Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0187/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Ж.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Л.Н

Шүүгдэгч                                                       Х.П нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Уугантуяагаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Хаянхярваагийн Пт холбогдох 2139000000172 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Х.П нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт” худалдааны төвийн өргөтгөлийн 3 дугаар лангуунаас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 40 минутын үед цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 40х60 харьцах хэмжээтэй “CHOINGQING JUNGONG VAMANA” гэсэн бичигтэй тог үүсгүүртэй мотопомп “ус сорогч”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Мд 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Соёолж” нэртэй барилгын материалын дэлгүүрийн лангуунаас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 30 минутын орчим улбар шар өнгийн 0845-1 дугаартай шинэ молдокийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч З.Ат 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Мын  өгсөн:... Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суудаг бөгөөд одоо хувиараа тус багийн нутаг Эвт худалдааны төвийн өргөтгөлийн 3 дугаартай павилонд малчдын өргөн хэрэглээний бараа зардаг юм. 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн 10 цагийн орчим лангуугаа онгойлгоод зарим төрлийн бараануудаа гадна талын талбай дээрээ байршуулсан байсан. Ингээд 11 цаг өнгөрөөгөөд хүмүүс ихтэй ачаалалтай байсан бөгөөд 17 цагийн үед павилоны гадна талд байршуулсан бараануудаа хартал тог үүсгүүртэй усны помп алга болсон байсан. Тухайн помп нь цэнхэр өнгөтэй 40*60 харьцаатай хэмжээтэй, 10-15 метрийн гүнээс цагт 5 метр куб эзлэхүүнтэй усыг татах хүчин чадалтай юм. Ингээд би худалдааны төвийн харуулын цэг дээр очиж өргөтгөлийн гадна талын камерыг шүүлгэхэд 12 цаг 44 минутад цэнхэр өнгийн пудволк, хар эрээн өнгийн биеийн тамирын өмдтэй хүн помпыг өргөөд аваад явж байгаа бичлэг байсан. ...Тухайн помп нь яг одоогийн зах зээлийн ханшаар 350.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. ...Камерын бичлэгт орсон хүнийг зүс танина. Нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Манайхаар бол үйлчлүүлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/

Иргэний нэхэмжлэгч Ж.Эийн өгсөн:... үдээс хойш 15 цаг өнгөрөөгөөд намайг ажил дээр байхад П ганцаараа такситай ирээд 60.000 төгрөгөөр усны помп авах уу гэж асуусан би тухайн усны помпыг нь үзтэл хар өнгийн рамтай, хөх өнгийн шинэ помп байсан. Хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад, үгүй үгүй гээд байхаар нь мөнгийг нь бэлнээр нь өгөөд авсан. Авснаасаа хойш мөн ашиглаагүй байсан...би усны помп худалдан авсан 60.000 төгрөгийг Базараагаас эргүүлэн авсан болохоор надад нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 19-20 хуу/

Гэрч С.Гийн өгсөн:... Би цагаан өнгийн приус-20 маркийн 78-08 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хувиараа таксинд яваад 6 сар гаран болж байна. Би 2021 оны 06-р сарын 07-ны өдөр 12 цаг 46 минутад Хишгийн уулзварын урдаас хойш чиглэлд Эвт худалдааны төв рүү орох гээд баруун талаас орох гэтэл замынхаа баруун талд 40 гаран насны 1 эрэгтэй хүн гараа өргөхөөр нь чигээрээ яваад замын эсрэг талд зогстол цэнхэр өнгийн усны помп бариад миний машины хойд талд багаажинд хийсэн. Тэр ах хүүтэй хамт 30 насны 1 эрэгтэй хүн суугаад Сариг орно гэхээр нь замаасаа буцаж эргээд МТ колонкоор хойшоо засмал замаар явсан.  Сариг хэдийн хэдэд очсоныг нь сайн мэдэхгүй байна. Памбага гэдэг айлд буух гэсэн чинь машин нь байхгүй байна гээд буугаагүй муурын байшингийн хамгийн зүүн талын байрны хойшоо харсан байшинд эгчийндээ бууна гээд буусан...Надад усны помп хаанаас авснаа яриагүй. Харин цуг явсан залуудаа усны помп авсан гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Гэрч Х.Цийн өгсөн:... Гэртээ байж байхад төрсөн дүү Х.П 13 цагийн орчимд гаднаас нэг залуутай хамт орж ирсэн. Ирэхдээ цэнхэр өнгийн гялгар ууттай усны помпыг 250.000 төгрөгөөр аваад ирлээ гээд гал тогооны буйдан дээр тавьсан. Гэрт тэр залуутай хамт архи уух гэхээр нь уулгаагүй, гэртээ хариад уу гээд гараад явуулсан. Нэг цагийн дараа Х.П нь такси барьж ирээд хөдөө явлаа гээд цэнхэр өнгийн усны помпоо аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Усны помпны үнэлгээг 350.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны  өдрийн 2021/ХҮ-02 дугаартай  дүгнэлт /хх-ийн  29-32 хуу/

БНХАУ-д үйлдвэрлэсэн 40х60 харьцах хэмжээтэй “CHOINGQING JUNGONG VAMANA” гэсэн бичигтэй 1 ширхэг усны помпыг хохирогч Г.Мд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 38 хуу/

Х.Пын яллагдагчаар өгсөн:...2021 оны 06 дугаар сарын 07-ны 14 цагийн орчимд өөрийн танил болох хонь Заяа, Майга, Зоригоо нартай хамт Хэнтий аймгийн Хэрлэн суманд байдаг танктай хөшөөний ойролцоо боргио гээд 4 том пиво  хувааж уугаад нилээн согтоод  тэндээсээ ганцаараа Эвт худалдааны  төв явсан. Тэгээд Эвт худалдааны төвийн өргөтгөлийн 3 дугаар лангууны хажуугаар өнгөрч явтал лангууны гадаа бараанууд өрөөтэй байсан. Тэгээд  тэр бараанууд дундаас усны мотор буюу помп 1 ширхгийг аваад Эвт худалдааны төвийн баруун талын засмал зам дээрээс такси барих гээд зогсож байтал урд нь хамт ууж байсан Халтар гээд гээд залуутай таараад хамт такси барьж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхөд байрладаг Монхооны машин засвар дээр очиж өөрийн танил болох Төрөө гээд залуутай уулзаж хулгайлсан усны мотор буюу помпоо 60.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуу/

 

Хохирогч З.Аийн өгсөн:... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суудаг бөгөөд одоо хувиараа Хэрлэн сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Соёолж" барилгын материалын дэлгүүрт өргөн хэрэглээний бараа зардаг юм. Манай дэлгүүрт барилгын зориулалтаар ашигладаг хоёр ширхэг молдок /цахилгаан/ лангуун дээр байсан юм. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минут орчим бараагаа шалгаж үзэхэд  тухайн хоёр молдокны нэг ширхэг нь /0845-1 дугаартай, шинэ/ алга болсон байсан,  хайрцаг дотроо хоёр ширхэг өрөм, хоёр ширхэг запас сойтог  зэрэг байсан. Тухайн эд зүйлс нь бүгд шинэ, ингээд би худалдааны төвийн хяналтын камерыг шалгахад дотор талын заалны болон гадна талын  камерын  бичлэгт тухайн өдрийн 12 цаг 28 минутад цэнхэр өнгийн пудволк, хар эрээн өнгийн биеийн  тамирын өмдтэй хүн молдок өргөөд аваад явж байгаа бичлэг бичигдсэн байсан учир цагдаагийн байгууллагад  мэдэгдсэн юм.... Тухайн молдок нь яг одоогийн зах зээлийн ханшаар 325.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа... гэх мэдүүлэг  /хх-ийн хуу 58-59/

Иргэний нэхэмжлэгч Ж.Эийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суудаг. Одоогоор Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг /Монхоон/ засварын газарт ажилладаг юм. Одоогоос 3,4 хоногийн өмнө намайг ажил дээр байж байхад 12 цагийн орчим зүс таних П нь Хатнаа гэх хүнтэй хамт ирээд шинэ молдок зарна авах уу гэхээр нь би хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад, үгүй үгүй хулгайн эд зүйл биш гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах вэ гэсэн чинь 100.000 төгрөгөөр зарна гэсэн. Би молдокийг нь үзсэн чинь нэг ч хэрэглэж байгаагүй шинэ молдок байсан, тэгэхээр нь мөнгийг нь бэлнээр нь өгөөд авсан. Миний авсан молдок нь улбар шар өнгөтэй байсан, хайрцаг нь хар өнгийн, дотор нь 2 ширхэг өрөм, запаас 2 ширхэг сойтог, бусад дагалдах хэрэгсэл нь шинээрээ байсан. Би молдокийг авснаас хойш ашиглаагүй...би молдок худалдаж авсан 100.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 08, 64 хуу/

Гэрч Д.Хатанбаатарын өгсөн:... Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нарлаг хороолол 3-2 тоотод хашаанд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй. Одоогоос 4 хоногийн өмнө 2021 оны 06-р сарын 07-ны өдөр гадуур хүмүүстэй пиво ууж байгаад нилээн согтуу байсан чинь П гэж нэг залуу манай руу явж пиво ууя гээд хамт явсан чинь замаараа хүнээс юм авна гээд "Соёолж" барилгын материалын дэлгүүр ороод явж байгаад гэнэт нэг хар савтай зүйл бариад явж байхаар нь хаанаас авсан юм бэ гэж асуутал хүнд түр үлдээсэн байсан юм гэж хэлсэн. Тэгээд тус дэлгүүрээс гараад Эвт худалдааны төвийн хойд талд байрлах Засварын газар ирж Э гэх залуутай уулзаж гэх зарсан...Би Птай тэр өдөр архи ууж байгаад танилцсан. Өмнө нь би зүс харж байгаагүй. Хулгай хийхийг нь харсан болохоор нийлж болохгүй юм байна гэж бодоод зайгаа барьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

Гэрч Б.Уранбилэгийн өгсөн:... Манай найз П нь зан байдлын хувьд даруу төлөв, ажил хөдөлмөр хийхдээ сайн, аливаа ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэдэг. Хүнд их тусархаг, хүнтэй нэг их муудалцаад байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл жаахан хэрэглэх дуртай, эхнэрээсээ салаад одоо ээжтэйгээ хамт амьдардаг. ...П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжлүүлэн 2, 3 хоног уудаг л даа, гэхдээ элдэв бусын зан ааш гаргаад байдаггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/

Молдокын үнэлгээг 350.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ШД-217 дугаартай  дүгнэлт /хх-ийн  92-94 хуу/

Улбар шар өнгийн 0845-1 дугаартай шинэ молдокийг хохирогч З.Ат хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 100 хуу/

Соёолж барилгын материалын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 102 хуу/

Х.Пын яллагдагчаар өгсөн:..2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд би гэрлүүгээ харих замдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 пугаар багт үйл ажиллагаа явуулдаг Соёолж худалдааны төв рүү орж барилгын материалын газар өрсөн байсан бараанууд дундаас нь хар өнгийн хайрцагтай цахилгаан өрөм буюу молдок хулгайлсан. Тэгээд тэндээс гараад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт машин засварын үйл ажиллагаа явуулдаг Монхооны засварын газар дээр очиж өөрийн танил болох Төрөөтэй уулзаж хулгайлсан цахилгаан өрөм буюу молдокоо 100.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 149 хуу/

Х.Пын  иргэний үнэмлэхийн лавлагаа  / хх-ийн  130 хуу/

Х.П нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 153, 154, 155, 156 хуу/

Улсын яллагчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн Х.Базарын нэрийг 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Х.П болгон өөрчилсөн тухай нэр өөрчилсөн тухай лавлагаа / хх-ийн 193 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн Ж.Эийн дансанд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөгийг “Х.Базараас” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 192 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Пт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Х.П нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт” худалдааны төвийн өргөтгөлийн гаднаас 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 40 минутын үед БНХАУ-д үйлдвэрлэсэн 40х60 харьцах хэмжээтэй “CHOINGQING JUNGONG VAMANA” гэсэн бичигтэй тог үүсгүүртэй, мотопомп “ус сорогч”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Мд 350.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Соёолж” барилгын материалын дэлгүүрийн лангуунаас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим цахилгаан молдок /өрөм/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч З.Ат 350.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.П нь мөрдөн байцаалт болон хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.М, З.А, иргэний нэхэмжлэгч Ж.Э, гэрч С.Г, Х.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мд 350.000 төгрөгийн хохирол, хохирогч З.Ат 350.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Ж.Эд 160.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон тэдний мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар нь алдагдсан эд зүйлээ буцаан авсан болох  нь  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ж.Эд 160.000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны үед гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт, болон Ж.Эийн мэдүүлгээр  тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Х.Пыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй  байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно. гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заагдсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 8 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1  дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хорих  ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул  Х.Пт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Х.Пт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

           

 

 

Шүүгдэгч Х.П нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,  хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалж, шүүгдэгчийн энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Хаянхярваагийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пыг  8 /найм/ сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Пт оногдуулсан 8 /найм/ сарын  хугацаагаар  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5.  Х.Пыг 8 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Шүүгдэгч Х.П нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Х.П нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалсугай.  

 

8. Шүүгдэгч Х.Пын энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Пт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ