Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Батбаяр

            Улсын яллагч С.Энхтуул

            Шүүгдэгч П.Хосбаяр, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Пүрэвдоржийн Хосбаярт холбогдох, 201625030728 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 14 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвдоржийн Хосбаяр (РД:УУ91111531),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 01-07 тоотод орших Т.Батжаргалын гэрт Г.Эрдэнэбаяртай үлдсэн архи ууж дуусгалаа, өөрөө архи авахгүй атлаа хүний авсан архийг байнга уудаг гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Батжаргалын гэрт намайг утсаар ярьж байх хооронд Эрдэнэбаяр нь бид нарын ууж байсан архийг уучихсан байхаар нь уурлаад хүний юмыг дандаа ингэж байх юм гэтэл өөдөөс би чамд архи  авч өгдөг хүн биш, намайг шоронд байхад чам шиг муусайн юмнууд ингэдэггүй байсан гэх зэргээр үг хэлээд доромжлоод босч ирээд заамдаад авахаар нь нэг удаа цохьсон чинь ор руу хойшоо унаад өгсөн. Би Эрдэнэбаярыг юмаар цохиогүй, гар хугарсан гэхэд итгэхгүй байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Хохирогч нийт 670.000 төгрөгийн баримттай байсан боловч 1.000.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Хохирогч Г.Эрдэнэбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2016 оны 3 дугаар сарын 31-ний орой 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Усан сангийн урд талд залгаа байдаг Батжаргалынд утсаа цэнэглэх гээд орсон юм. Намайг ороход Дарийсүрэн, Батжаргал, Хосбаяр нар 0.75 литрийн архи уугаад сууж байсан. Дарийсүрэн үлдэгдэл архийг нь надад хийгээд өгөхөөр нь би бүгдийг нь уучихсан юм. Тэгсэн Хосбаяр та хөдөө явж ирчихээд хоосон ирээд байх юм, цалин мөнгө төгрөгөө авдаггүй юм уу гээд уурласан. Тэрнээс болоод бид хоёр маргалдаж байгаад бид хоёр бие биенээ заамдалцаад авсан чинь Хосбаяр нүүр рүү гараараа цохитол нүдэнд гал манараад доошоо тонгойгоод суусан чинь Хосбаяр миний доороос нүдчихсэн, тэр хооронд Дарийсүрэн салгаад холдуулах хооронд би гараад зугтаахад гар хоёр тал руугаа санжигнаад явчихсан, түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг рүү явсан гэжээ.

            Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

            1.Г.Дарийсүрэнгээс:-2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Батжаргал, Хосбаяр бид гурав 0.75 литрийн Эзэн Чингис нэртэй архи уугаад сууж байсан цагийг нь сайн санахгүй байна. Гаднаас Эрдэнэбаяр нилээн согтуу байдалтай орж ирээд, архиа гаргаад ир гэхээр нь ууж байсан архиныхаа үлдэгдлийг нь аяганд хийгээд өгчихсөн чинь Эрдэнэбаяр бүгдийг нь уучихсан. Тухайн үед Хосбаяр утсаар ярьж дуусчихаад, надад архи үлдээгүй юм уу гэхээр нь Эрдэнэбаяр ахад бүгдийг нь нь хийгээд өгчихсөн шүү дээ гэсэн чинь Хосбаяр уурлаад арай ч дээ надад үлдээгээгүй юм уу, дандаа миний архинаас уух юм, хөдөө гадаа яваад мөнгө төгрөгтэй ирээд надад архи авч өгч байсныг нь би мэдэхгүй юм байна, миний архинаас уудаг хэн бэ гэсэн. Тэгсэн Эрдэнэбаяр өөдөөс нь чи муу юу гээд байгаа юм бэ гээд тэд хоорондоо маргалдаад, бие биенээ заамдаад авсан. Хосбаяр нүүр рүү нь гараараа цохиод ор руу түлхээд унагачихсан. Хосбаяр дээрээс нь гараараа цохиод байхаар нь би Батжаргалыг наад 2 хүнээ салгаач ээ гэрт чинь хүмүүс зодолдоод байхад салгахгүй байх юм гэсэн чинь Батжаргал очоод салгахгүй, Хосбаяртай нийлчихээд Эрдэнэбаяр руу өдөржингөө архийг нь уучихаад хүн дарамтлаад байх юм зэрэг үгээр маргалдаад эхэлсэн. Тэгээд би очоод тэд нарыг больцгоо гээд салгасан. Тэгтэл Эрдэнэбаяр гар эвгүй болчихлоо гээд байсан гэжээ.

            2.Ж.Энхтуяагаас:-Намайг 2016 оны 3 дугаар сарын 31-ний орой ажил дээрээ байж байхад Бөмбөг буюу Эрдэнэбаяр баруун талын гараа барьчихсан Хосбаяр миний гарыг хугалчихлаа гээд орж ирсэн. Тэгээд гарыг нь харсан чинь баруун талын гарны шуу хэсгээр хавдчихсан хугарсан бололтой байсан. Юу болсон талаар асуусан чинь Батжаргалынхаас ирлээ, Батжаргалынд Хосбаяр хугалчихлаа гээд гартаа их шаналгаатай байсан гэжээ.

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016.4.07-ны ¹4600 тоот актын дүгнэлтэд:

            1.Эрдэнэбаярын биед баруун шуу ясны далд хугарал, богтос ясны толгойн мултрал, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл  мэндийг  удаан  хугацаагаар  сарниулах  тул  гэмтлийн  хүндэвтэр

зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч П.Хосбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 01-07 тоотод оршин суух Т.Батжаргалын гэрт бусадтай архи ууж согтуурсан үедээ архи ууж дуусгалаа гэх шалтгаанаар Г.Эрдэнэбаяртай маргалдаж, түүнийг зодсоноос хохирогчийн биед баруун шуу ясны далд хугарал, богтос ясны толгойн мултрал, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Батжаргалынд утсаа цэнэглэх гээд ороход Дарийсүрэн, Батжаргал, Хосбаяр нар 0.75 литрийн архи уугаад сууж байсан. Дарийсүрэн үлдэгдэл архийг нь надад хийгээд өгөхөөр нь би бүгдийг нь уучихсан юм. Тэгсэн Хосбаяр та хөдөө явж ирчихээд хоосон ирээд байх юм, цалин мөнгө төгрөгөө авдаггүй юм уу гээд уурласан. Тэрнээс болоод бид хоёр маргалдаж байгаад бид хоёр бие биенээ заамдалцаад авсан чинь Хосбаяр нүүр рүү гараараа цохитол нүдэнд гал манараад доошоо тонгойгоод суусан чинь Хосбаяр миний доороос нүдчихсэн, тэр хооронд Дарийсүрэн салгаад холдуулах хооронд би гараад зугтаахад гар хоёр тал руугаа санжигнаад явчихсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Дарийсүрэнгийн “Батжаргал, Хосбаяр бид гурав архи уугаад сууж байсан. Гаднаас Эрдэнэбаяр нилээн согтуу байдалтай орж ирээд, архиа гаргаад ир гэхээр нь ууж байсан архиныхаа үлдэгдлийг нь аяганд хийгээд өгчихсөн чинь Эрдэнэбаяр бүгдийг нь уучихсан. ... Хосбаяр уурлаад арай ч дээ надад үлдээгээгүй юм уу, дандаа миний архинаас уух юм, хөдөө гадаа яваад мөнгө төгрөгтэй ирээд надад архи авч өгч байсныг нь би мэдэхгүй юм байна, миний архинаас уудаг хэн бэ гэсэн. Тэгсэн Эрдэнэбаяр өөдөөс нь чи муу юу гээд байгаа юм бэ гээд тэд хоорондоо маргалдаад, бие биенээ заамдаад авсан. Хосбаяр нүүр рүү нь гараараа цохиод ор руу түлхээд унагачихсан. Хосбаяр дээрээс нь гараараа цохиод байхаар нь ... би очоод тэд нарыг больцгоо гээд салгасан. Тэгтэл Эрдэнэбаяр гар эвгүй болчихлоо гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Энхтуяагийн “Эрдэнэбаяр баруун талын гараа барьчихсан Хосбаяр миний гарыг хугалчихлаа гээд орж ирсэн. Тэгээд гарыг нь харсан чинь баруун талын гарны шуу хэсгээр хавдчихсан хугарсан бололтой байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн 2016.4.07-ны ¹4600 тоот акт, хохирогчийн өвчний түүх, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Хосбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч П.Хосбаярын хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Хосбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч П.Хосбаярыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Хосбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

            5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч П.Хосбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Хосбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БУЯННЭМЭХ