Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/58

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч Б.Б,

Гэрч Ц.Оюунчулуун,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Г.Х,

Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х, Цовогт Хийн Н нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

     Г.Х

 

Х.Н

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

      Шүүгдэгч Х.Н, Г.Х нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар баг Үзүүр гэх газраас хохирогч Б.Бийн 20 тооны малыг ... улсын дугаартай Киа пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.345.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сард Хонгорын газар гэх газар байсан. Гэрт настай хүн байдаг. Ээжийгээ эргэчихээд хүнд хонь өгөх ажилтай байсан. Шууд Намжидоржийнд очиход хонь нь хотондоо байж байсан. Ямар айлын мал нийлчихсэн юм бэ гэхэд Н мэдэхгүй гэсэн. Тэгээд би өөрөө хүүхдэд зааж өгөөд 29 тооны малыг Ноор бариулаад машиныхаа ачаан дээр ачуулсан. Аав болж байгаа юм уу гэхээр нь чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн орой аваад 2018 оны 11-р сарын 21-ний өдрийн орой буцааж анх байсан газар нь аваачиж өгсөн. Маргааш нь малаа ялгаж авахад 9 нь манай ишиг байсан...” гэв.

 

         Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аав Х манай малтай нийлсэн байсан айлын малыг ачаад явсан. 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн үдээс хойш аав залгаад эмээгээ эргэсэн үү гэхээр нь эргэсэн гэж хэлсэн. Айлын хонь нийлээд завгүй байна гэж хэлсэн. Тэгээд аав ирээд нийлсэн айлын чинь хонь аль юм гэхээр нь захаар нь байгаа гэсэн. Тэгээд аав хонь авч явна гээд барьж өгсөн хонийг нь ачаарай гэж хэлээд аав барьж өгөөд би машины тэвш дээр нь ачсан. Ингэж болж байгаа юм уу гэхэд би өөрөө мэдэж байна гэж хэлсэн. Маргааш нь хонио услаж байхад энэ хоёр хүн ирээд хонь дутуу байна цагдаад хэлнэ гэхээр нь цагдаад хэлээд яахав би олоод өгье гэж хэлсэн...” гэв

 

     Шүүгдэгч Г.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сайншанд суман дээр байж байгаад маргааш өглөө нь өөрийн эхнэр Лхагвасүрэнтэй Хайрхан уулан дээр гарна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Манай эхнэр хөдөө гэртээ байгаад байдаггүй, Сайншанд суманд амьдардаг юм. Тэгээд би өөрийн төрсөн хүү Нтой манай хонийг харж байгаарай гэж хэлтэл манай хүү би зав муутай байна танай хонь ойрхон байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь оройхон хүү рүү яриад эмээгээ эргээд хонь хотлуулаарай гэж хэлтэл Н завгүй байна айлын хонь нийлчихээд гадуур ажилтай байна аа эмээтэй түрүүнд очиж уулзаад ирсэн гэж хэлсэн. Мал ирээд нийлсэн байна гэдгийг нь ойлгоод мөн гэрээрээ оръё гэж бодоод 62-78 ДГА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг унаад шууд Нийн гэрт нь очсон. Би малын хотны хажууд очиж зогсоод ямар мал нийлчихсэн юм бэ гэж асуутал мэдэхгүй ээ, хэний мал гэдгийг нь мэдэхгүй байна гэж хэлэхээр нь ер нь хэдэн мал байна гэж асуутал 80 орчим мал байх шиг байна 100 арай хүрэхгүй байх гэж хэлсэн. Би хонийг нь 3 таслаад нийлсэн малыг нь хашаанд оруулж хашаад Нид миний заасныг ачаарай гэж хэлсэн. 10 тооны бүдүүн ямаа, 14 тооны ишиг, 2 эм хонь , 3 хургатай нийлээд 29 тооны малыг Ноор бариулаад би заагаад машины ачаан дээрээ ачуулсан. Н надад хандаж та энэ малыг аваад хаачих гэж байгаа юм бэ гэж асуухаар нь би ямар ч байсан энэ малыг аваад явлаа. Ш ах дээр нь очъё тэнд тавих санаа байна гэж хэлсэн. тэгээд би машинаа унаад Ш ахын гэрт очоод би хэдэн мал аваад ирлээ, та 2-3 хоног хараад өгөөч гэж хэлтэл хэний мал юм бэ гэхээр нь би манайх юм аа би 2-3 хоногоос авна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/

 

    Шүүгдэгч Х.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сарын 20 -ны өдөр би хадам ээж Ц.Оюунчулууны хамт хонинд нь байсан нэг ишиг дутаад байхаар нь ойр хавийн айлаар эрж явсан юм. ...Тэгээд тэдний гэрээс зүүн хойш 2 орчим км зайд ойролцоогоор 100 хүрэхгүй 80 орчим тооны хонь, ямаа байсан ба тэр малыг эргүүлээд ишгээ үзтэл байхгүй байсан..., ...Тэр үеэр манай аав Х залгаад хонь хотолж байна уу эмээ чинь гайгүй юу гэж асуусан. Тэгэхээр нь би түрүүн очиж эргэчихээд ирсэн айлын хонь ирээд нийлчихсэн, би завгүй байна гэж хэлсэн. Тэгтэл орой аав Х цагийг нь сайн санахгүй байна гадаа харанхуй болчихсон байхад 62-78 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд нийлсэн хонь чинь аль юм гэж надаас асуухаар нь захаар нь байгаа гэж хэлсэн.Тэгтэл аав бид хоёр хонины голоор ороод таслаад хашаанд хашсан. Тэгээд аав хонь авч явна гээд барьж өгсөн хонийг нь ачаарай гэж хэлээд аав барьж өгөөд би машины тэвш дээр нь ачсан. Би тэгээд айлын хониноос ачиж байгаа юм уу гэж асуутал би өөрөө аргалнаа гэж аав Х надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/

 

    Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн Үзүүр-Уул гэх газар нутагладаг гэрээсээ би өөрийн 112 тооны бог малыг гэрээсээ зүүн урагш бэлчээрт гаргасан юм. Тэгээд би эхнэр Отгонсүрэнгийн хамт Сайншанд сум руу 11 цагийн орчимд тамхи болон бензин авахаар яваад 14 цагийн орчимд гэртээ харьсан юм. Бид хоёр гал түлчихээд хонио харъя гээд гарч айлуудаар орж сураглаад байсан боловч хонио олоогүй. Тэгээд бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө хонины бэлчээр дээгүүр алсаар мөр дагаад явтал манай хонинууд зүүн урагш нуур байдаг чигт явчихсан байсан. Тэгээд олон малын мөрнөөс алдчихаад айлын мал бэлчиж байхаар нь захаар нь ороод хартал манай алаг ямаанууд байж байхаар нь айлын малд нийлчихэж гэж бодоод аль айлын мал болохыг нь асуух гээд нууран дээр очиход 3 хүн байсан ба Идка гэх залуу Батням, Н гурав байсан. Би зүүн хойшоо гарч байгаа хонь хэний хонь вэ гэж асуутал Н надад хандаж манай хадам Оюунчулууны хонь гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай мал нийлсэн байна, ах нь очиж малаа ялгаж авъя миний дүү хойноос давхиад ир гэж хэлээд очоод ялгаад үзтэл манай хонинууд дутуу байсан. Манай хонь цөөхөн болчихож бусад нь хаачсан юм бэ гэж Ноос асуутал манай эхнэр хажуунаас орж ирээд Нийг загнаад цагдаад хэлье гэж хэлтэл Н надад хандаж ахаа битгий цагдаа дуудаарай. Би бусдыг нь олоод ирье гэж хэлсэн. Тэгээд би Сайншанд суманд ирээд Алтанширээ сумын хэсгийн төлөөлөгч Ууганбаяртай уулзаад дагуулаад явсан. Тэгээд Оюунчулууны хонинд нийлсэн өөрийнхөө малыг тоолтол 25 ямаа 6 хонь буюу нийт 31 тооны мал байсан ба бусад нь байхгүй байсан. Тэгээд Алтанширээ сумын төлөөлөгч Ноос бусад нь яасан юм бэ гэж асуутал мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл Алтанширээ сумын төлөөлөгч Ууганбаяр хаана аваачиж тавьсан юм бэ гэж хэлээд Ш гэх айлынд очтол Х, Ш нар архи уучихсан бололтой сууцгааж байсан. Тэгтэл Х гарч ирээд надтай уулзаад найз нь чиний хонь гэдгийг мэдсэнгүй ээ гэж надад хэлсэн. Тэгээд би чи хэдэн мал авсан юм бэ гэж асуутал 29 тооны мал ачсан гэж хэлсэн гадаа харанхуй байсан болохоор сайн хараагүй. Тэгээд буцаж яваад Оюунчулууны хоосон хашаан дотор ачсан хонинуудыг хийгээд өглөө ирээд ачсан гэх 29 тооны малнаас хартал манай 10 эр ямаа, 5 ишиг, 2 эм хонь, 3 хурга нийт 20 тооны мал нь манай мал байсан. Үлдсэн 9 ишиг нь манай ишиг биш байсан. Тэгээд Хийн авсан 20 малтай нийлээд Оюунчулууны малнаас өөрийнхөө малыг ялгаад хурга ишиг нийлсэн 60 мал ялгаж аваад гэр рүүгээ явсан ... Манай малын им нь хоёр чих нь өрөөл ганзага, зүүн чих нь араасаа ганзага, баруун чих нь урдаасаа сэтэртэй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/

 

           Гэрч Д.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14 тооны ямаа, 6 хонь авчирч тавьсан. Өөрийнхөө пронтер маркийн автомашинтайгаа авчирч тавьсан. Малын нь им нь ганзага имтэй байсан. Буруу чихний имийг нь би сайн хараагүй. Хийг би өөрийнхөө хонь, ямааг авчирч тавьлаа гэж бодсон. Манайд 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн орой харанхуйд авчирч тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/

 

      Гэрч Ц.Оюунчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 20-ны орой нар шингэх үед барагцаагаар 18 цагийн үед байх хонио эргүүлэх гээд очиход нийлсэн байсан. Өмнө нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн үед Улаанаагийн бууц гэх газар хонь ямаа байхаар нь би хүргэн Нийн хамт очиж үзсэн. Тэгэхэд нүдний барагцаагаар 80 орчим тооны хонь ямаа байсан. Им нь хоёр чих нь араасаа ганзага имтэй байсан. Тэгээд тэрнээс хойш 18 цагийн үед манайх хонио эргүүлэх гээд очиход манай хонинд нийлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

 

           Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 11-р сарын 22-ны өдрийн ТХҮ6/18-031 дугаартай: “...нас бие гүйцсэн эм хонь 1 толгой 100.000 төгрөг, хурга 1 толгой 40.000 төгрөг, нас бие гүйцсэн эр ямаа 1 толгой 90.000 төгрөг, ишиг 1 толгой 25.000  төгрөг, нас бие гүйцсэн эм ямаа нэг толгой 70.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-34-р хуудас/   

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Н, Г.Х   нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар баг Үзүүр гэх газраас хохирогч Б.Бийн 20 тооны малыг ... улсын дугаартай Киа пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.345.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Иймд шүүгдэгч Г.Х, Цовогт Хийн Н нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Хүрэлсүр, Х.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Г.Х, Х.Н нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хэд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, Х.Нид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Х, Х.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Х, Х.Н нарт анхааруулсугай.

 

           5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Х, Х.Н нарт хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Х, Х.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х, Х.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА