Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/0075

 

И*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаН.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******, хариуцагч Ө.А*******, Г.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 465 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, И*******ын нэхэмжлэлтэй, Н*******, Х******* нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй бараа, үйлчилгээний орлого-д татвар ногдуулахаар, өөрөөр хэлбэл үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн, түүнчлэн бэлнээр олгосон унааны мөнгө, орон сууцны ашиглалтын зардлын төлбөр, бэлнээр олгосон байрны хөлс, түлшний зардал, бэлнээр олгосон хоолны мөнгө, түүнчлэн үзвэр үйлчилгээний олговор, ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлсний зардал, ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр, арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү, эдгээртэй адилтгах бусад орлогыг хамааруулахаар хуульчилсан ба энэ нь тэтгэмж, тэтгэвэр, хөнгөлөлтийн шинжийг агуулаагүй, дахин давтагдах шинжтэй, нэг удаагийн бус орлого бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 509 дүгээр Заавар батлах тухай тушаалаар баталсан хувь хүнд олгосон орлогоос албан татвар суутгаж, төсөвт шилжүүлэх зааврын 2.7 дахь хэсэгт тодорхойлсноос илүү тодорхой тайлбарлагдаж байна. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт Суутгагч гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг гэж хуульчилсан. Иргэдэд олгосон тэтгэмжийн орлого нь шууд бус орлогод хамаарахгүй тул Иргэний нисэхийн ерөнхий газар суутгагчийн үүрэг хүлээхгүй.

2. Тус байгууллагаас ажилтнууддаа олгож байгаа орон сууцны хөнгөлөлт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийн баталгааг хангаж буй нэг хэлбэр бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт ... ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, 7.1.7 дахь хэсэгт хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах, гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныхаа нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцлийг бүрдүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажиллах гол хүчин зүйл болгон орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, дэмжлэгийг мөнгөн тусламж хэлбэрээр нэг удаа үзүүлж буй явдал юм. Иймээс Төрийн албаны болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгож буй нэг удаагийн буцалтгүй тусламж тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт хууль, тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж-д хамаарах бүрэн үндэслэлтэй. Гэтэл татварын байцаагчид тэтгэмжийн орлогод хариуцлага ногдуулсан нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.ИНЕГ нь Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг болон холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Дүрэм батлах тухай Засгийн газрын 2001 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор И*******ын дүрэм-ийг баталсан. Агентлагийн даргыг Засгийн газрын хуралдаанаас томилж, чөлөөлдөг. Бүтэц, орон тоог нь Зам, тээврийн сайд баталдаг төрийн байгууллага юм.

4.Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолын ҮНДЭСЛЭХ хэсгийн 2 дугаарт Тус газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу төрийн байгууллагын статустай боловч Төрийн албаны тухай хуульд зааснаар ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой боловч... гэж тэмдэглэснээс харахад манай байгууллагыг төрийн байгууллага гэдгийг Төрийн албаны тухай болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж тэтгэмж, дэмжлэг үзүүлэх бүрэн эрхтэй Монгол Улсын Засгийн газрын агентлаг буюу төрийн байгууллага гэдгийг тайлбарлан нотолсон байдаг. Гэсэн хэдий ч тэтгэмж олгосон И*******ын даргын тушаалын үндэслэх хэсэгт дээрх хуулиудын зүйл заалтыг дурдаагүй, Хөдөлмөрийн хууль болон Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэсэн гэдгээр И*******ын даргын хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж буй явдлыг мушгин гуйвуулж илт хамааралгүй хуулийн өөр зүйл, заалтыг үндэслэн хариуцлага ногдуулсан нь хууль бус юм. 5.Хэрвээ орон сууцны тэтгэмж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд хамаарна гэж татварын байцаагчид үзэж байгаа бол Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт Энэ хуулийн 8.16, 11.1.6, 12.1.1, 12.1.2, 12.2, 13.1.1, 13.1.5, 14.1.2, 14.1.3, 15 дугаар зүйлд заасан орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ гэж заасны дагуу орон сууцны дэмжлэг авсан иргэд өөрөө татвараа тодорхойлж, тайлагнан төлөх үүрэгтэйг анхаарах байсан. Мөн нөгөө талаар орон сууцны дэмжлэг авсан иргэд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого-ыг татвараас чөлөөлнө гэсэн заалтын дагуу татвар төлөх үүргээс чөлөөлөгдөх юм.

Иймд Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 232742 дугаар бүхий Х*******ийн актын орон сууцны хөнгөлөлтөд зориулж олгосон 14,034,500,0 мянган төгрөгийн зөрчилд 2,317,327.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн татварын газрын Хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.А*******, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ө.Абдулмулек нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газар нь Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, Хувь хүний орлогын албан татварын төрлөөр харьцдаг, 2528546 регистрийн дугаартай, Иргэний нисэхийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, эрх зүйн орчин бүрдүүлэх, иргэний нисэхийн болон аюулгүй байдлыг хангах чиглэлтэй Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Тус ТӨААТҮГ-ын ажилтнууд Засгийн газрын тогтоолын заалтаар цалинждаггүй, И*******ын даргын тушаалаар баталсан цалинг мөрдөж ажилладаг. Тухайн байгууллагын орлого нь Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий 120-150 хүний зардлыг Сангийн яамнаас буюу улсын төсвөөс 3.5-3.7 тэрбум төгрөгийн татаасаар, бусад орлого нь аж ахуйн үйл ажиллагааны орлогоос бүрддэг юм. Уг шалгалтаар дараах зөрчил илэрсэн болно. Үүнд: Ажилтнууд болон бусад байгууллагын хувь хүмүүст орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон тэтгэмжийн орлогоос татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчлийн хувьд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна. 15.1.7 дахь хэсэгт энэ хуулийн 15.1.1-15.1.6 дахь хэсэгт заасантай адилтгах бусад орлого гэсэн заалтад хамрагдаж байгаа гэж үзэж байна.

Орон сууцны хөнгөлөлт-ийг олгохдоо И*******ын даргын тушаалаар дараах хуулийн заалтуудыг үндэслэн олгожээ. Үүнд: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, И*******ын Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.3 дугаар зүйл, И*******ын даргын шийдвэр, Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харъяа байгууллагуудад хэрэгжүүлэх Хамтын гэрээ-ний 5.15 гэсэн заалтууд, Улсын Их Хурлын зарим гишүүдээс ирүүлсэн албан хүсэлтүүдийг үндэслэн олгосон нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1 дэх хэсэгт дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө. 16.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэсэн заалтад хамрагдахгүй учраас шууд бус орлого гэж үзэж байна. Мөн хуулийн 4.1.4 дэх хэсэгт суутгагч гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, 22.1.4 дэх хэсэгт шууд бус орлогод ногдуулах албан татварын тухайн орлогын дүнгээр, 26.1 дэх хэсэгт энэ хуулийн 4.1.4 дэх хэсэгт заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална гэжээ.

26.1.1 дэх хэсэгт Энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1 дэх хэсэгт заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1 дэх хэсэгт заасан хувиар, 28.1 дэх хэсэгт суутгагч нь энэ хуулийн 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.2-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харъяа татварын албанд ирүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж төлбөр ногдуулсан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 465 дугаар шийдвэрээр: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 232742 дугаар бүхий Х*******ийн актын орон сууцны хөнгөлөлтөд зориулж олгосон 14.034.500.0 мянган төгрөгийн зөрчилд 2.317.327.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У******* давж заалдах гомдолдоо1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д "энэ хуулийн 15.1.1-15.1.6 дэх хэсэгт заасантай адилтгах бусад орлого" гэж заасан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас ажил үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, ажил үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамааруулна" гэсэн. Өөрөөр хэлбэл тус хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу татвар ногдох зүйл нь бараа, ажил, үйлчилгээний орлого юм.

И*******аас ажилтнууддаа орон сууцны дэмжлэг болгож олгосон тэтгэмж нь бараа, ажил үйлчилгээний орлого биш, ажилтнуудаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор хөшүүрэг дэмжлэг болгон олгож буй тэтгэмж юм. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 509 дүгээр "Заавар батлах тухай" тушаалаар баталсан "Хувь хүнд олгосон орлогоос албан татвар суутгаж, төсөвт шилжүүлэх заавар"-ын 7 дахь заалт буюу шууд бус орлогод албан татварыг дараах байдлаар ногдуулна" гэсэн хэсэгт заасан шууд бус орлогын аль ч хэсэгт ажилчдадаа орон сууцны дэмжлэг болгож олгож буй тэтгэмж хамаарахгүй байгаа.

Гэтэл шууд бус орлого гэдгийг тодорхойлж, тайлбарласан дээрх хууль болоод зааварт дурдсан тэтгэмж, тэтгэвэр, хөнгөлөлтийн шинжийг агуулаагүй, дахин давтагдах шинжтэй, нэг удаагийн бус орлоготой яагаад ч адилтгах боломжгүй орлогыг татвар ногдуулж л байвал ямар ч зүйлтэй хамаагүй адилтган, хүчээр татвар суутгаж авдаг татварын байцаагч нарын үйлдлийг өөгшүүлж дэмжсэн, байгууллагын эрх ашгийг хохироосон хууль бус дүгнэлт гэж үзэж байна. Мөн энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг нягтлан судлаагүй.

2. Иргэний нисэхийн ерөнхий газар нь Иргэний нисэхийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн тушаал, шийдвэрээ гаргадаг бөгөөд тушаал гаргах бүрт дээрх хуулийн заалт бүрийг дурдах боломжгүй юм. Гэтэл орон сууцны дэмжлэг олгосон тушаалуудад Төрийн албаны тухай болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслээгүй тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтад хамаарахгүй гэсэн нь үндэслэл бүхий тайлбар болж чадахгүй юм.

Харин энэхүү орон сууцны дэмжлэг болгон олгож буй тэтгэмж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтад хамаарч татвараас чөлөөлөгдөх орлого юм.

Өөрөөр хэлбэл энэ нь Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 523 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн заавар"-ын 4.1.4 дэх хэсэгт заасан "Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан "хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж" гэдэгт дор дурдсан ба цаашид бий болж болох эдгээртэй адилтгах орлого хамаарна." гэж нарийвчлан тайлбарласны "цаашид бий болж болох эдгээртэй адилтгах орлого-д нь хамаарах юм.

Шүүх И*******аас ажилтнууддаа орон сууцны дэмжлэг болгон өгсөн тэтгэмжийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан адилтгах орлого гэж үзсэн хирнээ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-т "энэ хуулийн 8.16, 12.1.1, 12.1.2, .2, 13.1.1, 13.1.2, 13.1.4, 14.1.2, 14.1.3, 15 дугаар зүйлд заасан орлогын албан татвар ногдуулах тайлангийн хугацаанд гаргаж дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ" гэж заасан татвар төлөгчийн өөрийнх үүргийг манайд хүлээлгэж суутгагч гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Татварын ерөнхий газрын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах удирдамжийн дагуу Нийслэлийн татварын газрын болон Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд И*******ын 2008-2012 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 232742 дугаар актаар орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 14,034,500.0 мянган төгрөгийн зөрчилд 1,403,450.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 421,035.0 мянган төгрөгийн торгууль, 492,842.0 мянган төгрөгийн алданги нийт 2,317,327.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт 2008 онд 1.066,500.0 мянган төгрөгийн, 2009 онд 3,646,000.0 мянган төгрөгийн, 2010 онд 2,584,000.0 мянган төгрөгийн, 2011 онд 3,695,000.0 төгрөгийн, 2012 онд 3,043,000.0 мянган төгрөгийг ажилтнууд болон бусад байгууллагын хувь хүмүүст орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон тэтгэмжийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэж үзэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн байх ба актаар төлбөр ногдуулсан орон сууцны дэмжлэг нь хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого мөн эсэх тухайд талууд маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дэх хэсэгт Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэгэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллагыг ойлгохоор заасан байна.

Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д заасан өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болох нь Засгийн газрын 2001 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор баталсан И*******ын дүрэм, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар төр өөрийн чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэх хүрээнд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн тооцоотой, ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлснийг төсөвт байгууллага гэж үзэхгүй.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний нисэхийн ерөнхий газар нь Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Агентлагийн даргыг Засгийн газрын хуралдаанаас томилж, чөлөөлдөг, бүтэц орон тоог нь Зам, тээврийн сайд баталдаг зэргээс үзэхэд төрийн байгууллага болохыг нотолж байна гэх гомдол үндэслэлгүй байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулах, 15 дугаар зүйлийн 15.1.7-д энэ хуулийн 15.1.1-15.1.6-д заасантай адилтгах бусад орлого нь албан татвар ногдох орлогод хамаарахаар байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа...үзүүлж байгаа хөнгөлөлт..., нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж..-ийг албан татвараас чөлөөлөхөөр зохицуулжээ.

Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 509 дүгээр тушаалаар батлагдсан Хувь хүнд олгосон орлогоос албан татвар суутгаж, төсөвт шилжүүлэх заавар-ын 2 дугаар зүйлийн 2.2-т Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого-д албан татвар ногдуулахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөрөөс бусад буюу тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу олгогдсон тэтгэмжээс 10 хувиар албан татвар ногдуулахаар заасан.

И*******ын дотоод журамд ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууц худалдан авахад нь зориулж дэмжлэг, тусламж үзүүлэхээр тусгасан.

Сангийн сайд, Зам тээвэр аялал жуулчлалын сайдын 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78/37 дугаар тушаалаар И*******ын 2008 онд өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төлөвлөгөөнд ажиллагсдад орон сууц худалдан авахад 900.000.0 мянган төгрөгийг өөрийн хөрөнгөөс зохицуулахаар тусгаж байснаас дүгнэхэд тухайн байгууллагаас ажилтнууддаа олгож, байгаа орон сууцны дэмжлэгийг татвараас чөлөөлөхгүй гэж үзэхээр байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д заасан шууд бус орлогод ногдуулах албан татварыг тухайн орлогын дүнгээр ногдуулна, 26 дугаар зүйлийн 26.3-д заасан Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ гэснийг зөрчиж, суутгагчийн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Иймд, Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болох Иргэний нисэхийн ерөнхий газар өөрийн байгууллагын болон бусад байгууллагын ажилтнуудад орон сууцны дэмжлэг олгосон нь албан татвараас чөлөөлөх орлого-д хамаарахгүй.

Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын төлбөрийн хэмжээг 99,686.9 мянган төгрөгөөр бууруулж, 2,384,453.4 мянган төгрөг болгосон байх тул нэхэмжлэгч энэхүү хэмжээгээр төлбөрийг хариуцах учиртай болохыг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газар нь төсвийн байгууллага эсэх талаар маргаж улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх боловч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэххэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсөвт оруулсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН