Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2017/00506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-18-53 тоотод оршин суух Галсан овогтой Наранцогтын /ФА-58032060/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7-23 тоотод оршин суух Жаргалсайхан овогтой Цогзолмаад /ФВ83081329 /,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-18-53 тоотод оршин суух Бүргэд овогт Алтанбасангийн Баатарзориг /ФА86122672/ нарт хариуцагдах,

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өмчлөх эрхийг сэргээх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Наранцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч А.Баатарзориг, хариуцагч Ж.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Г.Наранцогт нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хүү А.Баатарзориг нь 2013 онд Ж.Цогзолмаатай хувийн дотно харилцаатай болж, 2013 оны 07 дугаар сард 05-нд тэдний дундаас охин Саран-Эрдэнэ төрж тэд хамтдаа амьдрах болсон. Нэгэнт хүү А.Баатарзориг эхнэр хүүхэдтэй болж байгаа тул би Баатарзориг, Цогзолмаа нарыг цаашдаа бат бэх гэр бүл болж амьдраасай гэж хүссэндээ Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот 17,5 кв.м нэг өрөө орон сууцаа бэлэглэлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 2014 оны 03 дугзар сарын 20-нд хүү А.Баатарзориг, бэр Ж.Цогзолмаа нарт шилжүүлсэн ба 2014 оны 04 сарын 01-нд А.Баатарзориг, Б.Саран-Эрдэнэ, Ж.Цогзолмаа нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Гэтэл 2014 оны 06 дугаар сард Ж.Цогзолмаа таарч тохирохгүй боллоо гээд аав нь ах дүү нартай нь ирээд өөрийн гэсэн юмыг нь аваад явсан байв. Би үүнээс хойш Цогзолмааг охинтойгоо буцаад ирэх байх гэж хоёр жил харсан. Энэ хугацаанд эргэж ирэхийг Цогзолмаагаас гуйж очиж, хүүхдийн төрсөн өдрөөр ч очиж байсан. Гэтэл 2016 оны 5 сард Цогзолмаагийн аав Жаргалсайхан манайд ирээд энэ хоёр хүүхэд цаашид амьдрахгүй боллоо. Хүүхдийг нь би өөрийн нэр дээрээ болгож авмаар байна, Баатарзоригоос зөвшөөрсөн бичиг авах хэрэгтэй, бас охины  гэрчилгээг хаясан тул дахин гэрчилгээ авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би хөөцөлдөж охины гэрчилгээг шинээр авч өгсөн. Ингээд би тэд амьдрахгүй бол байраа буцааж авъя гэхэд хүүхэд 18 нас хүртэл тэр талаар ярихгүй гэж хэлсэн. Ингээд хүү А.Баатарзориг, бэр Ж.Цогзолмаа нар нь айл болон гэрлэж амьдрах нь гэсэн итгэл байхгүй болсон ба тэд ч аль хэдийнээ миний байрнаас гарч тус тусын ажил, амьдралаа хөөх болсон. Миний бие нь хүү, охин хоёртой бөгөөд нөхөр Алтанбасан 2001 онд нас барсан, охин минь 2016 оны зун өвчнөөр нас барсан, би сахарын диабетээр өвчилж байнга эмчилгээ, асаргаа хийлгэж байдаг болно. А.Баатарзориг, Ж.Цогзолмаа нар нь гэрлэлтээ батлуулаагуй бөгөөд намайг орон сууцаа бэлэглэснээс хойш ердөө хоёр сарын дараа хоёр тийшээ болж миний бэлэглэлийн зорилгыг зөрчиж бэлэглэгч намайг гомдоосон тул Г.Наранцогт миний Ж.Цогзолмаа, А.Баатарзориг нартай 2014 оны 03 дугаар сарын 20-нд хийсэн /мөн өдөр нотариат гэрчилсэн/ бэлэглэлийн гэрээний 6 дахь заалт, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар хүчингүйд тооцон, мөн хуулийн 280.2-т зааснаар А.Баатарзориг, Б.Саран-Эрдэнэ, Ж.Цогзолмаа нарт 2014 оны 04 дүгээр сарын 01-нд олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007429 тоот дугааргтай 000231162 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож Г.Наранцогт миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Б.Саран-Эрдэнийн хувьд өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр нь бичигдсэн ч бэлэглэл хийгдэх үед 9 сартай, одоо 3 нас 8 сартай тул түүний эрх, үүргийг асран хамгаалагч, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх үүрэгтэй, Ж.Цогволмаа, А.Баатарзориг нар нь эрх үүргийг нь хэрэгжүүлэх тул бага насны хүүхэд бэлэглэгчийг гомдоосон, үгүй тухай болон өв залгамжлалын тухай асуудал яригдахгүй болно. Би бэр Ж.Цогзолмаагаа А.Баатарзоригтой эргээд амьдраач гэж хэд хэдэн удаа гуйж очсон, би дандаа очдог байсан. Бэртэйгээ би муудалцдаггүй, очихоороо бэрийгээ үнсчээд л явдаг байсан. Ингээд би эд нарыг хараад, гуйгаад эргээд нийлэхгүй болохоор нь шүүхэд хандсан юм...  гэжээ.

 Хариуцагч А.Баатарзориг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Галсангийн Наранцогт нь миний ээж юм. Миний бие А.Баатарзориг нь Ж.Цогзолмаатай танилцан үерхэж 2013 онд гэр бүл болохоор тохиролцон манайд ирсэн. Бидний дундаас 2013 оны 07 сарын 05-нд охин Саран-Эрдэнэ төрсөн. Ингээд биднийг хамт амьдрах болсон, үр хуухэдтэй болсон, цаашид биеэ даагаад сайн сайхан амьдраарай гэж ээж Г.Наранцогт өөрийн өмчлөлд байсан Согтоот багийн 6-18-53 тоот 17.5 кв.м нэг өрөө орон сууцыг бид гуравт 2014 оны 3 дугаар сарын 20-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Энэ үед энэ байранд Ж.Цогзолмаа, охин Саран-Эрдэнэ бид гурав амьдарч байсан. Гэтэл Ж.Цогзолмаа бид хоёр ялихгүй зүйлээс маргалдах бүрт Цогзолмаа аавынх руугаа гүйж явдаг байсан ба 2014 оны 06 дугаар сард аав нь ах дүү нартай нь ирж Цогзолмаагийн хувцас хунар, өөрийн авч ирсэн байсан унтлагын бүрэн тавилга, ор дэр, гал зуухны хэрэгсэл зэрэг өөрт хамаарах бүх зүйлээ авч явсан бөгөөд үүнээс хойш би хоёр ч удаа эвлэрэхээр очсон боловч аав Жаргалсайхантай нь болон Цогзолмаатай хэл үгээ ололцож чадаагүй тул холбоо харилцаа тасарсан. Одоо үүнээс хойш 2 жил өнгөрч тэрээр одоо өөр амьдрал зохиосон, Ж.Цогзолмаа надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах өргөдлөө шүүхэд мөн өгөөд байгаа. Миний ээж Г.Наранцогт насны тэтгэвэртээ гарсан,сахарын диабит өвчтэй байнгын эмчилгээ асаргаа хийлгэж, гэр хороололд амьдарч байна. Нэгэнт Ж.Цогзолмаа бид хоёрыг үр хүүхдээ өсгөн сайн сайхан амьдраарай гэж байраа бэлэглэсэн зорилгыг нь хангаж чадаагүй тул орон сууцаа буцаан авахаар гаргасан ээж Г.Наранцогтын нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна.  Ж.Цогзолмаа бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй тул орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болоогүй болно гэжээ.

  Хариуцагч Ж.Цогзолмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Ж.Цогзолмаа нь А.Баатарзоригтой 2011 онд танилцаж, гэр бүл болж хамтран амьдарсан. 2013 оны 07 сарын 05-нд охин Б.Саран-Эрдэнэ төрсөн. Хамтран амьдрах хугацаанд өөр хүнтэй хий хардаж зодох болсон. Үүнээс болж толгойд гэмтэл авч, хамар муруйсан гэмтлүүд авсан. Энэ байдлыг тэвчиж хамтран амьдрах гэж хүссэн боловч хүчирхийлэх байдал зогсоогүй. Хамгийн сүүлд намайг хий хардаж зодож, гэрээсээ охин бид хоёрыг хөөж гаргаад дахин оруулаагүй. Гэрийн түлхүүр цоожийг өөрчилсөн. Ингээд арга буюу 2016 оны 05 сараас бүр мөсөн тусдаа охиныхоо хамт амьдрах болсон. Гэвч байдал өөрчлөгдөөгүй. Сүүлдээ хадам ээж оролцож бидний зөв бурууг шүүж хүүгээ өмөөрөх болсон. А.Баатарзоригийн намайг зодож байгаа байдлыг болон бусад асуудлын талаарх бидний харьцааг улам хурцатгах болсон. Гэтэл намайг Г.Наранцогт нь бүхий л асуудалд буруутгаж байна. Өнөөдөр хүртэл охиноо тэврээд ахындаа хоног төрүүлж явааг мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Хүү А.Баатарзоригт нь хүртэл намайг өөр хүнтэй, өөрөө явсан мэт хэлж бичиж байна. Хэргийн бодит байдлыг эхнээс нь би үнэнээр нь хэлсэн. Эд хөрөнгөө буцаан авахын тулд худал гүжирдсэн зүйл бичжээ гэж би ойлгохоор байна. Үнэн гэвэл намайг гудамжинд хөөж гаргаад түлхүүрээ аваад явсан хүүгээ буруутгаж байсан ээж өнөөдөр эд хөрөнгөөс болж ааш араншингаа өөрчилсөн зүйл бичиж байгаа нь анхнаасаа хүүгийнхээ хүчирхийлж, хөөж явуулж байсныг дэмжиж байжээ гэж бодоход хүрч байна. Гэртээ хэд хэдэн удаа очих гэхэд хаалгаа тайлж өгөхгүй байснаар барахгүй дахин өөр эмэгтэйтэй амьдарч байсан. Энэ байдлыг Г.Наранцогт нь мэдэж байгаа бөгөөд нэгэнт миний гэр гэж гэрт оруулахгүй өдий хүрсэн атлаа намайг орхиод явсан мэт хэлнэ чинээ санаж явсангүй. Г.Наранцогт, Баатарзориг нэг урт шар үстэй 30 орчим насны эмэгтэйтэй, Далх-Очир нар нь 4 үүлээ Уурхайчин соёлын ордонд хошин шогийн тоглолт үзээд явж байхтай нь 2016.06 сард анх тааралдсан бөгөөд Баатарзориг нь тухайн эмэгтэйтэй хөтөлцөж, тэврэлдээд олны нүдэн дээр хосууд гэдэг нь илтэд харагдаж байсан. Яагаад намайг гэртээ ч оруулахгүй байгаа юм бол гэж бодож явснаас надаас буцаан байраа авах арга хайж явна чинээ санасангүй. Гал голомтыг минь залгуулах үр хайрлаж охинтой болголоо гэж байрыг охин та нарт өгч байгаа шүү гэж хэлж охин Б.Саран-Эрдэнэ, Баатарзориг бид гуравт өгч бэлэглэж байсан. Баатарзориг хамт амьдрахгүй гээд намайг хөөгөөд явуулсан асуудалд хэдий болтол намайг буруутгах гэсэн юм бол, энэ бүгдийг найз нөхдүүд нь бүгд мэдэж байгаа . Намайг буруутгаж гомдоосон гэж үзэж элдэвлэж байхаар зүгээр би байраа авъя гээд учраа олно биз, юунд бүх юманд намайг буруутгаж байдаг юм бол, харин ч би үнэхээр гомдож байна, хайртай гэж гэр бүлийн амьдрал зохиож түүнийгээ хүү нь бусниулж байгааг хүлээн авч даван туулах гэж сэтгэл зүйн хүнд байдалд байгаа байдлыг үл ойшоож байгаа төдийгүй би хүн гомдоосон хүн болж байгаадаа үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Охин Саран-Эрдэнэд маань байр өглөө л гэнэ, авлаа л гэнэ миний охин Г.Наранцогтын дураараа аашлах энэ аашинд чинь ямар буруутай гэж ингэж харьцаад байдаг юм бэ, зүгээр л нэр нь байранд бичигдсэн гэж би үзэхгүй байна. Гал голомтыг маань залгах үр гэж чин сэтгэлээсээ өгсөн бэлгээ одоо өгөөгүй ч юм шиг зүйл бичиж зүгээр л нэр нь гэрчилгээнд бичигдсэн мэт тайлбарлажээ. Миний охин Г.Наранцогтыг гомдоох зүйл хийгээгүй учир охинд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие Г.Наранцогтын тайлбартай таннлцлаа. Түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. А.Баатарзориг бид хоёр гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан бөгөөд гэр бүлийн харилцаа дуусгавар болж хамтран амьдруулахгүй гэсэн хүсэл А.Баатарзориг болон Г.Наранцогт нарт байжээ гэж би дээрх нэхэмжлэлийг уншаад ойлголоо. А.Баатарзориг нь намайг зодож гэрээсээ хөөсөн тул би гэртээ очиж чадахгүй байдалд хүрсэн. Ингээд А.Баатарзоригийг гэр бүлийн амьдрал хүүхдийнхээ талаар цаашид яах талаар надтай уулзах байх гэж хүлээсэн ч уулзаагүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад надтай амьдрах хүсэлгүй байгаа юм байна гэж ойлгож хүүхдийн тэтгэвэр болон дундын өмчлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэхээр шүүхэд 2016.11.21-нд хандлаа. А.Баатарзориг бид хоёр хамт амьдарсан болохоор орон байр өгсөн агуулгатай нэхэмжлэл бичжээ. Г.Наранцогт бодит байдалд байрыг миний охин Б.Саран-Эрдэнэг хорвоод мэндэлж, ач охинтой боллоо гэж түүнд зориулж өөрийн нэр дээрх байрыг бэлэглэж байсан. Ингээд охин Саран-Эрдэнэ болон А.Баатарзориг миний нэрийг оролцуулан байрны өмчлөлийг шилжүүлж  байсан. Г.Наранцогт нь буцааж байраа авъя гэж надад хандаж байгаагүй атлаа хандаж байсан мэт нэхэмжлэл гаргажээ. Баатарзориг намайг зодож орон гэрээс хөөснөөс хойш ирж уулзаж байгаагүй. Харин миний аав учир байдлыг нь олох санаатай 1 удаа Г.Наранцогттой очиж уулзаж байсан, тэдний хооронд ямар яриа болсныг мэдэхгүй. 

амайг зодож хөөснөөс хойш нэг удаа гэртээ очтол намайг дахин хөөсөн. Гэрт нь амьдарч байгаа бололтой чемодантай хувцас байсан бөгөөд мөн шкаф газарт тухайн эмэгтэйн эд зүйл байсан. Ингээд энэ байдлын талаар тодруултал хамаатны хүн байгаа чамд хамаагүй гэсэн. Надтай амьдрах хүсэлгүй би өөрийн эд зүйлээ авья гэсэн. Гэтэл өгөхгүй гэсэн. Ингээд өнөөдрийг хүртэл Баатарзориг ямар бодолтой байгааг нь мэдэхгүй байсан бөгөөд цаашид амьдрах эсэхээ ярилцах байх гэж бодож байсан. Гэтэл ээжийнх нь нэхэмжлэлтэй танилцаад амьдрахгүй юм байна гэж ойлголоо. Г.Наранцогтын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Ж.Цогзолмаагийн хувьд Г.Наранцогт гуйаг гомдоосон юм бол байхгүй. Харин хүү А.Баатарзориг нь л гомдоосон гэж үзэж байна. Х.Баатарзориг нь Ж.Цогзолмааг гэрээсээ хөөж явуулчаад өөр эмэгтэйтэй хамтран амьдарсан. Ж.Цогзолмаагийн хувьд одоо ч А.Баатарзоригт хайртай хэвээрээ байгаа. Ж.Цогзолмаа бол хадам ээж Г.Наранцогтыгоо муулдаггүй, харин ч над дээр хэд хэдэн удаа гэртээ хариач гэж гуйж ирж байсан гэж хэлдэг. Энэ байрыг охин Б.Саран-Эрдэнэд өглөө гэж хэлээд өгч байсан. Б.Саран-Эрдэнэ болон Ж.Цогзолмаагийн зүгээс Г.Наранцогтыг гомдоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Наранцогт нь, хариуцагч Ж.Цогзолм, А.Баатарзоригт нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өмчлөх эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Ж.Цогзолмаа нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, хариуцагч А.Баатарзориг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч Г.Наранцогт хүү А.Баатарзоригыгоо хамтран амьдрагч болон хүүхэдтэй болсон тул өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот  орон сууцаа 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр хүү А.Баатарзориг болон Ж.Цогзолмаа, ач охин Б.Саран-Эрдэнэ нарын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, бэлэглэлийн гэрээ, орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон. Энэ талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч “...би А.Баатарзориг, Ж.Цогзолмаа нарыг сайхан амьдараарай л гэж байраа бэлэглэсэн. Гэтэл 2014 оны 6 сард маргалдацгаагаад Ж.Цогзолмаа өөрийн гэсэн бүх зүйлээ аваад явсан байсан. Түүнээс хойш тэд тусдаа амьдарч байна. Би Ж.Цогзолмааг 2-3 удаа очиж гэртээ ирээч гэж гуйсан. Би бэртэйгээ уулзаад үнсчээд л явдаг. Би энэ хоёрыг сайхан амьдрах байх, эргээд нийлэх байх гэж зөндөө харсан. Бэрийнхээ аавтай нь хүртэл уулзсан. Энэ 2 хоёулаа намайг гомдоосон. 2016 оны 05 сард Цогзолмаагийн аав Жаргалсайхан манайд ирээд энэ 2 хүүхэд цаашид амьдрахгүй боллоо. Хүүхдийг нь би өөрийн нэр дээр болгож авах гэсэн юм гэж  ирсэн, энэнд нь би маш их гомдсон...” гэж нэхэмжлэлээ үндэслэсэн.

Зохигчдын тайлбараар байрны өмчлөгч А.Баатарзориг хамтран өмчлөгч Ж.Цогзолмаа нар 2013 оны 9 сараас уг байранд хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2014 оны 6 сараас тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.

“Бэлэглэлийн гэрээ”-ний 7-д /хэргийн 9 дүгээр хуудас/ нэмэлт нөхцөл: “Хүү Баатарзориг гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулж байна” гэж бэлгийн зорилгыг заажээ.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн байраа хүү А.Баатарзоригтоо “гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулж байна” гэсэн зорилгоор бэлэглэсэн ч бэлэг хүлээн авагч нар гэрлэлтээ батлуулж баталгаажуулж бэхжүүлээгүй, тусдаа амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн ч хэн аль нь хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, улмаар Цогзолмаагийн аав нь охин Б.Саран -Эрдэнийг өөрийн нэр дээр болгох гэсэн юм” гэж ирсэн зэрэг нь бэлэглэгч Г.Наранцогтыг гомдоосон ноцтой үйлдэл мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3-д “бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно” гэжээ.  

Бэлэглэгчийн бэлгийн зорилго биелэгдээгүй ба энэ нь бэлэг хүлээн авагчийн үйлдлээс болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т зааснаар бэлэглэлийг хүчингүй болгож, өмчлөх эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй.

Зохигчдын тайлбараар, А.Баатарзориг хамтран өмчлөгч Ж.Цогзолмаа нар 2013 оны 9 сараас уг байранд хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2014 оны 6 сараас тусдаа амьдарсан, “2015-2016 онд Г.Наранцогт нь удаа дараа Ж.Цогзолмаатай уулзаж “А.Баатарзоригтой эргэж нийлэхийг хүсч” байсан гэх ба энэ тайлбарыг хариуцагч Ж.Цогзолмаа үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгч, би хүүхдүүдээ эргэж нийлэх байх гэж хүлээсэн, бэртэйгээ уулзаж эргэж нийлэхийг хүсэж байсан, ингээд эд нар эргэж нийлээгүй,  2016 оны 5 сард Цогзолмаагийн аав нь “охин Саран-Эрдэнийг өөрийн нэр дээр болгох гэсэн юм” гэж ирсэн, тэрэнд нь би маш их гомдсон, ингээд би шүүхэд хандъя гэж бодсон...” гэсэн тайлбар зэргээс үзэхэд  бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх 2016 оны 5 сараас үүссэн гэж үзэхээр байна.

Бэлэглэгч Б.Далх-Очирын хувьд “2008 оноос Г.Наранцогттой хамтран амьдарч байгаа“ гэж нэхэмжлэгч тайлбарласан /хэргийн 27 хуудас шүүх хуралдааны тэдэглэлд/ байх ба эрх ашигт нь сөргөөр нөлөөлж байгаа талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилав.

Хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөс нотлох баримтаар ирүүлсэн фото зураг нь нэхэмжлэлийн татгалзлын үндэслэл болохгүй байгааг дурьдав.  

 

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

          1. Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг Г.Наранцогтод буцаан олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГДАВАА