Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

 

 

      2022        01          06                                  2022/ШЦТ/74

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сарантуяа,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М , түүний өмгөөлөгч Ж.Г

шүүгдэгч С.Н , түүний өмгөөлөгч Б.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Н ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 01905 2508 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н  нь Эрчим хүчний сайдын 2014 оны 05 дугаар тушаалын /ЭХД-1-12-04-2013/ дөрөвдүгээр хавсралтаар баталсан “Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.1-д заасан эрчим хүчний барилга байгууламжийг барих, угсрах, тохируулах явцад баримтлах аюулгүй ажиллагааны шаардлагыг тогтоож, зохицуулаагүй,

Уг дүрмийн 2.4-т тулгуур угсрах ба суурилуулж босгоход тухайн тулгуураас ажиллагаанд буюу цахилгаан дамжуулах шугам хүртэлх алслалтын зайг хангахуйц тулгуурыг өргөхөд тохиромжтой байдлыг харгалзаж тооцоогүй, 5.1-д зааснаар хүчдэлтэй байгаа утас хүртэлх боломжит аюулгүй ажиллагааны зайг шалгалгүй ажиллагаанд буй агаарын шугамын доогуур хориглосон овор ихтэй кран буюу машин /механизм/-аар ажил гүйцэтгүүлсэн,

Мөн сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 11 дүгээр бүлэг Ачаа өргөх, машин механизм, автомашин, шат хэрэглэж ажиллах ерөнхий шаардлагыг хангаж ажиллаагүй, цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалт хашилтгүй хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт хүн, машин механизм, ачаа өргөх краныг хориглосон зайд дотогш ойртуулсан,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 195 тоот тушаалаар батлагдсан “Барилгын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 6.2 болон 6.3 гүйцэтгэгчийн үүргийг биелүүлж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж ажиллаагүй,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.4, 35.1-д заасан ажлын байранд учирч болзошгүй эрсдэл, аюулгүй илрүүлэх бууруулах, хууль журмын дагуух нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтийг хангаагүй,

Мөн Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-03-04-ийн 4.11, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмжийн С3 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2 дахь заалтуудыг зөрчиж аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй буюу тухайн үеийн нөхцөл байдлыг танилцуулж, заавар чиглэл өгч, хүчдэлийг салгаагүй байгаа талаар кранистад мэдэгдээгүй зэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Их ам гэх газар иргэн Б.Г ын захиалгаар “Ингүүмэл Эрчим” ХХК-ийн зураг төслөөр “Баянцэгц” ХХК-ийн гүйцэтгэх эрчим хүчний барилга байгууламж, цахилгаан хангамжийн зориулалттай ажилд хэлцлийн үндсэн дээр туслан гүйцэтгэж байсан иргэн Ч.З ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                             /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н  мэдүүлэхдээ: Захиалгаар хийгдэж байсан ажилд аюулгүй байдлыг нь хангаагүйгээс хүний амь нас хохирсон явдалд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 30.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд цаашид гарах хохирлыг нөхөн төлнө гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М  мэдүүлэхдээ: Миний хувьд туйлын их гомдолтой байна. Юунд гомдолтой байгаа вэ гэвэл бүх нийтийн амралтын өдөр тог таслахгүй шүү гэсээр байхад манай нөхөрт таслалт аваагүй байгаа талаараа хэлээгүйд үнэхээр их гомдож байна. Манай нөхөр мэдсэн бол хэзээ ч тогтой газрын доор очиж зогсохгүй байсан. Тухайн утас тогтой байсан гэдгийг Н  өөрөө мэдэж байсан бөгөөд энэ тухай яагаад хэлээгүй талаар би одоо ч гайхдаг. Энэ ажлын хувьд нэг зүйл нь болохгүй, бүтэхгүй гэсээр дандаа хойшилдог байсан ч яг тэр өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр, тог таслахгүйгээр гүйцэтгүүлсэн байдаг. Н ийн мэдүүлгээс харахад хэргийн газар дээр хиймэл амьсгаа хийсэн гэсэн боловч хүү маань хэлэхдээ амаар хиймэл амьсгал хийгээгүй гэж хэлсэн. Яагаад анхан шатны тусламжийг үзүүлээгүйд гомдож байна. Миний хувьд тэнхимийн эрхлэгчийн ажил эрхэлдэг бөгөөд оройн эчнээ ангийнханд хичээл заадаг байсан боловч өвгөнийгөө нас барснаас хойш нойргүйдсэн учраас тэнхимийн эрхлэгчийн ажлаа хийж чадахгүй байдалд хүрч сургалтын албанд ажиллахаар болсон. Манайх сард 1.094.000 төгрөгийн байрны зээл төлдөг, хүүхдүүд маань 4 дүгээр курсийн оюутан. Шүүгдэгч хэдий хохирол төлбөрийг төлнө, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа гэж байгаа боловч үл тоосон байдалтайгаар ханддаг. Би сар бүрийн 22-ны өдөр байрны зээлээ төлдөг. 11 сарын зээлээ төлөх санаатай Н  руу ярихад өгөөгүй. Гэхдээ өчигдөр хүүгийн данс руу 15.000.000 төгрөг хийлээ гэсэн зурвас илгээсэн байсан. Хохирол төлбөрт 60.800.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд уг мөнгөнд оршуулгын зардал 30.113.000 төгрөг, байрны зээлийн төлбөр 3.280.000 төгрөг, байрны зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөг, хоёр хүүхдийн сургалтын төлбөр 2.600.000 төгрөг, зээл 1.400.000 төгрөг, хүнээс зээлсэн 13.000.000 төгрөг, бага хүүгийн төлөөгүй байгаа сургалтын төлбөр 2.820.000 төгрөг тус тус багтаж байгаа. Уг мөнгөнөөс шүүгдэгч 30.800.000 төгрөгийг төлсөн гэв.

      Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.П  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Бид 2 ирээд эхний шонгоо суулгахаар крантайгаа эхний шон суулгах газарт очоод кранаараа эхний шонгоо татаж аваад нүхэнд суурьлуулахаар болоод манай аав краны зүүн талд байдаг удирдлагаар ертөнцийн зүгээр хойшоо харчихсан, зүүн гараараа удирдаад байж байхад нь босгох гэж байгаа шон нь хажуу талд байсан А шонгийн утсанд хүрсэн, тэр үед манай аавын баруун мөр нь гэнэт таталт өгөөд дээш болоод аав ямар ч хөдөлгөөнгүй болохоор нь би очиж өмссөн цамцныхаа ханцуйнаас татаад краны удирдлагад хүрсэн гарыг нь салгахад манай аав шууд доошоо нүүрээрээ унасан. Намайг аавыг татахаас өмнө нэг нүдний шилтэй ах битгий хүр, цаашаа бай гэж хэлсэн. Би тэрийг нь тоолгүй аавыгаа татсан. Дараа нь аав газар унасны дараа дээшээ харуулаад зүрх нь цохилж байна уу гэхэд жоохон амьсгаатай, амнаас нь хөөстэй цус гарч байсан. Аав аа, аав аа гэж дуудсан боловч хариу үзүүлэхгүй, жоохон зүрх нь цохилж, амьсгаадаж байсан. Тэр хүмүүс түргэн дуудаад, би ээж рүү залгаад, дараа нь бид нар аавыг аваад Гачууртын эмнэлэг дээр очоод 103-ын машинтай нь Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү эмчийн хамт машин дотор нь явсан. Бид хэд гэмтэлд ирээд амьлахуй гэдэг тасаг руу нь оруулаад намайг гадаа байж бай гэж хэлээд 10 минутын дараа нас барсан байна гэж хэлсэн... Хамт шон суулгахаар болсон Н  гэдэг хүнд гомдолтой байна. Учир нь манай аав краны удирдлагаар шонгын нүх рүү удирдах үед тэр хүн шонгын дээд үзүүрийг тогны утсанд хүрсэн үгүйг харж хүрэхээс нь болгоомжлох ёстой байсан. Гэтэл тэр үед хоолоо идэхээр цааш явсан байсан гэсэн. Хэрэв тэр хүн байсан бол өдийд ийм зүйл болохгүй байх байсан. Энэ асуудалд гомдолтой байна. Манай аав доор байгаа болохоор тогны өндөр шонгын дээд үзүүрийг харах боломжгүй байсан. Тэр хүнийг харж байгаа гэж итгэж байсан. Гэтэл тэр хүн дундуур нь хоол идэхээр явсан байсан. Мөн аавыг тогонд цохиулж байхыг тэнд байсан хүмүүс харсан хэрнээ битгий оч, битгий хүр гээд байсан. Шууд татаж авах боломжтой байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Гэрч Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Гэтэл өдөр 13 цагийн орчимд кранист шонгоо кранаар өргөөд би шонгын бөгсийг нь өөрийн гараараа тэвэрчихсэн түлхэж байгаад миний цээж гарнууд жирс гээд тог цохихоор нь би шонгоо тавиад хойшоо суусан тэгээд би хойш эргээд харахад краны ах газарт доошоо хараад хэвтчихсэн байсан. Гэтэл хойд байшинд цахилгааны самбарт хойноос гүйж ирээд кранист ах дээр очиж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

- Гэрч Э.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...айлд тоолуурын хайрцаг монтажлах ажлаар ажлын хүн болох Б ийн хамт ирсэн. Бид хоёрын энэ айлын орчим Н  гээд хүн 1 залуугийн хамт ирчихсэн трактороор шонгийн нүх ухуулаад байж байсан. 12:00-13:00 цагийн үед 63-46 УНА улсын дугаартай кран ирээд тогны шон босгох гэж байсан. Тэгээд төд удалгүй хүмүүс орилолдоод би гүйгээд тогонд цохиулсан гэх газар ирэхэд краны жолооч гэх залуу краныхаа кабены зүүн талд газар доошоо хараад хэвтчихсэн, хажууд нь 4 залуу тойроод зогсчихсон байсан. Хүү нь бололтой нэг залуу ааваа, ааваа гээд орилоод байсан. Тэгээд би газар унасан байсан хүнийг урагш татаад краны урд авч ирж тавиад, доош нь гүйгээд тог салгасан. Би тухайн талийгаачийг юу хийж байсныг хараагүй, миний бодлоор шонгоо краны гадна удирдлагаар өргөх явцад хажуудах “А” шон нь маслаад нэг утас нь тасарсан байх, намайг ирээд харахад “А” шонгийн 1 утас тасарчихсан байсан. Уг А шон нь 10.000 киловатт хүчдэлтэй шон байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36, 56-57/,

- Гэрч А.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би талийгаачийн ажиллаж байсан компанийн нэрийг нь бол мэдэхгүй. Захирал нь бол Н  гээд залуу байгаа сүүлийн 10 гаран жил энэ ажлыг хийж байгаа. Харин талийгаач бол хувиараа крантай машин барьж хүмүүстэй тохироод ажил хийдэг байсан. Харин Н  захиралтай энэ компани нийслэлийн захирагчийн албанд холбогдох материалаа өгөөд ажил эхлэх зөвшөөрөл аваад өмнө өдөр нь манай ажил дээр ирж батлуулаад манай агаарын шугамын мастерт өгөөд тэндээсээ бид нар ажлын чиглэл өгч үйл ажиллагааг нь хянадаг байсан. Харин талийгаачийн шон суулгасан гэх 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бол Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль болж байсан болохоор 14 хоног ямар нэгэн цахилгааны ажил хийхгүй гэсэн дээд газраас ирсэн тушаалтай байсан. Энэ тушаалыг зөрчиж Н  шон суулгаж ажил хийж гүйцэтгэсэн. Зөвшөөрөл аваад Улаанбаатар цахилгаан түгээх төвөөс салгуулах ёстой харин хэрэг гарсан өдөр бол дээд газраас 14 хоног цахилгаан салгаж болохгүй гэсэн тушаал ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

- Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Миний хажууд хүү нь өргөж байгаа шонгийн хажууд байх А шонгоор хойшоо газар ухаж байсан 2 ах байсан. Н  ах машин дотроо утсаар ярьж байсан. Тэгээд шонгоо өргөөд А шонгийн нийт 3 ширхэг утасны эхний 2 утасны доогуур шонгоо явуулж байхад краны ах “яаж байна, яаж байна, хүрч байна уу” гэж асуухаар нь наадах чинь одоо хүрлээ гэж би хэлсэн. Би хэлээд төд удалгүй араас Н  ах машинаас бууж ирээд “хөөе” гэж орилсон өөр юу хэлснийг нь мэдэхгүй. Тэрийг нь краны ах сонссон уу, үгүй юу кранаа огцом зогсооход өргөж байсан шон нь саваад цаад талд нь байсан 3 дахь утсанд очиж наалдахад хүү нь аавыгаа гүйж ирээд өшиглөсөн, тэгсэн чинь өндөр хүчдэлийн цаад талын 3 дахь утас нь тасраад талийгаач шууд доошоо хараад газар унасан. Тэгээд бид нарт Н  ах цагдаа болон түргэн дууд гэж хэлээд, Н  ах хиймэл хийгээд эллэг хийгээд байсан. Тэр үед тогийг байшинд юм хийж байсан ах ТЭЦ рүү салгуулахаар утсаар ярьсан. Талийгаачийг анх газар унахад нь хэсэг хугацааны дараа тог салгасны дараа дээш нь харуулсан. Дараа нь Н  ах нөгөө тог салгасан ахын хамт цааш нь татаж өөр газар аваачиж хэвтүүлээд хиймэл амьсгаа хийсэн. Тэгээд түргэн дуудсан хүн байна уу гэхэд түргэн дуудсан хүн байгаагүй. Тэгээд би түргэн дуудсан. Тэр үед хүү нь зүрх нь яаж байна. Амьсгалж байна уу гээд хажууд нь байгаад байсан. Намайг 103 руу залгахад хаана вэ гэж асуухаар нь Гачуурт гэсэн чинь Гачууртын эмнэлэг рүү залга гээд дугаарыг өгөхөөр нь би Гачуурт руу залгаад өндөр хүчдэлд цохиулсан хүн байна. Өөрсдөө аваад очиж болох уу гэж асуухад болно гэж хэлэхээр нь Н  ахын машины хамт Н  ахтай талийгаачийг аваад эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Бадралын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1134 дүгээр:

1. Талийгаач Ч.З ийн цогцост зүүн булгалганы дээд гадна ар хэсэг дэх арьсны түлэгдэл бүхий цахилгаан тэмдэг, духны хуйхны дотор гадаргуу, зүүн бугалганд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, зүүн 5, 6 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн бугалганы дээд гадна ар хэсэг дэх арьсны түлэгдэл бүхий цахилгаан тэмдэг нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр, духны хуйхны дотор гадаргуу, зүүн бугалганд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр унах, цохигдох, нидрэгдэх зэргийн үед харин зүүн 5, 6 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал гэмтэл нь сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад үүссэн байх боломжтой.

3. Амьддаа үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

4. Талийгаач нь цахилгаан гүйдлийн гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж зүрх гэнэт зогсож нас барсан.

5. Талийгаачийн цус, ходоодны шингэн, цөсөнд спиртийн агууламж илрээгүй байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ.

6. Гуравдугаар бүлгийн харъяаллын цустай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 65-68/,

- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ акт №1134 /хх-ийн 69-70/,

- 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ХАБ-24/21 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-83/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавсралт /хх-ийн 86-87, 126-173, 215-217/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 92-96, 118-122/,

- З.П , З.Н  нарын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 102-103/,

- З.П , З.Н  нарын төрсний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 104/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 105/,

- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 107-109/,

- Буяны ажлын зардлын тооцоо /хх-ийн 116-117/,

- Яллагдагч С.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс би өөрийн хариуцан ажиллуулдаг “Баян цэгц” ХХК-ны нэр дээр иргэн Г оос Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Их ам гэх газар хувийн амины орон сууцны цахилгаан татах ажлыг харилцан тохиролцоод эхлүүлсэн боловч цар тахлын хүрээнд ажил зогсоод 2021 оны 04 дүгээр сараас ажлыг үргэлжлүүлж хийсэн. Харин хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 9 цагийн үед ажиллаж эхэлсэн. Тэр үед талийгаач Ч.З  10 цагийн үед цахилгааны 7 шон өөрийн кран дээрээ ачаад хүүгийн хамт араас ирээд би бэлтгэл ажлаа хангаад тэнд байсан ажилчдаа өдрийн хоол өгчихөөд ажлаа эхлэх гэхэд гэнэт л талийгаач шонг босгочихсон байхаар нь би хараад хөөе наадах чинь болохгүй буулга гээд орилсон гэхэд талийгаач тогонд цохиулахаар би гүйж очоод тэнд байсан хүмүүсийг бүгдийг холд гээд холдуулж байгаад өөрөө очиж үзэхэд талийгаач машины хажууд зогсож байхад хүүхэд нь хажуу талаас нь өшиглөж газар унагахаар нь би очоод машинаас холдуулж байгаад анхан шатны тусламж үзүүлэх санаатай зүрхэн дээр нь массаж хийгээд шууд би өөрийн машиндаа суулгаад Гачууртын эмнэлэгт хүргэж өгсөн. Би тэр үед нас барсан байсан үгүйг мэдэхгүй байна. Би өөрөө их сандарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 197-198/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..иргэн Н ийн талаар мэдүүлмээр байна. Энэ хүн миний нөхрийг цахилгаан тулгуур босгох ажилд авч яваад нэг үгээр амь насыг хохироосон яагаад гэвэл цахилгааны утас тогтой байхад энэ ажлыг хийлгэхдээ манай нөхөрт хэлээгүй мөн хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй дээр нь хэрэг гарсан өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан болохоор Улаанбаатар цахилгаан түгээх газраас цахилгааны ажил хийхгүй тушаалтай байхыг Н  өөрөө мэдсээр байж энэ ажлыг хийлгэсэн. Хэрэв энэ ажлыг сонгуулийн дараа болон эсвэл манай нөхөрт тогтой шугам байгааг хэлсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Манай нөхөр ийм ажилд явахдаа заавал таслалт авсны дараа энэ ажлыг хийдэг хүн байсан. Манай гэр бүлд 15.800.000 төгрөг өгсөн одоо 44.900.000 төгрөг дутуу байгаа. Би энэ мөнгөний задаргааг хэрэгт хавсаргасан байгаа. Анх Н  энэ мөнгийг өгнө гэж байсан одоо харин утсаа авахгүй хаана байгааг мэдэхгүй байна. Мөн Н  ийм өндөр эрсдэлтэй болон хариуцлагатай ажил гүйцэтгэж байж хөдөлмөр аюулгүй байдлыг огт хангаагүйд их гомдолтой байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 202-203/,

- Иргэний хариуцагч Х.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их ам гэх газар нийт 5 айлын газрыг би иргэн А ы Г  гэх эгчээс нийт 15.000.000 төгрөгөөр худалдаж аваад хоорондоо худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед миний авсан газар цахилгаан тог байхгүй болохоор би “Баян цэгц” ХХК-ны захирал С.Н той цахилгаан татуулах гэрээ байгуулж, 32.000.000 төгрөг шилжүүлсэн. Харин тэгтэл энэ ажлыг гүйцэтгэхэд Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах ёстой гэсэн. Тэгтэл тэр үед нь би иргэн А.Г оос өөрийн нэр дээр газрын гэрчилгээ шилжээгүй байсан болохоор С.Н  өөрөө хөөцөлдөж байгаад А.Г  эгчийн нэр дээр зөвшөөрлийн гэрчилгээ гаргасан миний хувьд гэрчилгээний хугацаа дууссан үгүйг мэдээгүй, ер нь би бол энэ ажилд эхнээсээ оролцоогүй шууд түлхүүр авах гэрээ байгуулсан болохоор С.Н  бүх ажлыг зохион байгуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 206-207/,

- С.Н ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 212-213/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 214/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж   тогтосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч С.Н  нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу  цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.П  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...  манай аав краны зүүн талд байдаг удирдлагаар ертөнцийн зүгээр хойшоо харчихсан, зүүн гараараа удирдаад байж байхад нь босгох гэж байгаа шон нь хажуу талд байсан А шонгийн утсанд хүрсэн, тэр үед манай аавын баруун мөр нь гэнэт таталт өгөөд дээш болоод аав ямар ч хөдөлгөөнгүй болохоор нь би очиж өмссөн цамцныхаа ханцуйнаас татаад краны удирдлагад хүрсэн гарыг нь салгахад манай аав шууд доошоо нүүрээрээ унасан. ... Манай аав доор байгаа болохоор тогны өндөр шонгын дээд үзүүрийг харах боломжгүй байсан. Тэр хүнийг харж байгаа гэж итгэж байсан. Гэтэл тэр хүн дундуур нь хоол идэхээр явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Гэрч Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Гэтэл өдөр 13 цагийн орчимд кранист шонгоо кранаар өргөөд би шонгын бөгсийг нь өөрийн гараараа тэвэрчихсэн түлхэж байгаад миний цээж гарнууд жирс гээд тог цохихоор нь би шонгоо тавиад хойшоо суусан тэгээд би хойш эргээд харахад краны ах газарт доошоо хараад хэвтчихсэн байсан. Гэтэл хойд байшинд цахилгааны самбарт хойноос гүйж ирээд кранист ах дээр очиж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

- Гэрч Э.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Бид хоёрын энэ айлын орчим Н  гээд хүн 1 залуугийн хамт ирчихсэн трактороор шонгийн нүх ухуулаад байж байсан. 12:00-13:00 цагийн үед 63-46 УНА улсын дугаартай кран ирээд тогны шон босгох гэж байсан. Тэгээд төд удалгүй хүмүүс орилолдоод би гүйгээд тогонд цохиулсан гэх газар ирэхэд краны жолооч гэх залуу краныхаа кабены зүүн талд газар доошоо хараад хэвтчихсэн, хажууд нь 4 залуу тойроод зогсчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36, 56-57/,

- Гэрч А.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Харин талийгаачийн шон суулгасан гэх 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бол Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль болж байсан болохоор 14 хоног ямар нэгэн цахилгааны ажил хийхгүй гэсэн дээд газраас ирсэн тушаалтай байсан. Энэ тушаалыг зөрчиж Н  шон суулгаж ажил хийж гүйцэтгэсэн. Зөвшөөрөл аваад Улаанбаатар цахилгаан түгээх төвөөс салгуулах ёстой харин хэрэг гарсан өдөр бол дээд газраас 14 хоног цахилгаан салгаж болохгүй гэсэн тушаал ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

- Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд шонгоо өргөөд А шонгийн нийт 3 ширхэг утасны эхний 2 утасны доогуур шонгоо явуулж байхад краны ах “яаж байна, яаж байна, хүрч байна уу” гэж асуухаар нь наадах чинь одоо хүрлээ гэж би хэлсэн. Би хэлээд төд удалгүй араас Н  ах машинаас бууж ирээд “хөөе” гэж орилсон өөр юу хэлснийг нь мэдэхгүй. Тэрийг нь краны ах сонссон уу, үгүй юу кранаа огцом зогсооход өргөж байсан шон нь саваад цаад талд нь байсан 3 дахь утсанд очиж наалдахад хүү нь аавыгаа гүйж ирээд өшиглөсөн, тэгсэн чинь өндөр хүчдэлийн цаад талын 3 дахь утас нь тасраад талийгаач шууд доошоо хараад газар унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Бадралын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1134 дүгээр тогтоолд:” ...Талийгаач нь цахилгаан гүйдлийн гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж зүрх гэнэт зогсож нас барсан...” гэх дүгнэлт /хх-ийн 65-68/,

- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ акт №1134 /хх-ийн 69-70/,

- 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ХАБ-27/21 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-83/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэг тооцдог.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Н ид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч С.Н  нь Эрчим хүчний сайдын 2014 оны 05 дугаар тушаалын /ЭХД-1-12-04-2013/ дөрөвдүгээр хавсралтаар баталсан “Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.1-д заасан эрчим хүчний барилга байгууламжийг барих, угсрах, тохируулах явцад баримтлах аюулгүй ажиллагааны шаардлагыг тогтоож, зохицуулаагүй,

Уг дүрмийн 2.4-т тулгуур угсрах ба суурилуулж босгоход тухайн тулгуураас ажиллагаанд буюу цахилгаан дамжуулах шугам хүртэлх алслалтын зайг хангахуйц тулгуурыг өргөхөд тохиромжтой байдлыг харгалзаж тооцоогүй, 5.1-д зааснаар хүчдэлтэй байгаа утас хүртэлх боломжит аюулгүй ажиллагааны зайг шалгалгүй ажиллагаанд буй агаарын шугамын доогуур хориглосон овор ихтэй кран буюу машин /механизм/-аар ажил гүйцэтгүүлсэн,

Мөн сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 11 дүгээр бүлэг Ачаа өргөх, машин механизм, автомашин, шат хэрэглэж ажиллах ерөнхий шаардлагыг хангаж ажиллаагүй, цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалт хашилтгүй хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт хүн, машин механизм, ачаа өргөх краныг хориглосон зайд дотогш ойртуулсан,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 195 тоот тушаалаар батлагдсан “Барилгын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 6.2 болон 6.3 гүйцэтгэгчийн үүргийг биелүүлж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж ажиллаагүй,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.4, 35.1-д заасан ажлын байранд учирч болзошгүй эрсдэл, аюулгүй илрүүлэх бууруулах, хууль журмын дагуух нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтийг хангаагүй,

Мөн Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-03-04-ийн 4.11, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмжийн С3 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2 дахь заалтуудыг зөрчиж аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй буюу тухайн үеийн нөхцөл байдлыг танилцуулж, заавар чиглэл өгч, хүчдэлийг салгаагүй байгаа талаар кранистад мэдэгдээгүй зэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Их ам гэх газар иргэн Б.Г ын захиалгаар “Ингүүмэл Эрчим” ХХК-ийн зураг төслөөр “Баянцэгц” ХХК-ийн гүйцэтгэх эрчим хүчний барилга байгууламж, цахилгаан хангамжийн зориулалттай ажилд хэлцлийн үндсэн дээр туслан гүйцэтгэж байсан иргэний амь насыг болгоомжгүйгээр хохироожээ.   

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч С.Н ид холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

С.Н ийн үйлдсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 30.800.000 төгрөг төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг бүрэн хангаж байна.

“Өршөөл үзүүлэх тухай” хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь 2021 оны 06 дугар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарч байна.

             Иймд С.Н ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд 30.113.000 төгрөг, орон сууцны зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөг, хүнээс зээлсэн 13.000.000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр зэргийг шүүгдэгч С.Н оос гаргуулахаар нэхэмжилжээ. Шүүгдэгч нь 30.800.000 төгрөгийг төлсөн байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 -д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг заажээ. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй байх бөгөөд шүүгдэгч нь оршуулахтай холбогдсон зардлыг төлсөн байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М ийн иргэн Ч.П-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг, Монголиан Файнэншл Партнерс банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шүүгдэгч биелүүлэх хуульд заасан үүрэггүй байна.

            Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол бусад зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. С.Н ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан С.Н ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. “....” ХХК-ний банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны болон бусад хохирлоо холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Н ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА