| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0058/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/254 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/254
2018 03 22 254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогч Б.Э,
шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Б овогт О.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1803 0000 10045 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч О.Т нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цаг 10 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Депод” ХХК-ны хашаанаас гарахдаа “Б” ББСБ-ын эзэмшлийн Howo маркийн 00-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 27 настай, эрэгтэй Б.Э-н хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Б.Э-г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед Налайх дүүргээс төмөр ачиж Сонгинохайрхан дүүргийн “Д” ХХК-ны хашаанд Хово маркийн 46-80 УБЕ улсын дугаартай автомашин төмөр буулгаж дууссан. Машины 16:00 цагийн үед хашаанаас гарахаар болоод жолоочоо дуудаж авчирсан. Тэгээд жолооч машинаа асаагаад хөдлөх гэтэл араандаа орохгүй байсан. Тэгээд жолооч машинаа зассаар байгаад бүрэнхий, харанхуй болсон. Машинаа гаргах гэтэл баруун хойд талын чиргүүлний урд дугуйнд төмөр орчихсон байсан тул би жолооч О.Т дээр очиж би дугуй доор төмөр орсон байна төмрийг авъя гэж хэлэхэд жолооч за гэсэн. Тэгээд би Э, У хоёртой төмрийг холдуулж байтал машин гэнэт хөдөлж урагшаа хойш болж миний хөлийг гэмтээсэн. Миний эмчилгээний зардлыг төлж дуусгасан хэдий ч Т-д гомдолтой байна. Би хөл дээрээ хэзээ босох вэ, би эрүүл болтлоо гомдолтой байна. Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Би эрүүл байхдаа ажил төрлөө амжилттай авч явж, миний сард олдог байсан орлого ар гэр, аав, ээж болон намайг гэсэн хүмүүст тусалж дэмжиж явдаг байсан. Миний хөл гэмтэж хөдөлмөр эрхэлж чадахгүй байснаас 2-3 машины зээл, байрны зээл төлдөг байснаа төлж чадахгүй, таньж мэдэх ах, дүү нараасаа хүүтэй мөнгө зээлж сар сарыг аргалж байна. Би аавынхаа машиныг хүртэл 6.000.000 төгрөгөөр зарж өр төлбөрөө дарсан...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчим “Д” ХХК-ны хашаанд Налайх дүүргээс “Howo” маркийн 46-80 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр төмөр ачиж ирсныг буулгаж дуусгаад хашаанаас гарахаар болсон. Уг машины баруун хойд талын чиргүүлний урд дугуйнд төмөр орчихсон байсан тул би жолооч О.Т дээр очоод “дугуйн доор төмөр орсон байна, төмрийг холдуулаадахий” гэж хэлээд Э, У хоёртой төмрийг холдуулж байтал машин гэнэт хөдөлж урагшаа, хойш болсон. Тэр үед би зүүн талын хөлөө баруун хойд талын чиргүүлний дугуйнд дайруулсан. Ууганбаяр миний доор байсан тул жолооч дээр очиж машинаа зогсоо гэж хэлсэн. Үүний дараа У, Э хоёр намайг татаж гаргасан. Жолооч Т-д гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирч байна. Биеийн байдал одоо гайгүй болж байгаа, дунд чөмөгний хагалгаанд орсон, өөрийн эмчилгээнд баримтаар 1.978.500 төгрөгний эмчилгээг хийлгэсэн. Цаашид 1 жилийн дараа чөмөгний хадаасыг авахуулах болно. Энэ үед гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, осолд орсноос хойш олох байсан орлогын тооцоог шүүх хурал болохоос өмнө гаргаж мөн хохирлоо нэхэмжлэх болно. Т эмнэлэгт хэвтэж байхад үед эхэлж 45.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-19),
2. Гэрч Г.У- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарны 05-ны өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл “Howo” маркийн 46-80 УБЕ улсын дугаартай автомашинд ачиж ирсэн хаягдал төмрийг манай байгууллагын захирал Э, Э, Э, Х нартай хамт 3 ажилтан буулгасан. 17 цаг гэхэд төмөр буулгаж дууссан. ...Хашаанаас машиныг гаргахаар болтол...машины баруун хойд талын гурван дугуйны голд зуухны төмөр орж тээглэсэн байсан. Энэ төмрийг холдуулахаар Э захирал, Э хоёр доороос нь өргөж би дээрээс нь татаж байхад үед гэнэт машин урагшаа хөдөлж Э-ийн хөлийг машины хойд дугуй зуухны төмөртэй хавсарч хөлийг дайрсан. ...О.Т жолооч машины хойд талын дугуй доор төмөр орсныг мэдэж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
3. Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим манай байгууллагын түүхий эд авдаг хашаанд урд өдөр нь төмөр ачиж ирсэн байсан Howo маркийн 46-80 УБЕ улсын дугаартай автомашины ачиж ирсэн төмрүүдийг Г.У, Г, Э, захирал Э, Х түүний 3 ажилчид хамтарч буулгасан. Төмөр ачиж ирсэн машин хөдлөх болоход...чиргүүлийн баруун хойд талын 3 дугуйны урд талын дугуйнд том дөрвөлжин төмөр тээглэсэн байсныг захирал Э, ачигч У бид гурав холдуулахаар өргөж байтал машин гэнэт урагшаа хөдөлж машины дугуй доор байсан төмрийг дугуй нь урагшаа дайрах үед Э захирлын зүүн талын хөл төмөрт хавчуулагдсан. Бид нар машинаа зогсоо гэж хэлэхэд машин урагшаа хөдлөөд зогсоод хойш болоод дахин урагшаа хөдөлсөн. ...О.Т чиргүүлийн дугуйнд төмөр орсон байсныг бууж ирж харсан. ...Э захирлын хөлийг машин урагшаа хөдлөх үед өргөж байсан төмрийг дугуйгаараа дайрч төмөрт хөл нь хавчуулагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15061 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн өвдөгт татлагатай, зүүн гуяны ар дээд хэсэгт 10х5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн шагайн гадна хэсэгт 5х3 см талбайд арьсны өнгөц давхрага хууларсан зулгаралттай. Зүүн тавхайн дээд хэсэгт тэмтрэхэд эмзэглэлтэй.
ГССҮТ-н №14297 тоот өвчний түүхээс: ...хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяар хаван, хавдартай, хөдөлгөөн эрс хязгаарлагдмал, ясны хавиралдах чимээтэй, хэлбэр дүрсээ алдсан, зүүн шагайн гадна хэсэгт арьс зулгарсан, ясны татлага хийв.
Рентгенд: Зүүн талын дунд чөмөг гандангийн 1/3 хэсгээр том сэлтэрхий бүхий зөрүүтэй хугаралтай. Онош: Зүүн дунд чөмөгний гадна хэсгийн том сэлтэрхий бүхий далд, зөрөөтэй хургал...ДҮГНЭЛТ:
1. Б.Э-ийн биед зүүн дунд чөмөгний далд, зөрөөтэй хугарал, зүүн гуянд цус хуралт, зүүн шагайн гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба осол гарсан гэх цаг хугацанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41) ,
5. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 2-7),
6. Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт:
1. “Howo” маркын 46-80 УБЕ улсын дугаартай автомашины жолооч О.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрийн 7.6 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Б.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45),
7. Шүүгдэгч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би “Б” ББСБ-н нэр дээр байгаа “Ноwo” маркийн 46-80 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон Налайх дүүрэгт байрлах “ю Маркет” ХХК-ний үйлдвэрийн хашаанаас 30тн хаягдал төмөр ачиж Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Д” ХХК-ний хашаа буюу Б.Э-ийн түүхий эд авдаг хашаанд авчирч шөнө ирээд хоноод, маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны 17 цагийн орчим Э намайг 4 дүгээр цахилгаан станц дээрээс ирж авсан. Тухайн үед намайг машин дээрээ очиход ачиж ирсэн хаягдал төмрүүдийг буулгасан байсан. Би машинаа асааж 18 цаг 30 минутын орчим хашаанаас гарах болсон энэ үед чиргүүлийн баруун хойд талын дугуйнд төмөр тээгэлдчихлээ хүлээж байгаарай гэсэн. Э чиргүүл доороос төмөр гаргаж байсан. Э-тэй хамт ажиллаж байсан Х хамт байсан хүмүүстэйгээ машин урд талд гарч ирж гудамжинд байсан машинуудыг зогсоож өгсөн. Би төмрөө гаргаад дуусчихсан байна гэж бодоод урагшаа хөдлөх үед гэнэт дугуй доор чинь хүн орчихлоо гэж нэг нь ирж хэлсэн хэн ирж хэлснийг мэдээгүй. Машинаасаа бууж ирээд хартал Э-ийг миний жолоодож явсан автомашины чиргүүлийн хойд талд гаргаад ирчихсэн байсан. Э-г тэнэг юм уу байж бай гэж байхад хөл дайрчихлаа гэж хэлсэн би шууд Э-ийн жижиг суудлын автомашиныг асааж суулгаад шууд гэмтлийн эмнэлэг орсон. Тэнд очиж хөлний зургийг авахуулахад зүүн дунд чөмөг хугарсан гэж онош гарч эмнэлэгт шууд хэвтэж хагалгаанд орсон. Тухайн үед би машинаа асааж урагшаа хөдлөөд хойш ухрах үйлдэл бас хийсэн. Гэмтлийн эмнэлгийн цагдаа орж ирж ослын талаар асуусан. Э-ийн ах дүү нар ирж цагдаад дуудлага өгсөн байсан. “Ю маркет” ХХК-н өөрийн хашаанд байсан хаягдал төмрийг Э-т зараад намайг буулгаад өг гэж хэлэхэд нь би машиныг жолоодож явсан. ...Машинаа асааж хөдлөх үйлдэл хийхэд гадаа харанхуй болсон байсан тул машины толинд ямар нэгэн зүйл харагдахгүй байсан. Тухайн төмөр буулгасан хашаанд гэрэлтүүлэг байгаагүй. ...Хохирогч Б.Эн-ийн эмчилгээнд одоогийн байдлаар 1.045.000 төгрөгийн хагалгаанд орох үед нь гаргаж өгсөн. Цаашид гаргах эмчилгээний бодит зардлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58),
9. Хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 21-29), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний 14297 дугаартай түүх (хавтаст хэргийн 91-95), Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн PCIL14704089 дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 61), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 75)
- хохирогчид хохирол, гэм хорыг барагдуулсан талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 73, 119),
- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 77, 76), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 78) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Улсын яллагчаас шүүгдэгч О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч О.Т нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “Депод” ХХК-ийн түүхий эд авах 12 дугаар цэг буюу 93 тоот хашаанд, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 18 цагийн орчим, өөрийн хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас, шууд бус санаатайгаар “Б” ББСБ-н эзэмшилд бүртгэлтэй “Howo” маркийн 46-80 УБЕ улсын дугаартай зүтгүүрийн тээврийн хэрэгслийг жолоодон, хөдөлгөөнд оролцох үедээ, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж...хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүхий л нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс, хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
- Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчим...машины баруун хойд талын чиргүүлний урд дугуйнд төмөр орчихсон байсан тул би жолооч О.Т дээр очоод “дугуйн доор төмөр орсон байна, төмрийг холдуулаадахий” гэж хэлээд Э, У хоёртой төмрийг холдуулж байтал машин гэнэт хөдөлж урагшаа, хойш болсон. Тэр үед би зүүн талын хөлөө баруун хойд талын чиргүүлний дугуйнд дайруулсан. У миний доор байсан тул жолооч дээр очиж машинаа зогсоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-19),
- Гэрч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Howo” маркийн 46-80 УБЕ улсын дугаартай автомашинд ачиж ирсэн хаягдал төмрийг...буулгаж дууссан. ...Хашаанаас машиныг гаргахаар болтол...машины баруун хойд талын гурван дугуйны голд зуухны төмөр орж тээглэсэн байсан. Энэ төмрийг холдуулахаар Э захирал, Э хоёр доороос нь өргөж би дээрээс нь татаж байхад үед гэнэт машин урагшаа хөдөлж Энхбилэгийн хөлийг машины хойд дугуй зуухны төмөртэй хавсарч хөлийг дайрсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
- Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Howo маркийн 46-80 УБЕ улсын дугаартай автомашины ачиж ирсэн төмрүүдийг...буулгасан. Төмөр ачиж ирсэн машин хөдлөх болоход...чиргүүлийн баруун хойд талын 3 дугуйны урд талын дугуйнд том дөрвөлжин төмөр тээглэсэн байсныг захирал Э, ачигч У бид гурав холдуулахаар өргөж байтал машин гэнэт урагшаа хөдөлж машины дугуй доор байсан төмрийг дугуй нь урагшаа дайрах үед Энхбилэг захирлын зүүн талын хөл төмөрт хавчуулагдсан. ...О.Т чиргүүлийн дугуйнд төмөр орсон байсныг бууж ирж харсан. ...Э захирлын хөлийг машин урагшаа хөдлөх үед өргөж байсан төмрийг дугуйгаараа дайрч төмөрт хөл нь хавчуулагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15061 дугаар дүгнэлт ”...1. Б.Э-ийн биед зүүн дунд чөмөгний далд, зөрөөтэй хугарал, зүүн гуянд цус хуралт, зүүн шагайн гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41) ,
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 2-7),
- Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт “...1. “Howo” маркын 46-80 УБЕ улсын дугаартай автомашины жолооч О.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45),
- Шүүгдэгч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машинаа асааж 18 цаг 30 минутын орчим хашаанаас гарах болсон үед чиргүүлийн баруун хойд талын дугуйнд төмөр тээгэлдчихлээ хүлээж байгаарай гэсэн. Э чиргүүл доороос төмөр гаргаж байсан. ...Би төмрөө гаргаад дуусчихсан байна гэж бодоод урагшаа хөдлөх үед гэнэт дугуй доор чинь хүн орчихлоо гэж нэг нь ирж хэлсэн хэн ирж хэлснийг мэдээгүй. Машинаасаа бууж ирээд хартал Э-ийг миний жолоодож явсан автомашины чиргүүлийн хойд талд гаргаад ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58) зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгана...“ гэсэн захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгчийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирол хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Т нь “Юу Би Метал Маркет” ХХК-нд жолоочоор ажилладаг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар О.Т нь торгох ялыг 5 (таван) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид баримтаар 1.978.500 төгрөг хохирол учирснаас шүүгдэгчийн зүгээс 1,978.500 төгрөгний төлсөн (хавтаст хэргийн 73, 115, 119) баримт цугларсан байна. Иймд иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс баримттай зардлыг төлж барагдуулсан байх тул тэрээр энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч нь үлдэх ажилгүй байсан хугацааны зардал, олох ёстой байсан орлого гэх хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Эрүүгийн 1803 0000 10045 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ны Т-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т 500 (таван зуу) нэгж буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь өөрт учирсан гэм хорын зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ