Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00436

 

С.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01853 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1552 дугаар магадлалтай,

С.Нгийн нэхэмжлэлтэй,

СПБЭЦТ ГҮТББ-д холбогдох

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.2-д заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, гэрээгээр хүлээсэн үүрэг болох Ерөнхий инженер албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7 592 842 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг ТББ-д хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж тус ТББ-ын захирлын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс ерөнхий инженерийн албан тушаалд томилогдож, цахилгааны инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн албан үүргийг давхар хариуцан ажиллаж байсан. 2018 оны 11 дүгээр сараас Сандэй плаза үйлчилгээний төвд талбай өмчлөн эзэмшиж бизнес эрхлэгчид хооронд үл ойлголцол үүсч Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-ын гүйцэтгэх захирал З.Мөнгөнхуягийг ажлаас чөлөөлж өөр гүйцэтгэх захирал томилох асуудал яригдаж эхэлсэн. З.Мөнгөнхуяг ажлаа өгөхгүй гэсний улмаас Сандэй плаза үйлчилгээний төвд талбай өмчлөн эзэмшиж бизнес эрхлэгчид СПБЭЦТ ГҮТББ гэсэн нэр бүхий шинэ төрийн бус байгууллага үүсгэн байгуулсан. Улмаар шинэ гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагаараа үйл ажиллагаа явуулж эхлэх болсон тул өмнөх төрийн бус байгууллагын бүх эрх, үүрэг эд хөрөнгийг шилжүүлэн авахаар тохиролцсон. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг ТББ болон шинэ төрийн бус байгууллага болох СПБЭЦТ гишүүддээ үйлчилдэг ТББ-ууд Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.2-д Байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй учир А талын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан албан хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар СПБЭЦТ гишүүддээ үйлчилдэг ТББ нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээг өөрийн нэрээр шинэчлэн байгуулж үргэлжлүүлэн хэвийн ажиллуулах үүргийг хүлээсэн. Тус гэрээний хавсралтаар шилжүүлэн авч байгаа 21 ажилтныг хүлээн авсан тухай акт үйлдэж хоёр ТББ-ын удирдлага гарын үсэг зурсан байдаг. Миний бие өмнө нь Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-тай 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ бол тодорхой хугацаагүй гэрээ байгуулсан, хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж байсан. Тухайн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй, ажилчдын үүрэг өөрчлөгдөөгүй. Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний зорилго хэсэгт шилжүүлэн өгөх байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, өмчлөгчид, харилцагч байгууллагын өмнө хүлээх үүрэг хариуцлага зэргийг шилжүүлж өгсөн байдаг. Ингээд илүү тодотгохоор тус гэрээний 3.2-т ажилтан албан хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллах үүрэгтэй гэж заагаад, гэрээний хавсралтаар 21 ажилтны нийгмийн даатгалын дэвтрийг өгсөн байдаг. СПБЭЦТ ГҮТББ нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ТУЗ-ын даргын 19/01 тоот мэдэгдлээр ажилд авах боломжгүй гэсэн хариу өгч хөдөлмөрийн гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй. Үргэлжлүүлэн ажиллуулна гэдэг шинээр ажилд авах тухай ойлголт биш, туршилтын хугацаа тогтоох шаардлагагүй байсан. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээний нөхцөл өөрчлөгдөхгүй, зөвхөн хуулийн этгээдийн нэрийг өөрчлөх байсан. Тус гэрээ хоёр байгууллагын хооронд байгуулагдсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн тул Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасны дагуу тус гэрээний үүрэгтэй холбоотой зөрчлийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ерөнхий инженерийн ажил эрхэлж байсан бөгөөд урьдчилгаа цалин авах болоход 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд цалинг өгнө гэсэн. Ингэхээр нь 3 сарын хугацаа дуусмагц халагдах юм байна гэж бодоод зөвшөөрөөгүй. Өмнөх ТББ-ын тушаалыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн. Энэ ТББ нь үүрэгт ажлаас чөлөөлсөн болохоос ажлаас халаагүй, энэ тушаалын талаар гомдол гаргаж байгаагүй. СПБЭЦТ ГҮТББ нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол С.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 4 сар 28 хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгээд үүний дагуу цалин хөлс 7.592.842 төгрөг авч, эдийн засгийн хувьд алдагдалд орохгүй байсан. Мөн цалин хөлстэй уялдаад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын сангийн эргэн төлөлтөд тасалдал үүсэхгүй, ийнхүү цалин хөлс аваагүй нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирол буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн бол зайлшгүй олох ёстой байсан орлого хохиролд тооцогдоно гэж үзсэн. Иймд СПБЭЦТ ГҮТББ нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгож тус үүргийн биелүүлж ерөнхий инженер албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүрэг зөрчсөний улмаас миний биед учирсан хохирол болох дундаж цалин 1.535.956 төгрөг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 4 сар 28 хоногийн хугацааны цалин болох 7.592.842 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч СПБЭЦТ ГҮТББ-ын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт зааснаас үзэхэд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь татан буугдаагүй юм. Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх хуулийн зохицуулалт байгаа болохоос харин иргэн, ажилчин шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй. Үүнээс хамааран Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ болон хариуцагч СПБЭЦТ ГҮТББ-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.2 дах заалт хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх ёстой. Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагатай Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг байгуулахаас өмнө тус байгууллага нь хөдөлмөрийн гэрээтэй ажилчиддаа бүгдийг нь ажлаас чөлөөлж, тушаал гаргасан учир нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ажилчин биш болно. Гэтэл Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-ийн хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг манай байгууллагад байсан. Харин хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн С.Н нь манай байгууллагаас биш өөрийн ажиллаж байсан төрийн бус байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргах нь зүйд нийцэхээр байна. Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг байгуулах үед манай байгууллага нь бүтэц, зохион байгуулалт, орон тоо, холбогдох дүрэм журмаа батлаагүй байсан, шинэ ТББ нь бүтэц, орон тоо, дотоод журмыг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан. Өмнөх ТББ нь Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээгээр түүний эрх, үүрэг бүхэлд нь шилжүүлсэн, тийм болохоор ажилчдыг шууд үргэлжлүүлэн ажиллуулах харилцаа байх ёстой гэдэг агуулгатай гэж ойлгож байна. Гэтэл хууль зүйн хувьд тийм боломжгүй. Өөрөөр хэлбэл, шинэ ТББ нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шинээр байгуулагдан, улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ, тамга тэмдгээ авсан. Гэрээнээс харахад ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Үлдэх 19 ажилчдын хувьд шинээр байгуулагдсан ТББ-ын хөдөлмөрийн дотоод журам, гүйцэтгэх захирлын тавьсан саналыг хүлээж аваад, 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд одоо уг хугацаатай гэрээний хугацаа дуусаад хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байна. Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.2-д заасны дагуу манай байгууллага өмнөх төрийн бус байгууллагаас чөлөөлөгдсөн ажилчин С.Нд туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан, тэрээр уг саналыг хүлээж аваагүй, хугацаагүй байхыг шаардсанаар бидний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй юм. Хөдөлмөрийн гэрээг 2 талын хүсэл зоригийг үндэслэн байгуулдаг тул байгууллагын дотоод журмыг зөрчин хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй тул талууд тохиролцоонд хүрээгүй болно. Тиймээс гэрээний үүргийг зөрчөөгүй гэж үзэж байгаа учир үүрэг зөрчсөний улмаас цалин болон нийгмийн даатгалын шимтгэл, цалинг хохирол гээд, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардах эрхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт бол зөвхөн хөдөлмөрийн харилцаатай байсан этгээдүүдийн хооронд үүсдэг бөгөөд шаардах эрх үүсдэг. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01853 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч СПБЭЦТ гишүүддээ үйлчилдэг ТББ-д холбогдох 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.2-д заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, гэрээгээр хүлээсэн үүрэг болох Ерөнхий инженер албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7 592 842 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч С.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1552 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01853 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Нтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ерөнхий инженерийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч СПБЭЦТ ГҮТББ-д даалгаж, хариуцагчаас гэм хор учирсан хохиролд 6 362 792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1 230 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 116 754.67 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь судлан, хууль болон гэрээг үнэн зөв тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хуулийн үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Нтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ерөнхий инженерийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг хариуцагч СПБЭЦТ ГҮТББ-д даалгаж, хариуцагчаас гэм хор учирсан тохиолдолд 6.362.792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1.230.050 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын эрх үүргийг үнэн зөв тодорхойлолгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь хариуцагч СПБЭЦТ ГҮТББ-тай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ буюу Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч болон давж заалдах шатны шүүх Төрийн бус байгууллагуудын хооронд Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх нэртэй гэрээ байгуулж, тус байгууллагын эрх үүрэг, хариуцлага, эд хөрөнгийг СПБЭЦТ ГҮТББ-д шилжүүлэн өгчээ гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд эрх үүрэг шилжихтэй холбоотой хуулийн зохицуулалт байхгүй. Гагцхүү Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт татан буугдсан төрийн бус байгууллагын үлдсэн эд хөрөнгийг шилжүүлэх талаар зохицуулалт байхаас бусад тохиолдолд холбогдох хууль тогтоомжид татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын эрх үүрэг, хариуцлага шилжих зохицуулалт байхгүй юм. Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа нь Улсын бүртгэлийн байгууллагын шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэх нь үндэслэлгүй байна. Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.2-т “Байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй учир А талын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч гэрээний уг заалтыг үндэслэн гэрээний талуудын хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Өмнөх төрийн бус байгууллагад ажиллаж байсан С.Нг тухайн ажиллаж байсан байгууллагаас нь гаргасан тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн байдаг. Хариуцагч байгууллага нь Улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр байгуулагдаад Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний дээрх заалтын дагуу “гэрээг шинэчилж” гэж зааснаар өмнөх байгууллагын ажилчидтай гэрээг шинээр байгуулж эхэлсэн ба нэхэмжлэгч С.Нд шинээр гэрээ байгуулж, ажиллах санал тавьсан хэдий ч нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх нэртэй гэрээ байгуулж, тус байгууллагын эрх үүрэг, хариуцлага, эд хөрөнгийг СПБЭЦТ ГҮТББ-д шилжүүлэн өгчээ” гэж үндэслэлгүйгээр дүгнэснээ дээрх гэрээний 3.2 дахь заалтыг тайлбарлахдаа “Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэх хуулийн заалтыг “...гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах... гэсэн нөхцөлийг” ...хариуцагч нь Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-д ажиллаж байсан ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, өмнөх нөхцөлөөр үргэжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээсэн” гэж гэрээний утга агуулгыг өөрчлөн дэлгэрүүлж, “өмнөх нөхцөлөөр үргэлжлүүлэн” гэх утга агуулгыг шүүх гэрээнд шинээр нэмж, нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарласан байна. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй эсэхэд Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1. 203.2-т зааснаар эрх зүйн дүгнэлт хийсэн. “Хуулийн дээрх заалтаар гуравдагч этгээдэд ашигтай гэрээ нь нэгдүгээрт, түүнд эрх олгосон зохицуулалтыг тохиролцож, энэ талаар гэрээнд тодорхой тусгасан байх бөгөөд энэ эрхийн хүрээнд гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэх, хоёрдугаарт, гэрээнд үүргийг гагцхүү гэрээлэгч хоёр талын хооронд гүйцэтгэхээр тохиролцож, харин гуравдагч этгээдийг гэрээний үүргээр хамгаалагдсан хүрээнд хамруулахаар заасан байж болох бөгөөд энэ тохиолдолд гуравдагч этгээд үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна” гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “тус гэрээ нь гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байх тул нэхэмжлэгч С.Н нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой няцаалт хийлгүйгээр, дээрх хуулийн зохицуулалтад хамаарах аль үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэж буйгаа дурдалгүйгээр ийнхүү шууд тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар “...тус хуулийн зохицуулалтын зорилго нь гагцхүү гуравдагч этгээдэд ашигтай буюу гуравдагч этгээдийн хангамжийг баталгаажуулах, эсхүл нэмэгдүүлэх зорилгыг агуулсан байх шинжийг агуулж байна. Гэрээний дурдсан заалт болон 1 дүгээр зүйлд заасан зорилгоос үзэхэд гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг олгосон болон гуравдагч этгээдэд ашигтай, түүний хангамжийг баталгаажуулсан эсхүл нэмэгдүүлсэн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэх тайлбар үндэслэлгүй байна” гэж тодорхой тайлбарлажээ. Ийнхүү давж заалдах шатны шүүх магадлалдаа “...шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг тодорхойлохдоо Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч мөн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсгийг буруу тайлбарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй..., Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх буюу нэхэмжлэгчийг сантехникийн инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах нь зүйтэй...” гэх зэргээр огт үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаас шаардах эрхгүй төдийгүй нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан төрийн бус байгууллагын адил хариуцагч нь өмнөх нөхцөлөөр гэрээний нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах үүрэг хүлээхгүйгээс гадна Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэх хуулийн зохицуулалт мөн хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээрээс гадна нэхэмжлэгч ерөнхий инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7.592.842 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгапъш нөхөн бичилт хийхийг даалгах...” зэргээр огт хуулийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба давж заалдах шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ магадлалын тогтоох хэсгийн 1-т “...нэхэмжлэгч С.Нтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ерөнхий инженерийн албан тушаалд томилж...” гэх зэргээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан хариуцагчийн хуулиар олгогдсон эрхэд халдсан төдийгүй байгууллагын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцон хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Түүнчлэн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй буюу биелэгдэх боломжтой байх ёстой байтал шүүх магадлалдаа “...ерөнхий инженерийн албан тушаалд томилж...” гэж хариуцагч байгууллагад байхгүй орон тоонд нэхэмжлэгч С.Нг томилуулахаар шийдвэрлэж шинээр ажлын байр гаргаж ирэн хариуцагч байгууллагын эрхэд халдсан байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Н, “СПБЭЦТ” ГҮТББ-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.2-д заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, гэрээгээр хүлээсэн үүрэг болох ерөнхий инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7.592.842 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үзэж, маргааны үйл баримтыг зөв тогтоожээ.

С.Н “Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ерөнхий инженерийн ажил үүргийг гүйцэтгэж байжээ.

Сандэй худалдааны төвд шинээр “СПБЭЦТ”  ГҮТББ байгууллагдсанаар өмнө үйл ажиллагаа явуулж байсан “Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ татан буугдаж, эрхэлж байсан ажиллагааны чиглэл, эрх, үүргээ гэрээний дагуу шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Эдгээр хоёр төрийн бус байгууллагын хооронд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх тухай гэрээ”-ний 3.2-т өмнө үйл ажиллагаа явуулж байсан төрийн бус байгууллагын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинээр байгуулагдсан төрийн бус байгууллага шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэйг зааж, нийт 21 ажилчдын нэрс, нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгсний дотор нэхэмжлэгч С.Н багтсан байна.

Хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаагаар байгуулах хариуцагч “СПБЭЦТ” ГҮТББ-ын саналыг нэхэмжлэгч С.Н өөрийнх нь эрх ашгийг зөрчсөн гэж үзсэн бөгөөд түүний нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1-д заасантай нийцэх тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч С.Н хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж, урьд эрхэлж байсан ажил үүргийг гүйцэтгүүлэхийг хариуцагч “СПБЭЦТ” ГҮТББ-д холбогдуулан гаргах эрхтэй байна.

Тодруулбал, гэрээ, үйл ажиллагаагаа шилжүүлсэн 2 төрийн бус байгууллагын хооронд байгуулагдсан хэдий ч хариуцагч “СПБЭЦТ” ГҮТББ нь гуравдагч этгээд болох ажилчдын эрх ашгийг хөндөхгүй, хамгаалахаар  гэрээгээр үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгчийн урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл үргэлжлэх учиртай талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг хохиролд тооцон шүүх 7.592.842 төгрөг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо, “Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ, “СПБЭЦТ” ГҮТББ-ын хооронд байгуулагдсан ашиглалтын үйлчилгээ шилжүүлэх гэрээний 3.2 дах заалтыг шүүх тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг зөрчиж, “...гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах...” гэсэн нөхцлийг “өмнөх нөхцлөөр үргэлжлүүлэн” гэж дэлгэрүүлж тайлбарласан гэсэн нь үндэслэлгүй байна.

Гэрээний 3.2-т “байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй учир А талын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд ажил олгогч байгууллага нь өөрчлөгдсөн учир тухайн байгууллага хөдөлмөрийн гэрээг ажилтан ажилчидтай шинэчлэн хийх нь зайлшгүй боловч гэрээ байгуулахдаа өмнөх гэрээний нөхцлийг өөрчилж, туршилтын журмаар хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрөх боломжгүй байна.

Нөгөө талаар С.Н тухайн албан тушаалд тодорхой хугацаагаар үндсэн ажилтнаар ажилласан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул шинээр ажилд орж байгаа ажилтантай адилтган үзэхгүй, туршилтын журмаар хугацаатай гэрээ байгуулахыг хариуцагч шаардсан нь үндэслэлгүй юм.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1552 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 206.640 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ