Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 15 өдөр                        

  2019/ДШМ/07                                                              Зуунмод

С.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч С.Ц ,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 304 дугаар цагаатгах тогтоолтой шүүгдэгч С.Ц-д холбогдох 1834005190255 дугаартай 1 хавтас, 106 хуудас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1951 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С.Ц , /РД:ЙР51031579/.

 

            Шүүгдэгч С.Ц  нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутагт иргэн Б.Төмөрхуягийг “зээлсэн 200.000 төгрөгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 304 дугаар цагаатгах тогтоолоор: 

            Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ц д холбогдох эрүүгийн 1834005190255 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, С.Ц-д авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор гаргасан эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ "...Хохирогч Б.Төмөрхуягийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "С.Ц  миний зүүн гарын шуун тус газар нэг удаа өшиглөсөн...намайг заамдаад сэгсэрч гудчаад түлхэж газар унагасан би унахдаа цементэн боржур дээр унасан... буюу эхлээд гар руу өшиглөж гарыг хугалсан, дараа нь унагаасан талаар мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлгийн эх сурвалжийг зааж байгаа гэх гэрч Х.Мөнхбаярын... худгийн гадаа улаан өнгөтэй "Даюун" маркийн мотоциколтой Төмөрхуяг нь зогсож байсан. Тэгтэл нэг өндөр бүдүүн биерхүү ах Төмөрхуягийг мотоциклоос нь татаж унагаад замын боржур мөргүүлсэн..., гэрч Б.Золжаргалын ...худаг дээр ус авах гээд байж байтал Төмөрхуяг мотоциколтой над дээр иртэл Чойнбол ах худаг дотроос гарч ирээд Төмөрхуяг дээр очиж...тэр хоёр маргалдаад...худгийн зүүн талд Чойнбол ах Төмөрхуягийг түлхэж унагаагаад газар унахад нь гар руу нэг удаа өшиглөсөн...гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Ц  нь хохирогч Б.Төмөрхуягийг мотоциклтойгоо зогсож байхад нь мотоциклоос нь татаж унагасан, түлхэж унагаад гар руу өшиглөсөн зэрэг үйл баримт болсон талаарх мэдүүлгүүдийг өгсөн нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг заах биш харин эргэлзээтэй байдал үүсгэж, улмаар хохирогчийн зүүн шуу ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол нь хэний үйлдлээс болж, хэзээ, хаана учирсан эсэх нь тодорхойгүй...эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа болно.

Түүнчлэн шүүх эргэлзээтэй байдал үүссэн тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэснийг зөрчиж, хэт цагаатгах талыг барьж, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн байна.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд Б.Төмөрхуяг нь гэрчээр "Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр...намайг өшиглөсөн, миний rap руу, гар сонин болохоор нь би гараа барихад намайг түлхээд унагасан..."гэж, мөн хохирогчоор "...чи муу юу гээд байгаа юм гээд миний зүүн гарын шуун тус газар нэг удаа өшиглөсөн, тэгтэл миний гарын шуу айхтар өвдсөн, тэгээд заамдаа сэгсэрч гудчаад түлхэж газар унагасан би унахдаа боржур дээр унасан..." гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор "...миний зүүн гарын шуун тус газар өшиглөөд түлхэж унагаасан, тэр үед Мөнхбаяр ирээд салгасан..." гэж тус тус тогтвортой мэдүүлдэг ба хохирогч Б.Төмөрхуягийн дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Золжаргалын ". ..Чойнбол ах Төмөрхуягийн ...гар руу нэг удаа өшиглөсөн, тэрний дараа Мөнхбаяр гэдэг залуу тэр хоёрыг салгасан..." гэх, гэрч Х.Мөнхбаярын "...тэгтэл нэг өндөр бүдүүн биерхүү ах Төмөрхуягийг мотоциклоос нь татаж унагаад худгийн хажуу талын боржур толгойн ар хэсгээр нь мөргүүлсэн..."гэх, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 422 дугаартай "Б Төмөрхуягийн зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ баруун хацар хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар "С.Ц ын "Б.Төмөрхуягийн гар руу өшиглөсөн" гэм буруутай үйлдлийн улмаас Б.Төмөрхуягийн "зүүн гарын шуу ясанд хугарал" бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдсон байна. Харин гэрч Х.Мөнхбаярын хувьд "С.Ц ыг Б.Төмөрхуягийн гар руу өшиглөсний дараа Б.Төмөрхуягийг түлхэж унагах үед буюу "Төмөрхуягийг түлхэж худгийн боржур толгойны ар хэсгээр мөргүүлэхэд" нь ирж салгасан талаар гэрчилдэг. Мөн гэрч Б.Золжаргалын хувьд "...С.Ц  нь Б.Төмөрхуягийг татаж түлхэж унагаад гар руу нь өшиглөсөн" гэж болсон үйл явдлыг урд, хойно нь оруулан зөрүүтэй мэдүүлэг өгдөг хэдий нь "С.Ц  нь Б.Төмөрхуягийн гар руу өшиглөсөн" талаар тодорхой мэдүүлдэг зэрэг нь яллагдагч С.Ц ын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Төмөрхуягийн эрүүл мэндэд зүүн гарын шуу ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Мөн шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т "энэ хуулийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана" гэж заасныг зөрчиж хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаагаагүй байна.

Иймд С.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 304 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч С.Ц  нь хохирогч Б.Төмөрхуягийн гар луу өшиглөж гэмтэл учруулсан нь нотлогдсон. Бусад гэмтэл нь ойчихдоо үүссэн байх магадлалтай. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Ц  гаргасан тайлбартаа: “Би гар хүрээгүй, өшиглөөгүй. Би түүнээс мөнгө зээлсэн мөнгөө нэхсэнээс болж маргасан.” гэв.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Ц-д холбогдуулж бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Шүүх цагаатгах тогтоолдоо тухайн хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, хохирогчийн биед учирсан гэмтлийг хэн, хэзээ, хаана учруулсан нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган шийдвэрлэжээ

 

            Хэрэв шүүх дээрх дүгнэлтэд хүрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй гэж үзсэн бол хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шийдвэрлэх ёстой байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн буруу байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “.Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

           Өөрөөр хэлбэл шүүх хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байна гэсэн хоорондоо зөрчилтэй эрх зүйн дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан. Энэ нь тухайн хэрэгт хамааралтай  бүхий л нотлох баримтыг шалгасан байхыг шаардах ба шалгасны эцэст шүүгдэгч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн ойлголт. Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолд хохирогчийн биед учирсан гэмтэл хэний үйлдлээс болж, хэзээ, хаана учирсан нь тодорхойгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй гэсэн дүгнэлтийг шүүх хийснээс гадна хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг хоорондоо юугаараа зөрүүтэй, эргэлзээтэй гэж үзсэн болох нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх байдлаар шүүгдэгчийн  үйлдэл, оролцооны талаарх нотлох баримтуудыг шүүх ямар нотлох баримтаар үгүйсгэсэн, ямар нотлох баримтад үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх хууль зүйн үндэслэл тодорхой биш байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан  “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг  няцаан үгүйсгэсэн  үндэслэлийг тогтоолд заана” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

           

            Хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхэд Шүүхийн шинжилгээний албаны №422 дугаартай дүгнэлтэд “хохирогчийн биед зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” /хх-18-19/ гэсэн байх ба С.Ц  хохирогчийн гар руу өшиглөсний улмаас зүүн шуу ясанд хугарал үүссэн гэж үзэж байгаа бол  шинжээчийн дүгнэлтэд  дурьдсан бусад гэмтэл юунаас  үүссэн болох,  хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэснээс үзвэл өөр ямар үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсан болох нь тодорхой бус байх тул шүүгдэгчийн үйлдлийг нарийвчлан шалгах, хэргийн оролцогчдын мэдүүлэг, бусад баримтуудаар гэмт хэрэг 2018 оны 07 сарын 06-ны өдөр гарсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсанд Б.Төмөрхуяг 2018 оны 07 сарын 05-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв тогтоож эргэлзээтэй байдлыг арилгах зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

           

Иймд цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.Ц-д холбогдох  хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 304 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч С.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                     Т.ЭНХМАА

 

                                                                                         Г.БОЛОРМАА