Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2015/0332

 

А.Ж-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-, гуравдагч этгээд Н.Н-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Т- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Ж-н нэхэмжлэлтэй, Г- аймгийн Засаг дарга болон тус аймгийн Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ж-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлыг гүйцэтгэж байсан Д.О- нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн гаргасан 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/01 тоот тогтоол бол Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасныг зөрчиж байна. Тогтоол гарсан 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаагүй.

Хурлын даргын ажлыг хууль бусаар авсан, өрөөндөө ганцаараа сууж байгаад энэ тогтоолыг гаргасан байгаа. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т заасан хуралдааны дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолоороо батална гэж заасан байдаг. Энэ дэгийг бас зөрчсөн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаарзүйлийн 25.1-д хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах

 

бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална гэж заасныг зөрчсөн, тогтоол батлаагүй байхад тогтоолыг нөхөж гаргасан, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т хурлын болон хурлын тэргүүлэгчдийн тогтоолд хурлын дарга гарын үсэг зурна гэж заасныг зөрчсөн. Аймгийн Засаг даргын гаргасан захирамж бол хууль бус тогтоолд үндэслэсэн учраас хүчингүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг дарга захирамж гаргасан. Үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.3, 32.7 дугаар зүйл, Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/01 гэсэн тогтоолыг үндэслэж шийдвэр гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-д зааснаар сумаас ирүүлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж шийдвэр гаргасан байнагэжээ.

Хариуцагч Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 8 дугаар хуралдаан 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж зааснаар сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг тус хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 13 төлөөлөгч буюу 61.9 хувь нь Засаг дарга А.Ж-нг огцруулахаар тооллогын комиссын шийдвэр гарсан боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гараагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд Хурлын дарга Б.Г- нь хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа гэж Хурлын Төлөөлөгчид үзэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус 9 дүгээр хуралдаанаар намайг Хурлын даргаар сонгосон.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 8 дугаар хуралдаан 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар огцруулахаар тооллогын комиссын шийдвэрийн дагуу 61.9 хувиар Д- сумын Засаг даргыг огцруулах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/01 дугаар тогтоол гарч, тухайн шатны хурлаас ирсэн саналыг үндэслэн аймгийн Засаг даргын шийдвэр 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/91 дүгээр захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд иргэн А.Ж-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Н.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: Г- аймгийн Д- сумын Ардчилсан намын хорооны зөвлөлийн гишүүдийн саналаар тус сумын Засаг даргад нэр дэвшсэн билээ. Д- сумын Засаг дарга сонгох иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 10 дугаар хурал 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан. Уг хуралдаан 57.1 хувийн ирцтэй хуралдсанаас 100 хувийн саналаар Д- сумын Засаг даргаар сонгогдсон болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5, Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 04-ий өдрийн 10/01 дүгээр тогтоол, Засгийн газрын 2012 оны 79 дүгээр тогтоолыг үндэслэн Г- аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/99 дугаар захирамжаар Д- сумын Засаг даргаар батламжлагдсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г- аймгийн Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 27-ны 08/01 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/91 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, А.Ж-нг Д- сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ж-н ажилгүй байсан хугацаа буюу 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 03 дугаар 20-ны өдөр хүртэлх 190 хоногийн олговор 7593211 /долоо сая таван зуун ерин гурван мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг Г- аймгийн Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Д.О- нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр буюу 8 дугаар хуралдаанаар төлөөлөгч байсан нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/01 дугаар тогтоол хүчин төгөлдөр гэдгийг үгүйсгэх шалтгаан биш юм. Д.О- 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хурлын даргаар сонгогдсон. Тус хурал нь ирц бүрэн хүчин төгөлдөр хурал болсон гэж үзэж байна.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 8 дугаар хуралдаан 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Засаг дарга А.Ж-нг огцруулахаар тооллогын комиссын шийдвэр гарсан боловч тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Г- нь хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөн.

Аймгийн Засаг даргын 2014 оны Б/91 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Уг захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу гарсан шийдвэр гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчээс Г- аймгийн Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар хуралдаанаас Засаг даргыг огцруулах асуудлаар тогтоол гараагүй байхад тооллогын комиссын шийдвэрийг үндэслэж, тус хуралдааныг даргалсан Б.Г- биш тус хуралдаанд төлөөлөгчөөр оролцсон Д.О- гарын үсэг зурж, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 08/01 тогтоолыг гаргасан нь хууль бус болсон, мөн Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээрхи хууль бус тогтоолыг үндэслэн гарсан Аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/91 дүгээр захирамж мөн хууль бус тул тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах гэж, хариуцагчаас Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Засаг дарга огцруулах асуудлаар хэлэлцэхдээ хууль зөрчөөгүй, тооллогын комиссын шийдвэр гарсан боловч тогтоол гараагүй, тухайн үед Хурлын дарга нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/01 дүгээр тогтоолыг гаргасан, аймгийн Засаг дарга хууль болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж гарсан тул хууль зөрчөөгүй гэж тус тус маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 22.1.2-д тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах..., 25.2-т Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл сумын Хурлын хуралдааныг даргалж, тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан асуудлаар гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, улмаар хэрэгжилтийг хангах үүргийг тухайн хурлын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэхээр байна.

Гэтэл Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар ээлжит бус хуралдааныг даргалаагүй[1] атлаа Д.О- гарын үсэг зурж, тус хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснээс 3 сар гаруй хугацаа өнгөрсний дараа 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч А.Ж-нг Засаг даргаас огцруулах тухай санал уламжлах тогтоолыг нөхөн гаргасан нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь ...тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:, 18.1.1-ийн г-д Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах гэж зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар хэрэгжүүлэх хурлын онцгой бүрэн эрхийг заасан.

Засаг даргыг огцруулах тухайд тухайн шатны хурал нь Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад уламжлах хэмээн зааж зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйл, энэ тохиолдолд 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг баримтлан засаг даргыг огцруулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх-ээр байхаас гадна тус хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргаж, хурлын дарга гарын үсэг зурж ёсчилж баталгаажуулах талаар заасан мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 22.1.2-т заасныг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох учиртай.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана32.3-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл хэдийгээр Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэж захирамж гаргах эрхтэй ч тэрхүү захирамж нь хууль тогтоомжид нийцсэн байх, Засаг даргыг огцруулах талаар ирүүлсэн саналыг ажлын 5 хоногт багтаан хянасны үндсэн дээр огцруулах эсэхийг шийдвэрлэхээр байна.

Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/01 дүгээр тогтоол дээр дурдсанаар хуульд нийцэхгүй байхад сумын Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцруулахаар хэлэлцсэн, санал уламжилсан үйл явц хуульд нийцсэн эсэхийг бүрэн эрхийнхээ хүрээнд хянах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гаргасан Аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/01 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлгүй.

Аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн маргаан бүхий Б/57 дугаар захирамжаар А.Ж-нг Д- сумын Засаг даргаас огцруулсныг тэрээр эс зөвшөөрч шүүхэд хандсан байх ба Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Д- сумын Засаг дарга А.Ж-нг огцруулах талаар тогтоол гаргаж уламжлаагүй байхад Д- сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 8 дугаар хуралдааны тооллогын комиссын шийдвэр буюу хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн санал өгсөн байдлыг илтгэсэн баримтыг үндэслэн захирамж гаргасан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй талаар, түүнчлэн хууль бус тогтоол гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, учирсан хохирлыг гаргуулах болон бусад асуудлаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 31 дүгээр тал