Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2017/00522

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 37-01 тоотод оршин суух, Эрхий мэргэн овогт Өлзийбатын Дарханбаатар /ФБ78120835/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 11-05 тоотод оршин суух, Өөлд овогт Доржийн Бямбацогт /ФА61111174/-д холбогдох

“1 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Дарханбаатар, хариуцагч Д.Бямбацогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Дарханбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Бямбацогт нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1 сарын хугацаатай 1 000 000 төгрөг  зээлсэн боловч зээлээ төлөөгүй өдий хүрлээ. Утсаар ярьж уулзсан боловч нэг ч удаа мөнгө өгөөгүй тул үндсэн зээл 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

            Хариуцагч Д.Бямбацогт шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ө.Дарханбаатарын ярьсан нь үнэн. 1,0 сая төгрөгийг нь өгнө. Боломжгүй байсан тул өгч чадаагүй. Би энэ мөнгийг хамгийн цаад тал нь 2 сарын дотор л өгнө. Тэрнээс наана мөнгө ороод ирвэл өгөх бодолтой байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Дарханбаатар нь хариуцагч Д.Бямбацогтод холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг 1 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд, төлбөрийг төлөх цаг хугацааны хувьд талууд тохиролцоогүй, нэхэмжлэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлгүй, шүүх хуралдаанаар шийдүүлнэ гэсэн тул хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Д.Бямбацогт нь Ө.Дарханбаатарын нэхэмжилсэн 1,0 сая төгрөгийг маргаангүйгээр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагаас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бямбацогтоос 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Дарханбаатарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан

нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА