Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/773

 

 

 

 

 

 

 

   2021         11          12                                     2021/ШЦТ/773

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга:  Э.Цогбаяр;

улсын яллагч: Д.Даваадорж;

хохирогч: С.Д, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа;

шүүгдэгч: М.М, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг;

шүүгдэгч: Г.Б;

шүүгдэгч-хохирогч: В.Э, тэдгээрийн өмгөөлөгч А.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Э нарт холбогдох эрүүгийн 2109005630873 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт   хэрэг хариуцах чадвартай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1333 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, М.М;

 

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, статистикч мэргэжилтэй, “Б ХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, ахын хамт  , хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Г.Б;

 

3. Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент мэргэжилтэй, “С” ХХК-нд менежерийн ажил эрхэлдэг, ам бүл 1,   хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, В.Э

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч М.М нь Г.Бтэй бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө :.............. иргэн С.Дийг өөрийн хамтран амьдрагч В.Этай хардаж, улмаар түүний хоолой хэсэгт нь хутгаар тулгаж “ална” гэж сүрдүүлж, 500-600 орчим удаа суулгаж, босгож, өмсөж явсан хувцсыг хүчээр тайлуулан гар утасны зураг авахад зориулагдсан төмөр бариулаар цохих мэтээр онц харгис хэрцгийгээр, мөн хохирогчийг нүцгэлж, бичлэг хийх зэргээр тохуурхан даажигнаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь “...зүүн хоншоорын хөндийн урд болон гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, тагнайн сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, 24, 25, 26, 27 дугаар шүдний ёзоор хэсгийн буйлны сэртэнгийн цөмөрсөн хугарал, хоншоорын хөндийн цус хуралдалт, зүүн талд 7 дугаар хавирганы далд хугарал, хоёр зовхи, зүүн гуя, өгзөг, зүүн бугалга, цээж, баруун шуу, алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт няцарсан шарх, хоёр өвдөгт зулгаралт, зүүн хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн 2021 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө :.............. өөрийн хамтран амьдрагч В.Эг хохирогч С.Дтой хардаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...хүзүү, цээж, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Г.Б нь М.Мтай бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө :.............. иргэн С.Дийг М.Мн хамтран амьдрагч В.Этай хардаж, улмаар түүний зүүн талын шанаа хэсэгт гараараа цохих, хананд тулгаж ухаан алдуулах, хаалга руу өргөж авч шидэх зэргээр биед нь халдаж, мөн М.М нь хохирогчийн хоолой хэсэгт нь хутгаар тулгаж “ална” гэж сүрдүүлж, 500-600 орчим удаа суулгаж, босгож, хувцсыг хүчээр тайлуулан гар утасны зураг авахад зориулагдсан бариулаар цохих мэтээр онц харгис хэрцгийгээр, мөн түүнийг нүцгэлж, бичлэг хийх зэргээр тохуурхан даажигнаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж биед нь халдаж байхад эсэргүүцэл үзүүлэхгүй байдалд хүргэж, үйлдлээрээ болон гэмт хэргийн субьектив санаа зорилгоороо нэгдэж, дэмжлэг үзүүлж оролцож, улмаар хохирогчийн эрүүл мэндэд нь “...зүүн хоншоорын хөндийн урд болон гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, тагнайн сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, 24, 25, 26, 27 дугаар шүдний ёзоор хэсгийн буйлны сэртэнгийн цөмөрсөн хугарал, хоншоорын хөндийн цус хуралдалт, зүүн талд 7 дугаар хавирганы далд хугарал, хоёр зовхи, зүүн гуя, өгзөг, зүүн бугалга, цээж, баруун шуу, алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт няцарсан шарх, хоёр өвдөгт зулгаралт, зүүн хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

яллагдагч В.Э нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хохирогчоор тогтоогдож, улмаар тус өдөр :.............. өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө С.Дид зодуулж гэмтсэн...” хэмээн иргэн С.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 16-ны орой “Мөнгөн гүүр” эмнэлгээс гараад М.Энхмаа дээр очоод байж байхад манай найз Г.Б ирсэн. Бид 3 вино, пиво уугаад юм яриад суусан ба орой болоод унтах гэж байхад М.Энхмаа утсаараа хүнтэй инээгээд чатлаад байсан. Би тэр үед В.Э-гийн утсыг аваад өрөөндөө ороод хохирогч С.Дтой чаталж байгаад  дуудсан. Удалгүй С.Д ирэхэд нь би хажуу өрөөг нь хөлсөлдөг гэж хэлээд С.Дийг оруулж ирсэн. Тэр үед М.Энхмаа ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд С.Дийг “чи яах гэж ирсэн юм” гэх үед нь би М.Энхмааг өрөө рүү нь оруулаад С.Дийн нүүр хэсэг рүү цохиод муудалцаж байхад Г.Б С.Дийн хөлөөс татаад буйдангаас унагаасан. Маргалдах хугацаанд С.Дийн хамраас цус гарсан байсан учир ариун цэврийн өрөө рүү ороод хувцсыг нь тайлуулсан мөн тухайн өдөр гадаа хүйтэн байсан учир полкон дээрээ гаргаад гар дээр суниалгаж гар утасны селфи хийдэг гараар бие хэсэг рүү цохисон. Миний хувьд С.Дийн цүнхийг нь үзэхэд 1 шил вино, бэлгэвч зэрэг гарч ирсэн. 1 шил виног нь Г.Б, С.Д бид 3 ууж дуусгасан. Г.Б бид 2 гараад миний машинд унтаж байхад орц руу цагдаа орж байхыг хараад би дагаж орсон. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 16-ны орой энэ үйл явдал болсон. Өмнө би М.Мгаас ширээний теннисийн цохиурыг авсан байсан болохоор 5 дахь өдрийн орой М.Мгийн ширээний теннисийн цохиурыг аваачиж өгөхөөр В.Э-гийн гэрт нь очсон.  М.Энхмааг миний хувьд дотно мэддэггүй байсан. Би очоод бид 3 хоол унд хийж идээд ууж суусан. Миний хувьд пиво ууж байгаад унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад М.М орж ирээд сэрээсэн. Тэгэхэд нэг залуу ирсэн буйдан дээр нь М.Мтай муудалцаад байхаар нь би хөлөөс нь татаад буйдангаас буулгасан. Тэр үед М.М миний унтаж байсан өрөөнд М.Энхмааг оруулаад “битгий гаргаарай” гэсэн учир би өрөөний хаалгыг нь хаагаад суусан. Миний хувьд С.Дийг хувцсаа тайлсан гэдгийг мэдээгүй, нэг мэдэхэд С.Д ямар ч хувцасгүй явж байсан. Миний хувьд М.М найзыгаа өмөөрч С.Дийг цохисон нь үнэн. М.М, С.Д бид 3 С.Дийн авч ирсэн 1 виног уугаад М.М бид 2 машин руу гарсан. Миний хувьд буцаж В.Э-гийн гэр лүү ороогүй. Энэ хэрэгт холбогдож хохирогч С.Дийн биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлал хүсэж байна, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Э мэдүүлэхдээ: “...М.М эмнэлгээсээ гараад 04 дүгээр сарын 16-ны орой манай гэрт ирсэн. М.М 04 дүгээр сарын 16-ны өдөр найзыгаа дуудах үед нь би зөвшөөрөөгүй. Тэр үед миний үгийг сонсохгүйгээр Г.Б-ийг  дуудсан. Г.Б-ийг М.М бид 2 гарч тосож авсан.  22 цагийн үед С.Доос мессеж ирсэн. 3-4 жилийн өмнө мэддэг. Найзууд юм. М.М миний утсыг авч миний өмнөө бичсэн. Би С.Дийг ирнэ гэж бодоогүй. Өрөөнд оруулж гаднаас гаргахгүй байсан. 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө цагдаа дээр очих үед М.М “хоёулаа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэж хэлж байсан. Мөн М.М надад “чи миний хэлснээр мэдүүлэг өгөхгүй бол, би шоронд орно” гэж хэлсэн учир би айсандаа худал мэдүүлэг өгөх болсон. Харин хохирогчийн хувьд мэдүүлэхэд хэрэг болдог өдөр М.М нь С.Дтой муудалцаж байгаад миний байсан өрөө рүү орж ирээд “ямар холбоотой юм” гээд хүзүүнээс боогоод ор луу шидсэн. Цагдаа ирэхээс өмнө хана руу түлхэж унагааж намайг айлгаж, сүрдүүлж байсан. Миний хувьд одоогоор гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Д мэдүүлэхдээ: “...04 дүгээр сарын 16-ны 23 цаг 50 минутаас 17-нд шилжих шөнө намайг М.М зодож байх үед би “гомдол, санал гаргахгүй, цагдаад хандахгүй” гэж хэлсэн. Тэр үед М.М “чамайг ална” гэдэг байдлаар маш их улайрсан байдалтай над руу дайрч байсан. Шүүгдэгч нар намайг бүлэглэн зодсон. Над руу хутга тулгаж намайг боож ухаан алдуулсан мөн амьдарч байсан газраа хорьж зодож байсан. Миний нүүр гарсан бичлэгүүдийг хийж нэр хүндэд алдсан, удаан хугацааны байдлаар намайг дэглэж тамлаж байсан. Бүх хувцас эд зүйлийг минь тайлан авч өөрийн эрхшээлдээ оруулсан. Миний гэрийн хаяг, автомашины түлхүүрийг надаас авч өөрийн эрхшээлдээ оруулсан. Харин В.Э-гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд миний эсрэг мэдүүлэг өгч хэргийг шийдвэрлэхэд удаашруулсанд гомдолтой байна. Хохирол буюу эмчилгээний төлбөрт 10.459.213 төгрөгийн зардал гарсан. Уг зардлаас шүүгдэгч М.М 2.996.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байсан. Одоогоор 7.462.000 төгрөгийн эмчилгээний зардлаа шүүгдэгч нараас нэхэмжилж байна...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд С.Дийн хувцсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/, М.М эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 11-12/, хохирогч С.Д /1хх-ийн 17, 22-23, 24-26, 34-38/, хохирогч В.Э /1хх-ийн 30-31/, гэрч Б.Мөнгөнболор /1хх-ийн 48-49/, гэрч Н.Ганзориг /1хх-ийн 63-64/ нарын мэдүүлэг, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 65-69/, хохирогч С.Дийн биед учирсан гэмтлийн гэрэл зураг /1хх-ийн 70-75/, С.Дийн хохирлын баримтууд /1хх-ийн 76-79/, С.Дийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /1хх-ийн 80-97, 125-126, 143/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 98-103/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 104-107/, С.Дийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3469 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 111-112/, М.Мн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3429 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 114-115/, В.Эгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3427 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 116-117/, материалаар хийсэн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 397 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 118-122/, мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 545 дугаартай шинжээчдийн дүгнэлт /1хх-ийн 137-142/, М.Мн хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 31/, М.Мн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 231-233/, Г.Б-нийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 248-249/, В.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 10-12/,  Г.Б-нийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 173, 203-204/, М.Мн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 174, 207-208/, В.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 175, 210-212/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн С.Дийн эрүүл мэнд, хохиролтой холбоотой баримтууд, В.Эгийн депозит дансны хуулга зэрэг болно.        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М, Г.Б нар нь бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө ...... иргэн С.Дийг өөрийн хамтран амьдрагч В.Этай хардаж, улмаар түүний хоолой хэсэгт нь хутга тулгаж “ална” гэж сүрдүүлж, 500-600 орчим удаа суулгаж, босгож, өмсөж явсан хувцсыг хүчээр тайлуулан гар утасны зураг авахад зориулагдсан төмөр бариулаар цохих мэтээр онц харгис хэрцгийгээр, мөн хохирогчийг бүтэн нүцгэлж, нүцгэн байх үеийнх нь бичлэг хийх, гадаа тагтан дээр нүцгэнээр нь байлгах зэргээр тохуурхан даажигнаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж биед нь халдан, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч В.Э нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр :.............. өрөөнд мэдүүлэг өгөхдөө өөрийг нь С.Д зодож хөнгөн гэмтэл учруулсан мэтээр худал мэдүүлж, эрүүгийн хэрэгт холбогдуулж гүтгэсэн үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч С.Дийн /1хх-ийн 34-38/: “...2021 оны 04 дүгээр сарын 16-ны 21 цагийн орчим В.Этай фэйсбүүкээр зурвас бичсэн. Тэгээд утсаар В.Э байгаа газраа буюу хаягаа зааж өгсөн зурвас бичсэн. Тэгээд би тэр хаягаар нь ирсэн. ...23 цаг 50 минутын орчим хаалгыг нь тогшиход нэг намхан залуу хаалга онгойлгож өгсөн. Тэгсэн урдаас “В.Э дээр ирж байна уу” гэхээр нь “тийм” гэж хэлэхэд В.Эгийн байгаа өрөөг зааж өгсөн. Тэгээд өрөө рүү ороход тэр өрөөнд В.Э байгаагүй. В.Э угаалгын өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд “миний утсаар хүн бичээд дуудсан байна, би дуудаагүй” гэж хэлсэн. Тэгээд хэлээд байж байхад цаанаас намхан нөхөр толгой руу цохиураар толгой хэсэгт буюу баруун хөмсөг хэсэгт цохиж гэмтэл учруулан хөмсөгнөөс цус гарсан. Би өөрөө биеэ хамгаалах зорилгоор тухайн залуугийн барьсан цохиурыг барьж мөн хувцаснаас нь барьж зууралдаж буйдан руу унасан. Тэр үед том биетэй залуу өөр өрөөнөөс гарч ирээд миний хөлнөөс чангааж татаад үүд хэсэг рүү шидсэн. Тэгээд намайг том биетэй Г.Б гэх залуу нь сүрдүүлсэн. Цаанаас М.М босож яваад эргэж ирэхдээ хутга бариад гараад ирсэн. Хутгаар хоолой хэсэгт тулгаж “ална” гэж сүрдүүлсэн. Хутгаа больж цохиур барин цохиж зодож эхэлсэн. Тэр үед би биеэ хамгаалах гэж оролдох гэхэд том биетэй залуу Г.Бат- Эрдэнэ нь хажуугаас “чи хөдлөх юм бол ална шүү” гэж сүрдүүлж хөдөлгөөнгүй байлгасан. М.М зодож байгаад ядраад намайг “босож, суу” гэж дэглэн 500-600 орчим удаа суулгаж босгосон. Энэ үед би маш ихээр ядарч өөрийн эрхгүй сууж босох чадваргүй болсон. Энэ үед М.М нь дахин намайг цохиураар зодсон. Биеийн бүх л хэсэгт цохиод байсан. Тэгээд хамраас цус гоожсон. М.М миний хувцсыг хүчээр тайлуулан авсан. Мөн хувцсаа тайлахгүй гэхэд хоолой дээр дахин хутга тулгаж хүчээр тайлуулсан. Тэгээд миний түрүүвч болон надад байсан бүх эд зүйлийг авсан. Тэгээд надаар бас бүх гоожсон цусыг цэвэрлүүлсэн. Тэрний дараагаар надаас утасны кодыг нэхэж бас л нөгөө цохиураар зодсон. Тэгээд М.М утсаар бичлэг хийсэн. Нүцгэн байхад бичлэг хийгээд М.М “одоо ингэж хэл” гэж хэлүүлж бичлэг хийсэн. Тэр бичлэгээ нийтийн сүлжээнд тавина гэж хэлж байсан. Тэгээд В.Эгийн өрөөнд оруулж харуулсан. Ингээд гаргаж ирээд дахин М.М зодсон. ...Г.Б гэх залуу нэлээн хугацааны дараагаар унтлагын өрөөнд оруулан хананд тулгаж хоолойноос хоёр гараараа шахаж барьж ална гэж дээш өргөсөн. Энэ үед хоолой боогдож ухаан алдаж газарт унасан байсан. Тэгээд М.М миний салтаа хэсэгт өшиглөхөд өвдөж ухаан орж сэрсэн. Г.Б өрөөний үүд хэсэгт зогсож байсан. ...М.М намайг дэглэж дахин зодож эхэлсэн. Энэ үед хажуугаас нь Г.Б нь бас л дарамтлах шинжтэй хараад зогсоод байсан. Тэгээд би тэр хоёроос эсэргүүцэж үйлдэл хийж чадахгүй зодуулсаар байсан. ...Г.Б нүүрний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиход миний эрүү маш их өвдөж хавдсан. Тэр үед миний биеийн зүүн талд хоншоор ясны хугарал, хоншоорын хөндийн цус хуралдалт учирсан. Уг гэмтлийг Г.Б цохиж учруулсан. Бусад учирсан гэмтлүүдийг М.М учруулсан. ...зүүн талд 7 дугаар хавирганы далд хугарлыг Г.Б намайг хананд тулгаж ухаан алдуулж унагасны дараа М.М өшиглөж сэрээсний дараа намайг М.М нь миний цээж хэсэгт 2-3 удаа баруун хөлөөрөө дэвсэж цохих үед учирсан. ...хоёр зовхинд учирсан цус хуралтыг М.М нь цохиураар зовхи, толгойн хэсэг рүү олон удаа цохиж учруулсан. ...зүүн гуя, өгзгөнд учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг М.М нь цохиураар олон удаагийн цохих үйлдлээр, мөн өмдний тэлээгээр биеийн бүхий л хэсэгт цохиход үүссэн. ...зүүн бугалга хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг М.М цохиураар олон удаа цохих үед учруулсан. Тухайн үед М.М нь “чи гараа сунга” гэж урагш нь бариулж 1-2 удаа маш хүчтэй цохисон. Цохихдоо гарыг чинь хугална эсхүл ална гэж хэлж байсан. ...цээжний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг М.М цохиураар зодож цохих үедээ олон удаагийн үйлдлээр цохиж учруулсан. ...баруун шуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг М.М намайг цохиураар цохиж зодох үед би цохиулахгүйн тулд баруун гараараа хааж байх үед цохиураар цохиулж учирсан. ...алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг М.М цохиураар цохих үед зодуурын өвдөлтийг тэвчихгүй болж гараараа хаахыг оролдсон. Тэр үед цохиураар удаа дараа цохих үед цохиурыг барьж авах эсхүл хаах үед оногдож цохиулсан. ...хоёр өвдөгт зулгаралт гэмтлүүдийг М.М намайг “өөрөөс нь өндөр байна” гэж өвдөглүүлж суулгаж зодож байсан. Удаан хугацаанд өвдөглөж сууснаас болж үүссэн. ...биед учирсан зүүн талын хоншоорын хөндийн урд хананы 24, 25, 26, 27 дугаартай шүднүүдийн харалдаа холтослог ясны үргэлжилсэн байдал алдагдаж хоншоорын хөндийн дотор тал руу чихэгдэж орсноор хоншоорын хөндийд рентген сүүджилт бүхий ясны эд харагдана гэх гэмтлүүдийг М.М намайг өвдөглүүлж суулгаж ...цохиураар нүүрний хэсэгт цохиж үргэлжлүүлэн эрүү ам хэсэгт нэг удаа өвдөглөж цохих үед л учирсан. Мөн өмнө бол маш ихээр нүүр рүү цохиж байсан. ...Тухайн үйл явдал болж байхад В.Эг нэг унтлагын өрөө рүү М.М чирч оруулаад хаалгыг нь хаагаад, үүдэн дээр нь Г.Б-ийг зогсоогоод, тэрээр хаалганы бариулыг нь барьсан байдалтай байсан. Мөн дараа нь М.М намайг зодож байгаад хэсэг завсарлаад цаана байрлах В.Эгийн орсон өрөө рүү орсон. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад, чанга яриад хэрэлдээд байсан ба мөн тус өрөөнд түчигнээд эд зүйл авч шидэлцээд, түчигнэх дуу гараад, М.Мн дуу чангаар, түүнийг надтай хардаж бөөн юм болоод байсан. Мөн дараа нь гарч ирээд намайг зодож байгаад дахин орж маргалдах үйл явдал болсон. Энэ үйлдэл нь 2-3 удаа давтагдсан. Тэгээд үйл явдал үргэлжилсээр өглөө болоход М.М гадагшаа гараад буцаж орж ирээд дахиад л В.Этай маргалдаж эхэлсэн. Энэ маргаан нь В.Э “гарлаа, явлаа” гэхэд нь гаргахгүй байсантай холбоотой байх. Тэгээд тэрээр В.Эгаас “чи надад сайн юм уу, эсвэл тэр залуудаа сайн юм уу, цагдаа ирвэл чи хэний талд орох юм бэ” гээд асуугаад байсан. Тэр үед В.Э “би чиний талд шүү дээ” гэж хэлж байсан. Энэ үйлдлийн дараа буюу хэсэг хугацааны дараа М.М Энхмаад “чи эхэлж зурвас бичихдээ энэ залууг чи минь гэж бичсэн байна шүү дээ’’ гэж хэлээд дахин маргалдсан. Тэр үед В.Э “зүгээр л найзын хувиар бичсэн шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд М.М маргалдаж дуусаад над руу дайрах үед би цааш зугтааж нэг унтлагын өрөө рүү орж хаалгыг нь дотроосоо цоожлоод цонхоор нь тусламж дуудсан. Тэр үед М.М галзуурч, чангаар орилж, хашхирч коридорын хэсэгт байсан агаар шүүгчийг авч шидэх дуу чимээ гарсан. Тэр үед В.Э уйлаад байсан. М.М “энэ эвдсэн зүйлийг наад залуугаараа төлүүлээрэй” гэж хэлээд байсан...” гэх мэдүүлгээр,

 

С.Дийн биед “зүүн талд хоншоор ясны хугарал, хоншоорын хөндийн цус хуралдалт, зүүн талд 7-р хавирганы далд хугарал, хоёр зовхи, зүүн гуя, өгзөг, зүүн бугалга, цээж, баруун шуу, алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт няцарсан шарх, хоёр өвдөгт зулгаралт” бүхий  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3469 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 111-112/,

 

мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн “...2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №3469 тоот дүгнэлт, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №397 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. С.Дийн биед зүүн хоншоорын хөндийд урд болон гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, тагнайн сэртэнгийн хугарал, хамрын ясны хугарал, 24, 25, 26, 27-р шүдний ёзоор хэсгийн буйлны сэртэнгийн цөмөрсөн хугарал, хоншоорын хөндийн цус хуралдалт, зүүн талд 7-р хавирганы далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт няцарсан шарх, хоёр өвдөгт зулгаралт, зүүн хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 545 дугаартай шинжээчдийн дүгнэлтээр /1хх-ийн 137-142/,

 

              гэрч Н.Ганзоригийн /1хх-ийн 63-64/: “...Намайг 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө Баянгол зочид буудлын автобусны буудал дээр буугаад төв номын сангийн дундуур гараад ажил руугаа явж байхад 7 дугаар давхрын цонхоор үл таних эрэгтэй хүн “хөөе” гэж дуудаад орилоод “туслаарай” гээд байсан. Тэгээд сонсоход тэрээр “цагдаа дуудаад өгчих, би эндээс гарч чадахгүй байна” гэж хэлээд хоолойгоо гараараа хэрчих мэтээр дохио өгсөн. Уг дохиог би “энд намайг хүн ингэх гээд байна, алах гээд байна” гэж ойлгосон. Тэгээд би цагдаа дуудчихаад ажлаасаа хоцрох гээд яваад өгсөн. ...Тухайн хүн нь цонхоор цээжин хэсэг нь гарчихсан байсан. Ямар нэгэн хувцасгүй байсан. Тэгээд “хүнд зодуулаад алуулах гээд байна, туслаарай” гэж ойлгоод цагдаа дуудсан. Тухайн үед маш их айж, түгшсэн бараг л цонхоороо гарч ирэх гээд “хурдлаарай, хурдлаарай” гээд цааш гүйж ороод, буцаж гарч ирээд байсан. Би цаана нь хүмүүс байсан байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

              гэрч Б.Мөнгөнболорын /1хх-ийн 48-49/: “...2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 8 цагийн орчимд “Хүлэг-10”-аас буюу жижүүрээс ...... цонхоор “хүн туслаарай гээд орилоод байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, тухайн мэдээллээр очиж шалгахад ...... очсон. Тухайн байранд ороход хоёр хүн байсан. Эхлээд хаалгыг нь эмэгтэй хүн онгойлгосон ба цаана нь унтлагын өрөөнд дуудлага өгсөн хүн байгаа гэсэн. Дуудлага өгсөн хүний өрөөний хаалгыг татахад цоожтой байсан ба дотор нь байсан хүнд хандаж “та цагдаа дуудсан уу, цагдаагаас явж байна” гэж хэлээд хаалгыг нь тогшиход тэрээр хаалгаа онгойлгож өгсөн. Тэгтэл нэг нүцгэн эрэгтэй хүн зодуулсан байдалтай, мөн айж сандарсан байдалтай байсан. Түүнээс юу болсныг асуухад “намайг шөнөжингөө зодлоо, та нар тусална уу” гэж хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас хаалга онгойлгосон эмэгтэйн нөхөр нь гэх хүн орж ирэхэд нь түүний нэрийг асуухад “М.М” гэж хэлж байсан. ...Ороход нүүрэн хэсэг нь хавдсан, хоёр шүд нь унасан байдалтай байсан. Мөн тэрээр “шөнөжингөө зодуулсан” гэж хэлж байсан. Харахад биеийн байдал нь сандарсан, түгшсэн, маш их айсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлгээр, 

 

хохирогч В.Эгийн /1хх-ийн 30-31/: “...миний биед үүссэн гэмтэл шархуудыг С.Д учруулсан. Тухайн үед М.М, Г.Б хоёрыг гэрээс гараад явсны дараа С.Д бид хоёр маргалдахад С.Д миний цээж хэсэг рүү хүчтэй түлхэх үед үүссэн. Мөн С.Д гэрээс гарах гэхээр нь би “асуудлаа шийдвэрлээд яв” гэж хэлээд С.Дтой зууралдсанаас болж биеийн бусад гэмтлүүд учирсан...” гэх мэдүүлгээр,

 

В.Эгийн биед “...хүзүү, цээж, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3427 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 116-117/,

 

М.Мн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 231-232/: “...С.Дид учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм бурууг ойлгож байгаа учраас С.Дид учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлгээр,

 

Г.Б-нийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 248-249/: “...С.Д гэх залуугийн биед огт хүрээгүй, гэмтэл учруулаагүй. Харин тухайн үед М.М С.Д нар нь хоорондоо зодолдож байх үед нь мэдээд салгасан. Тэрнээс бус С.Дийг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр хоёрыг салгаад М.Мг тайвшруулах гэж оролдож ярилцаж гэрээс  нь авч гарсан. Тэгээд би буцаж гэрт  нь ороогүй...” гэх мэдүүлгээр,

 

В.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 10-12/: “...гүтгэсэн худал мэдүүлсэн зүйл байхгүй. Анх гэрчээр мэдүүлэхдээ маш сандарсан, яаж тайлбарлахаа мэдэхгүй ярьсан. Харин дараа нь хохирогчоор мэдүүлэхдээ болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үйл явдал болох үед С.Д л намайг цохиж зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь ...шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. ...М.Мтай тухайн үед хэрэлдэж маргалдах, ам зөрөх зүйл бол болсон, биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон С.Дийн хувцсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/, хохирогч С.Дийн биед учирсан гэмтлийн гэрэл зураг /1хх-ийн 70-75/, С.Дийн хохирлын баримтууд /1хх-ийн 76-79/, С.Дийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /1хх-ийн 80-97, 125-126, 143/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 98-103/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 104-107/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

          Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өөрийг нь 2 хүн бүлэглэж зодсоныг хохирогч зааж мэдүүлсэн, шүүгдэгч нар хохирогчийг бүлэглэн зодсон болохоо хэн аль нь маргаагүй мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгч нарт зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч С.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон, хохирогч В.Э нь М.Мд зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон, В.Э нь хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгснөө өөрөө мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүгдэгч М.М нь Г.Б-нийн хамтаар С.Дийг эр, эмийн хардалтын улмаас догшин авирлан “ална” хэмээн заналхийлж нүцгэлэн дэглэж удаан хугацаанд (өөрөө тамирдаж ядартлаа) тарчлаан зовоож, зодож хохирогч С.Дийг хүндэвтэр гэмтээсэн нь,

Г.Б нь М.М дээрх байдлаар С.Дийг зодоход дэмжлэг үзүүлж, хохирогчийн эсэргүүцлийг дарах, цохих зэргээр идэвхтэй үйлдлээр оролцож хохирогч С.Дийг хүндэвтэр гэмтээсэн нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, онц харгис хэрцгийгээр мөн хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

 

Мөн шүүгдэгч М.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч В.Эгийн бие махбодод хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч В.Эгийн хувьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон мэтээр гажуудуулж буюу өөрийг нь С.Д зодож хөнгөн гэмтээсэн мэтээр худал мэдүүлж, гүтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч В.Э, түүний өмгөөлөгчөөс “...М.Мн дарамтад орж худал мэдүүлэг өгсөн тул В.Эгийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй“ гэх хүсэлт, гомдлыг гаргаж байх боловч  шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар няцаалт өгсөн болно.

 

Шүүгдэгч В.Э нь өөрийн гэр бүлийн харилцаатай хүн болох М.Мг өмөөрч, улмаар түүнийг хэрэгт холбогдуулахгүй байх зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн байх ба М.Мн дарамтад ямар нэгэн байдлаар орсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй бөгөөд энэ талаар эргэлзээ төрүүлэхээр ач холбогдолтой зүйл хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгч В.Э, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт, гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан.

 

Иймээс шүүгдэгч М.М, Г.Б нар нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, тэдний үйлдсэн гэмт хэрэг нь  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3-т заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаараагүй, тэрээр  урьд өмнө батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул тэдэнд зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй.

 

Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-т зааснаар шүүгдэгч М.Мг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч В.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд” багтаж байгааг дурдаж байна.

 

Шүүх шүүгдэгч В.Эд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

    Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгч В.Эд мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

     Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч В.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь заасан төрөл, хэмжээний дотор 5400 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 5.400.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

     Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.

 

          Шүүгдэгч В.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 7.462.213 төгрөгийг шүүгдэгч М.М, Г.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч С.Дид олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч С.Д гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

Хохирогч В.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч М.М нь хохирогч В.Эд төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, уг хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, онц харгис хэрцгийгээр, мөн хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн” гэм буруутайд,

 

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд,

 

 шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, онц харгис хэрцгийгээр, мөн хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн” гэм буруутайд,

 

шүүгдэгч  В.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн  5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-т зааснаар шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн  5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-т зааснаар шүүгдэгч Г.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч В.Эг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч В.Эд оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

 

6. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.Э бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Г.Б нараас 7.462.213 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч С.Дид олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч М.М нь хохирогч В.Эд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М, Г.Б, В.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ