Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/419

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

 

 

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн

улсын яллагч М.Мөнхзул

шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг

хохирогч Г.Ц, түүний өмгөөлөгч Г.Балжмаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-нд Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эх, ах, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1126 В тоотод хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Сутайн буянт ** байр, ** тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, **дугаарын регистртэй, Б овогт Аын Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Д 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Улаанбаатар палас”-ын гадна шатан дээр хохирогч Г.Цтай маргалдан, түүнийг шатны уруу түлхэн унагааж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Урьд нь үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. UB палас-ын хамгаалалт компаний захирал нь миний хуурай ах юм. Гуйсных нь дагуу би түр, 3 хоног л ажилласан. Түүнээс биш надад ямар нэгэн ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ байхгүй.

Хохирогчийн хохирлыг боломжоороо төлье гэсэн юм. Гэтэл хохирогч Ц найз залуутайгаа ирчихээд надаас 5 сая төгрөг нэхсэн. Тийм их хэмжээний мөнгө би олж өгч чадахгүй ээ гэж хэлтэл тэгвэл шоронд чинь хатаана гээд явсан. Хохирогчийн бодит гарсан хохирлыг би төлөх болно гэв.

 

 

Хохирогч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай NTN телевизээс “Миний сайхан ээжүүд” тоглолтыг зохион байгуулсан бөгөөд би мандатаа дотор орхичихсон байсан тул орж чадаагүй. Тэгээд мандатаа авчруулаад дотогш гүйгээд орох гэтэл энэ залуу намайг барьж хаалга руу буцааж түлхээд, шатны уруу унагасан. Гэтэл миний хөл гишгэж болохоо байсан. Энэ асуудлаас болоод би захиралтайгаа харьцаа муудсан. Яагаад гэхлээр тоглолтын явцад хамгаалалт хийж байсан компаний захиралтай манай захирал найзууд юм билээ. Гомдолтой байна. Би 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилдаа яваагүй. Миний үндсэн цалин 600.000 төгрөг, нэмэгдэл аваад нийт 1 сая орчим төгрөгийн цалин авдаг юм.

Энэ гэмтлээс болж нилээд зардал гарсан. Нийт 2.259.500 төгрөг нэхэмжилнэ. Үүнд, сарын цалин 1 сая төгрөг, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 1 сая төгрөг, эмчилгээний зардал 259.500 төгрөг болж байгаа. Машин унааны зардал гэх мэт бусад зардлыг оруулж тооцоогүй гэв.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г-ийн Ц “… 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар паласад болсон миний сайхан ээжүүд тоглолтыг манай ажлаас зохион байгуулсан юм. Би дотогш танхим руу орох гэхэд үүдний хамгаалагч мандатаа үзүүл гэсэн би мандатаа орхисон тул ажлын залуу Хатанболдын 90114950 утсаар дуудаж мандатаа гаргуулж ирүүлсэн. Хатанболд гарч ирээд мандат өгөхөөр нь тэр мандатаа хамгаалагч залуугийн гарт нь бариулчихаад яараад байсан учраас  дотогшоо гүйгээд орсон. Тэгтэл тэр хамгаалагч залуу араас орж ирсэнээ миний зүүн гарын бугалганаас базаад гарах хаалга руу хүчээр чирсэн. Би мандатаа үзүүлсэн ш дээ гэж хэлэхэд намайг чирээд шатны уруу чирээд угз татаж унагасан. Би уначихаад босох гэтэл хөл янгинаж өвдөөд босч чадаагүй уйлтал тэр залуу худлаа баашиллаа гэж хэлээд чирсэн. Энэ үед манай ажлын Хатанболд тэр залуугаас намайг салгаад босгосон. Тэгээд манай ажлын 2 залуу намайг түшээд тайзны арын өрөөнд оруулсан, миний хөл гар өвдөөд байсан. Манай ажлынхан чи Гэмтэл рүү явсан нь дээр байхаа гэж хэлсэн манай ажилд туслах гээд ирсэн байсан 2 залуу намайг Гэмтлийн эмнэлэг дээр хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэг дээр манай гэрийнхэн ирсэн байсан/хх38-39/ гэж,

гэрч Б-ийн Х  “... тухайн өдөр надтай хамт ажилладаг манай телевизийн мэдээний ахлах Уянга надад үүдэнд Цийг мандатгүй оруулахгүй байна, мандат аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгээд мандат аваад үүдэнд гарч Цд өгсөн. Ц хамгаалагч залууд май энэ мандат гээд өгсөн. Ц яарж байсан тул дотогшоо гүйгээд орсон. Хамгаалагч залуу араас нь энэ чинь чамайг оруулах баримт биш байна гээд хойноос нь гүйж очоод Цийг шатаар дээшээ өгсөж байхад нь хамгаалагч залуу гарнаас нь хүчтэй зуураад өөр рүүгээ эргүүлж татаад өөрийнхөө урд оруулаад шатны уруу нуруу руу нь баруун гараараа түлхэх үед Ц унасан. Тэгтэл Ц хөл эвгүй болчихлоо гээд уйлсан. Нөгөө хамгаалагч Цаас уучлалт гуйхгүй байсан. Цийг шатан дээр сууж байхад нь өөр нэг хамгаалагч ирээд өргөөд ар руу оруулсан. Ц надад тэр тоглолтонд оролцох хүмүүсийн нэрсийг өгснийг би аваад цаашаа явсан. Дараа нь сонсоход эмнэлэг рүү явсан гэж байсан” /хх16-17/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Г.Цийн гэмтэлтэй холбоотойгоор Цийн биед зүүн бугалганд цус хуралт, баруун шилбэ, шагай тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.гэсэн 3286 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 33/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.Дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Дт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Ц шүүгдэгч А.Даас нийт 2.259.500 төгрөг нэхэмжилж байх бөгөөд үүний 1.000.000 төгрөг нь өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс гэж, 1.000.000 төгрөг нь ажилгүй байсан хугацааны цалин гэж, 259.500 төгрөг нь эмчилгээний зардал гэж тайлбарлав.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл: Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримт 25.000 төгрөг /хх-н 28/, “Мана 3 эрдэнэ фарм” ХХК гэсэн эмийн сангаас худалдан авагч Г.Ц нэрээр 226.500 төгрөгийн эм тариа худалдаж авсан /хх-н 29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхэд Г.Ц нэрээр тушаасан 8000 төгрөг зэрэг нь нийт 259.500 төгрөг болжээ.

 

Түүнчлэн хохирогч Г.Ц NTN телевизийн Мэдээний албанд сэтгүүлчээр ажилладаг болох нь тус телевизийн Ерөнхий захирлын шүүхэд гаргасан тодорхойлолт, Г.Цийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

 

Иймд хохирогч Г.Цийн нэхэмжилсэн 2.259.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардлын 259.500 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны зөрүү мөнгө 436.363 төгрөг нийт 695.863 төгрөгийг шүүгдэгч А.Даас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Д “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэлтэй холбоотойгоор хохирогч Г.Ц эмчилгээ хийлгэж эм тариа авсан нь уг гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаатай тохирч байхын зэрэгцээ хэрвээ гэмт хэрэг гараагүй байсан бол хохирогч Г.Ц ямар нэгэн эм тариаг сайн дураараа авч хэрэглэхгүй байх байсан, тэрээр ажлаа хийж байх байсан гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Харин хохирогч Г.Цийн нэхэмжилж байгаа өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс гэх 1.000.000 төгрөг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул энэ шаардлагыг хүлээж авах боломжгүй.

 

Шүүгдэгч А.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, ... гэсэн ялын санкцтай байх бөгөөд шүүгдэгч А.Дт нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх сонгов. Учир нь бусдад учруулсан хохирлыг төлөөгүй ялтанд торгох ял оногдуулах нь зохимжгүй юм.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Аын Дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Дыг 270 /хоёр зуун дал/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. А.Д 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. А.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Даас 695.863 төгрөг гаргуулж хохирогч Г.Цт олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Дт урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ