Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0084

 

РХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Н, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.О*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, РХХК-ийн нэхэмжлэлтэй,О*******ын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч РХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани О*******ын Тамгын газрын зарласан Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОР-153/2014 дугаартай тендер шалгаруулалтад үнэлгээний хорооны хамгийн сайн тендерээр шалгараагүй тухай 3/1356 дугаар албан бичгийг хүлээн аваад байна. Уг тендер шалгаруулалттай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Гэрээ байгуулах эрх олгогдсон Ар******* ХХК-ийн тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа ТШӨХ-ийн ТОӨЗ 21.1 дэх хэсэгт заасан 2014 оны 7 дугаар сарын 26 гэсэн шаардлагыг хангаагүй. Нээлтэн дээр 2014 оны 7 дугаар сарын 25 гэж зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн тендерээс татгалзах үндэслэл болно.

2. ТШӨХ-ийн ТОӨЗ 12.1/ё/.8 дахь хэсэгт заасан Нийлүүлэх тоног төхөөрөмжийн зураг, техникийн тодорхойлолт-ыг ирүүлнэ гэсний дагуу ирсэн тодорхойлолтыг тендерийн баримт бичигт заасны дагуу нарийвчлан шалгаагүй байна.

3. Захиалагч тендерт оролцогчдын санал болгосон бүрэн шаталттай сайжруулсан зуухыг газар нь очиж туршиж үзнэ гэж заасан боловч туршилт хийгдээгүй.

4. ТШӨХ-ийн ТОӨЗ 18.1./г/, 18.2./б/ дахь хэсгүүдэд гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо 3 байхаар заасныг зөвхөн манай компани хангаж байгаа. Харин бусад өрсөлдөгч компаниуд 2013-2014 он байгаа. 5. Бараа нийлүүлэлтийн хуваарийг ашиглана гэж заасан. Үүнийг хэрхэн ашигласан нь тодорхой бус байна. Дээрх шаардлагуудыг хангаагүй тендерийг шалгаруулсан захиалагчийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл бий болгож байна. Иймээс Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтаар Ар******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, дараагийн хамгийн сайн тендер болох Рояал өүшн ХХК-тай гэрээ байгуулахыг О*******ын Тамгын газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О*******ын Тамгын газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа1. Тендерийн баталгааны хугацаа нь тендер нээснээс хойш тендер хүчинтэй байх хугацаа буюу /45 хоног/-оос хойш 28 хоног нийт 73 хоног хүчинтэй байдаг. Тендерийг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нээсэн. Арвай илч ХХК-ийн тендерийн баталгааны хүчинтэй хугацаа 74 хоног байгаа нь шаардлага хангасан гэж үзнэ.

2. Техникийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод тавьсан шаардлага Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангах шалгуур үзүүлэлтийг захиалагч тендерт оролцогчдыг тэгш өрсөлдүүлэх зарчимыг баримтлан зохион байгуулсан.

3. Захиалагч шаардлагатай тохиолдолд газар дээр нь туршиж үзнэ гэж заасан. Заавал туршилтад оруулна гэж заагаагүй.

4. Ажлын туршлагыг сүүлийн 3 жилээр харгалзана гэж заасны дагуу Ар******* ХХКомпани нь шаардлага хангасан.

5. Тендерийн баримт бичигт бараа нийлүүлэх хамгийн эхний хугацааг 21 хоног, эцсийн хугацааг 30 хоног гэж заасан. Ар******* ХХКомпани нь хуанлийн 30 хоногт нийлүүлэхээр санал ирүүлсэн. Бараа нийлүүлэх гэрээ 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан. Эдгээр үндэслэлээр Рояал өүшн ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан болно гэжээ

Гуравдагч этгээд Ар******* ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартааТус компани нь Т******* компанид үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд борлуулах бүрэн эрхт төлөөлөгч компани бөгөөд сүүлийн 3 жил дараалан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тендерийн шалгаруулалттай холбогдуулан Рояал өүшн ХХКомпани нь танай шүүхэд гомдол гаргасны дагуу доорхи тайлбарыг хүргүүлж байна. Манай компанийн бэлдэж илгээсэн тендерийн материалд ТШӨХ-ийн ТОӨЗ-ийн 21.1-д заасан тендерийн баталгааны шаардлагын дагуу 2014 оны 7 дугаар сарын 26-наар дуусгавар болох Хас банкаар гаргуулсан тендерийн баталгаа байгаа болно. Нэхэмжлэлд тухайн зууханд заавал монгол орны нүүрсийг түлж туршсан байх тухай дурьдсан нь дэлхий нийтээрээ нүүрсний илчлэгийг нэг хэмжих нэгжээр хэмждэг болсон өнөө үед үйлдвэрлэгч оронд туршиж баталгаажуулсан EN-13240 стандартын шаардлага хангасан сертификат байхад хангалттай. Мөн техникийн тодорхойлолт ирүүлнэ гэж заасны дагуу манай компани тендерээр нийлүүлэх зуухны зураг, хүчин чадал, ашиглалтын үеийн зааварчлага, аюулгүй ажиллагааны зааварчилгаануудыг тендерийн материалд хавсаргасан байгаа. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 191 дүгээр тогтоолоор EN-13240 стандартын шаардлага хангасан гэрийн зуухыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхдээ НӨАТ, гаалийн татвараас бүрэн чөлөөлсөн бөгөөд манай компанийн Турк улсаас оруулж ирж буй дээрх зуух энэхүү хөнгөлөлтөд хамрагдаж байгаа нь Монгол улсын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтойг харуулж байна.

Захиалагчаас зууханд тавигдах шаардлагыг нарийвчлан заагаагүй байхад нэхэмжлэгч Рояал өүшн компани өөрсдөө тендер зарлаж байгаа мэт олон шаардлагуудыг дурьдсан байна. Тэгээд ч уг тендерийг Орхон аймгаас зарлаж байгаа болохоос Улаанбаатар хот зарлаагүй билээ. Манай компани цэвэр агаар төслийн хүрээнд Өвөрхангай аймгаас зарласан бүрэн шаталттай 2500 ширхэг зуух нийлүүлэх тендерт шалгарч гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд Т******* компанитай гэрээ байгуулсан бөгөөд, үйлдвэрлэгдсэн зуухны түрүүчийг О*******ын Тамгын газраас зарласан тендерийн бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу бүрэн нийлүүлж дуусгах боломжтой байсан боловч ялагдсан компаниудын маргаантай асуудлаас шалтгаалан нийлүүлэлтийн ажил өнөөдрийг хүртэл саатаад байна. Мөн 2013 онд Өвөрхангай аймагт зарлагдсан бүрэн шаталттай 1000 ширхэг зуух нийлүүлэх тендерт манай компани шалгарч зуух нийлүүлсэн нь өнөөдрийн байдлаар нэг ч айл өрхөөс гомдол ирээгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1, 29 дүгээр зүйлийн 29.3, 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасныг тус тус баримтлан Рояал өүшн ХХК-ийн О*******ын Тамгын газраас зарласан Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтаар Арвай илч ХХКомпанид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Рояал өүшн ХХК-тай гэрээ байгуулахыг О*******ын Тамгын газарт даалгах-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн О*******ын Тамгын газар давж заалдах гомдолдоо1. Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12.1-ё-ийн 10-д Туршилтанд оруулж байсан тухай нотлох баримт ирүүлэхийг шаардсан. Уг шаардлагын дагуу үнэлэхэд Арвай Илч ХХК-ний санал болгосон зуух нь техникийн тодорхойлолтод хамгийн сайн нийцсэн, бөгөөд стандартын шаардлагыг бүрэн хангасан чанарын гэрчилгээтэй, олон улсын байгууллагын туршилтаар орж баталгаажсан, Монгол улсад 1000 ширхэг зуух нийлүүлэгдэж, практикт туршигдсан нь баримтаар нотлогдсон тул дахин туршилт хийх шаардлагагүй гэж үнэлсэн. Тендерийн баримт бичгийн 12.1-ё-ийн Захиалагч тендерт оролцогчдын санал болгосон бүрэн шаталттай сайжруулсан зуухыг газар дээр нь очиж туршиж үзнэ гэх заалт нь Монгол улсад анх удаа орж ирж байгаа зууханд хамааралтай тул өмнө нь орж ирээд хэрэглээгээр туршигдаад, эрх бүхий байгууллагын тодорхойлолт болох нотлох баримтаар сайн гэдэг нь нотлогдсон зуухыг дахин заавал туршина гэсэн ойлголт биш юм.

2.Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12.1 ё-ийн 11-т, Стандартын шаардлага хангасан чанарын сертификатны хуулбарыг ирүүлэх гэж заасан. Арвай илч ХХК нь Турк улсын Хитит соба үйлдвэрийн зуухыг санал болгосон бөгөөд уг зуух нь "Q*******" буюу чанарын менежментийн системыг баталгаажуулдаг S******* компаний баталгаажуулалтаар орж ISO 9001:2013 стандартын шаардлагыг хангасан чанарын гэрчилгээ авсан нь баримтаар нотлогдсон. Гэвч шүүх 3Х******* ХХК-иас ирсэн мэдэгдлийг чанарын сертификат гэж андуурч голлох сертификатуудыг нь шинжлэн судлалгүй шийдвэр гаргасан байна.

З. Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12.1 ё-ийн 7-д Үйлдвэрлэгчийн баталгаат засварын гэрчилгээ, Нийлүүлэх тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ ирүүлэхийг шаардсан.Тендерт оролцогч Арвай Илч ХХК нь Турк улсын Хитит соба ХХК-ний албан ёсны гэрээт борлуулагч гэдгээ Хитит соба ХХК-ний мэдэгдэл, S*******, CERTIGAZ байгууллагуудын албан ёсны мэдэгдэл, сертификат зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байхад хэн хаанаас олгосон нь тодорхойгүй гэж үзэн нотлох баримтыг шинжлэн судлаагүй дүгнэлт гаргасан байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь голлох ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн, үнэн зөв шинжлэн судлаагүй, нэхэмжлэгч талын тайлбарыг голчлон үзэж, нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой бөгөөд анхан шатны шүүхийн энэхуү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн "Арвай илч ХХК-д гэрээ байгуулахаар эрх олгохоор шийдвэрлэсэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон" шийдвэрийг хүчингүйд тооцож, РХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч РХХК-иас О*******ын Тамгын газарт холбогдуулан Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтаар Ар******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс дараагийн хамгийн сайн тендер болох РХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг О*******ын Тамгын газарт даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

О*******ын Тамгын газрын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулсан байх ба уг үнэлгээний хорооны 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дүгээр хуралдаанаар тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарлахаар шийдвэрлэжээ.

Улмаар уг тендерт нэхэмжлэгч РХХК, гуравдагч этгээд Ар******* ХХК-иудаас гадна 2 компани оролцсон байх бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тендерийг нээж, Тендерийн үнэлгээний хорооны 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар тендерт оролцсон дөрвөн компаниас РХХК, Ар******* ХХК-иуд шаардлагад нийцсэн тендер ирүүлснээс Ар******* ХХК нь бага үнийн санал ирүүлсэн учир гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. Уг тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д зааснаар захиалагч О*******ын Тамгын газраас 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3/1355 тоот албан бичгээр гуравдагч этгээд Ар******* ХХК-д 30 хоногт нийлүүлэх гэрээ байгуулах эрх олгож, мэдэгдлийг авснаас хойш 5 хоногийн дотор гэрээ байгуулахыг мэдэгдэн, улмаар 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэх ОР-153/2014 дугаар гэрээг Ар******* ХХК-тай байгуулжээ.

Нэхэмжлэгчээс Ар******* ХХК-ийн тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа өнгөрсөн, техникийн тодорхойлолтыг нарийвчлан шалгаагүй, захиалагчаас зуухыг газар дээр нь очиж туршина гэсэн боловч туршиж үзээгүй, 3 жил ажилласан байх болон стандартын шаардлага хангаагүй гэж маргажээ.

Харин хариуцагчаас Ар******* ХХК-иас ирүүлсэн тендерийн баталгаа 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүчинтэй байгаа нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.1-д нийцсэн, уг зааварчилгааны 12.1-ё-10-д зааснаар нийлүүлэх зуух нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1000 ширхэг нийлүүлэгдэж туршилтад орсон нь батлагдсан, 12.1. ё-ийн 11-т зааснаар ISO 9001:2013 стандартын шаардлага хангасан гэрчилгээг ирүүлсэн гэж тайлбарлах бөгөөд эдгээр баримт нь хэрэгт авагдсанаас үзэхэд захиалагчийн гаргасан шаардлагыг гуравдагч этгээд хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс оролцогчдоос тендерт ирүүлсэн захиалгыг хянан үзэж, үнэлэх зэрэг хууль тогтоомжоор олгогдсон Үнэлгээний хорооны гишүүдийн бие дааж өгсөн үнэлгээнд шүүх хөндлөнгөөс дүгнэлт өгөх, уг үнэлгээг хууль бус гэж дүгнэх боломжгүй атал анхан шатны шүүхээс Тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг хууль бус гэж дүгнэж, тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.5.2-д зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлохоор байх ба нэхэмжлэгчээс бие даан шийдвэр гаргах эрх бүхий Тендерийн үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа О*******ын Тамгын газарт холбогдуулан Ар******* ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах гэж гаргасан, үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрчлөөгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж, О*******ын Тамгын газраас Ар******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хамааралгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үнэлгээний хорооны хийсэн үнэлгээтэй холбогдуулан тайлбарлаж байгаа нь буруу бөгөөд О*******ын Тамгын газрын гаргасан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангажшийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч РХХК-ийн Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтаар Ар******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, дараагийн хамгийн сайн тендер болох Рояал өүшн ХХК-тай гэрээ байгуулахыг Орхон аймгийн засаг даргын Тамгын газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН