Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн

            Улсын яллагч Д.Нямсүрэн

            Шүүгдэгч Б.Раднаа, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баттөмөрийн Раднаад холбогдох, 201625030474 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо нуурын 14-270 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Монгол улсын их сургуулийн 5 дугаар дотуур байрны 131 тоотод түр оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Баттөмөрийн Раднаа (РД: УХ95122571)

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 02 дугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 16-348 а тоотод оршин суух иргэн Н.Мөнхбатын гэрт нэвтэрч 300.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тэр нийтийн байранд эхнэртэйгээ хамт амьдардаг байсан. Зурагтыг найзындаа аваачиж тавьсан. Гэртээ тавилга авах гээд мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Б.Раднаа мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ:-2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16-348а тоотод байрлах нийтийн байрны 6 тоот өрөөний гадна талын вакум цонхыг гараараа түлхэж ороход өрөөн дотор 32 инчийн хар өнгийн гадаргуутай ЛСД зурагт байсныг авч, орсон цонхоороо авч гараад найз Өлзийнямын хашаанд аваачиж нууж байгаад, Өлзийням ажилдаа явахаар гэрээ цоожлоод түлхүүрээ хаалганы хажууд угаалгын машин дотор тавьсан байсныг авч онгойлгоод гэрт оруулж тавьсан юм. Тэгээд Хүчит шонхор зах дээр грушик хийхээр орж явтал байрны эзэн Батжаргал тааралдаад байр руугаа явсан удалгүй цагдаа нар ирээд шалгалт хийсэн цонхны тавцан дээр үлдсэн гутлын мөр миний өмсөж явсан гутлын мөртэй таараад би хэргээ хүлээж зурагт аваачиж тавьсан газраа зааж өгсөн юм гэжээ.

            Хохирогч Н.Мөнхбатаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Манайх Чингэлтэй дүүгийн 11 дүгээр хороо Нуурын 16-348а байрны 6 тоотын өрөөг хөлслөн суудаг юм. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хөдөө ажлаар явсан хойгуур манай өрөөний цонхыг түлхэн хулгайч орж манай өрөөнд байсан 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагтыг авч явсан байсан. Уг зурагтыг хорооллын ломбарднаас 450.000 төгрөгөөр өнгөрсөн жилийн намар 8 сард худалдан авсан, хар өнгийн гадаргуутай, улаан өнгийн хүрээтэй зурагт юм. Би зурагтаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Улирлын чанартай ажил хийдэг, хөдөө гадаа удаан хугацаагаар явж ажилладаг тул шүүх хуралд сууж амжихгүй гэжээ.

Гэрч Л.Батжаргалаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Манай байранд 5 айл байсан ба Н.Мөнхбатынх 6 тоотод, Б.Раднаа 8 тоотод суудаг байсан юм. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гал түлэх гээд галлагааны өрөө рүү явж байтал Н.Мөнхбатын суудаг 6 тоотын өрөөний цонх онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхийг хүлээгээд гудамжинд зогсч байтал 8 тоотод суудаг Б.Раднаа цаанаас ирж байгаад намайг харангуутаа буруу тийшээ гүйгээд цайны газар руу орчихсон. Тэгэхээр нь би сэжиглээд хойноос нь очоод “чи гал түлэхгүй хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ” гэтэл “би 02 цагт ирж түлчихээд явсан” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийнхан ирээд үзлэгээ хийж байхад Б.Раднаа сэжигтэй санагдсан тул шалгуулахаар цагдаа нарт хүлээлгэн өгөхөд Б.Раднаа хулгай хийснээ хүлээгээд Мөнхбатынхаас хулгайлсан зурагтаа найзындаа аваачаад тавьчихсан байсныг цагдаа нар заалгаж очоод зурагтыг нь хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн юм. Тэр алдагдсан зурагт нь Самсунг маркийн 32 инчийн зурагт байсан гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Б.Раднаа нь 2016 оны 02 дугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 16-348 а тоотод оршин суух иргэн Н.Мөнхбатын гэрийн цонхоор нэвтрэн орж, 32 инчийн Самсунг маркийн зурагт радио хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Мөнхбатын “…хөдөө ажлаар явсан хойгуур манай өрөөний цонхыг түлхэн хулгайч орж манай өрөөнд байсан 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагтыг авч явсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Батжаргалын “Манай байранд 5 айл байсан ба Н.Мөнхбатынх 6 тоотод, Б.Раднаа 8 тоотод суудаг байсан юм. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гал түлэх гээд галлагааны өрөө рүү явж байтал Н.Мөнхбатын суудаг 6 тоотын өрөөний цонх онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Б.Раднаа хулгай хийснээ хүлээгээд Мөнхбатынхаас хулгайлсан зурагтаа найзындаа аваачаад тавьчихсан байсныг цагдаа нар заалгаж очоод зурагтыг нь хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлэг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Боржигон овгийн Баттөмөрийн Раднааг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцлоо.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан гэм хор арилсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн нэр дээр ямар нэг эд хөрөнгө, хөрөнгийн эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Баттөмөрийн Раднааг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Баттөмөрийн Раднааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Раднаад оногдуулсан 2 (хоёр) жил, 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Раднаад оногдуулсан 2 (хоёр) жил, 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Раднаад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ