Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ542

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, Улсын яллагч Б.Байгалмаа, Шүүгдэгч Н.М, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг, Хохирогч Х.Томпай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наранцэцэгийн Мягмарт холбогдох эрүүгийн 1711005930107 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Мягмар, Монгол Улсын иргэн, 1988 оны 10 сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр 4 дүгээр хэсгийн 024 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: - 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, - 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 255 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, - 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, - 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 578 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЭ88100452/.

Шүүгдэгч Н.М /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 сарын 30-наас 31- нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жавзандамба хутагт төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Акай” фарм ХХК-ийн Эмийн сангийн цонхыг төмрөөр хөшин нэвтэрч тошиба маркийн зөөврийн компьютер, маус, үрлэн витамин 250 ширхэг, бэлэн 40.000 төгрөгийг хулгайлж, 1.409.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Н.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би өмгөөлөгч авахгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний үндсэн хаяг Сэлэнгэ аймгаар явдаг бөгөөд Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяг байхгүй. Тиймээс байр түрээслээд түрээсийн байрныхаа мөнгийг олох санаатай хулгай хийсэн юмаа. 2017 оны 8 сарын 30-наас 31-нийг шилжих шөнө 02 цагийн орчим шиг санаж байна, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байх шилэн байрны 1 давхарт байрлах эмийн сан руу юм хулгайлахаар орсон бөгөөд орохдоо гудамжнаас төмөр олоод цонхыг нь хөшиж цонхоор нь орсон. Ороод модон шүүгээнд байсан тошиба маркийн зөөврийн компьютерийг аваад цааш явж лангуун дээр байсан үрэлнүүд, мөн нөүтбүүк байсан шүүгээний дээд талын шургуулганд байсан 30 гаран мянган төгрөгийг аваад гарсан. Мөнгө нь яг хэд байсныг нь мэдээгүй. Дараа нь ч гэсэн хэдэн төгрөг байсныг тоолоогүй. Ингээд Эмийн сангаас гараад түрээсийн байр руугаа явсан. Маргааш нь Саппорогийн ойролцоо гудамжинд явж байсан хүнд 130.000 төгрөгөөр хямдхан зарсан. Үрэлнүүдийг нь уугаад дууссан. Мөнгийг нь түрээсийн байрны төлбөрт өгөөд дууссан. Түрээсийн байрны сарын хөлс нь 150.000 төгрөг байсан бөгөөд 1 сар л амьдарсан” гэсэн мэдүүлэг /хх-46-47х/,

Шүүгдэгч Н.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Яллах дүгнэлтэд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, Хохирогч Х.Томпайгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хохирлоо барагдуулж авмаар байна, өөр нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг, Хохирогч Х.Томпайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жавзандамба хутагт төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Акай фарм” эмийн санг 2015 оноос хойш ажиллуулж байгаа бөгөөд 2017 оны 8 сарын 30-ны өдөр 20 цаг 30 минутад хаалгаа цоожлоод ажлаасаа явсан. Тэгээд 8 сарын 31-ний өдөр ажил дээрээ 11 цаг 30 минутын үед ирэхэд гадна талын хаалганд ямар нэг эвдрэлгүй, хаалганы лац хөдлөөгүй байсан бөгөөд түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод орж ирэхэд эмийн сангийн цонх онгойсон, шалан дээр цаас хөглөрсөн байхаар нь цонх салхинд онгойсон юм байхдаа гэж бодоод ажлаа хийж эхлэх гэтэл ширээнд байсан нөүтбүүк, 50.000 төгрөг бэлнээр байсан нь алга болсон байсан. Тэгээд хулгайч орсон гэдгийг нь мэдээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд би анх мэдүүлэг өгөхдөө нүдэнд ил харагдах зүйлүүдээ байхгүй гэдгийг мэдээд хэлсэн байсан.. Цонхонд төмөр хаалт байдаг бөгөөд тэр хаалтыг нь 2 тийшээ татаж хүн орохоор зай гаргасан байсан. Тошиба брэндийн 21 инчийн хар өнгийн 1 триабайтын багтаамжтай нөүтбүүк байсан бөгөөд нөүтбүүкийг 2016 оны 02 дугаар сард BSB дэлгүүрээс 1.945.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд татвар тайлан гаргаж өгдөг болон орлого, зарлагын санхүүгийн программ суулгуулахад 1.865.000 төгрөг болсон. Надад нөүтбүүк худалдж авсан баримт байгаа. Нөүтбүүкний маус бас алга болсон байсан бөгөөд 20.000 төгрөгөөр үнэлнэ. Лангууны доод талд байсан 250 ширхэг витамин С, Аньсны үрэл, Чацарганы үрэл, Нэрсний үрэл, 4 ширхэг нойтон сальфетка алга болсон байсан. 1 Нойтон сальфетка нь 1 ширхэг нь 2000 төгрөгний үнэлгээтэй, 4 ширхэг нь 8000 төгрөг бэлэн 50.000 төгрөг бас алга болсон байсан. Би ганцаараа ажилладаг. Тиймээс би өөрөө цоожилж явж өөрөө онгойлгосон юмаа. Эмийн сангаас дээрх эд зүйлс алдагдсан гэдгийг надаас өөр мэдэх хүн байхгүй ээ. Алдагдсан зүйл болон өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна. Гомдолтой байна /хх-13-14/

болон ..Алдагдсан компьютер дээр пос 365 нэртэй программ 365.000 төгрөгөөр 2016 оны 02 сард “ПОС 365” гэсэн байгууллагаар хийлгүүлсэн байгаа. Үүний үнийн дүнг нэхэмжилнэ. Мөн санхүүгийн программ 1.500.000 төгрөгөөр хувь хүнээр хийлгэсэн. Зарлагын падаан нь байгаа. Үүнийхээ дүнг нэхэмжилнэ. Би нойтон салфеткийг үнэлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх 16-17х/, Гэрч Э.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Чингэлтэй дүүргийн 2 хороонд байх Жавзандамба хутагт төвийн 5 дугаар давхарт оффис түрээслэж хувиараа бизнес эрхэлж явуулдаг. Манай төвийн 1 дүгээр давхарт байрлах эмийн санд 2017 оны 8 дугаар сарын 30-наас 31-нийг шилжих шөнө цонхоор нь хулгайч орж эд зүйл алдагдсан байна. Би маргааш нь буюу 2017 оны 9 сарын 01-нд ажилдаа ирэхэд Эмийн сангийн цонхны хаалт төмрийг хөшиж зай гаргасан байдалтай байсан. Эмийн санч Томпай хэлэхдээ нөүтбүүк болон бусад эд зүйл алдагдсан талаар ярьж байсан. Уг нь 1 дүгээр давхарт эмийн сангийн хажууд 2 камертай бөгөөд хэрэг гардаг шөнө бичлэг хийсэн хэдий ч ач холбогдолтой зүйл байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 23-25х/,

Гэрч Н.Батбөхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Жавзандамба хутагт төвийн 1 дүгээр давхарт цайны газар ажиллуулдаг юмаа. Мөн 1 дүгээр давхартаа Эмийн сан байдаг. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа иртэл хажуугийн Эмийн санд хулгай орсон байж байсан. Юу алдагдсан, хаагуур хулгай орсон талаар нь сайн мэдэхгүй байна. Эмийн сангийн эгч өөрөө манай цайны газраар орж ирээд яриад явж байсан. Надад өөр нэмж хэлэх ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 26-27х/,

 Гэрч Б.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 5 хүүхэд төрүүлсэн бөгөөд Мягмар миний хамгийн бага хүү маань байгаа юм. Мягмар нь дээрээ 3 ах, 1 эгчтэй. 1988 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Бага нас нь цэцэрлэгээр хүмүүжээд Сэлэнгэ аймгийнхаа 3 дугаар 10 жилд 5 дугаар анги хүртлээ сурсан. Түүнээс хойш гэртээ байдаг байсан. Ажил хийж байгаагүй. Өмнө нь 4 удаа хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлсэн. Хамгийн сүүлд гарч ирснээсээ хойш Сэлэнгэд гэртээ байж байгаад 2017 оны 08 сард Улаанбаатар хот руу ажил хийнэ гээд явсан. Улаанбаатарт хаана юу хийж байсныг нь мэдэхгүй. Би ах дүү нараас нь асуухад ерөөсөө гэрт нь очоогүй гэсэн. Тэгэхээр гадуур явж байгаад л хэрэгт орсон байх” гэсэн мэдүүлэг /хх 30-31х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9х/, Эд зүйлийн үнэлгээ /хх 18х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх 105-106х/, Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 53х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 64-82х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.М 2017 оны 8 сарын 30- наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жавзандамба хутагт төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Акай” фарм ХХК-ийн Эмийн сангийн цонхыг төмрөөр хөшин нэвтэрч тошиба маркийн зөөврийн компьютер, маус, үрлэн витамин 250 ширхэг, бэлэн 40.000 төгрөгийг хулгайлсан болох нь нотлогдож байна. Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов. Мөн хохирогчид “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тооцоогоор гарсан 1.409.000 төгрөгийг болон нэмж нэхэмжилж буй хохирлын 1.865.000 төгрөг нийт 3.274.000 төгрөгийг шүүгдэгч Н.Маас гаргуулан хохирогч Х.Томпайд олгож шийдвэрлэв. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 70 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Мягмарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Мт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон нийт 70 (далан) хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас хохирлын 3.274.000 (гурван сая хоёр зуун далан дөрвөн мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Х.Томпайд олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР