Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2017/00524/

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сумд байрлах “Бос-Эрдэнэ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-161 тоотод оршин суух, Балданжамцийн Пэлжирмаа /ФМ58120501/-д холбогдох 

“ үндсэн зээл 2 040 000 төгрөг, алданги 1 020 000 төгрөг нийт 3 060 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагч Б.Пэлжирмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бос Эрдэнэ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Пэлжирмаа манай барьцаалан зээлдуулэх газраас 2014 оны 11 дүгээр сарын 16-нд 4.000.000 төгрөгийг 1 сарын 8%-ийн хуүтэйгээр итгэлцлийн журмаар барьцаагүйгээр зээлдэж авсан болно. Зээлээ төлөх хугацаа болоход Б.Пэлжирмаа зээлийн 1 сарын хүү болох 320 000 төгрөг өгч дахин 1 сар сунгуулсан. Дахин сунгалтын хугацаа дуусахад үндсэн зээлээ төлж амжихгүй байна гэж шалтаг шалтгаан тоочиж 2014 оны 01 дүгээр сарын 16-нд 320 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын16-нд 320.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 16-нд 320.000 төгрөг тус тус нийт 960.000 төгрөгийг зээлийн хүү гэж өгч ирсэн. Ингээд Б.Пэлжирмаа эрүүл мэндийн байдлаас болж ажлаа хийхээ больж эмнэлэгт хэвтсэн. Авсан зээлийг нь төрсөн хүү нь хариуцаж төлнө санаа зоволтгүй гэж 2016 оны 07 дугаар сарын 23-нд 1.000.000 төгрөгийг авчирч үндсэн зээлээс нь хасуулан өгсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөлгүй өдий хүрлээ. Зээлээ төлөхийг шаардахад хүү маань төлнө, мөнгө нь орж ирэхгүй байна гэж шалтаг хэлсээр ирсэн. Бидний хооронд хийсэн зээлийн гэрээнд “Зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгээс 0.5%-аар бодож алдангийг хариуцагчаар төлүүлэх” заалт байгаа. Б.Пэлжирмаа нь зээлийн хүү 320.000 төгрөгийг бичгээр сунгалт хийлгүй 3 удаа буюу нийт 960.000 төгрөг өгсөнийг үндсэн зээлээс хасаж тооцсон болно. Зээлээ төлөх хугацаа хэтрээд 2 жил гарган болсон тул зээлийн алдангийн хэмжээ төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн 50%-иас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийцүүлэн төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 2.040.000 төгрөгний 50% болох 1 020 000 төгрөгний алдангийг нэхэмжлэж байна. Иймд хариуцагч Б.Пэлжирмаагаас үндсэн зээл 2.040.000 төгрөг, алданги 1 020 000 төгрөг, нийт 3.060.000 төгрөгийг “Бос-Эрдэнэ”ХХК-д гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Б.Пэлжирмаа нь тайлбартаа 2013 оноос зээл авч байсан. Иймээс хангалттай хүү өгсөн. Одоо алданги төлөхгүй гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ямар ч барьцаа авалгүй итгэж зээл өгсөн байхад итгэлийг хөсөрдүүлж авсан мөнгөө төлөлгүй шүүхэд хандахад хүргэж байна. Эрүүл мэндийнх нь байдлыг ойлгож удаан хугацаагаар зээлээ төлчих байх гэж шүүхэд хандалгүй хүлээсэн. Тэгээд ч 2013 онд авсан зээл биш 2014 оны 11 сарын 16-нд авсан 4 сая төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан болно. Харин ч хүү гэж өгсөн 960000 төгрөгийг сунгалт бичгээр хийгээгүй учраас үндсэн зээлээс хасаж тооцсон болно. Зээлийн гэрээний 2-т заасны дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалтын дагуу хариуцагч Пэлжирмаа алданги төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Пэлжирмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “ ...Миний бие 2013 онд барьцаалан зээлдүүлэгч  Надмидаас итгэлцлэлээр 1 000 000 төгрөг анх зээлж авч байсан ба энэ үед Хүрэнбулаг ХК-ний  2 дугаар давхарт лангуу түрээслэж ажиллаж байсан. Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор дахин сая төгрөгөөр нэмж зээлсээр 4 000 000 төгрөг зээлсэн. Цаг хугацаанд нь хүүний мөнгө төлж байгаад жилийн дараа 8%-ийн хүүтэй болгуулж байв. Ингээд эрүүл мэндийн улмаас ажлаа зогсоосон. Миний хүү 2016 оны 07 дугаар сард 1 000 000 төгрөг бэлэн төлсөн. Би 3 жилийн хугацаанд хангалттай мөнгө төлсөн учраас Надмидад одоо 2 000 000 төгрөгийг хүүхдийнхээ боломжоор төлнө. Алданги төлж чадахгүй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Бос Эрдэнэ” ХХК-аас нь хариуцагч Б.Пэлжирмаад холбогдуулан “үндсэн зээл 2 040 000 төгрөг, алданги 1 020 000 төгрөг нийт 3 060 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Пэлжирмаа нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3 060 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбараа: “...Миний хүү 2016 оны 07 дугаар сард 1 000 000 төгрөг бэлэн төлсөн. Би 3 жилийн хугацаанд хангалттай мөнгө төлсөн учраас Надмидад одоо 2 000 000 төгрөгийг хүүхдийнхээ боломжоор төлнө. Алданги төлж чадахгүй...” гэсэн тайлбар гаргажээ.

            Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа тайлбар ирүүлж  байх боловч тайлбар татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. 

            Хэрэгт авагдсан зарлагын баримтанд 4 000 000 төгрөг, хүү 320 000 төгрөг, буцааж олгох 4 320 000 төгрөг 2014 оны 12 дугаар сарын 16 гэсэн байх ба хариуцагч Б.Пэлжирмаа 4 000 000 төгрөгийг 8%-ийн хүүтэйгээр зээлсэн талаараа тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл зохигчид 4 000 000 төгрөгийг найман хувийн хүүтэйгээр зээлсэн талаар маргаагүй байна.

            Түүнчлэн хариуцагчийн тайлбарт бичсэн “...Миний хүү 2016 оны 07 дугаар сард 1 000 000 төгрөг бэлэн төлсөн. Би 3 жилийн хугацаанд хангалттай мөнгө төлсөн учраас Надмидад одоо 2 000 000 төгрөгийг хүүхдийнхээ боломжоор төлнө. Алданги төлж чадахгүй...” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болно.

Нэхэмжлэгч “Бос Эрдэнэ” ХХК болон Б.Пэлжирмаа нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Б.Пэлжирмаагаас 3 060 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бос Эрдэнэ” ХХК-д олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64 000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагаас 64 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Пэлжирмаагаас 3 060 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бос Эрдэнэ” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 64 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА