Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00437

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01209 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1371 дугаар магадлалтай,

Ц.Бийн нэхэмжлэлтэй,

ЗТГ ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ц.Б нь Нийслэлийн ЗТГ ОНӨААТҮГ-т үндсэн ажилтнаар 7 жил ажиллахдаа нэг ч удаа ажлын хариуцлага алдаагүй, ар гэрийн болон өвчний улмаас чөлөө авч байгаагүй, үр дүнтэй ажиллаж байсан. Тиймээс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр жуух бичгээр шагнуулсан. Ц.Б өвчний учир биеийн байдлын улмаас онош тогтоогдохгүй байсан тул шинжилгээ хийлгэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БНСУ-д 14 хоног явж ирээд, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа ирэхэд түүний ажлын байранд н.Анхбаярыг ажиллуулж байгаа өөр ажил хийлгэнэ хүлээж бай гээд ажилд нь ажиллуулахгүй байсан. Тухайн өдрөөс хойш өглөө бүр ажилдаа очиход яв асуудлыг чинь удахгүй шийднэ гээд явуулдаг байсан. Сүүлдээ байгууллагын баазын хашааны үүднээс хөөгддөг болсон. Байгууллагын дарга Б.Цолмон болон Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Амартүвшин нарт олон удаа хүсэлт тавьсан. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Цолмон даргад өргөдөл өгсөн боловч хүлээж авалгүй буцаасан. Тухайн өргөдлөө даргын и-мэйл хаяг руу явуулсан, гэвч хүний нөөцийн ахлах ажилтан Л.Тулга чамайг засварын инженерээр биш засварчингаар тушаал бууруулж авна гэж байсан. Байгууллагын дарга Б.Цолмонтой уулзахад хамтарч ажиллахгүй гээд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тушаал гарсан, тооцоогоо хий гэсэн. Тухайн өдөр очиход 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/30 дугаартай Ц.Бийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүний нөөцийн албанаас өгсөн. Мөн өдөртөө тойрох хуудсаа зуруулж авсан. Өвчний учир хүндэтгэн үзэх шалтгаантай байж байгаад иртэл ажил хийлгэхгүй өөр ажил хийлгэнэ, асуудлыг чинь шийднэ гэх зэргээр явуулж байгаад тухайн хугацаанд ажил тасалсан гэж ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар ажил таслаагүй болно. Хууль бусаар халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Ц.Б 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Дээрх хугацаанд чөлөө авсан бол хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2-д ажилтан чөлөөний хүсэлтийг чөлөө авахаас өмнө гаргасан байна. Урьдчилан тохиролцож, чөлөөний асуудлыг шийдэх ба чөлөөний хүсэлтийг нөхөн гаргаж үл болно гэж заасныг хэрэгжүүлээгүй. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.9-д заасныг хэрэгжүүлээгүй бөгөөд Ц.Б 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дур мэдэн ажил тасалсан байдаг. Манай байгууллага ажилчдын нүүр уншдаг төхөөрөмжөөр ажлын цагийг бүртгэдэг, нийт 391 ажилтантай, 2018 оны 12 дугаар сарын 23-наас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд чөлөө хүссэн өргөдөл, хүсэлт ирүүлээгүй, энэ талаар баримт байхгүй. Ц.Б 01 дүгээр сарын 19-ний өдөр өргөдөл өгөөгүй ажлаас халсан тушаалыг гардуулахаар утсаар нь дуудахад утсаа авдаггүй түүнтэй 2 дугаар сарын 19-ний өдөр холбогдсон юм. Тодруулбал, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.15, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг тус тус үндэслэн байгууллагын даргын тушаалаар ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01209 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Ц.Бийг ЗТГ ОНӨААТҮГ-ын Техник технологын хэлтсийн засварын инженерийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1371 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01209 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, хууль буруу хэрэглэн илтэд ташаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Ц.Б нь өвчтэй байж байгаад 2018 оны 12 сарын 24-ний өдрөөс ажилдаа ирсэн байдаг. Ажлын цаг бүртгэдэг автомат системд бүртгүүлсэн. Ажлын цаг бүртгэлийн системийг өөрчилж цаасаар цагийн бүртгэл авчирсан байхад үнэлсэн байдаг. Ц.Б нь ажилдаа ирээд аргагүйн эрхэнд хөөгдөж явсан, түүнчлэн “өвчтэй байх үед чинь өөр хүн ажилд авсан байгаа бөгөөд өөр ажилд чамайг томилно, асуудлыг чинь шийдвэрлэнэ” байж бай гэх зэргээр хуурч байгаад 2019 оны 01 сарын 23-ны Б/30 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Ажил олгогч ажиллах боломжоор хангахгүй ажлыг нь хийлгэхгүй байсан байтал шүүх өөрөө ажилдаа ирээгүй тасалсан буруутай үйлдэлтэй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Ажлаа тасалж эхэлсэн гэх 2018 оны 12 сарын 23-ны өдөр нь ням гариг буюу амралтын өдөр байсан байна. Түүнчлэн 2018 оны 12 сарын 28-ны өдөр хариуцагчийн зүгээс тус байгууллагад ажилладаг болон цалингийн талаар тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Ц.Бийн ажлын байранд ажиллаж буй Анхбаярыг 2018 оны 12 сарын 24-нөөс томилсон гэдгийг хариуцагчийн зүгээс тайлбарласан зэргээс харахад нэхэмжлэгчийг ажилдаа ирэхэд ажил хийдэггүй байсан зэргээс харагддаг. Дээрх нөхцөл байдлаас харахад Ц.Б нь Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаа зөрчөөгүй нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч нь аж амьдарлаа залгуулдаг ажлаа ямар ч шалтгаан, үндэслэлгүйгээр тасалж орлогын ганц эх үүсвэрээсээ салахыг хүсэхгүй нь тодорхой билээ. Дутуу, үнэн зөв нотлох баримт болон 2018.12.24-ний өдөр болон түүнээс хойш ажиллаж байсан талаар хамт ажиллаж байсан ажилчдаас гэрчийн мэдүүлэг авахуулж хэргийн үнэн зөв үйл баримтыг тодруулах боломжтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгөхийг хүсч байна үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ЗТГ ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Ц.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б  хариуцагч  ЗТГ ОНӨААТҮГ-т засварын инженерээр ажиллаж байгаад тус газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ажлаас халагджээ.

Б/30 дугаар тушаалд Ц.Бийг  ажлаас халах үндэслэлийг 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2.15, 11.1.3, хөдөлмөрийн гэрээний 5.1:5 дэх заалтуудыг баримталсан байна.

Ц.Б 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өвчний улмаас эмнэлэгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн боловч уг хугацаанаас хойш 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилдаа ирж, ажил үүргээ гүйцэтгээгүйг зохигч маргаагүй байна.

Дээрх хугацаанд байгууллага ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан хэдий ч энэ үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч Ц.Бийг хөдөлмөрийн дотоод журмын 8.3.9, хөдөлмөрийн гэрээний 5.1.5-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан” ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй байна.

Хэргийн баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01209 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1371 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ