Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/01052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: З.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Б-д холбогдох,

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Н, хариуцагч  З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан  2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Н-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.Б-аар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

2. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 29 534 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА