Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2017/00262/и/ |
Дугаар | 142/ШШ2017/00491/ |
Огноо | 2017-05-01 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2017/00491/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-27-39б тоотод оршин суух, Тангад овогт Володьягийн Уранболор /ГЮ76022508/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох
“Ажилгүй байсан хугацааны цалин 44 372 499 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Уранболор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “В.Уранболор миний бие нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Сэлэнгэ” амралтын баазын “Энэрэл” төвд нийгмийн ажилтаны ажил хийж байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Б/584 тоот “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралын тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халсан энэхүү тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул Орхон аймгийн Сум дундын 14 дүгээр шүүхэд хандаж ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжпэл гаргасан бөгөөд шат шатны шүүхийн шийдвэрээр ажилд минь эргүүлэн тогтоосон. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/147 тоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар тус компанийн Сэлэнгэ амралтын баазын “Энэрэл” төвийн нийгмийн ажилтны ажил албан тушаалд эгүүлэн авахаар болсон бөгөөд, миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орсон. Миний бие нь ажлаас халагдсанаас хойш 1 жил 7 сар ажилгүй байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин болох 37 072 172 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилж байна. / халагдахаас өмнөх 6 сарын цалин хөлс 13 084 301 төгрөг, 6 сарын цалингийн дундаж цалин хөлс /13 084 301:6=2 180 716/ 2 180 716 төгрөг, ажилгүй байсан 17 сарын цалин хөлс /2 180 716x17=37 072 172/ 37 072 172 төгрөг/.
Иймд миний ажилгүй байсан 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэлх 17 сарын цалин хөлс болох 37 072 172 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...”Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хариуцагдах В.Уранболорын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа 7 300 327 төгрөгөөр нэмэгдүүлж бүгд 44 372 499 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...В.Уранболор нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/584 тоот “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын тушаалаар ажлаас халагдсан. Дээр дурьдсан тушаалыг В.Уранболор хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан бөгөөд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны 231 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 601 тоот тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосноор 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Б/147 тоот тушаалаар Сэлэнгэ амралтын баазын “Энэрэл” төвд нийгмийн ажилтнаар эгүүлэн авч ажиллуулсан болно. Харин В.Уранболор нь дээр дурьдсан шүүхийн шийдвэр болон тушаал гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасныг зөрчиж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргаж ирүүлсэн В.Уранболорын цалингийн тодорхойлолтын талаар маргах зүйлгүй... гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Уранболор нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан “ажилгүй байсан хугацааны цалин 44 372 499 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч В.Уранболор нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирлын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/584 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөөд, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 231 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, улмаар ажилд нь эгүүлэн авч ажиллуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн В.Уранболорын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал /хэргийн 44 хуудас/, дээрх шүүхийн шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015.05.19-ны өдрийн 69 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2015.09.17-ны өдрийн 601 дугаартай тогтоол, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ”... В.Уранболор нь дээр дурьдсан шүүхийн шийдвэр болон ажилд авах тушаал гарсанаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасныг зөрчсөн...” тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж мэтгэлцсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” заасан бөгөөд, дээрх зохицуулалтууд нь цалин хөлсний асуудалтай холбоотой гэж үзэхээргүй байх ба, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Тиймээс хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч В.Уранболор нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с цалингаа нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагч тал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с ирүүлсэн цалингийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд, нэхэмжлэлийн үнийн дүнг ямар нэгэн байдлаар эсэргүүцээгүй болно.
Иймд В.Уранболорын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор буюу 17 сарын цалин болох /сарын цалинг 2 610 147 төгрөгөөр тооцож бодов/ 44 372 499 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас гаргуулан В.Уранболорт олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 379 812 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 44 372 499 төгрөг гаргуулан В.Уранболорт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 379 812 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА