Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1706

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч Г.Д, түүний өмгөөлөгч Т.Анхцэцэг,

Шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ирүүлсэн шүүгдэгч Р.Т-т холбогдох эрүүгийн 2006 00000 2163 дугаартай эрүүгийн хэргийг шүүх 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, ам бүл 7, эх, эхнэр, хүүхэд нарын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 00 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000, Р.Т.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Р.Т нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22А байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Г.Д-тай “хүүхэдтэй уулзуулахгүй, янз бүрийн юм зааж өгсөн, ааштай болгосон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгой хэсэгт цохиж унагаж, улмаар чирэн эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн дэлбэнд хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, субарахнойдаль зайнуудад аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөхлөг, сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, шуу шилбэнд цус хуралт, мөр, тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

2

 

Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Т мэдүүлэхдээ: “...Бид хоёр 3 сараас эхлээд тустай амьдраад би хүүхэдтэйгээ байнга уулздаг байсан. Сүүлдээ хүүхэдтэй уулзуулахгүй утсаар ярьдаг болсон. Сүүлдээ утсаар яриулахаа ч больсон. Тэр өдөр би автобусны буудал дээр охиныгоо эмээтэйгээ явж байхад нь уулзаад үнсэх гэсэн. Тэгээд охиныгоо дуудсан чинь эмээ нь суга татаад аваад явсан юм. Тэгээд би жоохон хямраад гэртээ очиж хувцсаа сольчхоод машинаас юм авах гэж гараад юмаа авчихсан. Тэгээд орцны үүдэн дээр нь Г.Д-тай тааралдсан. Тэгээд Г.Д-д хандаж “хүүхдэд юу заагаад өгсөн юм, утсаар ч яриулахгүй юм” гэсэн. Тэгсэн чинь Г.Д- “битгий хуц” гээд над руу салаавч гаргаад “битгий солиор чи” гээд байсан. Тэгэхээр нь би өөрийгөө хянах чадвар алдагдаад цохисон юм. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна.

Г.Д- болон ар гэр, эгч, дүү нараас нь уучлалт гуймаар байна. Хэрэв шүүхээс надад итгэж хөнгөн ял оногдуулж өгөх юм бол би ажилд орохоор ярьсан байгаа. Тэгээд ажилд ороод цалингаасаа эхнэр, хүүхдэдээ эрүүл мэндэд нь анхаарч тусламж, дэмжлэг үзүүлэн гэж бодож байна...Дахиж хэзээ ч ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж амлаж байна. Одоо дахиж төлбөр нэхэмжилбэл би машинаа зарж төлбөр төлнө гэж бодож байна. Маш их гэмшиж байна уучлалт хүсье хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Д- мэдүүлэхдээ: “....Би ажлаа

 

тараад Зайсангийн байранд засвар хийж байсан тул тийшээ явсан. Тэрэнд зориулаад ажлын хажууд барилга барьж байсан хүмүүсээс банз аваад явсан. Тэгэхэд манай ажлын сувилагч машинтай явж байсан. Тэгэхээр нь Алимаа гэх сувилагчаар гэрийнхээ үүдэнд хүргүүлээд лифтний үүдэнд зогсож байсан чинь Р.Т-аа араас ороод ирсэн. Тэгээд “яагаад чи намайг хүүхэдтэй уулзуулахгүй байгаа юм, яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гэхээр нь би “чиний утсыг блоклосон болохоор чиний дуудлага надад ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд лифт дуудаад лифтээр 3 хүн бууж ирсэн. Тэгээд би Р.Т-тай юм ярьж байгаа юм шиг тэр хүмүүсээс “туслаарай” гэж гуйсан. Тэгэхэд тэр 3 хүүхэн гайхаад эргэж хараад гараад явсан. Тэгэхэд Р.Т намайг цохиод унагаасан. Тэгээд би лифтний хаалгыг хаалгахгүй гээд гараараа тулаад байсан. Тэгээд бид 2 ноцолдоод би ухаан алдаад унасан. Тэгээд би Гэмтлийн эмнэлэгт маргааш өглөө нь сэрсэн. Тэр хүмүүс надад тусалсан юм шиг байсан. Би 40 насандаа энэ хүнтэй амьдарсан 42 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн 9 настай охинтой. Энэ бол миний анхны амьдрал. Эхэндээ бол Р.Т гайгүй байж байгаад 2 жилээс 3 жилийн дараа намайг найзын нөхөртэй болон ангийн хүүхдүүдтэй, ажлын хүмүүстэй харддаг. Намайг ажлаасаа оройтож ирлээ гэж харддаг болсон. Миний утсыг шөнө хажуугаас аваад нөгөө өрөөнд ороод үздэг. Надад нуугаад байх зүйл байхгүй болохоор эхэндээ тоодоггүй байсан. Өөрөө болохоор нийлдэг найз нөхөд гэж байхгүй. Ангийнхантайгаа л хааяа уулздаг. Р.Т энэ хугацаанд 5-аас 6 ажил сольсон. Дандаа хүнтэй муудалцсан гэх шалтгаанаар ажлаасаа гарсан байдаг. Би савны хоргүй хавдар өвчтэй. Энэ нь мэс засал хийлгэх заалттай өвчин. Тэгээд миний сарын тэмдэг ирэхээр 20 хоногоос 1 сарын хугацаанд маш удаа үргэлжилдэг. Тэр үед Р.Т маш их уурладаг. Надад маш зовуурьтай байдаг. Заримдаа Р.Т өөрийнхөө 80 нас гарсан ээждээ заримдаа хатуу ширүүн үг хэлээд гомдоож уйлуулж байдаг. Энэ байдалд нь би их санаа зовдог. “Битгий ээжийгээ ингэж бай” гэж би байнга хэлдэг. Манай хадам ээж, ах, эгч, дүү нар бол нөхрөөс илүү надад илүү сайн ханддаг. Тэгэхдээ би Р.Т-тай амьдардаг болохоос хадмуудтайгаа амьдардаггүй. Миний ээж бол намайг бараадаж манай байрны 7 давхарт манай ах дүү нар аваад амьдраад жил гаруй болж байгаа. Манайх 6 давхарт нь байдаг. Ээж маань ганцаараа байдаг болохоор би өдөр болгон ээж дээрээ орох шаардлага гардаг. Заримдаа өдөрт хэд хэдэн удаа ордог.

 

3

 

Тэрэнд Р.Т дургүй байдаг. Р.Т өөрөө орой 20 цагаас 21 цагийн хооронд буюу эрт унтдаг. Би болохоор 24 цаг гэж унтдаг. Р.Т үүрээр 3 цаг гээд нойр нь сэргээд сэрчихдэг. Тэгээд намайг сэрээдэг. Би “ядраад байна, би унтмаар байна” гэхээр “чи надад дургүй болсон, чи өөр хүнтэй болсон байна” гэж уурладаг. Зурагт, кино үзэхдээ дандаа холимог тулаантай кино үздэг. Тэр кинон дээр гардаг шиг намайг зодсон байх гэж бодож байгаа. Би ухаангүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би эрүүл мэндээрээ маш их хохирсон. Одоо ажил хийх чадваргүй цаашид группэд орох байх. Тийм болохоор эдийн засгийн, эрүүл мэндийн хувьд маш их гомдолтой байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.099.951 төгрөг нэхэмжилсэн. Одоо шүүхийн дээр эмчилгээнд 1.465.841 төгрөг, сэтгэл заслын эмчилгээнд 1.800.000 төгрөг, намайг асарсан сувилагчийн цалин 1 сарын 800.000 төгрөг. 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж цалинг тооцно. Мөн өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг. Зээлээ төлж чадахгүй болсон болохоор зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ....Надад одоо санал алга.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Д-гийн өгсөн мэдүүлэг /хх-9-12/, гэрч Г.Оюунбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-17-19/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 8623 дугаартай дүгнэлт /хх-29-31/, дүрс оношилгооны хариу /хх-30/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-4/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1154 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай захирамж /хх-42-43/, гэрч Р.Эрдэнэчулууны өгсөн мэдүүлэг /хх-27/, Төрийн банкны зээлийн гэрээ /хх-68-70/, шүүгдэгч Р.Т-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, шүүгдэгч Р.Т-ын хувийн байдлын тодруулсан баримтууд болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-44/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-46/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-47/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа

 

  • хх-48/, хохирол нэхэмжилсэн баримт болох “Сэтгэшгүй ухаан” ХХК-ны тодорхойлолт, Төрийн банкны зээлийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, “UB сонгдо” эмнэлгийн төлбөрийн баримт, утасны мессежийг гэрэл зургаар баримтжуулсан баримт, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Р.Т нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22А байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Г.Д-тай “хүүхэдтэй уулзуулахгүй, янз бүрийн юм зааж өгсөн, ааштай болгосон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгой хэсэгт цохиж унагаж, улмаар чирч эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн дэлбэнд хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, субарахнойдаль зайнуудад аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөхлөг, сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, шуу шилбэнд цус хуралт, мөр, тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

4

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Д-гийн өгсөн: “...Би Зайсангийн байранд засвар хийж байсан. Тухайн үед надад банз хэрэгтэй болохоор ажлын гадаа засвар хийж байсан хүмүүсээс 3 ширхэг банз аваад ажлын хүнээр хүргүүлсэн. Гэрийнхээ үүдэнд хүргүүлээд лифтний үүдэнд зогсож байсан чинь Р.Т-аа араас ороод ирсэн. Тэгээд “яагаад чи намайг хүүхэдтэй уулзуулахгүй байгаа юм, яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гэхээр нь би “чиний утсыг блоклосон болохоор чиний дуудлага надад ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд лифт дуудаад лифтээр 3 хүн бууж ирсэн. Тэгээд би Р.Т-тай юм ярьж байгаа юм шиг тэр хүмүүсээс “туслаарай” гэж гуйсан. Тэгэхэд Р.Т намайг цохих гээд дайрсан. Р.Т намайг түлхсэн, би барьж явсан банзтай унасан. Би ухаан алдсан. Нэг сэрэхэд машинд байсан. Р.Т миний зүүн чихний ар хэсэгт цохиж байсан. Миний биед учирсан гэмтлийг Р.Т учруулсан.” /хх-9-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Оюунбилэгийн өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 27-ны оройн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, байрны гадна талд манай дүү Г.Д-г хуучин хамтран амьдрагч Р.Т нь зодож танхайрсан. Г.Д- нь Р.Т-т зодуулаад ухаангүй хэвтэж байхад нь үл таних 2 эмэгтэй гэрт оруулж өгсөн гэж эгч хэлсэн.” /хх-17-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхийн өгсөн: “...Тэр өдөр манай охин Г.Д- зодуулсан бололтой нүүр нь хавдсан байдалтай танихгүй 3 эмэгтэй оруулж ирсэн. Тэр 3 эмэгтэй хэлэхдээ манай 22А байрны 6 дугаар орцны урд явж байтал нэг эрэгтэй эмэгтэй хүнийг зодоод байхаар нь очтол эрэгтэй нь яваад өгсөн гэсэн. Тэгээд танай охиноос гэрийг нь асуугаад ирлээ гэсэн. Тэгээд би охиноосоо юу болсон талаар асуухад юм ярьж чадахгүй “Тамир” гэж хэлсэн. Тэгээд би 103-т залгаж түргэн дуудсан.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 8623 дугаартай дүгнэлтэд:

1.Г.Д-гийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн дэлбэнд хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, субарахнойдаль зайнуудад аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөхлөг, сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, шуу шилбэнд цус хуралт, мөр, тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

2.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь

эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” /хх-29-31/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Т-ын яллагдагчаар өгсөн: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байна.” /хх-62/,

 

 

Дүрс оношилгооны хариу /хх-32-33/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-4/,

 

5

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1154 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай захирамж /хх-42-43/,

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-72-73/,

Шүүгдэгч Р.Т-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Р.Т-ын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22А байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Г.Д-тай “хүүхэдтэй уулзуулахгүй, янз бүрийн юм зааж өгсөн, ааштай болгосон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгой хэсэгт цохиж унагаж, улмаар чирч эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн дэлбэнд хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, субарахнойдаль зайнуудад аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөхлөг, сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, шуу шилбэнд цус хуралт, мөр, тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар шүүгдэгч Р.Т-ын гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Д нь эмчилгээний зардалд 2.565.841 төгрөг, сэтгэл заслын эмчилгээнд 1.800.000 төгрөг, сувилагчийн цалин 1 сарын 800.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх....шууд учирсан

үр дагавар” буюу хохирогчийн эмчилгээний болох зардал 2.565.841 төгрөгийг шүүгдэгч Р.Т-аас гаргуулахаар тогтов.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах

 

6

 

бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заасан байх тул өмгөөллийн хөлс болох 1.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Г.Д-гийн сувилагчийн цалин 1 сарын 800.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч Р.Т-ыг хохирогч Г.Д-д учирсан хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан хэсгийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх шүүгдэгч Р.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Т-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г овогтой Р-ийн Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.Т-ыг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Р.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.Т нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

    1. Хохирогч Г.Д- нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан
 

7

 

шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Р.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Р.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Р.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                              Э.ЧИНГИС