жинстэй дормон тамгатай 4 настай дөрвөн хөл алаг бор халтар хязаалан байдас байсан. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би өөр хүнд мөнгөний өртэй байж байгаад ээс адуу өгье гэж 700.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд Яруу сумын Зүйл баг руу өөрийнхөө адуунаас адуу нядалж өгөхөөр явж байтал С.******* таараад би хуучин адууны авцаандаа хязаалан байдас авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, - Гэрч Х.ийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь би одоо сайн санахгүй байна. Л. нь нар жаргахаас арай өмнө манайд машинтай 1 тооны адуу ачиж ирээд манай гадаа аргамжиж хоноод өглөө босоод авчирсан адуугаа гаргаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/, - Гэрч өгсөн: “...2021 оны 12 дугаар сард яг хэдний өдрийг нь санахгүй байна. Завхан аймгийн төвөөс би Л.той гараад ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Ханан ”-ийн ойролцоо 78-02 улсын дугаартай Портер2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад С.******* гэх хүнтэй тааралдсан. Тэгээд *******аас адууны авцаатай байсан “нөгөө адуугаа авъя” гээд нэхсэн чинь “адуу ойрхон байгаа одоо би тань бариад өгье” гэсэн. Тэгээд аваад явъя гээд дагаж яваад 3 азарга адуу бөөгнүүлж байгаад дөрвөн хөл алаг бор халтар зүсмийн хязаалан байдас барьж ачиж өгсөн. Тэгээд бид хоёр цаашаа гэх айлд очиж гадаа нь аргамжиж хоноод маргааш өглөө нь гаргаж аваад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19- 20-р хуудас/, - Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Н. адуун дунд миний эзэмшлийн нэг байдас азарганд гүйгээд орчихсон байсан юм. Тэгээд би хүнд байдасны өгцөөтэй байж байгаад Н. байдсыг бариад өгчихсөн. Тэгээд дараа нь өөрийнхөө байдсыг өгчихнө гэж бодоод авчихсан юм. Би тухайн үед өөрийнхөө эзэмшлийн хүрэн зүсмийн давхар чагтан тамгатай шүдлэн үрээ унаж явсан. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчдөг. Шүүгдэгч С.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Н. нэг тооны бод малыг хулгайлж түүнд 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шунахай сэдэлт, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч С.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. - Хохирлын талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н. 1,200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай Завхан аймгийн Яруу сумын үнэлгээний комиссын үнэлгээчин Б.- дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/-ээр тогтоогдож байна. Хохирогч Н. учруулсан 1,200,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.******* төлсөн болох нь хохирогч Н.Жамъянгарав, шүүгдэгч С.******* нарын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч С.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. Мөн шүүгдэгч С.******* мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн хүрэн зүсмийн давхар чагтан тамгатай шүдлэн үрээ унаж явсан гэх бөгөөд “Хурд-Од” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х. “Шүдлэн үрээ 2021 оны 12 дугаар сарын байдлаар 650,000 төгрөг” гэж үнэлсэн байх тул уг шүдлэн үрээний үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч С.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.*******д “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч С.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч С.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдэж үйлдэхдээ уналага болгон ашигласан шүдлэн үрээний үнэ 650,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ