Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 121

 

2020 оны 02 сарын 12 өдөр Дугаар 128/ШШ2020/0121 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: НДЕГ-ын улсын байцаагч Н.Б

Нэхэмжлэлийн шаардлага: НДЕГ-ын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 35 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Т” ХХК-иас НДЕГ-ын улсын байцаагч Н.Б-т холбогдуулан НДЕГ-ын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 35 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2015 онд БНАСУ-аас манай компанид ажиллахаар 200 ажилчин орж ирсэн боловч “К” ХХК-д ажилласан. “К” ХХК нь тус ажилчдын 2015 оны Нийгмийн даатгалын шимтгэлийг танай компани төлчих гээд манай компаниар төлүүлсэн. Ийнхүү тус ажилчид нь манай компанийн нэр дээр орж ирсэн боловч “К” ХХК-ийн нэр дээр ажиллаж байсан.

Нийгмийн даатгалын улсын байцаагч нар манай компанид шалгалт хийгээд шалгалтаар “Т” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гадаадаас оруулж ирсэн 174 ажилтанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй байна гэж үзэн 35 тоот акт тавьсан.

Бид эдгээр ажилчид манай компанид ажиллахгүй байгаа, “К” ХХК-д ажиллаж байгаа талаар тайлбарлахад танай компанийн нэр дээр орж ирсэн тул танайх л хариуцна гэж тухайн актыг тавьсан байгаа юм. Энэ акттай холбоотой НДЕГ-ын  дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан боловч уг шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргаагүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Ингээд бидний зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тухайн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д ... хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх заалтаар 35 тоот актыг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

Хоёр. хариуцагч НДЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ХНХС, ХЗДХС-ын хамтарсан тушаалаар баталсан Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх тухай удирдамжийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Т” ХХК-д ажиллаж буй гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2016, 2017 оны санхүүгийн тайлан, холбогдох бичиг баримтанд тулгуурлан шалгалт хийсэн. Шалгалт хийхэд баримт бичгээ үзүүлээгүй бөгөөд албан бичгээр дараа нь ирүүлнэ үү гэж шаардахад ирүүлээгүй учир уг компанид ажилласан 174 ажилтанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь Халамж, үйлчилгээний ерөнхий газрын Гадаад иргэдийн бүртгэлийн мэдээллийн сангаас гарсан лавлагаа, бусад баримтаар нотлогдож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1-т заасан заалтуудыг зөрчсөн зөрчил илэрсэн.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах гэсэн заалтыг баримталж, тухайн байгууллагын харилцагч “К” ХХК-ийн гадаад иргэдэд олгосон цалингийн жишгээр тооцон улсын байцаагчийн акт тогтоосон. 127.765.000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлээд нийтдээ 191.647.500 төгрөгийн төлүүлэхээр акт тогтоосон. Үүнтэй холбогдуулан гуравдагч этгээдээр “К” ХХК-иас ирж уулзсан байдаг. Ихэнх тохиолдолд “Т” ХХК-иас ирж уулздаггүй байсан. З.Ц захирлын зүгээс мөнгөн торгуулийг төлөхгүй гэж хэлдэггүй. Төлнө гэхдээ энэ мөнгийг багасгамаар байна гэдгээ илэрхийлсэн тэмдэглэл нь хэрэгт хавсрагдсан байгаа.

СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр татан оруулсан байсан. Улсын байцаагчийн актын үнийн дүнг “Т” ХХК бүрэн хариуцаж төлөхөөр зөвшилцөлд хүрч харилцан тохиролцсон талаар мэдүүлэг нотлох баримтуудыг тус тус ирүүлсэн байдаг. ШН хорооллын 4 дүгээр байрны 104 тоот 86.6 м2, 105 тоотын 69.4 м2 орон сууцны зориулалттай 2 байрыг шилжүүлэхээр гэрээ хийгдсэн байсан. Зөрчлийн хэрэг үүсч зөрчлийг хүлээн зөвшөөрч мөн торгууль төлөхөө хүлээн зөвшөөрч байсан. Хангалттай нотлох баримтууд цугларсан байхад нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан нь зохисгүй байна. Иймд НДЕГ-ын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 35 тоот актыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа НДЕГ-ын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 35 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс ...улсын байцаагч шалгалт явуулахдаа манай компанид ажилладаггүй гадаад 174 ажилтны хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж акт тавьсан нь хууль бус гэж хариуцагчаас ...шалгалтаар тус компанид 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд ажилласан БНАСУ-ын 174 ажилтанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь халамж, үйлчилгээний ерөнхий газрын гадаад иргэдийн бүртгэлийн мэдээллийн сангаас гарсан лавлагаа, бусад баримтаар зөрчил илэрсэн. Ингээд тус аж ахуйн нэгжээс нэмэлт баримт бичиг шаардсан боловч ирүүлээгүй тул бусад аж ахуй нэгжийг жишгээр шимтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж маргаж байгаа болно.

ХНХС, ХЗДХС-ын хамтарсан А/113, А/163 тоот тушаалаар батлагдсан Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу НДЕГ-ынулсын байцаагч нар “Т” ХХК-д ажиллаж буй гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтийг 2016, 2017 оны санхүүгийн баримтанд үндэслэн шалгаж, шалгалтаар тус компани нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гадаадаас оруулж ирсэн 174 ажилтанд олгосон 580,750.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй зөрчил илрүүлж, тус зөрчилд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар актаар 127,765.000 төгрөгийн шимтгэл, 63,882.500 төгрөгийн алданги, нийт 191,647.500 төгрөгийг тогтоожээ.

Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр НДЕГ-ын гомдлын шаардлагын зөвлөлд дээрх улсын байцаагчийн актад холбогдуулан гомдол гаргаж, тус зөвлөлөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 132 дугаартай ...Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.18 дахь заалтад ажил олгогч, даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдлоо зөвлөлд гаргах гэж заасан тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлжээ.

“Т” ХХК нь НДЕГ-ын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсчээ.

НДЕГ-ын Улсын байцаагч “Т” ХХК-ийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус байгууллагад ажилласан БНАСУ-ын 174 ажилтанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг Халамж, үйлчилгээний ерөнхий газрын Гадаад иргэдийн бүртгэлийн мэдээллийн сангаас гаргасан лавлагаа, бусад баримтаар нотолж, тус компанийг шалгалтад баримт бичиг нэмэж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр “К” ХХК-ийн гадаад иргэдэд олгосон цалингийн жишгээр тооцож акт тогтоосон байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 16 дугаар зүйлийн 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмыг зохицуулсан байна.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 1 дэх хэсгийн 2-д шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, 1 дэх хэсгийн 3-д нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах гэж ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зааж, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор-т нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар заажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах эрхийг нийгмийн даатгалын байгууллагад олгосон байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтаар аж ахуйн нэгж байгууллага нь гэрээний дагуу ажиллаж байгаа гадаадын иргэдийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлж, шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх,, түүнтэй холбоотой мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, нийгмийн даатгалтай холбоотой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргаж өгөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан хяналт шалгалт хийсэн ажлын тайлан “Т” ХХК-ийн нэр дээр хөдөлмөр эрхэлсэн гадаад иргэдийн нэрсийн жагсаалт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр СБД-ийн Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Т” ХХК-иас 191,647.500 төгрөгийг гаргуулан НДГ-т олгохоор шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

Иймд Улсын байцаагчийн акт нь хуульд тусгайлан зааж журамласан үндэслэлээр гарсан байх тул нэхэмжлэгчийн ... эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл огт байгаагүй гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг баримтлан “Т” ХХК-ийн НДЕГ-ын Улсын байцаагчид холбогдуулан гаргасан НДЕГ-ын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 35 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ